Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/39

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 12-ны өдөр                Дугаар 2023/ДШМ/39                                 Өвөрхангай аймаг

 

 

А.Н, П.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

Прокурор М.Мөнхтайван

Шүүгдэгч, хохирогч А.Н-гийн өмгөөлөгч Т.Оюунчимэг

Шүүгдэгч, хохирогч П.Б-гийн өмгөөлөгч П.Адьяасүрэн

Шүүгдэгч, хохирогч П.Б

Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан    

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргалын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЗ/415 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийг үндэслэн А.Н, П.Б нарт холбогдох эрүүгийн  2326001780142 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр Өвөрхангай аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ..., ..... хамт Өвөрхангай аймгийн .... сумын .... дүгээр баг ... гэх газарт оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Н овгийн А.Н / РД: ..../

 

Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Баянхонгор  аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ..., .... хамт Өвөрхангай аймгийн ... сумын ... дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М овгийн П.Б / РД: ..../

 

А.Н нь 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн ... сумын ... дүгээр багийн нутаг ... гэх газарт иргэн П.Б-тэй эр эмийн хардалтын улмаас маргалдан зодож түүнийг эрүүл мэндэд “зүүн өвдөгний үеийн жийргэвчийн урагдал, холбоосны зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөг шарх, цээжинд цус хуралт, зүүн чихэнд зулгаралт, зүүн хацар, чихэнд сорви” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

П.Б нь 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн ... сумын 04 дүгээр багийн нутаг ... гэх газарт иргэн А.Н-тай эр эмийн хардалтын улмаас маргалдан зодож түүнийг эрүүл мэндэд “хамар ясны хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас А.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, П.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б, А.Н нарт холбогдох 2326001780142 дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорт буцаан, шүүгдэгч П.Б, А.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

 

Прокурор М.Мөнхтайван давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор М.Мөнхтайван би, эрүүгийн 2326001780142 дугаартай А.Н, П.Б нарт холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд шүүхийн 2023/ШЗ/415 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч А.Н, П.Б нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 415 дугаартай шүүгчийн захирамжийг 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч танилцахад, А.Н, П.Б нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэж дараах үндэслэлээр эсэргүүцэл бичих үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Н нь хүсэлтээсээ татгалзаж, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөөс татгалзсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь буруу, Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ” гэж хуульчилсан байхад дээрх заалтыг баримтлан хэргийг буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэр яллагдагч А.Н болон П.Б нар нь харилцан тохиролцож хэргээ хурдан шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна гэсэн утга бүхий хүсэлтийг удаа дараа тавьж хяналт тавьж буй прокуророос яллагдагч нарын хүсэлтийг хангаж Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

Гэвч яллагдагч А.Н нь хүсэлтээсээ татгалзаж, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөөс татгалзсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байна гэсэн тайлбар өгч шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн байна мөн заалтад зааснаар “...эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ...” гэж заасны дагуу ердийн журмаар шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Түүнчлэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэдэгт тухайн хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх гэдгийг ойлгох бөгөөд шүүх хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хуулийг нэг мөр ойлгож хэрэглэнэ гэсэнтэй зөрчилдөж байна гэж дүгнэж байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЗ/415 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч, хохирогч А.Н-гийн өмгөөлөгч Т.Оюунчимэгийн прокурорын эсэргүүцэлд гаргасан тайлбартаа: А.Н нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу “өмгөөлүүлэх эрх”-ээр хангагдаж өмгөөлөгчтэй байхад нь хэргийг хялбараар шийднэ, өмгөөлөгчийн хэрэг байхгүй гэж өмгөөлүүлэх, өмгөөлөгч авах эрхийг нь хязгаарлах гэсэн үйлдэл гаргасан.

