| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнх-Өлзий |
| Хэргийн индекс | 128/2024/0814/З |
| Дугаар | 128/ШШ2025/0003 |
| Огноо | 2024-12-23 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2025/0003
2024 12 23 128/ШШ2025/0003
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц******* ХХК /РД:/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Э
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Д //
Хариуцагч: Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэс
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Э нарын хооронд “Ц*******” ХХК-ийн эзэмшлийн Б аймгийн Б болон С сумын нутагт дамнан байрших ашигт малтмалын хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн тоот албан бичгээр гаргасан татгалзал болон тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгох, сунгах өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэхийг даалгахтай холбоотой хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. “Ц*******” ХХК-ийн эзэмшлийн Б аймгийн Б болон С сумын нутагт дамнан байрших ашигт малтмалын хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн тоот албан бичгээр гаргасан татгалзал болон тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгох, сунгах өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэхийг даалгах”
Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд
2.1. Б аймгийн Б,С сумын "С" нэртэй газарт орших 11437.10 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд ашигт малтмалын хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн дугаар шийдвэрээр "Ц*******" ХХК-д олгосон.
2.2. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж...” гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг хуулийн хугацаанд гаргаагүй учир “Ц*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсныг кадастрын системд бүртгэсэн.
2.3. "Ц*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал W 2023 оны 05 дугаар сард Камбожи улсад арьсны халдварт өвчний улмаас “Э” эмнэлэгт тусгаарлагдан удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлсэн.
2.4. "Ц*******" ХХК-ийг шууд төлөөлөх эрх бүхий албан тушаалтан болох гүйцэтгэх захирал W 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн тоот албан бичгээр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргаж чадаагүй тул ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сунгах хүсэлтийг, өргөдлийн хамт Кадастрын хэлтсийн даргад гаргасан.
2.5. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар хариу хүргүүлэх албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хугацаанд төрийн захиргааны байгууллагад гаргаагүй, мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх заалтад заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж дуусгавар болсон байна гэсэн хариу өгсөн.
2.6. Нэхэмжлэгчээс 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн тоот албан бичгээр Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг хүчингүй болгуулах гомдол гаргасан.
2.7. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар албан бичгээр гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй тухай хариу өгсөн.
2.8. Иймд нэхэмжлэгчээс 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.
Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. Ц******* ХХК нь Б аймгийн Б болон С сумын нутагт дамнан байрших ашиг малтмалын хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн тоот шийдвэрээр өөрийн эзэмшилд бусад этгээдээс шилжүүлэн авсан. Манай компани хайгуулын XV- дугаар тусгай зөвшөөрлийг шилжүүлж авснаас хойш Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелүүлж тухайн талбай дээр жил бүр ажлын төлөвлөгөө, тайланг батлуулж хайгуулын үйл ажиллагаа явуулж ирсэн.
3.2. Ц******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын иргэн W миний бие 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа бөгөөд компанийг шууд төлөөлөх эрх бүхий цорын ганц албан тушаалтан. Би Монгол улсад хөрөнгө оруулагч визтэйгээр түр оршин сууж байхдаа компанийнхаа өдөр тутмын үйл ажиллагааг гардан явуулж ирсэн бөгөөд Хятад улс руу ажлаар байнга зорчиж ирсэн. Хамгийн сүүлд Монгол улсаас 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гарч 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Камбожи улсад ажиллаж байхдаа 05 дугаар сард халуун орны халдварт өвчнөөр өвчилсөн бөгөөд улсын “Э” эмнэлэгт үзүүлэхэд арьсны халдварт өвчин гэдэг нь тогтоогдож тусгаарлагдан удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлсэн.
