Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/879

 

 

     2023           8              31                                         2023/ДШМ/879

М.Мт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сайнхүү,

шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч О.Анхбаяр,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЗ/2087 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Очбадрахын бичсэн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаартай эсэргүүцлээр М.Мт холбогдох 2206 04935 1374 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.  

М.М, 0000 оны 0 дүгээр сарын 00-ний өдөр **************** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эхнэр, 0 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо, 000 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:**00000000/,

Шүүгдэгч  М.М нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн байранд зөрчилд холбогдсон этгээдүүдийг торгож байна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Э.Бээс 150.000 төгрөгийг авч, 50.000 төгрөгийн шийтгэлийн хуудас бичиж, зохиомол байдлыг зориуд бий болгож, улмаар 100.000 төгрөгийг залилж авахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Г.Зд 100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн байранд зөрчилд холбогдсон Д.Эийг хэрэг хүлээлгэх, шийтгэл оногдуулах зорилгоор хүч хэрэглэн, түүний бие махбодь сэтгэл санааг шаналган зовоосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэргийн материалтай танилцахад С, Д.Э нарт таньж олуулах ажиллагаа хийгдсэнээр хэргийн материалд авагдсан боловч хуульд заасан гэрэл зургаар явуулах шаардлагатай болсон үндэслэлээ нотолсон баримтыг хэрэгт хавсаргаагүй байх тул таньж олуулах ажиллагааг дахин хийх шаардлагатай гэсэн өмгөөлөгчийн хүсэлт үндэслэлтэй.

Харин хэргийн оролцогчид хэргийн материал танилцуулаагүй нь хууль зөрчсөн гэх хүсэлтийг хангахаас татгалзсан. Учир нь, хэргийн оролцогч аль ч шатанд хэргийн материалтай танилцах эрхтэй. Хэргийн материал танилцах эсэх нь түүний үүрэг бус эрхийн асуудал. Хэргийн материалтай танилцах талаар мэдэгдсэн мөрдөгч тэмдэглэл үйлдсэн материал хэрэгт байгаа учраас энэ ажиллагааг хуульд заасан үндэслэлээр хийгдээгүй гэж үзэхгүй.

 Харин яллагдагчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар албан тушаалын байдлаа ашиглаж бусдыг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллагдагчаар татах тогтоол үйлдээд үүнийг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж ирүүлсэн. Ингэхдээ яллагдагчаар татах тогтоолдоо “залилах” гэмт хэргийн хохирогчийг олж тогтоогоогүй, яллагдагч энэ үйлдлийн улмаас хэний өмч, өмчлөх эрхийг өөртөө авч хэрхэн, яаж хохироосныг тогтоогоогүй. Тодруулбал нотолбол зохих байдлыг нотлоогүй байж яллагдагчаар татах тогтоол үйлдэж ял сонсгосон нь хууль зөрчсөн гэж үзлээ. Яллагдагчаар татах тогтоолыг үндэслээд яллах дүгнэлт үйлдэгдсэн, яллах дүгнэлт  үйлдэгдэхдээ хохирогчоор Г.З гэдэг хүнийг асууж яллах дүгнэлтэд яллах нотлох баримтаар оруулсан байна. Гэхдээ яллагдагчаар татах тогтоолыг 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр үйлдэж яллагдагчид танилцуулж байцаалт авсан. Гэтэл 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хохирогчоор Г.З гэдэг хүнийг тогтоож байцаалт авсан байна. Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хуульд зааснаар бүрэн гүйцэт хийсний эцэст хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэсэн болно. Яллагдагч М.Мт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч М.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сиди, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа 1 хавтас 17 хуудас, 1 ширхэг сидиг хэргиин хамт буцаан хүргүүлж шийдвэрлэжээ.

Прокурор М.Очбадрах бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжийг 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.1, 9.2, 9.3 дахь заалтуудад таньж олох хүнийг түүнтэй гаднах байдлаараа адил төстэй хоёроос дээш хүний хамтаар таньж олуулах, эсхүл тусгайлан хүмүүс бэлдэхгүйгээр олон хүн цугларсан газар таньж олох хүн байгаа эсэхийг гэрч, хохирогч, яллагдагчид харуулж таньж олуулах мөрдөн шалгах ажиллагааг явуулах боломжгүй тохиолдолд гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг ашиглан явуулах үндэслэлийг тус тус заасан байна. Шүүхээс таньж олуулах ажиллагааг гэрэл зургаар явуулах болсон үндэслэлээ нотолсон баримтыг хэрэгт хавсаргаагүй тул уг ажиллагааг дахин хийх шаардлагатай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй гэж үзнэ. Учир нь, шүүх таньж олуулах мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг баримтлаагүй, зөрчсөн гэж үзэж байгаа бол тус хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж, 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан нотлох баримтад үндэслэн цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг үндэслэн шүүх хянан шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаар гэрч Т.С, хохирогч Д.Э нараар гэрэл зургаар таньж олуулсан мөрдөн шалгах ажиллагааг нотлох баримтаар тооцохгүй байх эсэхийг эрх хэмжээний хүрээнд шүүх хянан шийдвэрлэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн гэрч Т.С, хохирогч Д.Э нарын таньж олуулах ажиллагаагаар яллагдагч М.Мын холбогдсон хэргийг нотолж байгаа бус хавтаст хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Ц-15 дугаартай мөрдөн шалгах нууц ажиллагааны мэдээ зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдсон буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн явцад энэ хуулийн 1.5 дугаар зүйлд заасан тохиолдол үүсээгүй, тухайн хүн, хуулийн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон, яллагдагчаар татах хүн, хуулийн этгээд хаана байгаа нь тодорхой бол мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлж, улмаар мөн хуулийн 30.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэх талаар заажээ. Өөрөөр хэлбэл хохирогчоор заавал тогтоосны дараа хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хэрэг үүсгэж,  яллагдагчаар татах тогтоол үйлдэх бус гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байхыг хууль тогтоогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгасан байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад “нотолбол зохих байдал”-ыг нотолно гэж заасан ба эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж мөрдөн байцаалт явуулан Г.Зыг хохирогчоор тогтоосон нь энэ хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан ба шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2087 дугаартай захирамж нь дээрх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.  

