| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 181/2024/03815/И |
| Дугаар | 191/ШШ2025/00769 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Даатгал, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/00769
| 2025 01 29 | 191/ШШ2025/00769 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ................ тоот хаягт байрлах, “К*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ......... хаягт байрлах, “М*******” ХК /РД: *******/-д холбогдох,
Даатгалын нөхөн төлбөрт 438,058,076 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “К” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч А.М******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х*******” ХХК нь “М” ХК-тай Монгол Улсын Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход ... даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 432 дугаар зүйлийн 432.1-т “Даатгал нь сайн дурын ... гэсэн төрөлтэй байна. ”, Даатгалынн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Даатгал нь сайн дурын ... гэсэн төрөлтэй байна.” хэмээх хуулийн заалтуудыг үндэслэн 2023 оны 10 дугаар сарын 06-ны ******* тоот “Машин механизмын даатгал”-ын гэрээний дагуу хамтран ажиллаж байсан.
“К” ХХК нь “Х*******” ХХК-тай 2023 оны 10 сарын 09-ний өдөр КНАI/73/23 тоот “Тоног Төхөөрөмжийн Түрээсийн гэрээ” байгуулан САТ6030 маркийн УН улсын дугаартай Экскаваторыг “О” төслийн талбайд ажиллуулахаар түрээсэлсэн болно. Улмаар энэхүү гэрээний 3 дугаар зүйлд зааснаар тус техникт учирсан хохирлыг “К” ХХК хариуцахаар гэрээнд заасан тул талууд харилцан тохиролцож 2023 оны 10 дугаар сарын 06-ны ******* тоот “Машин механизмын даатгал”-ын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрийн хохирол нэхэмжлэх шаардах эрхийт “К” ХХК шилжүүлэн авсан болно.
Энэхүү Манай компани “Х*******” ХХК-аас Түрээсийн гэрээний дагуу шилжүүлэн авсан САТ6030 маркийн УН улсын дугаартай Экскаваторыг “О” ХХК-тай “Тоног Төхөөрөмж Түрээсийн үйлчилгээ” үзүүлэх гэрээний дагуу түрээслүүлэн хамтран ажилласан.
2023 оны 11-р сарын 17-ны өдөр УН улсын дугаартай САТ6030 загварын экскаватор нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь О төслийн ил уурхайн хүдрийн овоолгын талбайд байрлах овор хэмжээ ихтэй хүдрийн чулуулаг биетийг ялгах ажлыг гүйцэтгэх явцад экскаваторын явах ангийг хөдөлгөгч мотор хэсэг овор ихтэй чулуунд цохигдон эвдрэл үүссэн гэрээнд заасан даатгалын тохиолдол болсон.
Тус Даатгалын гэрээний тусгай нөхцөлийн 11.1-т “Ажлын талбайд ажил үүргээ гүйцэтгэж байх үе"-ийн эрсдэл, 11 5-т “Гуравдагч этгээдийн санамсаргүй үйлдлээс үүдэлтэй эрсдэл” зэрэг ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн эрсдэлүүдийг тус тус сонгон даатгуулсан.
2023 оны 11-р сарын 17-ны өдөр САТ6030 маркийн УН улсын дугаартай техник “О” төслийн талбайд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа техникт эвдрэл гэмтэл гарч хохирол гарсан нь тогтоогдож энэхүү нөхцөл байдал нь даатгалын гэрээний 11.1, 11,5-т заасан ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн эрсдэлд бүрэн хамаарч байх тул даатгалын нөхөн төлбөр авах хүсэлт, Ослын судалгааны тайлан, Наряд зааварчилгааны хуудас, холбогдох бусад бичиг баримтуудаар баталгаажуулан 2023.12.19-ний өдөр “М*******” ХК руу хүргүүлсэн.
“М” ХХК-ийн зүгээс 2024 оны 02 сарын 27-ны өдрийн тоот “Нөхөн төлбөр шийдвэрлэсэн тухай”, мөн оны 04 сарын 11-ний өдрийн тоот хариу хүргүүлэх тухай албан тоотуудаар нөхөн төлбөрийг даатгуулагч гэрээний 4.2.4,4.2.15-т заасныг зөрчсөн гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгох боломжгүй хэмээн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Учир нь манай компани нь 2023 оны 10 сарын 08-ны өдөр “О” ХХК-тай “Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ”-ний дагуу тус компанийн уурхайн талбайд өөрийн эзэмшлийн САТ6030 маркийн УН улсын дугаартай техникийг ашиглуулахаар гэрээг байгуулсан болно.
Иргэний хуулийн 318.1-т “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” мөн хуулийн 318.2-т “Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ.” хэмээн заасан байдаг.
Энэхүү хуулийн заалт болон манай компанийн “О” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу САТ6030 маркийн УН улсын дугаартай техникийг эзэмших, ашиглах ямар ажил үүрэг гүйцэтгэх зэрэг чиг үүрэг, наряд зааварчилгаа өгөх чиг үүрэг нь “О” ХХК- ийн эрх бүхий ажилчдын шийдвэрээр техникийг ажиллуулж байсан болох нь Ослын судалгааны тайлангаар нотлогддог.
Дээрх хууль болон гэрээнд зааснаар даатгалын гэрээний зүйл болох САТ6030 маркийн УН улсын дугаартай техникийг зориулалтын дагуу ашиглах, ил уурхайн дүрэм журмын дагуу ажиллуулах чиг үүрэг “О” ХХК-ийн үндсэн үүрэг байхад даатгуулагчийг энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй хэмээн буруутгаж байгаа нь үндэслэлгүй, даатгалын гэрээнд заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд хамаарахгүй байна. Тодруулбал САТ6030 техникийг “О” ХХК-ийн ил уурхайд үндсэн зорилгынх нь дагуу ашиглахад тохиромжтой техник тул тухайн техникийг хүдрийн овоолгын талбайд байрлах овор хэмжээ ихтэй хүдрийн чулуулаг биетийг ялгах ажлыг Түрээслэгчийн зүгээс зөвшөөрөл олгон гүйцэтгүүлсэн. “О” ХХК нь олон улсын уурхайн жишигт нийцсэн, Монголын уул уурхайн салбарт тэргүүлэгч, жишиг тогтоогч уурхай бөгөөд “Кэй Эй Рентал сервис” ХХК-ийн хувьд шалгуурыг хангаж уг үйлчилгээг үзүүлдэг төдийгүй, “О” ХХК-ийн зөвшөөрөөгүй, эрх олгоогүй техникээр, зориулалтын бусаар ажиллуулах ямар ч боломжгүй байдаг. Бид үйлчилгээ үзүүлж буй байгууллагатай байгуулсан гэрээний үүргээ бүрэн биелүүлж, ажилтнуудын аюулгүй ажиллагаа, техникийн найдвартай ажиллагаа, бэлэн байдалд анхаарч ажилласаар ирсэн.
“О” ХХК-ийн зүгээс түрээсийн гэрээний дагуу манай компанийн техник хэрэгслийг өөрийн уурхайн талбайд дээр ашиглаж, ажиллуулж байгаа бол тус компани Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны , дугаар хамтарсан тушаалын хавсралт Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм журмыг хэрэгжүүлэн ажиллах ёстой. Түүнчлэн Монголын уул уурхайн салбарт тэргүүлэгч, дэлхийн уул уурхайн жишиг болсон уг төсөлд бүх шийдвэр, зөвшөөрөл, ажлын даалгавар “О” ХХК-ийн бүрэн шийдвэрээр буюу олон хяналтаар орж байж шаардлага хангаж ажил хийгддэг.
Хэрэв “М*******” ХК-ийн зүгээс уг техникээр зориулалтын бус ажил гүйцэтгэсэн гэж үзвэл “О” ХХК-ийн хууль, журам дүрэм зөрчсөн болж таарна. Энэ тохиолдолд гуравдагч этгээдийн буруутай үйлдлийг манай компанид хамааруулан даатгалын гэрээний зүйл, заалтыг буруугаар тайлбарлаж байгаа нь Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 02 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт батлагдсан “Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт"-ийн 7.1.2.а.-д “Даатгуулагчтай байгуулж байгаа даатгалын гэрээ нь монгол хэл дээр үйлдэгдсэн, утга санаа, үг хэллэг нь ойлгомжтой, тодорхой, төөрөгдүүлсэн болон хоёрдмол санаа агуулаагүй байх, бусдад шууд ойлгогдохоор үг, хэллэгтэй” байх заалтыг илтэд зөрчиж байна.
