Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/1018

 

 

 

 

       

 

     2023           10            19                                        2023/ДШМ/1018

 

 

Т.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Мөнхтүвшин,

хохирогч Г.М-ы өмгөөлөгч Х.Цэвээнжав  

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/1986 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Мөнхтүвшингийн бичсэн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 52 дугаар эсэргүүцлийг үндэслэн Т.Б-т холбогдох эрүүгийн 2308011951178 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Т-ийн Б, ***** оны * дүгээр сарын **-ны өдөр Б аймгийн Б суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт ** дүүргийн ** дугаар хороо, ***-**** тоотод оршин суух, /РД:**********/,

 

2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 

2021 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар өршөөлд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгосон,

 

Яллагдагч Т.Б нь 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ****** дүүргийн ***** дүгээр хороо, ** байрны * дугаар орцны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.М-тай маргалдаж, улмаар түүнийг түлхэж төмөр хогийн сав мөргүүлэн унагаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Т.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 дахь заалтын /нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн/ талаар: Мөрдөгч Б.Базарсэд хэргийн оролцогч Т.Б-аас камерын бичлэг авч 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тэмдэглэл үйлдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх, 16.15 дугаар зүйлд нотлох баримтыг шалгаж үнэлэхдээ нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгана гэж зааснаар яллагдагч Т.Б, хохирогч Г.М нарын хэрэгт өгсөн камерын бичлэг зөрүүтэй байгаа эсэхийг нягталж шалгах, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, цугларч байгаа нотлох баримт нь хэрэгт хамааралтай ач холбогдолтой эсэхийг шалгаж нотлох баримтыг үнэлж дүгнэх нь хэрэгт чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, энэ нь нотлох баримтыг хуульд заасны дагуу цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг бүрэн явуулаагүй гэж үзэх үндэслэл болно.

 Тус камерын бичлэгт харагдаж байгаа эмэгтэйгээс гэрчээр мэдүүлэг авах, шинжээч эмч Ч.Эрдэмболороос “хохирогчид учирсан гэмтлийг олон удаагийн үйлдлээр үүснэ” гэснийг тодруулан дахин мэдүүлэг авч эргэлзээг арилгах нь хуульд нийцнэ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх заалтын /мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол/ талаар: Хохирогч Г.М болон түүний өмгөөлөгч нарын зүгээс мөрдөгчид хүсэлт гомдол гаргахад хүлээж авдаггүй, хэргийн материал танилцуулдаггүй, ёс зүйгүй зан харилцаа гаргадаг гэх зүйлийг хүсэлтдээ дурдсан байх тул мөрдөгч д/ч Б.Базарсэдээс энэ талаар тодруулах зэрэг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр. Бүүвэйбаатарт холбогдох эрүүгийн 2308011951178 дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Мөнхтүвшин бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” гэснийг зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Хохирогч Б.М болон түүний өмгөөлөгч нараас мөрдөгч болон прокурорт хяналтын камерын бичлэгийг хэрэгт хавсаргах талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй ба харин мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч яллагдагч Т.Баас гаргаж өгсөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт буюу хяналтын камерын бичлэг бүхий СD-г хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж бэхжүүлэн авч, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар “...Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ" гэсэн бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд нотлох баримтыг шинжлэн судалж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна. Өөрөөр хэлбэл,  хэрэгт авагдаагүй буюу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогч Б.М-аас гаргаж өгсөн камерын бичлэг бүхий СD-г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Т.Баас гаргаж өгсөн камерын бичлэг бүхий СD зэргийг хоорондоо зөрүүтэй эсэх талаар шүүх хуралдааны явцад нягталж шалгах боломжтой ба энэ шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлд хамаарахгүй. Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээч эмч Ч.Эрдэмболорын гаргасан 429 дугаартай дүгнэлтэд “...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ” гэж дүгнэгдсэн бөгөөд шүүх хуралдаанд шинжилгээ хийсэн шинжээч эмчийг оролцуулан гаргасан дүгнэлтийнх нь талаар тодруулах боломжтой бөгөөд энэ нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой мөрдөн шалгах ажиллагаа юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд Т.Б-т холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх шатанд шаардлагатай бол шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан шийдвэрлэх боломжтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно" гэсэн зарчимд нийцнэ. Мөн шинжээч эмч Ч.Эрдэмболорын гаргасан дүгнэлт, шинжээчээс авсан мэдүүлэг нь эргэлзээ бүхий гарсан гэж үзэх боломжгүй байгаа тул дахин асуух, дахин дүгнэлт гаргах шаардлагагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “..Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж заасан байхад тухайн хэргийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Базарсэдээс өөрийнх нь шалгасан хэргийн талаар буюу ёс зүйгүй зан харилцаа гаргасан эсэх, гомдол, хүсэлтийг хүлээж авдаггүй, хэргийн материал танилцуулдаггүй талаар өөрөөс нь тодруулах боломжгүй, хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа биш. Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, ойлгомжгүй буюу 3 дугаар нүүрэнд бичигдсэн зүйл 2 удаа бичигдсэн, аль хуудасны араас аль уншигдах нь ойлгомжгүй, мөн хохирогч Б.Мыг Г.Мөнхтүвшин гэж удаа дараа бичиж техникийн алдаа гаргасан байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Хохирогч Г.М-ы өмгөөлөгч Х.Цэвээнжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгч н.Солонго оролцсон. Өнөөдөр Улсын Дээд шүүхэд хуралтай байгаа учраас ирээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.М-ы зүгээс амаар болон бичгээр 2-3 удаа хүсэлт гаргасан боловч шийдвэрлэхгүйгээр шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Т.Б-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад чиглэх ёстой.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

