2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/00778

 

 

 

 

 

 

 

 

 

                           2025         01          29

                      191/ШШ2025/00778

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, ....... тоот хаягт оршин байрлах, “Б*******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, .............. тоот хаягт оршин суух, Ц******* овогт Б******* А******* /рд:*******/-т холбогдох,

 

Орон сууц, авто зогсоолыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх, сайн дураар чөлөөлөөгүйн улмаас учирсан хохиролд 70,304,006 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г*******, хариуцагч Б.А*******, хариуцагчийн өмгөөлөгч М.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг  нар оролцов.

          ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.                   Нэхэмжлэгч “Б*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч М.Г******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б.А*******тай зээлийн гэрээ байгуулж 185,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор түүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, ........... тоотод 90,62 м.кв 4 өрөө орон сууц, мөн хотхоны 716 дугаар байрны зоорийн давхрын ......... тоот, 17,25 м.кв авто зогсоолыг тус тус барьцаалсан бөгөөд барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Зээлдэгч Б.А******* нь зээлийн төлбөрөө хуваарийн дагуу төлөхгүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж байсан бөгөөд түүний хүсэлтээр дээрх барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг гэрээнд заасны дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт үл маргах журмаар зээлдэгч Б******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцож, 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Холбогдох гэрээ, Б******* ХХК болон Б.А******* хүсэлтийг тус тус үндэслэн дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Б******* ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн бөгөөд өмчлөх эрхийг гэрээний дагуу шударгаар олж авсан болно.

Гэтэл дээрх орон сууц болон авто зогсоолыг хариуцагч Б.А******* нь өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчсөөр байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Т........тоотод 90,62 м.кв 4 өрөө орон сууц болон мөн хотхоны 716 дугаар байрны зоорийн давхрын ..... тоот, 17,25 м.кв авто зогсоолыг Б.А*******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр удаа дараа шаардаж, мэдэгдэл өгч байсан хэдий ч өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшиж, ашигласаар байна.

Нэхэмжлэгч Б******* ХХК нь зээлдэгч Б.А*******ы зээлийн төлбөр болох 207,850,000 төгрөгт тооцон дээрх хөрөнгийг шилжүүлж авсан бөгөөд хариуцагч Б.А*******ийн хууль бус эзэмшлийн улмаас өөрийн өмчлөлийн хөрөнгөө захиран зарцуулах боломжгүй болж, компанийн үндсэн үйл ажиллагаанд хохирол учрах болсон. Б******* ХХК нь тусгай зөвшөөрөлтэйгөөр зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд хариуцагч Б.А*******ийн хууль бус эзэмшлийн улмаас зээлийн төлбөрт тооцон авсан орон сууц, авто зогсоолыг захиран зарцуулах боломжгүйн улмаас 70,304,006 төгрөгийн бодит хүүгийн хохирол учраад байна.

Иймд бусдын өмчлөх эрхийг зөрчиж байгаа хариуцагч Б.А*******ийн хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, ......... тоотод 90,62 м.кв 4 өрөө орон сууц болон мөн хотхоны 716 дугаар байрны зоорийн давхрын ..........тоот, 17,25 м.кв авто зогсоолыг албадан чөлөөлж, хохирол 70,304,006 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.1.              Нэхэмжлэгч нь маргаж буй орон сууцыг 2021 онд А*******тай зээлийн гэрээ байгуулж барьцаалсан. А******* нь зээлээ эргэн төлөхгүй байсан тул хугацааг сунгасан. Гэвч зээлээ төлөөгүй тул харилцан тохиролцож маргаан бүхий орон сууцыг зээлийн төлбөртэй тооцож өгөхөөр тохиролцсон. Улмаар нэхэмжлэгчийн өмчлөлд шилжиж зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Орон сууцыг захиран зарцуулахаар хариуцагчид мэдэгдэж байсан боловч хариуцагч нь цагдаад гомдол гаргасан гээд чөлөөлж өгөөгүй. Үүний учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд албадан чөлөөлж өгнө үү. Нэхэмжлэгч нь өмчлөх эрхтэй болсноос хойш зээлийн төлбөрөө эргэлтэд оруулах боломжгүй болсон. Орон сууцаа захиран зарцуулах боломжгүй болсноос хохирол учирсан. Өмчлөх эрх шилжсэнээс хойш нэхэмжлэл гаргах хүртэл тухайн мөнгийг бусдад зээлсэн бол сарын 3.1 хувийн хүүгээр бодоход 70,304,006 төгрөгийн хүүгийн ашиг ёстой байсан. Гэтэл орон сууцыг чөлөөлж өгөөгүй тул хүүгийн хохирол учирсан. Мөн энэ хохирлыг нэхэмжилж байна. Өмнө нь гэрээ байгуулсан нь өмчлөх эрх үүсгэхгүй юм. Гэрээ байгуулсан ч гэсэн эрхээ хэрэгжүүлээгүй байна. Энэ нь шууд өмчлөгч гэж үзэхгүй. Бид зээл болон барьцааны гэрээ байгуулахад урьдчилсан тэмдэглэгээ байгаагүй. Бид хуулийн дагуу гэрээ байгуулж шударгаар өмчлөх эрхийг олж авсан юм. Хариуцагч нь хохирлоо шаардах эрх нээлттэй бөгөөд үүний дагуу залилуулсан гээд цагдаад гомдол гаргасан байна. Төлбөрөө төлөөд дууссан бол өмчлөх эрхээ шилжүүлэхээр шаардах эрхтэй байсан. Өмчлөх эрх шилжсэнийг мэдсэний дараа цагдаагийн байгууллагад хандсан байна. 70 сая нь олох байсан орлого юм гэв.

 

2.                   Хариуцагч Б.А******* нь шүүхэд, тэрээр болон түүний өмгөөлөгч М.Н******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ББСБ-с зээл авч байсан удаа байхгүй бөгөөд ..... тоот орон сууц, .... тоот зогсоолыг Б.А*******аас 2020 оны 1-р сарын 20-ны өдөр худалдан авах гэрээг байгуулж тооцоо дууссаны дараа удаа дараа өөрийн нэр дээр шилжүүлж авах гэж ярилцсан боловч миний нэр дээр шилжүүлэхгүй өдийг хүрсэн болно.

БЗД-н цагдаагийн газар гомдол гаргасан бөгөөд тэрний өөр хэрэгт /Батын А*******ы/ Хан-Уул дүүрэг мөрдөгдөж байсан тул тус хэрэгт нэгтгэн шалгаж байгаа болно. Иймд Б******* нь надад нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

2.1.              Цаг хугацааны хувьд 2021.12.31-ны өдөр сүүлийн төлбөрөө хийсэн. Гэрээг нотариатаар оруулсан. Бүртгэлд байгаа. Гэтэл 2023 онд хүртэл зугтсаар ББСБ-д шилжүүлж өгсөн нь шударга биш залилан гэж бодож байгаа юм. Байрандаа л баймаар байна. А******* маш олон хэрэгт Хан-Уул дүүрэгт нэгтгэгдсэн гэсэн. Хэнд өгөх ёстой байсныг харгалзаж үзэхийг хүсэж байна. Би нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж байгаагүй. Зээл авч байгаагүй, огт мэдэхгүй. Урьдчилсан тэмдэглэгээ хийлгээгүй төлж дуусаад нэр шилжүүлнэ гэж тохиролцсон. Итгэсэн тул урьдчилсан тэмдэглэгээ хийлгээгүй, мөн гэрчилгээг нь аваагүй юм.

2.2.              Хурал үргэлжилж байгаатай холбоотойгоор хэргийн материал танилцах хүсэлтэй байна. Нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэлэлцэнэ гэж ойлгосон тул хурлыг хойшлуулж өгнө үү. Хариуцагч нь нэхэмжлэгчээс зээл аваагүй. Харилцаа үүсээгүй. А*******аас нэхэмжлэх ёстой байх. Нэхэмжлэгч нэр дээрээ шилжүүлэхээс өмнө төлбөр тооцоогоо дуусгасан байдаг. Тэгэхэд шалтгаан хэлсээр шилжүүлж өгөөгүй тул аргаа ядаад цагдаад гомдол гаргасан байдаг. Иймд нэхэмжлэлийг хүлээж авах боломжгүй юм. Цагдаад гомдол гаргасан байхад нэхэмжлэгч бас гомдол гаргасан байсан бөгөөд төлбөр төлөгдсөнийг харсан байх. Худалдаад авчихсан байхад байрыг чөлөөл гэдэг нь учир дутагдалтай байна. Хариуцагч нь үүргээ биелүүлсэн бөгөөд А*******ы үүрэг дутуу. Иймд А*******тай асуудлаа эхлээд шийдэх ёстой. А*******тай зээлийн гэрээ байгуулаад хариуцагчийн худалдаж авсан байрыг шилжүүлж авсан байна. Эрүүгийн хэрэг шийдээгүй тохиолдолд энэ хэргийг шийдэхэд учир дутагдалтай гэв.

 

3.                   Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:

3а. Нэхэмжлэгчээс: Зээлийн гэрээний хуулбар /хх7-9/, зээлийн барьцааны гэрээний хуулбар /хх10-11/, худалдах худалдан авах гэрээний хуулбар /хх12/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 2 ширхэг /хх13, 14/, хохирлын тооцоолол /хх15/, мэдэгдэл 2 ширхэг /хх16, 17/,

3б. Хариуцагчаас: Худалдах худалдан авах гэрээний хуулбар 2 ширхэг /хх30, 31/, бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд /хх33-64/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр орон сууц, авто зогсоолыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 70,304,006 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч “Б*******” нь орон сууц, авто зогсоолыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх, сайн дураар чөлөөлөөгүйн улмаас учирсан хохиролд 70,304,006 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.                   Хариуцагч Б.А******* нь Б.А*******тай орон сууц, авто зогсоолыг худалдах худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийг бүрэн төлсөн гэж маргаж байна.