2023 оны 07-р сарын 17-ны өдрийн 10 тоот прокурорын эсэргүүцэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар маргаантай байхад нь 2,700,000 төгрөг төл гэж хүчээр хохирол төлүүлэх шаардлага тавьсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5-д заасныг зөрчсөн, илт хууль бус шаардлага байх тул анхан шатны шүүхийн 2023 оны 06-р сарын 26-ны өдрийн 2023/ШЗ/415 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч, хохирогч П.Б-гийн өмгөөлөгч П.Адьяасүрэн прокурорын эсэргүүцэлд гаргасан тайлбартаа: Хэргийг прокурорт буцаасан Өвөрхангай аймаг дахь сум дундын хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 415 дугаартай шүүгчийн захирамжийг хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн 2326001780142 дугаартай хэргийн шүүгдэгч А.Н, П.Б нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалт болон прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 16.1, 16.2, 16.3 дахь заалтуудыг ноцтой зөрчиж байна. Иргэн П.Б нь энэ хэргийн шүүгдэгч биш хохирогч гэж үзэж байна. Шүүгдэгч, хохирогч А.Н-гийн гэрчээр болон хохирогч, яллагдагчаар тогтоогдсоны дараа өгсөн дөрвөн удаагийн мэдүүлэг зөрүүтэй байхад мэдүүлгийн зөрүүг гаргалгүй, яллах дүгнэлт үйлдсэн нь буруу гэж дүгнэж байна. Шүүгдэгч А.Н анх модоор мөр лүү цохисон, дараа нь дагз руу хоёр цохисон. Сүүлд нь том банзаар толгойн ар хэсэгт дөрвөн удаа цохисон гэж мэдүүлсэн нь аль ямар нотлох баримтаар нотлогдож байгааг баталсан нотлох баримт байхгүй байна. Банз гэдэг 10-15 см өргөнтэй хүнийг нэг цохилтоор ч хүнд гэмтээж болох байхад А.Н-гийн толгойн хэсэгт ямар нэгэн гэмтэл гараагүй байхад хамартаа гэмтэл авсан гэх дүгнэлт үндэслэлгүй байна. Ингэж дүгнэж буй үндэслэл нь шүүгдэгч П.Б-г банз барьж байсан, А.Н цохиж байсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь П.Б“би мотоциколд дайруулснаас биш А.Н-г цохиж зодсон зүйл байхгүй” гэсэн мэдүүлгийг нотолж байна. Үнэхээр шүүгдэгч П.Б банзаар хүн цохисон юм бол яагаад эд мөрийн баримтаар хурааж аваагүй юм бэ гэсэн асуулт хариу хүлээж байна. Гэрч Бат-Эрдэнэ шүүгдэгч П.Б-г барьж байж мотоциклоор хүн дайрахаар ирсэн шүүгдэгч А.Н-аар дайруулсан нь энэ хэргийн хамтрагч болохыг нотолж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.5 дахь хэсэгт заасныг баримтлан Бат-Эрдэнийг яллагдагчаар татах ёстой гэж үзэж байна.

