2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/00924

 

 

 

 

 

2025 02   03

192/ШШ2025/00924

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, өөрийн байранд байрлах, ******* ******* ******* ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжид байрлах, ******* ХХК /РД: 5955025/-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 9,555,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 9,555,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Хариуцагч талтай 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн №-22/14 тоот Цемент нийлүүлэх гэрээ-г байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу хариуцагч тал ОРС 42.5 маркийн цементийг 1 тонныг 245,000 төгрөгөөр тооцон нийт 127,400,000 төгрөгт 520 тонн цементийг ажлын 8 өдөрт багтаан нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Манай байгууллаа гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээний урьдчилгаа төлбөр болох 6,370,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч талд шилжүүлэн өгсөн боловч хариуцагч тал цементийг хугацаандаа нийлүүлээгүй. Дээрх гэрээний 4.4 дэх хэсэгт заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн 1 хоногийн алданги 31,850 төгрөг бөгөөд зохих хугацаанаас хойш тооцоход нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байна. Иймд Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан хариуцагч талаас үндсэн төлбөрт 6,370,000 төгрөг, алданги 3,185,000 төгрөг, нийт 9,555,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

 

2. Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....нэгэнт манайх гэрээний үүргээ биелүүлээгүй тул уучлалт гуйж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Үндсэн зээлийн гэрээний мөнгө болох 6,370,000 төгрөг төлөхөд бол асуудал байхгүй. Алдангийн хувьд бол харж үзэх болов уу гэж нэгдүгээрт хэлсэн. Мөн автомашин өгье гэдэг санал тавьсан. Он сарын хувьд 2003 оны хуучин машин бол биш байгаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 6,370,000 төгрөгийн бол хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд Монгол улсын шүүхийн шийдвэрээр давагдашгүй хүчин зүйлээс болж гэрээтэй холбоотой асуудлыг дуусгаж чадаагүй. гэв.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 425 дугаар нээлттэй хорих ангийн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 01/1118 дугаартай албан бичиг, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн №22/14 дугаартай Цемент нийлүүлэх гэрээ.

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

3.3 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК хариуцагч ******* ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн төлбөр 6,370,000 төгрөг, алданги 3,185,000 төгрөг, нийт 9,555,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

2. Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Үндсэн зээлийн гэрээний мөнгө болох 6,370,000 төгрөг төлөхөд бол асуудал байхгүй. Алдангийн хувьд бол харж үзэх болов уу. Миний хувьд Монгол улсын шүүхийн шийдвэрээр давагдашгүй хүчин зүйлээс болж гэрээтэй холбоотой асуудлыг дуусгаж чадаагүй. гэж тодорхойлсон.

3. Талууд 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Цемент нийлүүлэх гэрээг бичгээр байгуулсан болох нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Цемент нийлүүлэх гэрээний хуулбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Цемент нийлүүлэх гэрээг нийцсэн, хуулийн хүчин төгөлдөр гэрээ байна. Уг гэрээгээр хариуцагч ******* ХХК нь ОРС 42.5 маркийн 520 тонн цементийг 1 тонныг 245,000 төгрөгөөр тооцож, нийт 127,400,000 төгрөгийн цементийг ажлын 8 өдөрт багтаан Улаанбаатар хотод авчран шилжүүлэх, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК гэрээ байгуулагдсан өдөр үнийн дүнгийн 5 хувь болох 6,370,000 төгрөгийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. Дээрх гэрээний дагуу худалдан авагч ******* ******* ******* ХХК нь урьдчилгаа 6,370,000 төгрөгийг худалдагч ******* ХХК-д шилжүүлсэн байна.

4. Хэрэгт авагдсан баримтын хэмжээнд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч болон хариуцагчийн хэн аль нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг этгээд байх тул мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.2-т зааснаар гэрээний нөхцөлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй байна.

5. Талууд Цемент нийлүүлэх гэрээг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулж, мөн өдөртөө ******* ХХК нь урьдчилгаа төлбөрт 6,370,000 төгрөгийг хүлээн авсан ба энэ талаар зохигчид хэн аль нь маргаагүй болно.

6. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан. Тодруулбал, худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг нь тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

6.1. Талуудын тайлбараар худалдагч ******* ХХК нь худалдан авагч ******* ******* ******* ХХК-д тохиролцсон цемент худалдах үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул худалдан авагч нь цемент худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар урьдчилгаа төлбөрт төлсөн 6,370,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

7. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.4-т А тал гэрээгээр тогтоосон хугацаанд түүхий эдийг нийлүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй бүүргийн үнийн дүнгийн нэг өдрийн 0.5 хувиар тооцон алданги тооцон нэхэмжлэх эрхтэй гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгтэй харшлаагүй байна.

7.1. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан. Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн нь өөрийнх нь буруугаас болоогүйг нотлох үүрэг хүлээнэ.

7.2. Худалдагч буюу хариуцагч ******* ХХК нь цемент нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй нь түүний буруутай үйл ажиллагаатай холбоотой, худалдан авагчийн шууд болон шууд бус нөлөөлөл байгаагүй, түүнчлэн алдангийн хэмжээг багасгах өөр бусад хүндэтгэн үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтын хэмжээнд тогтоогдоогүй.

7.3. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд гэрээнд заасан хоногт тутам 0.5 хувийн алданги нь хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 6,370,000 төгрөгөөс давсан тул хариуцагч ******* ХХК-иас алдангийн төлбөрт 6,370,000 төгрөгийн 50 хувь болох 3,185,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

8. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 167,830 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д нийцжээ.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс төлсөн 167,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 167,830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ******* ХХК-иас 9,555,000 төгрөгийг гаргуулан ******* ******* ******* ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 167,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 167,830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД