Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2023/ДШМ/962

 

 

 

 

       

   2023           10            03                                          2023/ДШМ/962

 

 

З.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Хонгорзул,

шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Д.Халзан,

хохирогч С.О-ын өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/626 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Б-гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2205022671080 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б-

 

Шүүгдэгч З.Б нь 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ***** дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр байрны * дүгээр орцны * давхарт С.О-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүр хэсэгт цайны халуун саваар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн дүүргийн прокурорын газраас: З.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянгол дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: З овгийн З-ийн Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд төлж биелүүлэхийг даалгаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч З.Б-гээс 148.000 /нэг зуун дөчин найман мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч С.О-д олгож, З.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч З.Б нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Баасанжав нь С.О-ын биед учирсан гэмтлийг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэрэгт хамаарна гэж 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг зориуд хууль зөрчиж гаргасан. Гэмтлийн зэрэг тогтоох журамд заахдаа шинжээч эмч нь шинжүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, биеийн нийт гадаргуугийн 1%-иас илүүгүй зулгаралт, цус хуралт, мөн цус хуралт нь зулгаралт үүсээгүй зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоодохгүй бол шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал түүнийг үүсгэсэн хүчин зүйл, хугацааг тодорхойлно гэж заасан. Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн, зөв дүгнэлт гаргахаа илэрхийлэн, баталгаа гаргасны дараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлд заасан шинжээч зориуд худал дүгнэлт гаргах гэсэн заалтыг зөрчиж, зориуд худал дүгнэлтийг гаргасан. Э.Баасанжав эмчийн үнэн байдлыг Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст шалгуулж авилгын хэрэг болон албан тушаалтан бусдад хууль бусаар нөлөөлөх гэмт хэргүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, шалгалтын ажиллагааг иргэн З.Б миний гаргасан гомдлоор явуулж байгаа. Хавтаст хэрэгт 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 06/13080 дугаартай Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатарын ирүүлсэн албан бичиг байгаа. Мөн хавтас хэрийн 19-20 дугаар хуудсанд С.О-ын 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр З.Б надад зодуулсан гэх 2022 оны 6 дугаар сарын 28-наас хойш 1 жил 3 сарын дараа хуурч мэхлэх замаар хуурамч нотлох баримт 6 хуудас бүхий фото зураг хийсэн байдаг. Энэ мэт хүнийг яллах гэж улайран дүгнэлт гаргуулан авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн процессын том зөрчил гэж үзэж байна. Шинжээч эмч Э.Баасанжав нь дүгнэлт хэсэгтээ дурдахдаа С.О-ын биед баруун доод зовхи, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тогтоогдлоо гэжээ. Уг гаргасан дүгнэлт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна гэж хуурамч дүгнэлт гаргасныг үндэслэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг нь шийтгэх тогтоолдоо шүүгдэгч З.Б нь хувийн таарамжгүй харилцааны улмаас С.О-тай маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт цайны халуун саваар нэг удаа цохиж хөнгөн хохирол учруулсан нь 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 9270 дугаартай шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийн хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй гэж ялласан. Гэмтлийн зэргийг тогтоох шүүх эмнэлгийн дүгнэлт нь гэмтлийн хохирол тогтоох журамд заасан үйл баримтыг хэлдэг. Тухайлбал, эрүүл мэндийн хохирлыг тогтоож байгаагийн учир холбогдол нь гэмт үйлдэл болсон буюу хууль зүйн факт байсан эсэхийг, ямар төрлийн багаж хэрэгсэл, хүчин зүйлийн үйлчлэл байсныг, гэмтэл нь эрүүл мэндэд ямар хохирол учирсан, түүний хохирлын зэргийг буюу гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын хор уршиг шалтгаант холбоог тогтоож байгаа үйл явдал гэж үздэг. Тэгвэл Э.