2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 191/ШШ2025/00188

 

                           2025         01          15

                      191/ШШ2025/00188

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ...... тоот хаягт оршин суух, Намир овогт О*******гийн Н******* /рд:*******/- нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 1.....тоот хаягт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, .....тоотод оршин суух Чорс овогт П*******гийн А******* /рд:*******/-д холбогдох,

 

 2018 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох, Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, ..... тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Н*******, хариуцагч П.А*******, хариуцагчийн өмгөөлөгч Т.З*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.                   Нэхэмжлэгч О.Н******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018.07.09-ны өдрийн №******* дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө Худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Хан-Уул дүүргийн, 17 дугаар хороо, ..... тоот хаягт байрлах, 126.09 м.кв талбай, улсын бүртгэлийн Ү- ******* дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох.

Миний бие О.Н******* нь Хан-Уул дүүргийн, 17 дугаар хороо, ..... тоот орон сууцыг 2011 онд өөрийн хууль ёсны хөрөнгө орлогоор анх худалдан авч байсан бөгөөд 2011 оноос хойш одоог хүртэл тус байрандаа амьдарч байна.

2018 онд миний танил дүү Ц.М нь надад хандаж, бизнесийн үйл ажиллагаанд нь мөнгө шаардлагатай байгаа тул орон сууцаа барьцаалан зээл авч өгөх хүсэлт тавьсан юм. Ц.Мын хувьд ажилч хичээнгүй, итгэл даах залуу учраас миний бие түүнд итгээд орон сууцаа барьцаалан зээл авч өгөхөөр зөвшөөрч, зээл судалсан боловч би өөрөө 1963 онд төрсөн, 55 настай, удахгүй тэтгэвэрт гарна гэдэг шалтгаанаар надад зээл гарахгүй байсан юм. Иймд бид ярилцаж байгаад Ц.Мын дотнын найз гэх П.А******* гэх хүнд орон сууцны өмчлөх эрхийг хэлбэрийн төдий байдлаар буюу зөвхөн нэрийг нь шилжүүлээд, би өөрөө орон сууцандаа үргэлжлүүлэн амьдрах, Ц.М нь тухайн зээлийн төлж дуусгасны дараа, П.А******* нь миний байрыг буцаан өгөхөөр бид тохиролцсон байдаг.

Ингээд тухайн үед буюу 2018.07.09-ний өдөр анх удаа уулзсан П.А******* гэх залуутай, нотариат орж Үл хөдлөх эд хөрөнгө Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээндээ 30.000.000 төгрөгийн дүнг тусгаад, байрныхаа гэрчилгээний нэрийг П.А*******д шилжүүлж өгсөн юм.

Би тухайн үед бол өөрийн өмчлөлийн орон сууцаа зарж борлуулах санаа зорилго огт байгаагүй, зөвхөн Ц.М гэх танил дүүгийн хэлсний дагуу зээл авах зорилгоор П.А*******д шилжүүлж өгсөн ба 30.000.000 гэх дүнгийн хувьд татварын хэмжээг багаар төлөх зорилгоор дүн нь бага байх тусмаа сайн гэж ярилцаад тавьсан дүн байгаа юм.

Гэтэл Ц.М нь надтай анх тохиролцсоны дагуу зээлийнхээ төлөлтийг хийхгүй байгаагаас шалтгаалан О.Н******* миний орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хураах, битүүмжлэх асуудал яригдаж байгааг олж мэдлээ.

Миний бие өөрийн орон сууцаа бусдад худалдан борлуулах зорилгоор хэлцэл хийгээгүй, орон сууцаа П.А*******д зарж, түүнээс орон сууцны төлбөр авч байгаагүй бөгөөд 2018.07.09-ны өдрийн №******* дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө Худалдах, худалдан авах гэрээ өөр хүний нэр дээр байраа барьцаалж, зээл авах зорилгоор дүр үзүүлж хийсэн, халхавчлан хийсэн, татвар бага төлөх зорилгоор үнийн дүнг бага бичсэн анхнаасаа хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч,

2018.07.09-ны өдрийн №******* дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө Худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн, 17 дугаар хороо, Стадион оргил, Богд Жавзандамба гудамж 95 байрны 502 тоот хаягт байрлах, 126.09 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр О.Н******* намайг тогтоож өгнө үү.

