2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/00507

 

 

 

 

 

 

 

 

 

                           2025         01          22

                      191/ШШ2025/00507

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, .....тоот хаягт оршин суух, Д******* Ч******* овогт Г*******ийн Ц******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 1...... тоот хаягт оршин суух, Б******* овогт Ч*******ын Ү******* /рд:*******/-д холбогдох

 

Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, ,, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дүгээрт бүртгэгдсэн, 127.47 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Ч.Ү*******, хариуцагчийн өмгөөлөгч М.Д,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч Г.Ц*******гийн төлөөлөгч Э.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний өмгөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын иргэн Г.Ц******* миний бие Баянзүрх дүүргийн 25-р хороо, 13- хороолол /13372/, , тоот хаягт байршилтай 127,47 м.кв талбайтай дөрвөн өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдэж 2018 оны дугаар сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан.

Гэтэл 2023 оны 04 сараас эхлэн миний өмчлөлийн дээрх орон сууцанд хариуцагч Ч.Ү******* нь хууль бусаар эзэмшин амьдарч эхэлсэн ба энэ хугацаанд Г.Ц******* миний бие өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Э.Таар дамжу удаа дараа орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч элдэв шалтаг

хэлсээр өдийг хүрч, сүүлдээ бусадтай худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж хэлэх болсон тул арга буюу энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.

Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй”, 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4,-д “эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл" гэж өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна”, 8.1.1-д “эд хөрөнгө өмчлөх эрхийн”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "үл хөдлөх эд хөрөнгийн эрх" гэж газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг”, 5 дугаар зүйлийн 5.1.Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ”, 5.3-д “Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтуудын дагуу улсын бүртгэлийн эрх бүхий байгууллагаас олгосон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр үл хөдлөх эд хөрөнгө хууль ёсоор өмчлөх эрх надад үүссэн нь тодорхой байх ба бусдын хууль бус эзэмшлээс өмчлөлийн хөрөнгөө шаардах эрхтэй байна.

Иймд Баянзүрх дүүргийн 25-р хороо, 13-р хороолол /13372/, ‘54а байр, тоот хаягт байршилтай 127,47 м.кв талбайтай дөрвөн өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ч.Ү*******ын хууль бус кзэмшлээс чөлөөлж өгөхийг хүсэж байна.

1.1.        Нэхэмжлэгч нь орон сууц албадан чөлөөлөх нэхэмжлэл гаргасан. Өмнө нь энэ хэргийг бүхэлд нь хэлэлцэхэд гаргасан тайлбараа дэмжинэ. Улмаар хүсэлтийн дагуу шаардагдах баримтыг гаргуулсан. Маргаж буй тоот орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч бүртгэлтэй байдаг. Нэхэмжлэгч нь хариуцагчтай өмчлөх эрх шилжүүлэх, эзэмшиж, ашиглуулах хэлцэлд орсон зүйл байхгүй. Хариуцагчийн хэлцэл хийсэн гэдэг компани болон иргэнтэй орон сууцыг худалдах, эзэмших, ашиглуулах талаар харилцаагүй. Нэхэмжлэгч нь орон сууцыг бусдаас шилжүүлж авсан. Иргэний хуулийн 101-д зааснаар өмчлөлийн зүйлээ халдлагаас хамгаалах эрхтэй. 106-д зааснаар бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. 2023 оны 4 сараас эхлэн орон сууцыг чөлөөлөх талаар шаардаж байсан. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх гэдэг нь эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл ажиллагааг хэлдэг. Өмчлөх эрх нь хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүсдэг. Энэ талаар үл хөдлөх эд хөрөнгийн мэдүүлэг гэж ойлголт байдаг. Өмчлөгч захиран зарцуулах эрхтэй байдаг. Өмчлөгчтэй биш бусадтай гэрээ байгуулсан гэдгээр хууль ёсны эзэмшил гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Үндсэн хуулийн 14-т зааснаар хүн бүр эрх зүйн этгээд байдаг. Гэрч Б хэлэхдээ гэрээ байгуулаад биелэгдвэл байр өгнө гэсэн байдаг. Компанитай нэхэмжлэгч нь эх охин гэдгээр холбогдох боловч эрх зүйн хувьд тусдаа юм. Эзэмшиж ашиглаж байгаа гэдгээр хууль ёсны гэж үзэхгүй. Хуулийг буруу ойлгосноор хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 9-д иргэний эрх зүйн хамгаалалт гэж байдаг. Энд зөрчигдсөн эрхийг хамгаалах сэргээх, зөрчигдөж буй үйлдлийг таслан зогсоох гэдэг ойлголт байдаг. Өмчлөх эрхээ хамгаалахын тулд орон сууцыг чөлөөлүүлэх шаардлага үүссэн юм. Хариуцагч нь хохирсон гэж байгаа бол дараагийн асуудал байх. 82 тоот гэрээг үндэслэж компанийг өмчлөгч үзэж байгаа нь боломжгүй юм. Орон сууц худалдах худалдан авах гэрээг өмчлөгчтэй байгуулдаг гэв.

 

2.            Хариуцагчийн төлөөлөгч Б.Х нь шүүхэд, хариуцагч Ч.Ү******* болон түүний өмгөөлөгч М.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Ц*******гийн нэхэмжлэлтэй, Ч, Ү*******ад холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад; Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах тайлбарыг гаргаж байна,

Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгө нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байдлаараа нэхэмжлэгч Г.Ц*******гийнх болох нь тодорхой байх тул үүнд маргах зүйлгүй.

Гэвч хариуцагч уг орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашигласан зүйлгүй тул орон сууцыг нэхэмжлэгчид албадан чөлөөлж өгөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь хариуцагч Ч.Ү******* нь эхнэр Л.Огийн хамтаар 2021 оны 11 сарын 10-ны өдөр “Э” ХХК-с худалдаж авахаар тохиролцож орон сууцны үнийн тодорхой хэргийг шилжүүлсэн бөгөөд уг орон сууцанд 2021 оны 11 сарын 15-ны өдрөөс эхнэр, хүүхдийн хамт амьдарч байна.

“Э” ХХК-с уг орон сууцыг худалдан авах болсон шалтгааны тухайд ” ХХК болон “” ХХК нарын хооронд 2020 оны 09 сарын 17-ны өдрийн №82 дугаартай “Амины орон сууцны хотхоны барилгын модон хийцлэлийн ажил гүйцэтгэх гэрээ”-г үндэслэсэн бөгөөд “Э” ХХК-ийн захирал Э нь №82 тоот гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих ажлынхаа дийлэнх хэсгийг гүйцэтгэсэн, уг орон сууцны өмчлөх эрхийг 2021 оны 12 сарын 25-ны дотор шилжүүлж өгнө гэх тайлбарыг өгч байсан бөгөөд хариуцагч тухайн үед №82 тоот гэрээгээр гүйцэтгэж буй ажлыг газар дээр нь үзэж, танилцсаны үндсэн дээр түүнтэй гэрээ байгуулж; 177 сая төгрөгийг “Э” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны тоот дансанд, мөн 110 сая төгрөгт тооцож БЗД-ийн 5-р хороо, 15-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, .... байрны .... тоот, 66 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны эзэмшил, ашиглалтыг шилжүүлж, үлдэх төлбөрийг 2021 оны 12 сарын 25-нд төлөхөөр тохиролцсон юм.

“Э” ХХК-ийн захирал Э нь “” ХХК-тай гэрээгээ дүгнэх , ажлын хөлсөө тооцуулж авах талаар №82 тоот гэрээний захиалагч болох “” ХХК-тай зөвшилцөж байна гэсэн боловч өнөөдрийг хүртэл №82 тоот гэрээгээ дүгнэж чадаагүй, маргаантай байна гэх тайлбарыг өгч байна.

Хариуцагч нь гэр бүлийнхээ хамтаар уг орон сууцанд 2021 оны 11 сарын 15-ны өдрөөс эхлэн амьдарч байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Ц******* гэх иргэн нэг ч удаа ирж уулзаж байгаагүй, 2023 оны 04 сард Т гэх хүн ирж уг орон сууц нь манай компанийн байр, иймд суллаж өг” гэх шаардлагыг тавьж байсан байна.

Нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдөж байж болно. Гэвч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа, нэхэмжлэлийн үндэслэлээ үнэн зөв гаргах, нэхэмжлэлд болж өнгөрсөн үйл баримтыг бүрэн дүүрэн нь түүний үндсэн үүрэг юм.

“Би өмчлөгч, хариуцагч миний эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа тул албадан чөлөөлж өгнө үү” гэх ойлгомжгүй хэт цомхон нэхэмжлэлд тайлбар хийхэд ихэд төвөгтэй байсныг  онцлон дурдая.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээр нэхэмжлэгч та өмчлөгч байж болно. Гэвч өнгөрсөн хугацаанд өмчлөх эрхээ хэрхэн хэрэгжүүлж байсан бэ? Үүнд хариулт өгөх учиртайг мөн сануулъя.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 “өмчлөгч бусдад гэм хор учруулах замаар өмчлөх эрхээ урву ашиглахыг хориглоно” гэжээ.

Хариуцагчийн хувьд уг орон сууцны өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авахаар бусатай хэлцэл хийсэн байгаа байдал, мөн хэлцлийн үндсэн дээр уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа тул албадан чөлөөлөх үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

2.1.        Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Учир нь тоотыг компанитай гэрээ байгуулсны дагуу уг компанид бартераар орж ирнэ гэсний дагуу хэлцэл хийж авсан. Улмаар амьдарч байгаа юм. Гэрээний дагуу 189 сая төгрөг болон 3 өрөө байраа компанид өгсөн байгаа юм. Ордер солигдохоор нэр солиулна гэж тохиролцсон юм. Ц*******гаас өмчлөх эрх шаардаж байгаагүй. Эф Си Эс компаниас худалдаж авсан. Мөнгө хүлээлцсэн хэлцлээр худалдаж авсан. Ингэхдээ орон сууцны гэрчилгээг харсан. Ингэхэд байр Ц*******гийн нэр дээр байсан боловч 82 тоот гэрээг харуулсан. Очиж үзэхэд 82 тоот гэрээний сүүлийн байшингийн ажил дуусаж байна гэж Э болон Remax-н зуучлагч хэлсэн. Гэрчилгээ шилжээгүй харин ашиглах эрх шилжсэн байсныг мэдэж байсан.

2.2.        Нэхэмжлэгчийг төлөөлж нэхэмжлэл гаргасныг хэлэлцэж хуралдаан хуулийн дагуу явагдлаа. Хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа нь үндэслэлтэй юм. Учир нь хариуцагч нь маргааны зүйл болох тоот орон сууцанд дайрч орж эзэмшээгүй. Энэ нь хэрэгт байгаа 82 тоот гэрээ болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно. Иргэний хуулийн 89.1-д хүсэл зоригийн дагуу эзэмшил үүснэ. Үүний дагуу хариуцагчид эзэмшил үүссэн. 90-д шударга эзэмшигчийн талаар зохицуулсан. Иймд хариуцагч нь шударга эзэмшигч гэж үзэхээс өөр аргагүй. Шударга эзэмшигч нь Иргэний хуулийн 92-т зааснаар өмчлөгчийн адил эрхтэй байдаг. Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн эзэмшил хууль бус байснаар л нэхэмжлэгчийн шаардах эрх үүсэх талаар дүгнэсэн байдаг. Гэтэл хариуцагчийн эзэмшил нь хууль ёсны дагуу байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.            Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс: Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх6/,

3б. Хариуцагчаас: Мөн хүлээлцсэн тухай хэлцлийн хуулбар /хх18/, “Эф Си Эс хаус галерей” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх19/, тус хуулийн этгээдийн дүрмийн хуулбар /хх20/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 2 ширхэг /хх21, 22/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх23/, Хаан банкны банк хоорондын шилжүүлгийн баримтын хуулбар /хх24/, гэрээ дүгнэсэн актын хуулбар /хх26/, ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хх32-39/,

3.1.        Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Улсын бүртгэлийн байгууллагаас маргаж буй орон сууцны бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан баримтууд /хх117-144/, гэрчээр Э.Б, Л.Э нарыг асуусан тэмдэглэл /хх147-148,  151-153/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.            Шүүх дараах үндэслэлээр орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж шийдвэрлэв.

 

2.            Нэхэмжлэгч Г.Ц******* нь Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, ......тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дүгээрт бүртгэгдсэн, 127.47 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.            Хариуцагч Ч.Ү******* нь маргаж буй орон сууцыг “Э” ХХК-с худалдан авч төлбөрийг төлсөн, өнөөдрийг хүртэл оршин сууж байгаа бөгөөд хууль бусаар эзэмшээгүй гэж маргаж байна.

 

4.            Зохигчийн маргаж буй Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, ..... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дүгээрт бүртгэгдсэн, 127.47 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц нь нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй бөгөөд тэрээр өмчлөгч байсан Г.Ггаас 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлэн авсан, өнөөдрийг хүртэл өмчлөгчөөр бүртгэлтэй болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа болон улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дүгээр гэрчилгээ, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, бэлэглэлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна. /хх6, 117, 144, 141, 139-140, 138, /

Хариуцагч нь орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч бүртгэлтэй байгаа үйл баримтын талаар маргаагүй.