Баасанжав эмч дээрх 3 нөхцөл байдалд тулгуурлаж шалтгаант холбоог огт анхаараагүй. Зөвхөн Оын санаатайгаар худал мэдүүлсэн, ярьсан өгүүлэмжээр шинжээчийн дүгнэлтийг хөнгөн, хуумгай хандаж гаргаснаас болж надад ял өгөх гол нөхцөл болсон. Э.Баасанжав эмчийн гэмтлийн хохирол буруу тогтоосноос ялын бодлогод зохих ёсоор бодит байдлаар нөлөөлсөн, шүүгч Ц.Эрдэнэчимэг үүнийг бүрэн бодитойгоор нягтлан шалгаагүй ялласанд гомдолтой байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг прокурорт буцааж, хийгдвэл зохих ажиллагааг хийгээгүй. Хэт ерөнхий байдлаар дүгнэж миний болон өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийг хангахгүйгээс хэргийг зөв зүйлчилж шалгах, эргэлзээгүй нотлох бодит ажиллагаануудыг хийгээгүй байхад шүүх рүү шилжүүлж гэм буруугийн хурлыг хийснээс болж иргэн надад ял халдах шалтгаан болсон. Прокурор хэргийг бүх талаас нь бодит байдлыг эргэлзээгүй тогтоохын тулд гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэрийг өөрийн эрх, үүргийн хүрээнд яллах дүгнэлтийг хөнгөн, хуумгай үйлдэж, хавтаст хэрэгт цугларсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй, нотолгооны бодит баримтуудыг бүрдүүлээгүй. Гэрч нарын мэдүүлгүүд, хохирогчийн шүүхэд гаргасан тайлбар болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, прокурорын шатанд өгсөн хүсэлт зэрэг нь илт зөрүүтэй. Хэргийн үр дагаврын үндсэн шинж, гэмт хэргийн үйлдэл тэдгээрийг нотлох баримттай харьцуулан судалж үндэслэл бүхий дүгнэлт гаргаж чадаагүй. Эрүүгийн хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг шалгасан боловч гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байдлаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгч анзаараагүй, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үгүйсгэсэн. Мөн эрүүдэн шүүж тайлбар, мэдүүлэг авч, ял шийтгэл оногдуулах зорилгоор сэтгэл санаа болон бие махбодид эрүү шүүлт тулгах хэлбэрээр мөрдөн шалгах ажиллагаа явуулсныг шүүгч тоохгүй байсан.  Хавтаст хэргийн 70 дугаар хуудсанд гэрч Э.У- “н.Ц тус тоотоос 2 чемодан, 2 тор хувцас, цайны өндөр халуун сав барьсан гэрийн хаалгаар гарсан” гэх мэдүүлгээс харахад миний гарт халуун сав огт байгаагүй. Хавтаст хэргийн 46-47 дугаар хуудсанд гэрч С.Сарантуяагийн “би өөрийн дүү С.Оаас сонсоход Ц орж ирээд эд зүйл авч гарах гэхээр нь манай дүү болиулах гэтэл Б.Ц халуун саваар цохисон гэж хэлсэн, би тэр үед байгаагүй” гэх мэдүүлэг. Хэрэг гарснаас хойш 90 хоногийн дараа хэрэгт хамааралгүй газар буюу 51 дүгээр байрны гадна талын талбай, орцны 1 давхрын хэсгийг фото зургаар бэхжүүлэн авч, тухайн үед хэрэг гарсан газрын ч мэдэхгүй, хэргээ ч уншаагүй, ойлгоогүй цагдаагийн алба хаагч хэрэгт 2 хуудас хуурамч нотлох баримтыг бүрдүүлж хийсэн. Мөн Цагдаагийн ахмад Б.Батчимэг 2023 оны 9 дүгээр сарын 23-ны илтгэх хуудсаар 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр жижүүрийн мөрдөгчийн үүрэг гүйцэтгэх хугацаанд иргэн С.Оаас ирүүлсэн гомдлыг хүлээн авч, С.О архи согтууруулах  ундааны зүйл хэрэглээгүй байсан тул гэрчийн мэдүүлэг авч, шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэх тогтоол үйлдэж явуулсан гэж гаалийн байцаагч С.Од илт тал засаж, намайг илт буруутгах санаа агуулж хуурамч нотлох баримт бүрдүүлэн 90 хоногийн дараа хэрэгт хийсэн. Хавтаст хэргийн 148 дугаар хуудсанд С.Оын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр “З.Бгийн хамаатны эгч Б.Цтэй эд хөрөнгийн маргаанаас болж дүү З.Бгийн талаар нүүр лүүгээ халуун саваар цохиулж, зодуулсан гэж өөрийн бачимдсан уурандаа цагдаад худал мэдүүлэг өгч гүтгэсэн. З.Бг яллагдагчаар татуулсан нь  миний буруу, үүндээ харамсаж байна. Намайг цохиж, зодож гэмтээгээгүй, ямар ч гэмтэл, хохирол учруулсан зүйл байхгүй тул миний зүгээс гомдолгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж Баянгол дүүргийн прокурорын газарт бичиж хүрүүлсэн. Үүнийг анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримтаар шинжлэн судлуулсаар байтал намайг ялласан шүүгч Н.Эрдэнэчимэгийг шүүхийн сахилгын хороо, Авилгатай тэмцэх газарт шалгуулахаар гомдол гаргасан. Иймд  шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байх тул хэрэгт нэмэлт ажиллагаа хийж, нотлох баримт буюу ногоон өнгийн халуун савыг гаргуулж, хэрэгт авагдсан тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлгүүдийн зөрүүг арилгах шаардлагатай байх тул анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