О.Н******* миний бие 2024.11.25-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2024.12.02-ны өдрийн №101/11132024/30460 дугаартай Шүүгчийн захирамжаар “... өмчлөгчөөр тогтоолгох орон сууцны зах зээлийн ханшнаас үндэслэн улсын тэмдэгтийн хураамжийг төлөх шаардлагатай” гэж үзэн, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. О.Н******* миний бие Хан-Уул дүүргийн, 17 дугаар хороо, ..... тоот орон сууцыг 2011 онд 1м.кв-ыг 1.300.000 төгрөгөөр тооцож, нийт 164.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо орон сууц маань хуучирсан боловч зах зээл дээрх орон сууцны үнэ тодорхой хэмжээгээр өссөн байна. Миний бие өөрийн өмчлөлийн орон сууцыг тусгай зөвшөөрөлтэй этгээдээр үнэлүүлээгүй бөгөөд зах зээлийн үнэ цэнийг нь тодорхойлж, 1 м.кв нь 2.500.000 төгрөгөөр зарагдах боломжтой гэж үзэн, нийт 315.225.000 төгрөгөөр тооцоолон, улсын тэмдэгтийн хураамжийг дахин төлсөн болно. О.Н******* миний бие 2023 онд тэтгэвэрт суусан, тэтгэврээс өөр орлогогүй бөгөөд өөрийн өмчлөлийн ганц эд хөрөнгөө бусдад алдаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа тул дээрх нөхцөл байдлыг харгалзан, нэхэмжлэлийг хүлээн авч, хуульд заасан хугацааны дотор түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү.

1.1.        Хариуцагч түүний найз М, О нар миний орон сууцыг худалдаа хөгжлийн банканд зээлд тавьж өөрсдийн үйл ажиллагаанд туслаач гэсний дагуу би тусалсан юм. Миний буруу санаагүй тусалсан тусыг минь байрыг шилжүүлж авсан хариуцагч, М, түүний эхнэр Одонтунгалаг нар нь барьцаанд тавьж зээл авч миний дансаар оруулсан боловч буцаан авч ашигласан юм. Иймд би эд нар хамтран хийж байсан үйл ажиллагаандаа зээлийг ашигласан тул би тусалсан гэж ойлгодог. Ийнхүү тусалснаараа би амьдарч байгаа байрандаа амьдарч байна, зээлийг би төлнө гэснээр би амьдарч байна. О эмнэлэгт хэвтсэн үед нь би хүлээцтэй хандаж биеэ эмчлүүлээд байрыг суллаж өгөөрэй гэж байсан. Гэтэл тэд хоорондоо муудалцсанаас болж асуудал хүндэрсэн. Би уг маргаанд оролцох боломжгүй болсон юм. Би тусалснаараа байраараа хохирох болоод байна. Иймд би байрыг буцаагаад авах гээд хариуцагч болон М, О нар зээлээ төлөхгүй бол би зээлээ төлөх талаар мөнгө цуглуулж байгаа юм. Би төлбөрийг төлөх чадвар үүсчихсэн байгаа юм. Иймд надад туслаач гэж тайлбар гаргаж байна. Би байртайгаа байхад мөнгийг нь зохицуулаад өгч чадна. Энэ талаар хариуцагч нарт хэлсэн бөгөөд ойлгосон байх. Шийдвэр гүйцэтгэл дээр худалдан борлуулагдаад байгаа байрыг түр түдгэлзүүлж боломж байвал захирамж гаргаж өгнө үү. Нэхэмжлэлийг өмгөөлөгч Буянбадрах бичиж өгсөн юм. Нэхэмжлэлд бичсэн шаардлагаа дэмжинэ. Зээлийг би авъя гэж хариуцагчаас гуйгаагүй. Би өмнө нь хариуцагчийг танихгүй бөгөөд түүний найз болон эхнэрийг нь таньдаг байсан. Тэд байрыг барьцаанд тавьж хамт хийж байсан бизнест хэрэг болоод гэж гуйсан юм. Би хариуцагчаас гуйгаагүй. О нь зээлийг хөөцөлдсөн юм. Ингэхдээ багын найзын нэр дээр манай байрыг тавья гэсэн юм. Хариуцагч зээлийг хөөцөлдөж надад гаргаж өгөөгүй юм. Орон сууцны өмчлөгч болсны дараа төлбөрөө төлж байраа авч үлдэх зорилготой. 300 саяын байрыг 30 саяар гэрээ хийсэн тул дүр үзүүлсэн хэлцэл юм. Халхавчилсан гэдэг үндэслэлийг тайлбарлаж мэдэхгүй.