4.1.        Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардах эрхтэй.

 

5.            Хариуцагч нь маргаж буй орон сууцыг  “Э” ХХК-с худалдаж авсан. Төлбөрт тооцож мөнгөн хөрөнгө болон орон сууцны эзэмших эрх шилжүүлсэн. Энэ хэрэгт маргаж буй орон сууцны өмчлөх эрх шилжсэнээр төлбөрт тооцсон орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон. Ийнхүү тохиролцохдоо “Э” ХХК болон “” ХХК нарын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан 82 тоот гэрээг үндэслэл болгосон. Уг тохиролцоог хийхдээ энэ хэрэгт маргаж буй тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нь нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэлтэй болохыг харсан. Улмаар “Э” ХХК нь дээрх 82 тоот гэрээнд заасан ажлаа гүйцэтгэж дуусаж байгаа талаар хэлсэн. Уг 82 тоот гэрээнд энэ хэрэгт маргаж буй тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр заасан байсан. Үүний дагуу төлбөрийг төлж, орон сууцыг хууль ёсны дагуу өнөөдрийн хүртэл эзэмшиж байгаа гэж маргаж байна.

 

6.            “Э” ХХК болон “” ХХК нарын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан 82 тоот гэрээний 4.1-н а-д маргаж буй орон сууцыг “” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө хэмээн тодорхойлж, улмаар 318,675,000 төгрөгт тооцон ажил бүрэн гүйцэтгэгдсэний дараа гэрээний гүйцэтгэгч болох “Э” ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон байна. /хх32-39, 33/

Гэвч энэхүү гэрээг байгуулах үед орон сууцны өмчлөгчөөс итгэмжлэл болон холбогдох зөвшөөрөл авсан үйл баримт хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй. Цаашлаад, тухайн үед орон сууцны өмчлөгчөөс итгэмжлэл буюу зөвшөөрөл авагдаагүй болох нь гэрч Э.Бгийн 2024 оны 12 дугаар сарын 04-ны өдөр өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. /хх147-148/

Улмаар дээрх гэрч нь “” ХХК-ийн үүсгэн байгуулагч н.Ганчимэгийн эх нь нэхэмжлэгч Г.Ц******* болох талаар тайлбарлаж байх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Мөн хэрэв дээрх тайлбарын дагуу эх, хүүхдийн харилцаатай байх нь хууль зүйн хувьд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх үүсгэхгүй.

Иймд дээрх 82 тоот гэрээний 4.1-н а дахь заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна.

 

7.            “Э” ХХК болон Л.О нар 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр үйлдсэн мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл гэх баримт, 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн гэрээ дүгнэсэн актаас үзэхэд талууд энэ хэрэгт маргаж буй тоот орон сууцыг худалдах худалдан авахаар тохиролцсон. /хх18, 26/

Эдгээр баримтын дагуу хариуцагч нь “Э” ХХК, түүний гүйцэтгэх удирдлага гэх Л.Эт орон сууцны төлбөрт мөнгөн хөрөнгө болон өөр орон сууцны эзэмших эрхийг шилжүүлж, улмаар маргаж буй тоот орон сууцыг эзэмшиж байгаа үйл баримтын талаар зохигч маргаагүй.

Гэвч уг хэлцэл болон актыг үйлдэх үед тоот орон сууц нь нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй, өөрөөр хэлбэл худалдах талаар хэлцэл хийсэн “Э” ХХК нь захиран зарцуулах эрхгүй байсан болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Э.Б, Л.Э нарын 2024 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн мэдүүлгээр тогтоогдож байна. /хх147-148, 151-153/

Тодруулбал, хэлцэл болон актыг орон сууцыг өмчлөх эрхгүй этгээдтэй байгуулсан болохыг тухайн үед хариуцагч мэдэж байжээ.

Иймд өмчлөгч бус этгээдээс эзэмших эрх шилжүүлж авсныг шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчийн орон сууцны эзэмшилийг хууль бус гэж үзнэ. Учир нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй тул түүний зөвшөөрөлгүй үүссэн эзэмшил нь хууль бус юм.

 

8.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогду зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, ..... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дүгээрт бүртгэгдсэн, 127.47 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг хариуцагч Ч.Ү*******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Ц*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ү*******аас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцу сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ГАНБОЛД