Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2025/0105

 

2025 01 31 128/ШШ2025/0105

 

Талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул, нэхэмжлэгч С.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*******, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, С.Б*******ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: С.Б*******ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, гуравдагч этгээд Б.Б холбогдох захиргааны хэрэгт талууд дараах байдлаар эвлэрэн хэлэлцэхээр тохиролцов.

1.С.Б*******, Б.Б газрын төлбөрт 6,000,000 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулах /Хаан банк *******/

1.2025 оны 01 дүгээр сарын 31-нд 2,500,000 төгрөг

2.2025 оны 02 дугаар сарын 28-нд 1,750,000 төгрөг

3.2025 оны 03 дугаар сарын 31-нд 1,750,000 төгрөг төлнө.

2.Гуравдагч этгээд Б.Батхангай нь нэхэмжлэгч С.Б*******ээс авсан 4,250,000 төгрөгөөс тус газрын барьцаалсан М******* ******* энд и******* ББСБ-д төлөх төлбөрийг бүрэн төлж, тус газрыг барьцаанаас чөлөөлж, тус ББСБ-аас зээлийн өрийн үлдэгдэлгүй болон тус газрын зээлийн барьцаанаас чөлөөлсөн албан бичгийн эх хувийг нэхэмжлэгч С.Б*******т 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх үүргийг хүлээнэ.

3.Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба 1******* нэгж талбарын дугаартай Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, тоотод байрлах 500 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч С.Б*******ийн нэр дээр гаргаж өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.С.Б*******ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь харилцан тохиролцож, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, төлбөр төлөх болзолтойгоор газар эзэмших эрхийг С.Б*******т шилжүүлэх тохиролцоог хийсэн Эвлэрлийн гэрээ бичгээр байгуулсан байна.

2.Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч С.Б*******, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* нар гарын үсэг зурсан нь эвлэрэх эрх бүхий этгээдүүд мөн байна.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно гэж, мөн зүйлийн 68.4-т Нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан байдаг.

4.Шүүх талуудын Эвлэрлийн гэрээг хянавал, эвлэрэл нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байдал тогтоогдохгүй байна.

5.Иймд С.Б*******ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нэгж талбарын 1 дугаартай газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, тухайн газар болон газар эзэмших эрхийг олгохоос татгалзсан эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх олгохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасны дагуу энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4-д заасныг баримтлан С.Б*******ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нарын харилцан зөвшөөрсөн буюу холбогдох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нэгж талбарын 1 дугаартай газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, тухайн газар болон газар эзэмших эрхийг олгохоос татгалзсан эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх олгохыг даалгуулах-аар нэхэмжлэгч нь энэхүү эвлэрлийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгохыг зөвшөөрч тус тус үүрэг хүлээж эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