Өмгөөлөгч хууль мэднэ гэдэг давуу байдаг юм байна. Өмгөөлөгч нь намайг 176 сая төгрөгийг авсан өөр хүн захиран зарцуулсан гэж байна. Намайг ашиглах гэж зээл авхуулсан гэдэг нь үндэслэлгүй юм гэв.

 

2.            Хариуцагч П.А******* нь шүүхэд, тэрээр болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд иргэн О.Н******* нь надад холбогдуулан нэхэмжлэл гаргажээ. Миний бие тус шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1.            П.А******* миний бие 2018 онд найз Ц.М болон түүний танил ах гэх О.Н******* нарын "... яаралтай мөнгө хэрэгтэй болоод зээл авах гэсэн боловч удахгүй тэтгэвэрт гарна гэсэн шалтгаанаар зээл гарах боломжгүй байгаа тул О.Н*******ийн өөрийнх нь орон сууцыг нэр дээрээ шилжүүлээд банканд барьцаалан зээл аваад өгөөч” гэж гуйсны дагуу зөвшөөрч О.Н*******ийн орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн тус орон сууцыг нь барьцаалан банкнаас өндөр хүүтэй зээлийг өөрийн нэр дээр авч өгсөн. Ингээд тухайн зээлсэн мөнгийг О.Н*******ийн Худалдаа хөгжлийн банкны тоот данс уруу шилжүүлж өгсөн. Улмаар 2021 оны 10-р сараас эхлэн өнөөдрийг хүртэл банкнаас над руу залган зээлээ цаг тухайд нь төлөхийг удаа дараа сануулж эхэлсэн. Тухайн үе бүрд энэ талаар О.Н******* болон найз Ц.М нарт хэлж сануулж, шаардаж байсан.

2.             О.Н******* нь надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ “... өөрийн орон сууцаа бусдад худалдан борлуулах зорилгоор хэлцэл хийгээгүй, орон сууцаа П.А*******д зарж, түүнээс орон сууцны төлбөр авч байгаагүй..." “...үл хөдлөх эд хөрөнгө Худалдах, худалдан авах гэрээ өөр хүний нэр дээр байраа барьцаалж, зээл авах зорилгоор дүр үзүүлж хийсэн, халхавчлан хийсэн...” гэжээ. П.А******* миний бие О.Н*******ийн зорилгын дагуу түүний байрыг нь өөрийн нэр дээрээ шилжүүлэн зээл авч өгсөн. Би зээлж авч өгсөн мөнгөнөөс нэг төгрөг ч аваагүй О.Н*******ийн данс руу бүрэн шилжүүлсэн. Нэхэмжлэлд хавсаргаж өгсөн дансны хуулганаас үзвэл тухайн банкнаас зээлж авсан мөнгийг өөрөө захиран зарцуулсан болохыг харж болно.