Хохирогч гэх А.Н-д хийсэн шинжээчийн 293 дугаартай дүгнэлт үндэслэлтэй эсэхийг, хэрэв үндэслэлтэй бол шинэ хуучин гэмтлийн аль нь болохыг тогтоолгох шаардлагатай гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч П.Б би хүнийг цохих байтугай дайруулсан мотоциколдоо дарагдсан хэвтэж байсан гэх мэдүүлэг үнэлэлт өгөх боломж бий болно гэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: А.Н, П.Б нарт холбогдох 2326001780142 дугаартай хэрэгт А.Н, П.Б нар нь яллах дүгнэлт үйлдэж, яллагдагчаар татсан тогтоол танилцуулахад бид хоёр эвлэрсэн, бид хоёрт холбогдох хэргийг хурдан түргэн шийдвэрлэж өгөх боломжтой юу гэж амаар болон бичгээр илэрхийлсэн. Прокуророос эвлэрсэн учир хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан дээр А.Н-с уг асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг өгсөн бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 415 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт хэргийг ердийн журмаар шийдвэрлэх боломжтой байсан. Тухайн хэрэг нь гэрч нарын мэдүүлэг, хоёр шинжээчийн дүгнэлт, А.Н, П.Б нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр бүрэн нотлогдсон гэж дүгнэсэн. Тийм учраас хэргийг ердийн журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзээд прокурорын эсэргүүцэл бичсэн.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 415 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч, хохирогч А.Н-гийн өмгөөлөгч Т.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн 415 дугаартай захирамж үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй бол шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана гэж заасан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч, хохирогч П.Б-гийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй. Анхнаасаа П.Б прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөөгүй. Зөвшөөрөхгүй байгаа бүх үндэслэлээ бичээд прокурорт өгөхөд прокурор хүлээж авахаас татгалзсан. Дахин дээд шатны прокурорт хүсэлт гаргах гэж байтал А.Н бүх буруугаа хүлээе, хохирлыг бүгдийг нь төлье гэж байна хэргээ түргэн шуурхай шийдвэрлүүлэх нь зөв юм биш үү гэсэн зөвлөгөөний дагуу тэрийг нь зөвшөөрөөд шүүх хуралдаанд ортол А.Н зөвшөөрөөгүй. П.Б удаа дараа хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй. Харин зөвшөөрөхгүй байгаа гэдгээ хэлж байсан. Хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, нотлогдохгүй зүйл олон байдаг. Жишээлбэл А.Н-гийн4-н удаагийн мэдүүлэг 4-н өөр байдаг. Эдгээр мэдүүлгийг нэг мөр болгох хэрэгтэй. Мөн банзаар цохиж гэмтээсэн гэх боловч банз авч яваад хонь хариулж явдаг хүн гэж байхгүй. Хэрэв үнэхээр банзаар цохисон юм бол эд мөрийн баримтаар хурааж, бэхжүүлэх ёстой. Мөн гэрч Бат-Эрдэнэ бол А.Н-гийн дүү. Тэр хүн барьж байгаад мотоциклиор дайруулсан гэдэг. Мотоцикльд дайруулаад хавтгайгаараа хэвтэж байгаа хүн хэдийд нь босож ирээд, хаанаас банз авч тэр хүний толгой руу цохисон байх вэ. Энэ мэтчилэн олон зүйл тодорхой биш байгаа учраас хавтас хэрэгт авагдсан баримтаар А.Нбүгдэд буруутай гэж шийтгэх боломжгүй, бас П.Б хүнийг банзаар цохиж хамрыг нь гэмтээсэн гэж үнэлэх ч боломжгүй. Эдгээрийг мөрдөн байцаалтаар тогтоох ёстой учир хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэв..

Шүүгдэгч, хохирогч П.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг А.Н-г цохиж хамрыг нь гэмтээсэн гэдэг. Би А.Н-г цохих нь байтугай арьсанд нь ганц халцархай ч гаргаагүй. Тэгтэл хамрынх нь яс хугарсан гээд байгаа. Би гар хүрээгүй. Бат-Эрдэнэ А.Н-гийн төрсөн дүүтэй нь суусан хүргэн болох хүн байгаа. Ахыгаа тавь гэхэд барьж байгаад мотоциклиор дайруулсан. Хэрвээ тавьсан бол би өнөөдөр хөл гар, бие махбодь, сэтгэл санаа, санхүүгээрээ хохирохгүй байсан. Бултсан бол гэмтэл авахгүй байсан. Тиймээс Бат-Эрдэнээс болж миний хөл гарыг хугалж, зүссэн гэж бодож байгаа. Эхнэрийг нь хэл амаар доромжилсон гээд байгаа боловч би тэгээгүй. Нөхөр нь манай эхнэртэй заваараад байхаар нь чи нөхрийгөө захирч яваарай л гэж хэлсэн. А.Н л надад гэм хийсэн болохоос эхнэр нь надад гэм хийгээгүй. Тиймээс би тэр хүнийг үг хэлээр доромжлоогүй, муу санаагүй. Г, Б нараас мэдүүлэг аваагүй.