            Шүүгдэгч З.Б-гийн өмгөөлөгч Д.Халзан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдолыг дэмжиж байна. Хэргийн гол гэрч болох Эрдэнэдалай, Идэрхангай нараас мэдүүлэг аваагүй. Учир нь, Эрдэнэдалай, О нар 7 давхраас хамт доошоо буусан бөгөөд энэ хугацаанд З.Б нь С.О-г зодох боломж байсан эсэхийг уг гэрч нараас мэдүүлэг авч тодруулах ёстой байсан. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “Гэрч Идэрхангай, Эрдэнэдалай, хохирогч О нарыг шүүх хуралдаанд оролцуулж өгнө үү” гэсэн хүсэлтүүдийг тус тус гаргасан боловч анхан шатны шүүх хүлээн аваагүй. Мөн хохирогч О 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр “Би Баасанхүүг гүтгэсэн бөгөөд намайг зодсон зүйл байхгүй. Би тухайн үед гүтгэсэн учир Баасанхүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлтийг гаргаж өгсөн. Өмгөөлөгчийн зүгээс “тухайн хүсэлтийг тодруулж өгнө үү” гэсэн хүсэлтийг мөн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн боловч хүсэлтийг хүлээж аваагүй. Миний үйлчлүүлэгчийг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, гэрч Баярхүүгийн мэдүүлгүүдийг үндэслэж гэм буруутайд тооцсон. Гэтэл тухайн үед хамт явж байсан мөрдөгч нар Б.О-г зодсон талаар огт мэдүүлдэггүй. Мөн хохирогч Оын биед олон удаагийн цохилтын үр дүнд үүсэхээр гэмтэл тогтоогдсон. Түүнчлэн Оын зүүн нүд гэрээсээ гарч ирэхдээ хөхөрсөн байсныг гэрч Идэрхангай гэрчлээд байхад түүнийг шүүх хуралдаанд оролцуулаагүй. Иймд хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй байх тул дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж өгнө үү. ...” гэв.