Тиймээс өнөөдрийг хүртэл миний нэр дээр авсан зээлээ зохих ёсоор төлөөгүйгээс түүнчлэн №******* дугаартай Үл хөдлөх, эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд дээрх нөхцөлүүдийг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.1.        2018 онд нэхэмжлэгч нь манай найзтай Мтай цуг нэр дээрээ зээл аваад өг гэж гуйсан. Өөрийн нэр дээрээ яагаад авахгүй байгаа юм гэхэд тэтгэвэрт гарах гэж байгаа тул гарахгүй байна гэсэн юм. Тэгээд би гэрээ байгуулаад нэр дээрээ зээл авч өгсөн. 2 жилийн дотор төлнө гэсэн боловч одоог хүртэл төлөөгүй байна. 2021 оноос хойш төлөлт хийгээгүй тул миний нэр хар дансанд орсон, би зээл авах боломжгүй болсон. Мөн манай ах хамтран зээлдэгчээр орсон тул цалингийн данс нь хаагдсан байгаа юм. Зээлээ төлөхийг удаа дараа хэлэхэд уншаад л өнгөрдөг байсан. Хэрэв төлөх байсан бол одоог хүртэл төлөх байсан. Ингээд банк шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан тул би эвлэрлийн гэрээ байгуулсан. Тухайн үед энэ талаар байр чинь хураагдах гэж байгаа талаар хэлж байсан. Эвлэрлийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулаад дараа нь шүүхийн шийдвэр уруу очсон. Ингээд албадан дуудлага худалдаагаар банк нь авчихсан байгаа юм. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Анх зээл аваад өгөөч гэхдээ нэхэмжлэгч өөрөө байсан. Харин М, О нартай юу ярьсныг мэдэхгүй. Зээл нэхэмжлэгчийн дансанд орсон. Яаж зарцуулсныг мэдэхгүй.

2.2.        Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56-д зааснаар нэхэмжлэл гаргасан. Улмаар нэхэмжлэлээ тайлбарлалаа. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс харахад хүчин төгөлдөр бус хэлцэл биш юм. Зээл авах зорилгоор гэрээ хийгдсэн юм. Иргэний хуульд заасан нөхцөл хангагдахгүй байна. Зээлийн гэрээ, мөнгө орсон гүйлгээ, худалдах худалдан авах гэрээ байдаг. Энд нэхэмжлэгч гарын үсэг зурсан байдаг. Байрны үнийн хувьд банк үнэлээд зээл гаргасан байдаг. Нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн хэлцэл юм. Миний байр гээд байгаа хэлбэр нь нэхэмжлэгч нь ашгаа хүртчихсэн. Одоо байрыг буцаан авч давхар ашиг хүртэж үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн сэдэл гэж харж байна гэв.

 

3.            Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс: Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тодорхойлолт /хх6/, худалдах худалдан авах гэрээний хуулбар /хх7/, Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн дансны хуулга /хх9/, “Өдрийн сонин”-ны хэсэг

3б. Хариуцагчаас: Эвлэрлийн гэрээ /хх39-40/, Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн дансны хуулга /хх52/, орон сууцны зээлийн гэрээний хуулбар /хх58-61/, орон сууцны зээлийн нэмэлт гэрээний хуулбар /хх62-63/, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний хуулбар /хх64-69/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.            Нэхэмжлэгч О.Н******* нь 2018 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох, Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, С.... тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоох тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.            Хариуцагч П.А******* нь нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч болон Ц.М нарын хүсэлтээр орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж, улмаар зээл авч өгсөн, зээлийн мөнгөн хөрөнгөнөөс ашиглаагүй гэж маргасан.

 

4.            Зохигч 2018 оны 07 дугаар сарын 09-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээгээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ..... тоот хаягт байрлах, 4 өрөө, 126.09 м.кв талбайтай орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон байна. /хх7/

Улмаар дээрх гэрээ байгуулагдаж талууд гарын үсэг зурсан болон хэрэгжсэн эсэх талаар маргаагүй.

 

5.            Нэхэмжлэгч нь тухайн орон сууцны зах зээлийн үнэлгээ нь гэрээнд зааснаар байх боломжгүй, цаашлаад худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна гэж тайлбарласан. Харин хариуцагч нь өөрийн найз гэх Ц.М болон нэхэмжлэгч нарын хүсэлтээр өөрийн ахын хамт уг байрыг барьцаалан банкнаас зээл авч өгсөн, зээлийн мөнгөн хөрөнгөнөөс ашиглаагүй, одоо уг байр зээлийн гэрээний үүрэгт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар худалдагдсан гэж маргаж байна. Тодруулбал, худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу зээл авах зорилгоор өмчлөх эрх шилжүүлж, улмаар зээлийг нэхэмжлэгч авсан гэж тайлбарлаж байна.

