Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 29

 

                                                                                                   

 

 

 

 

 

 

2018 оны  02  сарын 15 өдөр                       2018/ШЦТ/29                                Хэрлэн сум

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

        Хэргийн индекс:180/2018/0038/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                         А.Уламбаяр

Улсын яллагч                                                       Я.Сансар

Шүүгдэгч                                                            О.Ц нарыг оролцуулан

    

Тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ц холбогдох 1839000140019 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Баянхутаг суманд 1988 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, О.Ц

 

 Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

   Шүүгдэгч О.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг Давсанбадрах гэх газраас иргэн Г.Г 5 тооны адууг завшиж 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            

                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Хохирогч Г.Г мөрдөн байцаалтад өгсөн: ... "2017 оны 11 дүгээр сарын эхээр намайг Багануур яваад ирэхэд О.Ц нь утсаар яриад дэлтэй хүрэн гүү, ширээтэй хас тамгатай гүү машинд дайруулчихсан гэж хэлсэн. 2017 оны 12 дугаар сарын 10-ны үеэр хээр байдас ханиад хүрээд үхчихсэн гэж хэлсэн. 2017 оны 12 дугаар сарын 25-ны үеэр идэшний адуугаа авахааар аав Ганболдыг явуулсан. Аав шарга азаргатай адуугаар ороход 1 хээр байдас дутуу байна гэхэд О.Ц алдаад удаж байгаа. Хул азаргатай адуунд явж байгаа гэж хэлсэн. Мөн надад саарал гүү, саарал даага адга болсоныг надад хэлээгүй, энэ талар мэдэхгүй, нийт 5 тооны адуу алдсан. Хүнээс сураг сонсоход Н.Эрхэмбаяр нь  2017.12.13-наас 14-нд шилжих шөнө утсаар яриад “О.Ц миний мэдэж байгаагаар дэлтэй хүрэн гүүг гэрийнхээ гадаа байхад ажилласан. Тэр гүүг зам дээр дайруулж үхсэн болгоно гэж ярина гэж хэлсэн. Харин ханиад хүрч үхсэн гэх дэлтэй хүрэн байдсыг 2017.11.10-ны үеэр саарал азаргатай адуунаас Эрхэмбаярын дүү Цэрэннямаар бариулаад ажиллаж хүнд өгч явуулсан. Сүүлд хээр байдас алга болсон гэхэд хар аваад Эрхэмбаяр ахдаа хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 6-10 тал/

 

        Гэрч Б.Цэцэг-Өлзийгийн мөрдөн байцаалтад өгсөн: ... “О.Ц нь манай хүрэн байдсыг саарал гүүгээр сольж авсан. Мөнгөний хэрэг байна гээд хээр байдсыг нэмж ачсан”.  /хх-ийн 18-19 тал/

 

       Гэрч М.Мөнхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ... “би 2017.10.15-ны үеэр О.Ц дээр ирж адуу мал хийсэн. тэр үед О.Ц надад би Гониод 1 адуу өгөөд оронд нь байдас сольж авлаа гэж хэлсэн. Тэр адуу нь Эрхэмбаярын алдсан гээд байгаа адуу байх”. /хх-ийн 18-19 тал/

 

            Гэрч О.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ... “би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг барагдуулсан тул хэргийг минь шийдэж өгнө үү” гэсэн мдүүлэг /хх-ийн 28-29 тал/

    

     Эд хөрөнгийн үнэлгээний тооцоо  / хх-ийн 20-21 тал /

     Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 49 тал /

    Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

         Шүүгдэгч О.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг Давсанбадрах гэх газраас иргэн Г.Г 5 тооны адууг завшиж 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Г, гэрч О.Гончигдорж, Б.Цэцэг-Өлзий, М.Мөнхбаяр нарын мэдүүлэг, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон байх тул түүнд ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

         Хохирогч Г.Г нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1.Шүүгдэгч О.Ц бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2.Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Цийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

            3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц нь түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 01 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц нь оногдуулсан торгох ялыг 01 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

           5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

 

           6.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

       

           7.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Ц-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.МӨНХТУЛГА