3.3. Би тусгаарлагдсан байх хугацаандаа бусадтай биечлэн харьцах ямар ч боломжгүй байсан бөгөөд Монгол улс руу нэвтрэх визийн зөвшөөрөл авахаар Гадаадын иргэн харьяатын газарт цахимаар хандах гэсэн боловч цахим тоон гарын үсгийн вип төхөөрөмж байхгүйгээр тухайн газраас хөрөнгө оруулагчийн 2 ангиллын виз авах боломжгүй байсан. Тиймээс Ц******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын иргэн W миний туссан хүнд өвчний улмаас Б аймгийн Б болон С сумын нутагт дамнан байрших ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сунгах өргөдлийг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө Кадастрын хэлтэст гаргаж чадаагүй.
3.4. Татварын ерөнхий хулийн 6 дугаар зүйлийн 6.1.41. хүндэтгэн үзэх шалтгаан гэж 6.1.41а-т эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэж заасан. Мөн 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 28-т Хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно. Харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж тус тус заасан байна.
3.5. Миний өвчин эдгэсний дараа Камбожи улсын хилээр 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гарч БНХАУ-д буцаж ирээд арга буюу аялал жуулчлалын визээр мөн оны 07 дугаар сарын 28-ны өдөр Монгол улсын ирсэн. Монгол улсын ирсэн даруйдаа 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Т ХХК-тай цахим тоон гарын үсгийн вип төхөөрөмж худалдан авах гэрээ байгуулснаар хөрөнгө оруулагчийн В2 ангиллын виз авахаар хандах болон улмаар төрийн эрх бүхий байгууллагуудтай харилцах боломжтой болсон. Надад учирсан хүнд өвчин нь дээрх хууль болон шүүхийн тайлбарт заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах тул 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн тоот албан бичгээр Ц******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сунгах хүсэлтийг өргөдлийн хамт Кадастрын хэлтсийн даргад гаргасан.
3.6. Гэтэл миний гаргасан хүсэлт, гомдлыг хүлээн авч Захиргааны ерөнхий хуулийн 26,27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулж хүндэтгэн үзэх шалтгаан манай компаниас ямар хугацаанд ямар хэмжээний зардлууд болон хуульд заасан үүргээ биелүүлж ажиллаж байсан талаар нэмэлт асуулт, мэдүүлэг авалгүйгээр тус хэлтсийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн тоот албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хугацаанд ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг гаргаагүй тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т заасан үндэслэлээр тусгай зөвшөөлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсон тул гомдлыг хүлээж авах боломжгүй гэсэн хариу надад өгсөн нь хуулиар олгогдсон хууль ёсны эрхээ сэргээлгэх талаар өргөдөл гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлээгүй нь хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна.
3.7. Би энэ хариуг хүлээж аваад Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүйг нь хууль зөрчиж байгаа тухай гомдлыг түүний дээд шатны дарга болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн тоот албан бичгээр хандсан. Тус газрын дарга мөн л Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулалгүйгээр манай гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзээд 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн тоот албан бичгээр манайд хариу өгсөн. Намайг Камбожи улсад тусгаарлагдан бусадтай харьцах ямар ч боломжгүй байсан үед Ц******* ХХК-ийн ажилтнууд ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг хүчин төгөлдөр хадгалах зорилгоор 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр уг тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн байсан.
3.8. Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.20-т тусгай зөвшөөрлийн төлбөр гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг хэлнэ, мөн хуулийн 31.1-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32,33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй, 32.1-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө гэж тус тус заасан. Манай компани дээрх хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн тул Ц******* ХХК-ийн ажилтнууд ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг хүчин төгөлдөр хадгалагдах ёстой гэж үзэж байна.
3.9. Мөн хуулийн 33.1-т Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон тухайн талбайн гектар тутамд дараахь хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр гүйцэтгэнэ, 33.1.3-т тусгай зөвшөөрлийн 7-9 дэх жилд 1,5 америк долларт заасан зардал гаргаж баталгаажуулах үүргээ биелүүлж ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд нийт 319, 961,898 төгрөгийн хайгуулын ажлын зардалд гаргасныг Ашигт малтмал газрын тосны газарт холбогдох материалын хамт хүргүүлж баталгаажуулсан. Бас ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийн бүрдүүлбэрт хамаардаг уг тусгай зөвшөөрлийн талбайд 2024 онд хэрэгжүүлэх байгаль орчны хамгаалах төлөвлөгөөг мөн оны 05 дугаар сард Б аймгийн Б болон С сумын Засаг дарга нарт хүргүүлж баталгаажуулсан.
