Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 04

 

 

 

 

 

Д.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 71 дүгээр шийдвэртэй,

Д.Гын нэхэмжлэлтэй, хариуцагч “Монгол шуудан” ХК-ийн Увс аймгийн Шуудангийн үйлчилгээний газарт холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Увс аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын ахлах менежер С.Бын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Г, хариуцагч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01871 дүгээр шийдвэрээр Увс аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоогдож, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн А/45 тушаалаар Увс аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын менежерийн ажилд томилогдсон. 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орж 1 жил хөдөлмөрийн гэрээгүй ажилласан. 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Монгол шуудан” ХК-тай 28 дугаартай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай хийж, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээ 1 жилийн хугацаагаар үргэлжлүүлэн сунгагдсан болно. Гэтэл 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын ахлах менежерийн Б/06 тушаалаар намайг менежерийн ажлаас чөлөөлж, Б/07 тушаалаар үйлчилгээний ажилтнаар томилсон. Энэ нь “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн А/45 тушаалтай зөрчилдөж байгаа бөгөөд уг тушаалаар томилогдсон ахлах менежер нь ажилдаа үлдэж, менежер нь албан тушаал буурч цалингаа хасууллаа. Намайг чөлөөлж, томилсон дээрх Б/06, Б/07 тушаалууд ямар ч үндэслэлгүй хуйвалдааны шинжтэй, миний эрх ашгийг хохироож байна. Увс аймгийн Шуудангийн үйлчилгээний газарт ахлах менежер ажиллаж байгаа нь “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн А/45 тушаал хүчинтэй байгааг гэрчилж буй. Гэтэл компаниас баталсан Увс аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын 2020 оны орон тооны төлөвлөгөөнд ахлах менежерийн албан тушаалыг газрын дарга, менежерийн албан тушаалыг үйлчилгээний ажилтан болгож өөрчилсөн. “Монгол шуудан” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөр бүтэц орон тооны талаар шийдвэр гаргуулсан эсэх нь эргэлзээтэй зэрэг нягтлах зүйл их байна. Иймд намайг менежерийн ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн тул Увс аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын ахлах менежерийн Б/06, Б/07 тушаалуудыг хүчингүй болгож, намайг менежерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Монгол шуудан” ХК-ийн Увс аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын ахлах менежер С.Б анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Д.Гын Увс аймгийн Шуудангийн үйлчилгээний газарт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Д.Г Увс аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын менежерийн албан тушаалд 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр томилогдсон. Уг албан тушаал Увс аймгийн шуудангийн үйлчилгээний газрын 2020 оны бүтэц орон тооноос хасагдсан тул Д.Гыг үйлчилгээний ажилтны албан тушаалд шилжүүлэн томилсон. “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн А/24 тоот тушаалаар Компанийн бүтэц, зохион байгуулалтыг баталсан бөгөөд уг тушаалын 2 дугаар хавсралтаар орон нутгийн шуудангийн үйлчилгээний газрын орон тоог баталсан. Дээрх тушаалын дагуу Увс аймгийн шуудангийн үйлчилгээний газрын орон тоо нь Ахлах менежер 1, Нягтлан бодогч 1, Үйлчилгээний ажилтан 1, Ялгагч-1, Нярав+хүргэгч, үйлчлэгч 1, Механик жолооч 1, шууданч-жолооч 1, Галч 1 буюу нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй ажиллахаар батлагдсан. Компаниас орон тоо хасах шийдвэрийг ирүүлсэн ч миний хувьд дотоод бололцоогоороо ажлын байраа хадгалж үлдэхийг зорьж, тухайн үед нь буюу  2 дугаар сард ажилтанд мэдэгдэл өгөлгүйгээр үргэлжлүүлэн ажиллуулж байсан. Гэвч дэлхий нийтийг хамарсан Ковид-19 вирусийн тархалт, хорио цээрийн дэглэмийн улмаас компанийн үйл ажиллагаа, Увс аймгийн шуудангийн үйлчилгээний газрын үйл ажиллагаа доголдож ажлын байрыг хэвээр хадгалах боломжгүй болсон тул арга буюу мэдэгдэл өгч, ажилтныг үйлчилгээний ажилтны албан тушаалд шилжүүлэн түр томилсон. Монгол шуудан компанийн гүйцэтгэх захирлаас баталсан тушаал, шийдвэрийн дагуу орон тоо хасагдсан тул нэхэмжлэлийн дагуу менежерийн албан тушаалд эгүүлэн томилох боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 71 дүгээр шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч “Монгол шуудан” ХК-ийн Увс аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын Ахлах менежерийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 тоот болон Б/07 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Гыг “Монгол шуудан” ХК-ийн Увс аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын менежерийн ажилд эгүүлэн тогтоож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Г нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Монгол шуудан” ХК-ийн Увс аймгийн Шуудангийн үйлчилгээний газраас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулахаар шийдвэрлэсэн байна.

Хариуцагч С.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхээс ажилд томилсон шийдвэрийг үндэслэн ажил олгогчийг тодорхойлж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тушаалууд нь тус тусдаа эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа бөгөөд Увс аймгийн шуудангийн үйлчилгээний газрын ахлах менежерийн хувьд аймгийн шуудангийн үйлчилгээний газрын ажилчдыг ажилд томилох, чөлөөлөх эрх хэмжээтэй байдаг. “Монгол шуудан” ХК нь 21 аймаг бүрт шуудангийн үйлчилгээний газартай бөгөөд Компанийн гүйцэтгэх захирал нь тухайн аймгийн удирдлагуудыг томилон, аймгийн удирдлагатай контрактын гэрээ байгуулан ажилладаг. Контрактын гэрээний дагуу аймгийн удирдлага нь тухайн шуудангийн үйлчилгээний газрын орлогын төлөвлөгөөг биелүүлэх, алдагдлыг бууруулах үндсэн үүргийг хүлээн ажилладаг бөгөөд компаниас баталж өгсөн орон тооны дээд хязгаарт багтаан ажилчдыг ажилд авах, чөлөөлөх тушаал гарган хөдөлмөрийн гэрээ байгуулдаг.

Хариуцагчийн хувьд ч мөн адил Увс аймгийн шуудангийн үйлчилгээний газрын ахлах менежертэй 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 28 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг хэлнэ гэж заасан тул нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан этгээдийг ажил олгогч биш гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Мөн “Монгол шуудан” ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 2.7 дахь заалтад “Гүйцэтгэх захирал нь компанийн нийт ажилчдыг томилж, чөлөөлнө. Аймгийн ШҮГ-ын дарга нь тухайн жилд батлагдсан орон тоонд багтаан ажлын хамрах хүрээ, гүйцэтгэл хөдөлмөрийн харилцааны онцлогт тохируулж, аймаг, сумын шуудангийн ажиллагсдыг томилж, чөлөөлж болно” гэсэн тухайн аймгийн удирдлагуудад олгосон эрх хэмжээг үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй байна.

Компанийн гүйцэтгэх захирал нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/24 дугаар тушаалаар Увс аймгийн шуудангийн үйлчилгээний газрын бүтэц орон тоог баталсан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд уг тушаалтай холбоотой гомдол гараагүй тул хүчин төгөлдөр гэж үзэж байна. Аймгийн удирдлагын хувьд гүйцэтгэх захирлаас олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд ажилтанд холбогдох мэдэгдлийг өгч орон тоо хасагдсаныг мэдэгдсэн бөгөөд ажилтны эрх ашгийг бодолцон боломжит албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тушаал гаргасан.

Ажил олгогчийн зүгээс холбогдох шийдвэрийг хууль, журмын дагуу гаргасан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч Д.Г давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний ажил олгогч бол “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд түүний 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/45 тушаал хүчинтэй хэвээр байгаа болно. Уг тушаалаар зөвхөн Увс аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын даргын албан тушаалыг алга болгож, тус газарт ахлах менежер, менежерийн албан тушаалуудыг шинээр бий болгосон.

“Монгол шуудан” ХК-ийн хөдөлмөрийн дотоод журамд буй аймгийн шуудангийн үйлчилгээний газрын даргад холбогдох 2.7 заалтад менежер хамаарахгүй гэж үзэж байна. Учир нь менежерийг “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал томилсон, мөн ахлах менежерт хөдөлмөрийн дотоод журмаар менежерийг чөлөөлөх эрх олгогдоогүй.

“Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/24 тушаалын тухай анх ахлах менежерээс өгсөн мэдэгдэл гээч тулган шаардах бичгээс олж мэдсэн. Өөрөөр хэлбэл тушаал гарснаас хойш 5 сар орчим хугацаа өнгөрсөн буюу гомдол гаргах боломжгүй болгосон гэсэн үг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд  заасан шаардлага хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Г нь “Монгол шуудан” ХК-ийн Увс аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын ахлах менежер С.Бын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/06, Б/07 дугаар Ажлаас чөлөөлөх тухай, Ажилд түр томилох тухай тушаалуудыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Увс аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын ахлах менежерийн 2020 оны 7дугаар сарын 31-ний өдрийн Б/06, Б/07 тоот тушаалаар Д.Гыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг баримтлан орон тоо хасагдсан үндэслэлээр менежерийн албан тушаалаас чөлөөлж, тус газрын үйлчилгээний ажилтнаар түр томилсныг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Орон тоо нэмж батлах, ажилд томилох, ажилтныг өөр ажилд шилжүүлэх тухай” А/45 тоот тушаалаар Д.Гыг Увс аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын менежерийн албан тушаалд томилон ажиллуулсан байх ба ажил олгогчийг төлөөлж, “Монгол шуудан” ХК-ийн Увс аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын ахлах менежер С.Б 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, тус компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 2.9-т зааснаар менежер Д.Г нь компанийн үндсэн ажилтан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1дэх хэсэгт заасан  хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүд бий болсон тохиолдолд ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргаж болохоор хуульчилсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээд” –ийг ойлгоно, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй” гэж заасан зэргээс үзэхэд энэхүү хөдөлмөрийн маргааны хувьд ажил олгогч нь Монгол шуудан ХК-ийн гүйцэтгэх захирал байна.  

Мөн түүнчлэн ажилтантай 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 28 дугаар хөдөлмөрийн гэрээ / хх-ийн 4-р тал/-ий 3 дугаар зүйлийн 3.1.3-т “ ажилтныг өөр ажилд шилжүүлэх буюу байгуулсан гэрээг цуцлах асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль, компанийн Хөдөлмөрийн дотоод журам болон энэхүү гэрээний дагуу шийдвэрлэх” гэж ажил олгогчийн эрх, үүргийг тодорхойлсон нь ажилтныг томилж чөлөөлөх болон өөр ажилд шилжүүлэх хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хууль болон компанийн дотоод журам, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нийцсэн байхаар зохицуулсан гэж ойлгоно.

“Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/13 тоот тушаалаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 2.7-т: “Гүйцэтгэх захирал компанийн нийт ажилтныг томилж чөлөөлнө. Аймгийн шуудан үйлчилгээний газрын дарга нь тухайн жилд батлагдсан орон тоонд багтаан, ажлын хамрах хүрээ, гүйцэтгэл, хөдөлмөрийн харилцааны онцлогт тохируулж, аймаг, сумын шуудангийн ажиллагсдыг томилж, чөлөөлж болно” гэж зааснаас үзэхэд Увс аймгийн Шуудан үйлчилгээний газрын ахлах менежерт ажилтныг томилох, чөлөөлөх, өөр ажилд шилжүүлэх эрх олгогдоогүй байна.

Хариуцагч С.Бын давж заалдах журмаар гаргасан : “ Миний бие ахлах менежерийн хувьд нэхэмжлэгч Д.Гтой 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 28 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг хэлнэ гэж заасан тул нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан этгээдийг ажил олгогч биш гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн “Монгол шуудан” ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 2.7 дахь хэсэгт зааснаар тухайн газрын ажилтнуудыг томилж, чөлөөлөх эрхийг аймгийн удирдлагуудад олгосныг үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй байна” гэх агуулга бүхий гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “ Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй” гэж зааснаар бол ажил олгогч болон түүнээс эрх олгосон этгээд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан этгээд бүрийг ажил олгогч гэж үзэхээргүй байна.   

“Монгол Шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/45 дугаар тушаалаар Д.Гыг менежерийн албан тушаалд томилж,  ажил олгогчоос эрх олгосны дагуу Увс аймгийн Шуудан үйлчилгээний ахлах менежер С.Б ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-т заасан “ажил олгогч” гэх ойлголтод хамааруулах үндэслэлгүй болно.

Нөгөөтэйгүүр, Увс аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын ахлах менежер нь тус газарт хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх буюу ажилтныг томилж, чөлөөлөх эрхтэй болохыг нотолсон баримт нотолгоо хэрэгт авагдаагүй байна.   

Иймд нэхэмжлэгч Д.Гын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын ахлах менежер С.Бын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 Хариуцагч “Монгол шуудан” ХК-ийн Увс аймгийн Шуудан үйлчилгээний газрын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 71 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Монгол шуудан” ХК-ийн Увс аймгийн Шуудан үйлчилгээний газрын ахлах менежер С.Бын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Монгол шуудан” ХК-ийн Увс аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                                                  Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                    Л.АЛТАН