Хэрэг болох үед бүгд хамт байсан. Тэр хоёр хүний мэдүүлэг хэрэгт байдаггүй. Б бол А.Н-гийн хүргэн, Д нь А.Н-гийн эхнэр. Энэ хоёр хүнийг хөндлөнгийн гэрч гэж үзэх боломжгүй. А.Н-гийн хамарт гэмтэл байгаа эсэхийг дахин шинжлүүлмээр байна. Хэрвээ гэмтэл байгаа бол гэмтэл авсан цаг хугацааг  тогтоолгомоор байна. Хуучин гэмтэл байж байгаад тэр нь гарч ирсэн байх. Гурвуул дөрвүүлээ хүний өмнөөс том банз бариад, хүний хамар руу цохиод явж байх чадвар байх уу. Үүнд гомдолтой байна. Хуучин гэмтлээр намайг хилсдүүлж байна. Б гэдэг мөрдөгчид би миний мэдүүлгийг бичээгүй байна гэж хэлсэн. Тэгсэн чинь чи Б-ийг татуулах гээд байгаа юм уу гэсэн. Би болсон юмыг болсноор нь л ярьж байна гэсэн. Надаас мэдүүлэг авах гэж 5, 6-н цаг болсон. Хэдэн зүйл дээр надаар гарын үсэг зуруулсан. Тэр хүн миний хэлсэн үгийг дутуу бичсэн. Би гомдолтой байна. Энэ хэргийг үнэнээр нь шийдвэрлүүлмээр байна. А.Н, Б гэдэг хүнтэй бүлэглээд намайг барьж байгаад мотоциклиор дайруулчихаад 10-аад метрийн зайд зогсож байсан гэж яриад байгаа. Тэр хүн бариагүй бол би энд ингээд зогсож байхгүй. Бие, сэтгэл санаагаараа хохирохгүй байсан. Ганбаатар Батбилгүүн нараас мэдүүлэг аваагүй, энэ хэрэг анхнаасаа дутуу явсаар байгаа өдий хүрч байна. Ял тохиролцож хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан гээд байгаа. Би анхнаасаа тохиролцох хүсэлгүй байсан. Тэр үед яг наадам болоод морь уяад, хайртай морьд маань доголж бариад янз бүр болохоор нь энэ бузар юмнаас болоод байна, хурдан салъя гэж бодож байсан. Тэгсэн А.Н төлбөрийг чинь барагдуулъя, хоёулаа нэг нутагт амьдардаг хүмүүс байна, тохиролцъё 2,700,000 төгрөг өгье гэсэн. Тэгэхээр нь энэ хэргээс хурдан салъя гэж бодсон. Шүүх хуралдаан дээр А.Н өөрөө хувирсан гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Н нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаж, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөөс татгалзсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэх үндэслэлээр шүүгдэгч П.Б, А.Н нарт холбогдох 2326001780142 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.  

Прокуророос яллагдагч А.Н болон П.Б нар нь харилцан тохиролцож хэргээ хурдан шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна гэсэн утга бүхий хүсэлтийг удаа дараа тавьж яллагдагч нарын хүсэлтийг хангаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдаан дээр А.Н нь хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэдэгт тухайн хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх гэдгийг ойлгох бөгөөд шүүх хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийг нэг мөр ойлгож хэрэглэнэ гэсэнтэй зөрчилдөж байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЗ/415 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ” гэж хуульчилсан.

Шүүгдэгч А.Н нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаж, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөөс татгалзсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нөхцөл байдал мөн тогтоогдож байна. Гэмт хэрэг гаргах үед хамт байсан гэх Г, Б нараас мэдүүлэг аваагүй, А.Н-гийн эрүүл мэндэд учирсан хамар ясны хугарал нь тухайн цаг хугацаанд үүссэн гэдгийг тодруулах, шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй гэсэн байгаа боловч уг гэмтэл шинэ, хуучин болохыг тодорхойлох боломжтой талаарх шүүгдэгч П.Б-гийн тайлбар, мөн өмгөөлөгч нарын саналд дурдсан ажиллагааг хийлгэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд давж заалдах шатны шүүхээс прокурорын бичсэн “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” тухай 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 10 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЗ/415 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЗ/415 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.