Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
Хэргийн индекс | 184/2020/04607/И |
Дугаар | 210/МА2021/00468 |
Огноо | 2021-03-12 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2021/00468
2021 оны 03 сарын 12 өдөр | Дугаар 210/МА2021/00468 |
Б.Бийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШШ2021/00185 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.От холбогдох, 1 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Мөнхөө, Б.О нараас Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зусланд байрлах 2 айлын тус бүр 700 м.кв талбай бүхий, 1 айлын газрыг 4 000 000 төгрөгөөр худалдан авахаар 2017 оны 8 дугаар сард тохиролцож, улмаар 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 2 000 000 төгрөгийг, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 2 000 000 төгрөг, нийт 4 000 000 төгрөгийг Хаан банк ХХК дахь өөрийн 5028012861, 5009726606 дугаар данснаас Б.Оын 5063106611 дугаар дансанд шилжүүлсэн. Гэвч Б.О нь хоёр газрын гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй байсан тул 2018 оны 02 дугаар сард газар худалдах, худалдан авахаасаа татгалзаж, түүнээс мөнгөө буцааж авахаар тохиролцсон. Өнөөдрийн байдлаар Б.О нь 2 800 000 төгрөгийг буцааж өгч, 1 200 000 төгрөгийг өгөөгүй. Иймд Б.Оаас 1 200 000 төгрөгийг гаргуулаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Бт газар худалдах талаар тохиролцоогүй. Ж.Мөнхөө надтай холбоо барьж таньдаг хүн маань газар худалдаж авах санал гаргасны дагуу газраа үзүүлэхэд жижиг байна, хажуу айлын хүн чинь зарах юм уу гэж байна гэсэн. 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Б.Б, Ж.Мөнхөө нартай уулзаж 2 айлын газрыг 8 000 000 зарахаар тохиролцсон. Б.Б газрын урьдчилгаа төлбөрт нийт 4 000 000 төгрөг шилжүүлснээс 1 000 000 төгрөгийг Ж.Мөнхөөд өгсөн. 2018 оны 2 дугаар сарын сүүлээр Б.Б утсаар холбогдож газраа авах больсон гэсэн тул өөрийн авсан 3 000 000 төгрөгөөс 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 2 000 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 500 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 300 000 төгрөгийг өгсөн. Б.Б нь надад Ж.Мөнхөөтэй яриад 1 000 000 төгрөгөө авчихлаа гэж хэлсэн атлаа дараа нь Ж.Мөнхөө мөнгө өгөхгүй байна, чи авч өг хэлсэн. Ж.Мөнхөөгийн төлөх 1 000 000 төгрөгийг миний бие хариуцахгүй. Үлдэгдэл 200 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Оаас 1 200 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бт олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Оаас 33 350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бт олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Б.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Миний бие Б.Бтой газар худалдах талаар тохиролцоогүй. Ж.Мөнхөө өөрийнхөө болон миний эзэмшлийн газрыг Б.Бт 8 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Урьдчилгаа төлбөр 4 000 000 төгрөгөөс 3 000 000 төгргийг өөрийнхөө газрын төлбөрт авч, 1 000 000 төгрөгийг Ж.Мөнхөөд шилжүүлсэн. 1 000 000 төгрөг нь надад хамааралгүй болох талаар Б.Бийн 99884400 дугаар утаснаас илгээсэн мессежний хуулбарыг анхан шатны шүүхэд өгсөн боловч үнэлээгүйд гомдолтой байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.От холбогдуулан газрын урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 1 200 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч ...урьдчилгаа төлбөр 4 000 000 төгрөгөөс 3 000 000 төгрөг авснаас 2 800 000 төгрөгийг төлсөн, 200 000 төгрөг төлөх үлдэгдэлтэй, харин Ж.Мөнхөөд өгсөн 1 000 000 төлөхгүй гэж маргажээ.
Б.Б болон Б.О нар 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зусланд байрлах 2 айлын тус бүр 700 м.кв талбай бүхий 1 айлын газрыг 4 000 000 төгрөг, нийт 8 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсноос үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх гэж заасан. Иймд худалдан авагч Б.Б нь газрын үнийг худалдагч Б.От төлөх, худалдагч нь уг газрын бичиг баримт буюу эзэмших эрхийг шилжүүлэн өгөх үүрэг хүлээжээ.
Худалдагч авагч Б.Б нь газрын урьдчилгаа төлбөрт 4 000 000 төгрөгийг төлсөн боловч худалдагч Б.О нь газрын гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй. Иймд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж тайлбарласныг талууд маргаагүй болно.
Нэхэмжлэгч нь газрын урьдчилгаа төлбөрт 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 2 000 000 төгрөг, мөн оны 8 дугаар сарын 31-ний өдөр 2 000 000 төгрөг, нийт 4 000 000 төгрөгийг хариуцагч Б.От шилжлүүлсэн болох нь Хаан банк ХХК-ийн депозит дансны хуулгаар тогтоогдож ба хариуцагч уг төлбөрөөс нийт 2 800 000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримт тогтоогдсон байна. /хх-4/
Гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зохицуулсан.
Уг газрын эзэмших эрх Б.Бт шилжээгүй тул мөн хуульд зааснаар газрын төлбөрт Б.Бийн төлсөн төлбөрийг хариуцагч Б.О нь буцаан төлөх үүрэгтэй тул хариуцагч нь газрын төлбөрийн үлдэгдэл 1 200 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Бт төлөх үүрэгтэй.
Хариуцагч Б.О нь газрын төлбөрийн урьдчилгаа төлбөрөөс 1 000 000 төгрөгийг Ж.Мөнхөөд шилжүүлсэн тул тэрээр уг төлбөрийг хариуцах үүрэгтэй гэж марган тайлбарласан боловч энэ тайлбараа Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй. Иймд хариуцагч Б.Оын дээрх тайлбарыг үндэслэн уг төлбөрийг Ж.Мөнхөөгөөс гаргуулах үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар Б.О нь уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгч Б.Бийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр хариуцагчийг сольж болно. Өөрөөр хэлбэл, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчиж нэхэмжлэгч хүсэлт гаргаагүй байхад хэн нэгэн этгээдийг хариуцагчаар татах үндэслэлгүй.
Иймээс анхан шатны хариуцагч Б.Оаас 1 200 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бт олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Хариуцагч Б.О нь өөрт учирсан хохирлоо Ж.Мөнхөөгөөс шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн шүүх нотлох баримт буруу үнэлсэн гэх гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШШ2021/000185 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 28 550 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Д.БАЙГАЛМАА