Прокуророос Т.Быг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Мтай маргалдаж, улмаар түүнийг түлхэх явцад төмөр хогийн сав мөргөн унагаснаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зулайн баруун урд хэсэг, хамрын шарх, хоёр талын дээд, доод зовхи, хацрын дээд хэсгийн цус хуралт, дух хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Т.Бт холбогдох хэргийг хянан хэлэлцээд “...яллагдагч Т.Б, хохирогч Г.М нарын хэрэгт өгсөн камерын бичлэг зөрүүтэй байгаа эсэхийг нягталж шалгах, ...тус камерын бичлэгт харагдаж байгаа эмэгтэйгээс гэрчээр мэдүүлэг авах, шинжээч эмч Ч.Эрдэмболороос “хохирогчид учирсан гэмтлийг олон удаагийн үйлдлээр үүснэ” гэснийг тодруулан дахин мэдүүлэг авч эргэлзээг арилгах, ...хохирогч Г.М болон түүний өмгөөлөгч нарын зүгээс мөрдөгчид хүсэлт, гомдол гаргахад хүлээж авдаггүй, хэргийн материал танилцуулдаггүй, ёс зүйгүй зан харилцаа гаргадаг гэх асуудлыг мөрдөгч д/ч Б.Базарсэдээс тодруулах...” гэх үндэслэл зааж, хэргийг прокурорт буцаажээ.

 

Прокурорын яллах дүгнэлтэд, хэргийн үйл баримтын талаар “Т.Быг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Мтай маргалдаж, түүнийг түлхэх явцад төмөр хогийн сав мөргөн унагаснаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж гэмт хэрэг гарсан байдлыг тодорхойлжээ.

 

Гэтэл Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 4170, мөн хэргийн материалаар хийсэн шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 429 дугаартай дүгнэлтүүдээр “...Б.Мы биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зулайн баруун урд хэсэг, хамарт шарх, хоёр талын дээд, доод зовхи, хацрын дээд хэсэгт цус хуралт, дух, хамрын зөөлөн эдийн няцрал, дух, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зулайн баруун урд хэсэг, хамрын шарх, хоёр талын дээд, доод зовхи, хацрын дээд хэсгийн цус хуралт, дух хамрын зөөлөн эдийн няцрал нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух, баруун өвдөгний зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. ...” гэсэн /1хх 56-57, 63-65/ байх ба  хохирогчид учирсан дээрх олон тооны гэмтлүүд нь хогийн сав мөргөж унаснаас учирсан эсэх нь эргэлзээтэй байх тул шинжээч эмч Ч.Эрдэмболороос “хохирогчид учирсан гэмтлийг олон удаагийн үйлдлээр үүснэ” гэснийг тодруулан дахин мэдүүлэг авах ажиллагааг хийх шаардлагатай гэж үзлээ.

Үүнээс гадна 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн камерын бичлэгийг үзэхэд, Т.Б хохирогч Б.Мыг доошоо тонгойх үед нүүр хэсэгт өвдөглөж, баруун талаас нь цохиж унагаад, унасны дараа өшиглөж байгаа, барьцалдсан чигээрээ замын эсрэг талд гарч давхарладан унаж байгаа, буцаж орцны үүдэнд очсоны дараа мушгиж татаад доош нь дарж байгаа нөхцөл байдал мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэлд гүйцэт тусгагдаагүй байх тул эдгээр үйл баримтыг тодорхой болгох нь зүйтэй.

Яллах дүгнэлтэд, хэн, хэрхэн яаж хохирол учруулсныг тодорхой заах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтын агуулгад нийцэх бөгөөд ингэснээр мөн хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох зарчим хангагдах учиртай.

Харин шүүгчийн захирамжид заасан “...камерын бичлэг зөрүүтэй байгаа эсэхийг нягталж шалгах”, “...тус бичлэгт харагдаж байгаа эмэгтэйгээс гэрчээр мэдүүлэг авах”, “...мөрдөгч хүсэлт, гомдол гаргахад хүлээж авдаггүй, ёс зүйгүй зан харилцаа гаргадаг гэх асуудлыг мөрдөгч д/ч Б.Базарсэдээс тодруулах” гэх асуудлын тухайд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед хохирогч Б.Маас гарган өгч, хэрэгт хавсарган ирүүлсэн камерын бичлэг нь тухайн хэргийн үйл баримттай тохирохгүй, өөрөөр хэлбэл өөр хэргийн бичлэгийг хавсаргаж ирүүлсэн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагч Т.Баас гаргаж өгсөн камерын бичлэгийн талаар хэн аль нь гомдол гаргаагүй байна. Мөн мөрдөгчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлоо эрх бүхий байгууллагад нь гаргаж шийдвэрлүүлэх боломжтой.

 

Хохирогч Г.Мы нэрийг Г.М гэж зөрүүтэй, шүүгчийн захирамжийн прокурорт гардуулсан хувийн хуудас дугаарлалтыг буруу хийсэн байх ба 5 дахь нүүрэнд 3 дугаар хуудсыг дахин хэвлэсэн байгааг анхааруулж тэмдэглэв.

 

Иймд хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Мөнхтүвшингийн бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, “...шинжээч эмч Ч.Эрдэмболорын гаргасан дүгнэлт, шинжээчээс авсан мэдүүлэг нь эргэлзээ бүхий гарсан гэж үзэх боломжгүй тул дахин асуух, дахин дүгнэлт гаргах шаардлагагүй.” гэсэн хэсгийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/1986 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Мөнхтүвшингийн бичсэн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 52 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                                    Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                    Л.ДАРЬСҮРЭН