Дээрх тайлбар, ослын судалгааны тайлангаар холбогдох хууль дүрмийг зөрчиж тухай техникийг зориулалтын бусаар ашигласан буруутай субъект нь “О” ХХК болох нь тогтоогдож байх тул талуудын даатгалын гэрээний 11.5-т “Гуравдагч этгээдийн санамсаргүй үйлдлээс үүдэлтэй эрсдэл” гэх заалтын дагуу манай компанийн техникт учирсан хохирол төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
Гэтэл “М*******” ХК-ийн зүгээс нөхөн төлбөр олгохоос татгалзсан мэдэгдэлдээ манай компанийг Ил уурхайн дүрэм журам зөрчсөн, тухайн техникээр зориулалтын бус ажил хийсэн гэж татгалзсан нь үндэслэлгүй болох нь тодорхой байна. Манай компанийн техник болох САТ6030 экскаватор захиалагч “О” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу тус компанийн эрх бүх ажилчдаас өгсөн үүрэг даалгаврын дагуу л ажиллаж байсан болно.
Ингэснээр “М” ХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн нөхцөл болон Монгол Улсын Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 -т “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход ... даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 206.1 “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ”, 208.1 “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчиж Даатгагчийг ихээхэн хохироож байна.
Дээрх тайлбар, ослын судалгааны тайлангаар холбогдох хууль дүрмийг зөрчиж, тухайн техникийг зориулалтын бусаар ашигласан буруутай субъект нь “О” ХХК болно. Манай компани САТ6030 экваторт учирсан эвдрэл гэмтлийн засвар сэлбэгийн үнийн саналыг авахад нийт 438,058,076 төгрөгийн хохирол, гарсан болно.
Иймд Манай компанийн техникт учирсан эвдрэл гэмтэл нь даатгалын тохиолдолд бүрэн хамаарч байх тул Даатгалын гэрээний 11,1-т “Ажлын талбайд ажил үүргээ гүйцэтгэж байх үе”- ийн эрсдэл, 11.5-т “Гуравдагч этгээдийн санамсаргүй үйлдлээс үүдэлтэй эрсдэл”-д бүрэн хамаарч байх тул “М*******” ХК-аас манай техникт учирсан сэлбэг хэрэгслийн зардал болон, засварын ажилчдын төлбөр нийт 438,058,076 төгрөгийн хохирлыг гаргуулан шийдвэрлэж өгнө үү.
1.1. Даатгалын нөхөн төлбөрт 438,058,076 төгрөг гаргуулна. Бид Хишиг арвинтай тоног төхөөрөмж түрээслэх гэрээ байгуулсан. Улмаар бид техникээ Од түрээслүүлсэн. Хишиг арвин даатгуулсан. Гэтэл техникт эвдрэл үүссэн. Энэ нь даатгалын нөхөн төлбөр олгох нөхцөл юм. Учир нь О төсөл дээр техник зааврын дагуу үүрэг гүйцэтгэж байсан. Даатгалын гэрээний 11.1, 11.5-д зааснаар даатгалын эрсдэлд хамаарах юм. Бид зөвхөн тоног төхөөрөмж түрээсэлсэн тул бид зааварчилгаа өгдөггүй. Гол заавар зөвлөмжийг түрээсийн гэрээний дагуу О өгдөг юм. Иймд бид аюулгүй ажиллагааны заавар өгөх эрхгүй. Иймд гуравдагч этгээдийн санамсаргүй болгоомжгүй үйлдлээс болж чулуу дугуйнд нь орж гэмтээсэн тул ажил гүйцэтгэх үеийн эрсдэл юм. Тгээр дүгнэлт гаргуулсан. Энэ талаар хариуцагч санал тавьсныг зөвшөөрсөн. Дүгнэлт гаргахад манай талаас оролцуулаагүй. Уг компани нь хариуцагчтай гэрээтэй ажилладаг компани байдаг. Ингээд манай эсрэг дүгнэлт гаргасан бөгөөд манай оролцоо байгаагүй. Хэрэв бид оролцсон бол холбогдох тайлбарыг хэлэх байсан. Бид уг дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэж удаа дараа хэлсэн байдаг. Уг компани дүгнэлт гаргах эрхтэй компани эсэх нь тодорхойгүй тул уг дүгнэлтийг зөвшөөрөхгүй. Шинжээч нь осол болсон газар бодитоор очоогүй нь манай эрх ашгийг зөрчсөн гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч Э.О******* нь шүүхэд, тэрээр болон өмгөөлөгч Б.Т******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “К” ХХК нь “М*******” ХК-д холбогдуулан Машин механизмын даатгалын нөхөн төлбөрт нийт 438,058,076 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасны дагуу дараах хариу тайлбарыг гаргаж байна.