 

6.            Хариуцагч нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Худалдаа хөгжлийн банктай 176,400,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, улмаар маргаж буй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ..... тоот хаягт байрлах, 4 өрөө, 126.09 м.кв талбайтай орон сууцыг гэрээний үүрэгт барьцаалжээ. /хх58-61, хх64-69/

Зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгчид олгосон болох нь Худалдаа хөгжлийн банк дахь нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хх9/

6.1.        Зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүйн улмаас зээлдүүлэгч Худалдаа хөгжлийн банк нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргаж, улмаар маргааныг эвлэрлийн гэрээ байгуулах замаар шийдвэрлэжээ. /хх39-40/

Гэвч эвлэрлийн гэрээ хэрэгжээгүйн улмаас иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, маргаж буй орон сууц нь албадан дуудлага худалдаагаар худалдагдсан болох нь зохигчийн тайлбар, сонин зэргээр тогтоогдож байна.

Эдгээр үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

7.            Хариуцагч болон Худалдаа хөгжлийн банк нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу олгогдсон мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас  хүлээн авсан 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Э.От 86,400,000 төгрөг, н.От 87,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь түүний Худалдаа хөгжлийн банк дахь дансны хуулгаар тогтоогдож байна. /хх9/

Энд нэхэмжлэгч нь 87,000,000 төгрөгийг хүлээн авсан н.О нь түүний талийгаач эхнэр гэж тайлбарлаж буйг дурдах нь зүйтэй.

Үүнээс үзэхэд хариуцагчийн зээлийн гэрээг өөрийн нэр дээр байгуулж, зээл авч өгсөн гэх тайлбар үндэслэлтэй байна. Учир нь мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч өөрөө захиран зарцуулжээ.

 

8.            Зохигчдын хооронд байгуулагдсан маргаж буй худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байна. Уг гэрээг байгуулсан бөгөөд хэрэгжсэн талаар маргаагүй. Улмаар хэрэгт байгаа баримтаар уг гэрээ байгуулагдсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэх үйл баримт тогтоогдоогүй. Харин нэхэмжлэгчийн тайлбарлаж буй гэрээний үнийн хувьд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулга буюу үнийг талууд өөрсдөө тодорхойлно. Цаашлаад нэхэмжлэлд дурдсанаар татвар бага төлөх зорилгоор гэрээний үнийг багасгаж байгуулжээ. Иймд гэрээний үнийг багасгаж байгуулсан байдал нь уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл болохгүй юм.

8.1.        Зохигч хэн аль нь худалдах худалдан авах гэрээг байгуулах зорилгыг уг орон сууцыг барьцаалж бусдаас зээл авах байсан гэж тайлбарлаж байна. Улмаар орон сууцны өмчлөх эрхийг гэрээний дагуу шилжүүлэн авсан хариуцагч нь зээлийн гэрээ байгуулж, зээлийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч өөрөө захиран зарцуулсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар дүр үзүүлж хийсэн гэж үзэхгүй юм. Учир нь дээр дурдсанаар худалдах худалдан авах гэрээний зорилго болох зээлийг нэхэмжлэгч авсан байна.

Цаашлаад, маргаж буй худалдах худалдан авах гэрээ нь ямар нэг өөр гэрээг халхавчлах зорилгоор хийгдсэн гэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан үйл баримт тогтоогдоогүй.

Иймд зохигчийн хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй.

Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

9.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.5-т заасан үндэслэлгүй тул хариуцагч П.А*******д холбогдох худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох, орон сууцны өмчлөгчөөр тогтоох тухай нэхэмжлэгч О.Н*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 2,042,025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ГАНБОЛД