3.10. Эдгээр төрийн эрх бүхий байгууллагад тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн болон хайгуулын ажлын төлөвлөгөө, хайгуулын ажлын зардлын доод хэмээ, байгаль орчны хамгаалах төлөвлөгөөг батлуулсан баримт бичгүүд байдлаас үзвэл манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-т заасан эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана гэж заасан бүх материалуудыг хуулийн хугацаанд бүрдүүлсэн байсан нь компани өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр хадгалах чин хүсэл зорилготой байсныг нотолно. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж болох Ц******* ХХК нь Монгол улсын хууль тогтоомжийг хүндэтгэн бүрэн биелүүлж ирсэн ба гадаад хөрөнгө оруулагч нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалсан холбогдох хууль, тогтоомжууд болон Монгол Улсын Засгийн газрын бодлого, шийдвэр түүний дотор Шинэ сэргэлтийн бодлого талархан хүлээж авч, уул уурхайн салбарт өөрийн хувь нэмрээ оруулах чин хүсэлтэй байдаг.
3.11. Манай компани 2019 оноос хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд зөвхөн хайгуулын ажлын зардалд 310961898 төгрөг зарцуулаад байгаа бол нийт 6 ажилтнуудыг ажлын байраар тогтмол хангасан, үйл ажиллагааны зардалд нийт 347,216,800 төгрөгийн зардал гаргаад байгаа билээ. Мөн 2024-2027 оны хооронд хайгуулын ажилд нийт 10 сая долларын хөрөнгө зарцуулахаар төлөвлөсөн. Энэ их хэмжээний хөрөнгийг босгохоор БНХАУ-ын хөрөнгө оруулагч нартай гэрээ, хэлэлцээрүүдийг байгуулж хайгуул хийх бэлтгэл ажлаа хангаад байгаа билээ.
3.12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани 2023 оны 10 дугаар сард Б аймгийн Б болон С сумын нутагт үйл ажиллагаа явуулж байсан. Гүйцэтгэх захирал W /В*******/ ажлаа хянах зорилгоор Монгол улсад ирээд 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хятад улс руу явахдаа бидэнд Камбож улсад ашигт малтмал хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулна, олборлолт хийнэ. Түүнийгээ ажиллуулаад эхлүүлчихвэл санхүүгийн эх үүсвэр найдвартай болно. Тиймээс эндэх ажлаа хариуцаад сайн хийгээрэй гэж захисан. 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Камбож улсад очсон.
3.13. Бид 2024 онд өрмийн хайгуул, соронзон хайгуул хийхээр ажлаа төлөвлөөд ойролцоогоор 700,000,000 төгрөгийн ажил төлөвлөсөн байсан. Захирал 2024 оны 03 дугаар сард хэдэн хөрөнгө оруулагч нарыг дагуулж ирнэ, тэр үед миний визийг зохицуулаарай гэж хэлсэн. 2024 оны 03 дугаар сард би захиралтай холбогдож ирэх болж байгаа эсэхийг нь лавлахад эмнэлэгт дусал хийлгүүлж байна гараад ярина, бие жаахан базаахгүй байна, амжиж очихыг бодно. Би холбогдохгүй байвал Бээжинд байдаг Ч туслахтай холбогдоорой хариу өгөхийг бодно гэж хамгийн сүүлд холбоо барьсан.