******* тоот Машин механизмын даатгалын гэрээний даатгуулагч “Х” ХХК-ийн эзэмшлийн УН улсын дугаартай САТ6030 маркийн экскаватор нь 2023 оны 11 сарын 17-ны өдөр Өмнөговь аймаг Ханбогд сумын нутаг дахь “Оюу-толгой” ХХК-ийн ил уурхайн хүдрийн овоолгын талбайд байрлах овор хэмжээ ихтэй хүдрийн чулуулаг биетийг ялгах ажлыг гүйцэтгэх явцад экскаваторын явах ангийг хөдөлгөгч мотор хэсэг овор ихтэй чулуунд цохигдон эвдрэл үүссэн гэх тохиолдолтой холбоотой нөхөн төлбөрийн хүсэлт гаргах тухай албан тоот, ослын судалгааны тайлан, САТ6030 техникийн гарын авлага, ажлын байрны аюул эрсдэлийн үнэлгээ, технологийн стандарт зэрэг матиериал ирүүлснийг бид хүлээн авч судалж үзээд дараах шийдвэрийг гаргасан. “Хишиг арвин индустриал” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 6/307 албан тоотод: “Ослын судалгааны тайлангийн дүгнэлтээр энэхүү тохиолдол бий болсон үндсэн шалтгааныг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “Орчны буюу чулуу ялгалт хийсэн талбайн гадаргуу тэгш бус том овор хэмжээтэй чулуулаг хүдрийн биет ихтэй, талбайн үзэгдэх орчин хязгаарлагдмал гэрэлтүүлэг хангалтгүй. Дүрэм журам буюу тухайн хүчин төгөлдөр үйлчилж байсан Ажлын аюулын дүн шинжилгээнд чулуу ялгалт хийх ажлын аргачлал бүрэн тусгагдаагүй, ажлын даалгавар, наряд өөрчлөгдөх үед тухайн ажилтай холбоотой Стандарт ажлын журам болон Ажлын аюулын дүн шинжилгээг операторт танилцуулаагүй нь чулуу ялгах ажилтай холбоотой эрсдэлийн талаарх ойлголтыг дутуу өгсөн” гэж тусгасан байсан. Мөн “О” ХХК-ийн ажилтан болох Н.Бы 2023 оны 12 сарын 27-ны өдрийн и-мэйлд “Тухайн ажил дээр батлагдсан журам бичиггүй” гэх мэдээллийг ирүүлсэн.
Талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 5.4.1-т заасны дагуу талууд харилцан тохиролцож “Т” ХХК-г тус тохиолдлын хохирлын шалтгааныг тодруулахаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан бөгөөд 2024 оны 2-р сарын 3-ны өдрийн хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтэд “2023 оны 11-р сарын 17-ны өдөр “О” ХХК-ийн ил уурхайн анхдагч бутлуур, хүдрийн овоолгын талбай дээр “САТ-6030 ВН маркийн ачигч экскаватор эвдэрч эд хөрөнгийн хохирол гарсан байна, Осол гаргахад хүргэсэн шалтгаан хүчин зүйлс нь: Уг “САТ-6030 ВН” маркийн экскаваторыг зориулалтын бусаар ашигласан. Үндэслэл: Монгол улсын “Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм”-д заасан 133. “Экскаваторын ажиллах догол, мөргөцөг, овоолгын талбай нь тэгшлэгдэн засагдсан байхаас гадна тэдгээрийн техникийн баримт бичигт зааснаас илүүгүй налуутай байна.” Мөн Аюулгүй ажиллагааны дүрэм болон журамд тусгагдаагүй ажил үүрэг өгөгдсөн гэжээ.
Дээрх баримтуудаас дүгнэхэд УН улсын дугаартай САТ6030 экскаваторыг батлагдсан журам бичиг байхгүй, ажлын аргачлал бүрэн тусгагдаагүй ажил үүрэг гүйцэтгүүлж байх үед буюу зориулалтын бусаар ашигласан, уул уурхайн салбарын хэмжээнд заавал мөрдөж ажиллахаар батлагдсан Ил уурхайн аюулгүй байдлын дүрмийг баримталж ажиллагаагүй зэрэг шалтгааны улмаас уг техникт хохирол учирсан болох нь тогтоогдсон тул гэрээний дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн.