           

            Хохирогч С.О-ын өмгөөлөгч Ц.Бат-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокуророос З.Бг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 51 дүгээр байрны 1 дүгээр орцны 7 давхарт С.Отай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүр хэсэгт цайны халуун саваар 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд хохирогч О, гэрч Баярхүүгийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд үндэслэж шүүгдэгч З.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс нэр бүхий гэрчүүдийг асуугаагүй, нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй гэж байна. Энэ талаарх гомдол, хүсэлтээ анхан шатны шүүхэд гаргаж өгөх боломжтой байсан. Хэрэв уг асуудлыг анхан шатны шүүх хянаж үзээд хүлээж аваагүй тохиолдолд анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй. Хохирогч С.О-ын гаргасан хүсэлтийн талаар яриад байна. З.Б нь О-ын ажил дээр очиж хэрүүл, маргаан гаргаад байсан тул аргагүйн эрхэнд тэр хүсэлтийг бичиж өгсөн. Мөн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар прокурорт буцаах, эсхүл анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэх хууль зүйн боломжгүй болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

            Прокурор Д.Хонгорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч шинжээч буруу дүгнэлт гаргасан гэж байгаа боловч дүгнэлтийнхээ аль хэсгийг зориудаар худал гаргасан гэдгийг хэлсэнгүй. Шинжээч эмч нь өөрийн тусгай мэдлэгийнхээ хүрээнд дүгнэлтээ гаргасан. Хэрэв шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй бол мөрдөн шалгах ажиллагааны аль ч үед энэ талаарх гомдлоо гаргах эрх нь нээлттэй байсан. Мөн давж заалдах гомдолдоо “6 ширхэг зургийг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хэрэгт хавсаргасан нь хууль бус үйлдэл” гэж бичсэн байна. Хэргийг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Тухайн зураг нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас өмнө хэрэгт авагдсан баримт. Энэ гэмт хэрэг нь гэр бүлийн хоорондын эд хөрөнгийн маргаантай холбоотой асуудлаас үүдэлтэй болох нь тогтоогддог. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн хэлж байгаа халуун сав олдоогүй учир хэрэгт эд мөрийн баримтаар хураан авах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэдгийг хэлэх нь зүйтэй. Хохирогч С.О “З.Б намайг ятгаад болдоггүй ээ, энэ хэргийг хааж болох уу. Би хүсэлт бичиж өгмөөр байна. Учир нь, Баасанхүү ажил дээр ирээд хэрүүл, маргаан үүсгээд байна” гэж хэлээд “Баасанхүү намайг зодоогүй” гэсэн агуулгатай хүсэлтийг нотариатаар батлуулж ирснийг би хүлээж аваагүй. Харин прокурорын шатанд шүүгдэгч З.Бгийн өмгөөлөгч Мөнх-Очир шуудангаар ирүүлсэн байсныг гомдол, мэдээлэл хүлээн авах журмын дагуу тухайн баримтыг хүлээн авч хэрэгт хавсаргасан. Прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохигдох байдал бүрэн нотлогдсон гэж үзсэн учир хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч З.Б-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч З.Б нь 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр **** дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр байрны * дүгээр орцны * давхарт С.О-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүр хэсэгт цайны халуун саваар цохиж эрүүл мэндэд нь баруун доод зовхи, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч С.О-ын “...2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр би аавынхаа гэр лүү нөхрийнхөө хамт очиход Ц нь үл таних хүмүүстэй аавын гэрээс уут саванд хийсэн юм аваад гарч байхад нь цахилгаан шатны хажуу талд таараад юу авч гарч байгаа талаар асуухад надтай хэрүүл маргаан үүсгэж, Ц-тэй цуг явсан дүү нь гэх эмэгтэй намайг үгийн зөрүү байхгүй цайны халуун саваар нүүр лүү нэг удаа цохисон. Тухайн үед нүд харанхуйлаад юм харж чадахгүй байхад нэмж цохиж, зодсон. Тэр байрнаас гараад цагдаагийн газрын гадаа очоод байж байхад Ц болон цуг байсан эмэгтэй нь намайг зодох гэж дайрахад цагдаа нар болиулсан. ...” /хх 34-36/,

 