3.14. Түүнээс хойш сураггүй болсон. Би Ч рүү холбогдож асуухад бид бас холбоогүй байна. Камбож улсад байхдаа нэг амьтанд хатгуулаад хүн өвчин туссан биеийн байдал нь хүнд байгаа сураг сонссон. Камбожид уул хадаар их явдаг болохоор хорт могойд хатгуулсан байх арай үхчихээгүй байгаа л гэж бодсон. Бээжинд байдаг гэр бүлийнхэнтэйгээ ч холбогдоогүй байсан. Бид тусгай зөвшөөрлийнхөө хүчин төгөлдөр байдлыг хадгалж үлдэхийн тулд төлбөрт 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 82,919,000 төгрөгийг Хаан банк ХХК-аар төрийн сангийн данс руу шилжүүлээд Ашигт малтмал, газрын тосны газарт очиж тусгай зөвшөөрлийнхөө ард бүртгэл хийлгэсэн. Сураг гарах байх гэж найдаад хүлээж байтал 6 сард холбогдсон.
3.15. Халуун орны шумуулд хатгуулаад хумхаа өвчин туссан биеийн байдал нь муу хөл хорионд байгаа гэж мэдсэн. Ковид шиг өвчин байна гэж ойлгосон. В захирал давуу эрхийн хөрөнгө оруулагч W, T нар өвдөх нь битгий хэл үхэж болохгүй хүмүүс. Хэрэв эдгээр хүмүүс байхгүй бол компанид хүндрэл үүснэ. 06 дугаар сарын 20-ны үеэр бие нь гайгүй болсон гэж холбогдоход нь тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлсөн та хэзээ ирэх вэ гэхэд шинжилгээний хариу сөрөг болтол эмнэлгээс гарах боломжгүй хүлээхээс өөр аргагүй болсон. 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр эмчийн тодорхойлолтоор хөл хорионоос гарсан. Монгол улсад ирэх визийг нь хөөцөлдөхөд гадаадын хөрөнгө оруулагчийн визийг тоон гарын үсгээр мэдүүлэхээр дан системд нэвтэрсэн байсан. Иргэнээр виз хүссэн татгалзсан, буцаагдсан, гадаадын иргэн харьяатын газар биечлэн очиж гуйсан.
3.16. Өөрөөр виз мэдүүл гэсэн гэхдээ аялал жуулчлалын визээр орж ирвэл удаж болохгүй. Учир нь аялал жуулчлалын визээр орж ирчхээд өөр үйл ажиллагаа явуулбал удаж болохгүй, дахин виз олгоход хүндрэл үүснэ гэж захисан. Та өөрийн биеэр ирж гэрээ байгуулж виз авахгүй бол бусад хөрөнгө оруулагч нарт ч виз авч чадахгүй юм байна гэж хэлсэн. Тэгээд Монгол улс руу шууд ирэх боломжгүй учир Бээжин рүү явна гээд Бээжин явсан. Тэгээд өөрөө Бээжингээс виз мэдүүлээд 07 дугаар сарын 06,07-ны үеэр виз нь гарсан. Бие сайжраагүй байсан Бээжинд очсон даруйдаа бас л эмнэлгээр явж, хөлийн улаар нь цэврүү үүссэн тул алхаж гишгэж чадахгүй байгаагаа хэлсэн. Бээжинд очсоных гайгүй эмнэлгээр явах шаардлагатай байна.
3.17. 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Монгол улсын хилээр орж ирсэн даруйдаа тоон гарын үсэг авах гэрээ байгуулаад Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө 08 дугаар сарын 02-ны өдөр бичээд би өргөдлийг нь аваад нэг цэгийн үйлчилгээнд очиход танай тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон байна гээд хүлээж аваагүй. Бүх учир шалтгаанаа хэлэхэд яах ч аргагүй байна гээд хүлээж аваагүй. Бид хуульчидтай уулзаж 08 дугаар сарын 22-ны өдөр дахин нэг цэгт хандсан ч хүлээж авахгүй байсан учир Монгол шууданд очиж А бүсэд шуурхай хүргэдэг хүргэлтэд хандаад гомдол болон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл, тоон гарын үсэг авсан талаарх гэх мэт бусад баримтуудыг хавсаргаж өгсөн. Өргөдлийг хүлээж аваад Кадастрын хэлтсийн дарга нөхцөл байдалд дүгнэлт хийх болов уу гэтэл огт хүлээж аваагүй, дүн шинжилгээ хийгээгүй.
3.18. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд өргөдөл, гомдлыг төрийн захиргааны байгууллага хүлээж аваад асуудал бүрийг дүгнээд, нөхцөл байдлыг тодруулаад хариу өгөх зохицуулалт байдаг юм байна. Гэтэл хүлээж аваагүй, сонсоогүйд гомдож байгаа. Тэгээд газрын дарга Л.Б*******д гомдол гаргасан. Зүй нь шалгаж нягтлах байх гэтэл хариу албан бичигтээ үйл ажиллагаа чиглэлийг заасан байсан. Газрын даргад 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гомдол гаргахад 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар албан бичгээр гомдлыг хүлээж авах боломжгүй гэх хариу хэлсэн. Би Кадастрын албаны дарга ямар үйл ажиллагаа эрхэлдэг болохыг асуугаагүй. Бидэнд тулгарсан хүнд нөхцөл байдлыг харгалзаж үзээч гэж хүссэн. Биднийг огт сонсоогүй. Бид тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө өргөдлөө гаргахаа мэдэж байгаа. Гэвч бид яагаад өргөдлөө хугацаандаа гаргаагүй шалтгаанаа дурдаад тайлбарлаад байхад бидний үгийг сонсоогүй” гэв.
3.19. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Нэхэмжлэгч талаас Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан бүхий л баримтуудыг бүрэн гүйцэд бүрдүүлж өгсөн. Гүйцэтгэх удирдлага өвдөөгүй байсан бол өргөдлөө хуульд заасан хугацаандаа гаргах боломжтой байсан. Хугацаа хоцроосон шалтгаан нь гүйцэтгэх захирал нь өвчний улмаас хөл хорионд орсон байсан. Түүнийгээ нотлох баримтаар нотлоод хүсэлтээ гаргахад Ашигт малтмал, газрын тосны газар энэ талаар огт дүгнэлт хийлгүйгээр захиргааны акт гаргасан нь хуульд нийцэхгүй байна” гэв.
Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, үндэслэлдээ:
4.1. “Баян Өлгий аймгийн Б, С сумдын нутагт орших С нэртэй 14565.22 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 437 дугаар шийдвэрээр "Ц" ХХК-д олгосон байна. "Ц" ХХК нь компаниас талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх хүсэлт гаргасныг хянан үзээд Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн "Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан авах тухай" ******* дугаар шийдвэрээр 3128,13 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэж байгаа 11437,10 гектар талбайг ХV- дугаартай тусгай зөвшөөрлийн хавсралтад бичиж тэмдэглэл хийсэн байна.
4.2. Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 07 дугаар сарын 24-ний дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХV- дугаартай тусгай зөвшөөрлийг "Ц*******" ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана" гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ хуулийн 22.1.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-т байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4-т хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахаар заасан.
4.3. Хуулийн дээрх шаардлагын дагуу "Ц*******" ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын ХV- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс нэг сарын өмнө буюу 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4-т заасан баримтыг хавсарган ирүүлээгүй байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангаж ажиллах үндсэн үүрэгтэй бөгөөд хуулийн шаардлагыг бүрэн биелүүлж, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж ажиллахаа мэдэгдэж "Ц*******" ХХК нь тусгай зөвшөөрлийг шилжүүлж авахдаа "гаргасан зөвшөөрлийн нотолгоо"-нд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
4.4. Гэтэл "Ц*******" ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын ХV- дугаар тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас нэг сарын өмнө сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж ирүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсныг кадастрын системд бүртгэсэн нь үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
5. Нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгчээс “...Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө хуульд заасан хугацаанд багтаан гаргаж чадаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалж үлдэхийн тулд дараагийн нэг жилийн төлбөрийг урьдчилан төлсөн, захиргааны байгууллага өргөдлийг хүлээн авч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхэд дүн шинжилгээ хийж хариу өгөх ёстой, бидний олон жилийн хөдөлмөр, зарцуулсан хөрөнгө, итгэл хамгаалагдахгүй байна..., хариуцагчаас “...хуулиар тогтоосон хугацаанд өргөдлөө гаргаагүй учир тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсныг кадастрын системд бүртгэсэн, нэгэнт хугацаа дуусгавар болсныг бүртгэсэн учир нэг цэгийн үйлчилгээний ажилтан өргөдлийг хүлээн авах үндэслэлгүй, хуульд зааснаар хугацаа нь дуусгавар болоход, захиргааны шийдвэр гараагүй тул сонсох ажиллагаа явуулах үндэслэлгүй, нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарлаж, нотолсон өргөдөл ирүүлээгүй...” гэж тайлбарлан маргасан.