Иймд даатгуулагчтай байгуулсан Машин механизмын даатгалын ******* тоот гэрээний 4.2 “Тусгай хамрагдахгүй нөхцөл. Үүнд: 4.2.4 Даатгалын зүйлийг зориулалтын бусаар ашигласан эсхүл хууль тогтоомжид заасан зохих зөвшөөрлийг авалгүйгээр, хүчингүй болсны дараа эсхүл холбогдох хууль тогтоомжоор хориглосон нөхцөлд даатгалын зүйлийг ашигласны улмаас учирсан хохирол” мөн 4.2.15 “Уурхайн Аюулгүй Ажиллагааны Нийтлэг дүрэм зөрчсөн болон Даатгалын зүйл техникийн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй бүрэн бус, гэмтэлтэй байхад ажиллуулсан эсхүл даатгалын зүйлийн даац, ачаалал хэтрүүлсэн, ашиглалтын горим зөрчсөнөөс даатгалын зүйлд учирсан хохирол”, Даатгалын тухай хуулийн 8.5 “Даатгагч дараах үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно” хэсгийн 8.5.3 “Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан” гэсэн заалтуудыг тус тус үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байдаг.
Манай компанийн гаргасан шийдвэрийг даатгуулагч тал эс зөвшөөрч Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйл “Зохицуулах хорооны шийдвэрийг давж заалдах” 82.1-т “Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно” гэж заасны дагуу Санхүүгийн Зохицуулах хороонд хандан гомдол гарган шалгуулсан бөгөөд “Санхүүгийн Зохицуулах хороо”-ноос даатгагчийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж шийдвэрлэсэн байдаг.
Иймд нэхэмжлэгч “К” ХХК-аас Машин механизмын даатгалын гэрээний нөхөн төлбөрт 438,058,076 /дөрвөн зуун гучин найман сая тавин найман мянга салан зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.1. Даатгалын гэрээний дагуу бид тодорхой эрсдэл хариуцсан. 2023.11.17-ны өдөр болсон тохиолдолд ирүүлсэн ослын тайлан, шинжээчийн дүгнэлт зэргээр даатгуулагч нь аюулгүй ажиллагааны дүрэмд заасан тэгшлээгүй, илүү налуутай талбай байснаас болж осол болсон. Энэ талаар нэхэмжлэлд дурдсан байдаг. Иймд гэрээний 4.2.4, 4.2.15-д зааснаар нөхөн төлбөр олгохоос татгалзсан байдаг. Даатгалын тухай хуулийн 82-т зааснаар СЗХ-д гомдол гаргах ёстой байдаг. СЗХ нь гомдлыг хянаад хариуцагчийн нөхөн төлбөр олгоогүйг зөв гэсэн дүгнэлт гаргасан байдаг тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэгт хамтран ажиллах гэрээгээ өгсөн. Бид энэ маргаж буй тохиолдолд л хамтран ажиллахаар тохиролцсон юм. Дүгнэлт гаргуулахаар уулзалт хийгээд энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн байдаг. Даатгагч нь орон нутагт шууд очих боломжгүй байдаг. Ослын шалтгааныг баримтжуулсан зураг байдаг юм.