гэрч Э.Б-гийн “...хадам аавын гэрийн цахилгаан шатны орчим хадам аавын гэрт амьдарч байсан эмэгтэй хувцас, эд зүйл аваад гарах гэж байхад нь эхнэр аавын 49 хоног дуусаагүй байхад эд зүйл гаргахгүй, та 49 хоног дуусгаад эд зүйлээ авах талаар хэлэхэд үгүй гээд хэрүүл маргаан үүссэн. Цтэй цуг явж байсан эмэгтэй манай эхнэрийг цайны халуун саваар нэг удаа шууд нүүр хэсэгт нь цохисон. Гадаа гараад гараараа болон хөлөөрөө эхнэрийн толгой, гуя, нуруу хэсэгт цохисон бөгөөд салгах гээд чадахгүй байсан. ...” /хх 39-41/,

 

гэрч Б.Ц-ийн “...С.О цагдаа дээр очиход нүд нь хөхөрсөн байсан. ...С.О чи цохисон надад гэмтэл учруулсан гэхэд Баасанхүү нь би цохиогүй гээд маргалдаад байсан. ...би гэрээс халуун сав барьж гараад З.Бд өгсөн. З.Б халуун сав барьж байхад С.О нөхөртэйгөө цахилгаан шатнаас буугаад ирсэн. Тэгээд хоорондоо маргалдаж эхэлсэн. ...” /хх 50-52/,

 

гэрч Э.У- “...Ц тус тоотоос хоёр чемодан, хоёр тор хувцас, өнгийг нь санахгүй байна, гартаа цайны өндөр халуун сав барьсан гэрийн хаалгаар гарсан. ...” /хх 69-70/,

 

шинжээч эмч Э.Баасанжавын “...баруун доод зовхи, хацрын товгорт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эдгээр гэмтлүүд нь 1 удаагийн мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хохирогч 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 01 цаг 03 минутад гэмтлийн зэрэг тогтоох үзлэгээр 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр толгойн КТГ шинжилгээтэй байсан. ...” /хх 80-81/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...С.О-ын биед баруун доод зовхи, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, шуу, зүүн шуу, баруун гуя, нуруунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл. ...” учирсан болохыг тогтоосон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 9270 дугаар дүгнэлт /хх 74-75/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 11/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч З.Б ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч З.Б-гийн “...хууль бусаар гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэм буруутайд тооцсон, ...шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Сэжигтэн, яллагдагч нь өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй хэдий ч анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч С.О-ын “...Ц-тэй цуг явсан дүү нь гэх эмэгтэй намайг үгийн зөрүү байхгүй цайны халуун саваар нүүр лүү нэг удаа цохисон. ...”, гэрч Э.Б-гийн “...Цтэй цуг явж байсан эмэгтэй манай эхнэрийг цайны халуун саваар нэг удаа шууд нүүр хэсэгт нь цохисон...”, гэрч Б.Цийн “...би гэрээс халуун сав барьж гараад З.Б-д өгсөн. З.Б халуун сав барьж байхад С.О нөхөртэйгөө цахилгаан шатнаас буугаад ирсэн. Тэгээд хоорондоо маргалдаж эхэлсэн...”, гэрч Э.У- “...Ц гартаа цайны өндөр халуун сав барьсан гэрийн хаалгаар гарсан...” гэсэн мэдүүлгүүд нь хэргийн үйл баримт, агуулгын зөрүүгүй, мэдүүлгийн эх сурвалж нь шинжээч эмч Э.Баасанжавын “...С.О-ын баруун доод зовхи, хацрын товгорт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эдгээр гэмтлүүд нь нэг удаагийн мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. ...” гэх мэдүүлэг болон үйл явдал болсон өдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 01 цаг 03 минтуад С.О-ын биед үзлэг хийж “баруун доод зовхи, хацрын товгорт зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол” учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл уг гэмт хэргийг З.Б-гээс өөр хүн үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 9270 дугаар дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан ба уг дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Б-гийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/626 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ЗОРИГ

 

 

                        ШҮҮГЧ                                                          Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧ                                                          Л.ДАРЬСҮРЭН