7. Нэхэмжлэгчид Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн тоот шийдвэрээр Ашигт малтмалын хайгуулын XV- дугаартай Б аймгийн Б болон С сумын нутагт дамнан байрших 11437.10 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд ашигт малтмал хайх эрхийг шилжүүлэн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаагаар олгож, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ******* тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сунгаж, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Уул уурхайн Кадастрын бүртгэлийн системд бүртгэсэн байна.
8. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүний эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасан зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч компани нь өөрийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө хугацаа нь дуусахаас 1 сарын өмнө төрийн захиргааны байгууллагад хандан гаргахыг зохицуулсан байх ба үүний дагуу хариуцагч нь нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд өргөдлөө гаргаагүй гэж үзэн нэхэмжлэгчийн эзэмшил бүхий тусгай зөвшөөрлийн эрхийг системд дуусгавар болгож, сүүлд хандаж гаргасан өргөдлийг нь хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан хариуг өгсөн байна.
10. Гэвч хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас дээрх хуулийн заалтыг биелүүлж чадаагүй, энэ талаарх өргөдөл баримтаа хавсарган хариуцагч байгууллагад хандсан байхад түүнийг нь хуулийн дагуу шийдвэрлээгүй, хугацаандаа өргөдөл гаргаагүй гэдэг үндэслэлээр татгалзаж, өргөдлийг нь шийдвэрлээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзлээ.
11. Тодруулбал, нэхэмжлэгч компанийн хууль ёсны төлөөлөгч гүйцэтгэх захирал W /В*******/ хүндэтгэн үзэх шалтгаантай буюу Камбож улсад зорчих хугацаандаа хумхаа өвчнөөр өвчилж хөл хорионд орсон болох нь Камбожийн Вант улс, С******* хотын ******* клиник эмнэлгийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн онош, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн эмнэлгийн тодорхойлолт, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Син Ин 168 кабинетийн Гематологи шинжилгээний дүн, 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Син Ин 168 кабинетийн Гематологи шинжилгээний дүн, 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Син Ин 168 кабинетийн Гематологи шинжилгээний дүн, 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Син Ин 168 кабинетийн эмчилгээний эмийн жор, эрүүл мэндийн тодорхойлолтын баримтуудаар тус тус тогтоогдож байна.
12. Анх олгосон тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөр тооцогдож, 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа эцсийн байдлаар дуусгавар болохоор байсан боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Камбож улсад 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хумхаа өвчний халдвар авсан болох нь оношлогдож тус улсад тусгаарлагдан эмчлүүлсэн хугацаа нь уг өргөдөл гаргах (2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр) хуулийн хугацаатай давхцаж байна.
13. Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсаас гарсан, хумхаа өвчин нь эдгэрсний дараа Монгол Улсад буцаж ирэх үед нь Монгол Улсад зорчих В2 ангиллын визийн хугацаа нь дууссантай холбоотойгоор 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Гадаадын иргэн, харьяатын газарт www.ifs.mn системээр R*******, R******* дугаар хүсэлтүүдийг гаргаж визийн зөвшөөрөл хүсэж хандсан ч тоон гарын үсэг аваагүй гэх шалтгаанаар хүсэлтийг буцаасан, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр цахим виз мэдүүлж, 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр виз нь олгогдож 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсад орж ирсэн болох нь хэрэгт авагдсан Хил хамгаалах ерөнхий газрын Монгол Улсын хилээр нэвтэрсэн иргэний тодорхойлолт, Гадаадын иргэн харьяатын газрын шүүхэд ирүүлсэн албан бичигт хавсарган ирүүлсэн нотлох баримт, гадаад паспортын хуулбар баримтуудаар тогтоогдож байна.
14. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас буюу гэнэтийн халдварт өвчин тусч эрүүл мэндээ хамгаалж эмчлүүлэх шаардлага үүссэн нь түүний хүсэл зоригоос үл хамаарч байгаа учир түүнийг хуулийг хэрэгжүүлж хуульд заасан хугацаанд компанийг төлөөлж хүсэлтээ гаргаагүй гэж шууд буруутгах нь үндэслэлгүй. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т “Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна”, 83.8-т “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж зааснаар нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал W /В*******/-аас өөр этгээд өргөдөлд гарын үсэг зурж, компанийн тамга тэмдэг ашиглан өргөдөл гаргах боломжгүй, хариуцагчаас нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс өөр этгээд гарын үсэг зурсан өргөдлийг хүлээн авахгүй болох нь “түүний гарын үсэг зураагүй өргөдлийг захиргааны байгууллага хүлээн авахгүй” гэх хариуцагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
15. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан тусгай зөвшөөрлийн өргөдөлд хавсаргах баримт бичгүүдийг бүрдүүлсэн бүрдлийн тухайд тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг төлсөн, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр батлуулсан, үйлчилгээний хөлсөө төлсөн байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь хуульд заасан шаардлагыг биелүүлэх, шаардлагатай баримтуудаа бэлдэх ажлыг хийсэн боловч хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгах маягт бүхий өргөдөлд компанийн захирал гарын үсэг зурж өргөдлөө хариуцагчид хандан гаргах хуульд заасан цаг хугацаанд дээр дурдсан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өргөдлөө гаргаж чадалгүй хугацаа хэтрүүлсэн байх тул хариуцагч нь нэхэмжлэгчийн өргөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж” тусгай зөвшөөрлийг нь сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
17. Нэхэмжлэгчээс Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Гомдол гаргах тухай” дугаар албан бичгээр хугацаа сунгуулах тухай өргөдөл болон холбогдох баримтуудыг хавсарган Монгол шуудан ХК-аар илгээсэн байхад өргөдөл, түүнд хавсаргасан баримтуудыг хянаж шийдвэр гаргалгүйгээр шууд татгалзсан хариу өгсөн байна.
18. Гэтэл хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг уг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргах үүрэгтэй боловч тогтоосон хугацаанд өргөдөл гаргаагүй бол тухайн өргөдлийг шууд хүлээн авахаас татгалзах, эсхүл шийдвэрлэхгүй байх эрхийг захиргааны байгууллага албан тушаалтанд олгоогүй, харин өргөдлийг хүлээн авч, хуулийн нөхцөл шаардлагад нийцсэн эсэх, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь нотлогдож байгаа эсэхийг хянан үзэж, хугацааг сунгах, эсхүл хугацаа сунгахаас татгалзах шийдвэр гаргахыг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4 дэх хэсэгт тодорхой заасан нэхэмжлэгч талын өргөдлийг хүлээн авч, холбогдох баримтуудыг хянан шийдвэр гаргах эрх үүргийг хэрэгжүүлэх ёстой тул өргөдлийг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус байна.
19. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан “Ц******* ХХК-ийн Ашигт малтмал, Геологи уул уурхайн Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн Б аймгийн Б болон С сумын нутагт дамнан байрших ашигт малтмалын хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар албан бичиг, тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