 

4.                   Нэхэмжлэгч “Б*******” ХХК нь маргаж буй Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, ........... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дүгээрт бүртгэгдсэн, 90.62 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, уг хаягт байрлах хотхоны 716 байр, .... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 17.25 м.кв талбайтай, авто зогсоолын өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн болон дугаартай гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /ХХ13, 14/

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар улсын бүртгэл нь үнэн зөв, бодитой байх зарчимтай.

Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжсэн үйл баримтын талаар маргаагүй. Өөрөөр хэлбэл, өмчлөх эрхтэй холбоотойгоор иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаан үүсгээгүй талаар тайлбарласан.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч нь эд хөрөнгөө өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардах эрхтэй.

 

5.                   Хариуцагч нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б.А*******тай маргаж буй орон сууц болон авто зогсоолыг худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна. Улмаар төлбөрийг бүрэн төлсөн гэх боловч бичмэл нотлох баримтын шаардлага хангасан баримтыг шүүхэд ирүүлээгүй. Гэвч ийнхүү төлбөрөө төлсөн байх нь нэхэмжлэгчийн дээрх хуульд заасан шаардах эрхийг үгүйсгэхгүй. Учир нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг. Хариуцагч нь Б.А*******тай байгуулсан гэрээний үүрэгтэй холбогдуулан өмчлөх эрх шилжүүлэх талаар улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байгаа нь энэ хэрэгт нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлахгүй. /ХХ31, 30/

 

6.                   Хариуцагч нь цагдаагийн байгууллагад орон сууц, авто зогсоолыг худалдах худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийг төлсөнтэй холбогдуулан залилсан гэх агуулгаар гомдол гаргасан талаар тайлбарлаж байна. Гэвч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй. Улмаар Б.А*******д залилуулсан эсэх нь энэ хэрэгт хамааралгүй бөгөөд нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэл болгож буй энэхүү тайлбараа баримтаар нотлогдоогүй. Иймд хэргийг түдгэлзүүлэх үндэслэлгүй.

 

7.                   Зохигч маргаж буй орон сууц, авто зогсоолын эзэмшил хариуцагчид байгаа үйл баримтын талаар маргаагүй. Үүнээс үзэхэд хариуцагч нь өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж байх тул түүний эзэмшлийг хууль бус гэж үзнэ. Учир нь дээр дурдсанаар өмчлөгч нь өөрийн үзэмжээр эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй юм.

Иймд хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууц, авто зогсоолыг албадан чөлөөлнө.

 

8.                   Нэхэмжлэгч нь орон сууц, авто зогсоолыг бодитоор эзэмшилдээ авсан бол эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж, олсон орлого болох мөнгөн хөрөнгийг бусдад зээлдүүлж, ашиг орлох байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу баримтаар нотлогдоогүй. Тодруулбал, хариуцагч нь орон сууц, авто зогсоолыг өөрийн эзэмшилд байлгасантай холбоотойгоор нэхэмжлэгчийг олох байсан орлогоор хохироосон гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Учир нь тухайн орон сууц, авто зогсоолыг бусдад ямар хэмжээний мөнгөн хөрөнгөөр худалдах, цаашлаад уг мөнгөн хөрөнгийг хэнд ямар хэмжээний хүүтэйгээр зээлдүүлж хүүгийн ашиг олох байсан нь тодорхойгүй юм. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т зааснаар орон сууц, авто зогсоолын эзэмшлийг шилжүүлж өгөөгүйн улмаас учирсан хохирол гэх 70,304,006 төгрөгт холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

9.                   Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдааны хүсэлт гаргах шатанд гаргаагүй боловч хэргийг хэлэлцэж эхэлсний дараа тайлбар гаргахдаа хэргийн материал танилцах үндэслэлээр хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан. Шүүх хуралдаан тодорхой дэс дарааллаар явагдах бөгөөд хүсэлт гаргах шатанд гаргаагүй, хэргийг хэлэлцэж эхэлсний дараа гаргаж буй уг хүсэлтийг шүүх хэлэлцэх, хянан шийдвэрлэх боломжгүй. Иймд энэхүү хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдав.

 

10.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.                   Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, ........... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дүгээрт бүртгэгдсэн, 90.62 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, уг хаягт байрлах хотхоны 716 байр, .... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 17.25 м.кв талбайтай, авто зогсоолыг хариуцагч Б.А*******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т заасан үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хариуцагчаас 70,304,006 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,706,671 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А*******өөс 1,197,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Б*******” ХХК-д олгосугай.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ГАНБОЛД