2.2. Даатгалын тохиолдолд нь гуравдагчийн санамсаргүй үйлдэл гэдэг. Гэтэл санамсаргүй үйлдэл биш. Учир нь өдөр тутмын үйл ажиллагаа юм. Тгийн дүгнэлтээс гадна дүрэмд зааснаар ажлын талбай тэгшилж засагдсан байх ёстой. Ажлын талбай бэлтгэгдээгүй, журам зөрчсөн гэж дүгнэлтэд заасан. Гэрээний 2.5-д даатгалд хамаарахгүй тохиолдлыг заасан байдаг. 4.2.15, 4.2.4-т зааснаар нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа юм. Нэхэмжлэгч нь буруутай этгээдээс шаардах ёстой тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:
3а. Нэхэмжлэгчээс: Эрх шилжүүлэх гэрээ /хх6/, тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний хуулбар /хх8-10/, өөрийн 2023 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 6/307 дугаар албан тоотын хуулбар /хх11-12/, “М*******” ХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дүгээр албан тоотын хуулбар /хх13-14/, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 3/2355 дугаар албан тоотын хуулбар /хх15-16/, өөрийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 6/69 дүгээр албан тоотын хуулбар /хх17-18/, “М*******” ХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн дугаар албан тоотын хуулбар /хх19/, тооцоо нийлсэн акт /хх20/, эвдрэл, гэмтлийг засварлах урьдчилсан судалгааны хуулбар /хх21-27/, осол зөрчлийн тайлбар авах хуудасны хуулбар /хх28-30/, ослын судалгааны ярилцлага авах хуудасны хуулбар /хх31-32/, мэдэгдлийн хуудасны хуулбар /хх33/, ослын судалгааны тайлангийн хуулбар /хх34-39/, осол зөрчлийн тайлбар авах хуудасны хуулбар /хх40-42/, ослын судалгааны ярилцлага авах хуудасны хуулбар /хх43-44/, мэдэгдлийн хуудасны хуулбар /хх45/, операторын ашиглалтын өмнөх шалгах хуудасны хуулбар /хх46/, сургалтын албаны бүртгэлийн хуулбар /хх47/, ажлын аюулын дүн шинжилгээний хуулбар /хх48-49/, даатгалын гэрээний хуулбар /хх50-60/, он амь нас хамгаалах дараах дүрмүүд байна гэсэн баримтын хуулбар /хх80-81, 98-100/, тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний хуулбар /хх65-79, 84-97/,
3б. Хариуцагчаас: “Т” ХХК-ийн дүгнэлтийн хуулбар /хх135-136/, хамтран ажиллах гэрээний хуулбар /хх137-139/, даатгалын тохиолдлын тэмдэглэлийн хуулбар /хх140-151/, даатгалын шуурхай албаны үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар /хх152-154/, даатгалын тохиолдлын тэмдэглэлийн маягтын хуулбар /хх155-157/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “К” ХХК нь даатгалын нөхөн төлбөрт 438,058,076 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч “М*******” ХХК нь нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөний улмаас осол гарсан нь даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд хамаарна, мөн гуравдагч этгээдийн болгоомжгүй үйлдэл биш гэж маргаж байна.
4. Хариуцагч нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дүгээр албан тоотоор даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан байна. /хх13-14/
Улмаар нэхэмжлэгч нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар нөхөн төлбөртэй холбоотой маргааны талаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасныг тус хорооны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 3/2355 дугаар албан тоотоор нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл бүрдсэн талаар нэхэмжлэгчид мэдэгджээ. /ХХ15-16/
Иймд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам зөрчигдөөгүй.
Цаашлаад нэхэмжлэгч нь мөн оны 07 дугаар сарын 09-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул дээрх хуульд заасан ажлын 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
5. Хариуцагч нь 2023 оны 10 дугаар сарын 04-ны өдөр “Х” ХХК-тай машин механизмын даатгалын ******* дүгээр гэрээг байгуулжээ. /ХХ50-60/
Энэ хэргийн нэхэмжлэлийн үндэслэл болж буй осолд орсон САТ6030 маркийн УН улсын дугаартай экскаватор нь даатгалын гэрээний хавсралтын 54 дэх мөрөнд бичигдсэн байх тул уг экскаваторыг даатгагдсан гэж үзнэ. /ХХ59/
Нэхэмжлэгч нь энэхүү экскаваторыг “Х” ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдөр байгуулсан тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний дагуу эзэмшиж байжээ. /ХХ8-10/
Улмаар даатгуулагч “Х” ХХК нь маргаж буй осолтой холбоотойгоор 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээгээр дээрх даатгалын гэрээний эрх, үүргийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байна. /ХХ6/
Иймд нэхэмжлэгч нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, даатгалын гэрээний 6.1.1в-д зааснаар нөхөн төлбөрийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
6. Даатгалын гэрээний зүйл болох экскаватор нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 21 цаг 29 минутад Өмнөговь аймгийн Ханбогд сум, Оюун толгойн ил уурхайд ажиллаж байхдаа осолд орж эвдрэл учирсан болох нь эвдрэл, гэмтлийг засварлах урьдчилсан судалгаа, осол зөрчлийн тайлбар авах хуудас, ослын судалгааны ярилцлага авах хуудас, мэдэгдлийн хуудас, ослын судалгааны тайлан зэрэг баримтаар тогтоогдож байна. /ХХ21-25, 28-30, 31-32, 33, 34-39/
Эдгээр үйл баримтын талаар зохигч маргаагүй.
7. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь гуравдагч этгээдийн санамсаргүй гаргасан алдаа, үйлдлийн улмаас даатгалын зүйлд хохирол учирсан тул даатгалын гэрээний 3.5-д зааснаар энэхүү осол нь даатгалын эрсдэлд хамаарна гэж тайлбарласан. Хариуцагч нь ослын шалтгаан нь санамсаргүй алдаанд хамаарахгүй, аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөх үүргээ биелүүлээгүй гэж маргаж байна.
Санамсаргүй алдаа, болгоомжгүй үйлдэл гэдэг нь хайхрамжгүй хандах, хөнгөмсгөөр найдах зэргийг ойлгоно. Харин хийх ёстой үйлдэл буюу холбогдох дүрэм журам, зааварчилгааг зөрчсөнийг санамсаргүй үйлдэл гэж үзэхгүй юм.
8. “Т” ХХК-н гаргасан ослын шалтгаан нөхцөлийн талаарх дүгнэлтээр даатгалын зүйл болох экскаваторыг Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны , дугаар хамтарсан тушаалаар баталсан “Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм”-н 18, 19,131, 133 дахь хэсгийг зөрчин зориулалтын бусаар ашигласны улмаас осол болж, хохирол учирсан гэж дүгнэжээ. /хх135-136/
9. Энэхүү дүгнэлтийг гаргах, өөрөөр хэлбэл шинжээчийг сонгох буюу томилох талаар зохигч урьдчилан тохиролцсон болох нь зохигчийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Харин дүгнэлт гарах үйл ажиллагаанд нэхэмжлэгч талыг оролцуулаагүй гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар нь энэхүү дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Учир нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т зааснаар аливаа шинжилгээний үйл ажиллагаа нь хараат бусаар явагдах зарчимтай бөгөөд мөн зүйлийн 5.2.4-т зааснаар шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад аливаа этгээд хөндлөнгөөс оролцох, заавар, чиглэл, зөвлөгөө өгөх зэргээр нөлөөлөхийг хориглоно.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх дүгнэлттэй холбоотойгоор зохигч хэн аль нь ямар нэг хүсэлт гаргаагүй байна.
Мөн нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн осол болсон газрын гэрэл зургаас үзэхэд даатгалын зүйлийн ажиллаж байсан талбай нь “Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм”-н нь 133-д зааснаар тэгшлэгдээгүй байжээ. /ХХ25/
10. Даатгалын гэрээний 4.2-т даатгалын эрсдэлд тусгай хамаарахгүй нөхцөлийн талаар тохиролцсон байна. Гэрээний мөн зүйлийн 4.2.4-т хориглосон нөхцөлд үйл ажиллагаа явуулсны улмаас учирсан хохирол болон 4.2.15-д даатгалын зүйлийн аюулгүй ажиллагааны шаардлага зөрчсөнөөс үүдэлтэй хохирол нь даатгалын гэрээний эрсдэлд хамаарахгүй талаар заажээ. Улмаар “Т” ХХК-н гаргасан ослын шалтгаан нөхцөлийн талаарх дүгнэлтээс үзэхэд экскаваторыг ашиглагч нь “Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм”-н холбогдох заалтыг зөрчиж, зориулалтын бусаар ашигласны улмаас осол болсон байх тул хариуцагчийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй гэж үзэхээр байна.
11. Нэхэмжлэгч нь ослын улмаас даатгалын гэрээний зүйл болох экскаваторт учирсан гэх хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу эргэлзээгүй баримтаар нотлоогүй. Тодруулбал, хэргийн 64, 61 дүгээр талд байгаа баримт нь нэг нь гадаад хэл дээр бичигдсэн бөгөөд аль аль нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангахгүй.
12. Дээрх үндэслэлүүдийг бүхэлд нь харьцуулан нэгтгэж, дүгнэн үзвэл нэхэмжлэлийг хангах буюу даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэлгүй байна.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийн улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.5.3, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.1-д зааснаар хариуцагч “М*******” ХК-д холбогдох 438,058,076 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,348,240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД