2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/02381

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 21

191/ШШ2025/02381

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод байрлах, ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,, Хараа төв, Гиант элеватор монголиа ХХК /рд:/-д холбогдох,

 

Цахилгаан шат нийлүүлэх гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ХХК нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2022 оноос эхлэн Багануур дүүргийн, Нацагдоржийн гудамжинд Кинг Резиденс хотхоныг барьж, эхний А блок барилгыг ашиглалтанд оруулан, захилагчдад хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.

Манай компани нь тус хотхоны А блок 12 давхар барилгад суурилуулах 2 ширхэг цахилгаан шатыг ******* ХХК-иас худалдан авахаар тохиролцож, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр GЕМ24020101 дугаартай цахилгаан шат нийлүүлэх гэрээг байгуулсан. Тус гэрээгээр А блок барилгын 2 ширхэг цахилгаан шатыг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор барилгын талбайд буулгахаар тохирч, нийт 204,780,000 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулсан.

Улмаар хариуцагч байгууллагын захиралтай ярилцсаны дагуу 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ******* ХХК-ийн Голомт банкны тоот данс руу гэрээний урьдчилгаа төлбөрт 35,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Цахилгаан шатыг нийлүүлэх хугацаа дуусахад захиалсан цахилгаан шат Монгол улсад орж ирээгүй байсан. Манай компанийн зүгээс 2024 оны 06 дугаар сардаа багтаан 2 ширхэг цахилгаан шатыг барилгын талбайд буулгах талаар удаа дараа холбогдож шаардсан (албан бичиг илгээсэн) ч өнөөдрийг хүртэл хугацаанд нийлүүлээгүй гэрээний үүргийн зөрчил гаргасан. Энэхүү зөрчлийн улмаас барилга ашиглалтад орох хугацаа хойшилж, өөр компаниас илүү өндөр өртөгөөр цахилгаан шат худалдан авсан.

Манай компани 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 24/0607 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн тухай албан бичиг, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 24/1031 тоот гэрээнээс татгалзах тухай албан бичгийг ******* ХХК-д тус тус илгээсэн ч хариуцагч компанийн зүгээс ямар нэгэн хариу өгөөгүй тул гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 35,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 35,000,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.******* 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, цахилгаан шат нийлүүлэх гэрээ, мөнгөн шилжүүлгийн гүйлгээний мэдээлэл, 2024 оны 04 сарын 07-ны өдрийн 24/0607 тоот, 2024 оны 10 сарын 31-ний өдрийн 24/1031 тоот албан бичгүүд, ны Засаг даргын тодорхойлолт,

3.2 хариуцагчаас гаргасан хуулийн этгээдийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан цахилгаан шат нийлүүлэх гэрээнээс татгалзаж, 35,000,000 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Цахилгаан шат нийлүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь *******,,, 12 давхар барилгад GL51945001 загварын 630 кг, 1.6 м/с хурдтай, GL51915 кабины загвартай, 1350х1300 хэмжээтэй, төвөөс 2 тийш нээгдэх 800х2100 хэмжээтэй 2 ширхэг цахилгааны шатыг 2024 оны 05 дугаар сарын 01-ний дотор барилгын талбайд буулгах, ******* ХХК нь нийт 204,780,000 төгрөг төлөх, үүнд 190,437,000 төгрөгт тооцон *******,,, дүгээр давхар 66.82 м.кв 3 өрөө орон сууц хүлээлгэн өгөх, үлдэх 14,343,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

3.1 Талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж зааснаар арилжааны гэрээний харилцаа үүсчээ.

 

3.2 Төрийн банкны гялс интернэт-гүйлгээний баримтаар ******* ХХК-иас 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 35,000,000 төгрөгийг лифтний урьдчилгаа төлбөр гэх гүйлгээний утгаар ******* ХХК-д шилжүүлсэн нь тогтоогдож байна.

4. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

******* ХХК-иас 2024 оны 04 сарын 07-ны өдрийн 24/0607 тоот, 2024 оны 10 сарын 31-ний өдрийн 24/1031 тоот албан бичгүүдээр ******* ХХК-д ...гэрээ болон хожим танай захиралтай тохиролцсоны дагуу урьдчилгаа төлбөрт 35,000,000 төгрөг төлсөн. Гэвч цахилгаан шат нийлүүлэх гэрээний хугацаа өнгөрсөн байна. Гэрээний дагуу 2 ширхэг цахилгаан шатыг 2024.06.17-ны өдрийн дотор нийлүүлээгүй тохиолдолд гэрээнээс татгалзахыг мэдэгдсэн байна.

Гэвч ******* ХХК-иас хугацаа олгосон байх боловч үр дүн гараагүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрх үүссэн байна.

 

5. Хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.******* нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч шүүхэд хариу тайлбар гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаагүй. Мөн нэхэмжлэгч нь шүүх хуралдааны тов мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.

 

Иймд хариуцагч ******* ХХК-иас 35,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 332,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 35,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 332,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