Шүүгдэгч М.Мын өмгөөлөгч О.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурорын зүгээс “таньж олуулах ажиллагааг нэгэнт журам зөрчсөн гэж үзэж байвал нотлох баримтаас хасуулах боломжтой” гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, өмгөөлөх талын хууль ёсны дагуу баримтаа бүрдүүлэх боломжийг хасаж байна. Хэрэг гарснаас хойш 1 сарын дараа хохирогч Д.Э нь гэрчийн мэдүүлэг өгч, дахин 20 хоногийн дараа хохирогчоор мэдүүлэг өгсөн. Өөрөөр хэлбэл, хохирогч Д.Э нь 2 сарын дараа таньж олуулах ажиллагаагаар гэрэл зургаар таньдаг. Прокурор Ц.Сайнхүүгээс “таньж олуулах ажиллагаа хийснээр ямар нэгэн ач холбогдолгүй” гэж тайлбарлаж байна. Хэрэв таньж олуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсны дараа хохирогч Д.Э миний үйлчлүүлэгчийг танихгүй байвал энэ нь цагаатгах талын баримт болно. Миний үйлчлүүлэгч М.М нь гэм буруу дээрээ маргадаг учраас шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг хийх нь зүйтэй гэж үзэж байна.

Мөн прокурор Ц.Сайнхүү “хэрэг гарснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн учраас таньж олуулах ажиллагаагаар таних боломжгүй. Мөн нөлөөнд автсан байхыг үгүйсгэхгүй” гэж хийсвэрлэж, асуудалд таамгаар хандаж болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдах ёстой. Мөн прокурорын зүгээс “яллагдагчаар татсаны дараа нотолбол зохих байдлыг нотолдог” гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт тогтоол үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, сэжигтний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай заана. Хуулийн этгээдийг яллагдагчаар татаж байгаа бол хуулийн этгээдийн нэрийг заана.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, залилах гэмт хэргийн улмаас хэн, хэзээ, хаана хохирсон эсэхийг тогтоосны дараа яллагдагчаар татна. Гэтэл яллагдагчаар татах тогтоолд хохирогчийн нэр байдаггүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч М.М тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй” гэв.

Прокурор Ц.Сайнхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:“...Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Анхан шатны шүүхээс “таньж олуулах ажиллагааг дахин хийх шаардлагатай гэсэн өмгөөлөгчийн хүсэлт үндэслэлтэй” гэж дүгнэсэн атлаа ямар ач холбогдолтой талаар дурдаагүй. Хэрэг 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр буюу 1 жил 6 сарын өмнө болсон. Өөрөөр хэлбэл, хохирогч Д.Э, Т.С нар нь таньж олуулах ажиллагаагаар тухайн хүнийг таних боломжгүй. Уг хэрэгт холбогдсон яллагдагч М.М нь төрийн тусгай албан хаагч буюу цагдаагийн албан хаагч юм. Өөрөөр хэлбэл, тухайн гэрч, хохирогч нарыг нөлөөнд автсан байхыг үгүйсгэхгүй, таньж олуулах ажиллагаа хийснээр ямар нэгэн үр дүнд хүрэхгүй. 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр буюу хэрэг гарснаас хойш 3 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд яллагдагч М.М нь цагдаагийн хэлтэст ирж 50.000 төгрөгийг хүнд өгсөн гэх асуудал яригддаг боловч энэ талаар нотолсон нотлох баримт байхгүй. Хохирогч Д.Э “би ямар хүнд 50.000 төгрөг өгснөө мэдэхгүй байна,  М.Мын тэр хүнд өг хэлж хэлсний дагуу тухайн хүнд 50.000 төгрөг өгсөн” гэж мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл, хохирогч Д.Э тухайн болсон явдлыг санахгүй байхад таньж олуулах ажиллагаа хийж тухайн хүнийг олох нь эргэлзээтэй юм. Хэрэв таньж олуулах ажиллагаа хууль зөрчсөн гэж үзвэл анхан шатны шүүхээр нотлох баримтаар хасуулах бүрэн боломжтой. Мөн шүүгчийн захирамжийн 2 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж хохирогчоор тогтоогоогүй атлаа эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан” гэж дурдсан. Энэ талаар эс зөвшөөрч бичсэн прокурор М.Очбадрахын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Учир нь, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон. Мөн яллагдагч хаана байгаа нь тодорхой байгаа тохиолдолд яллагдагчаар татах хуулийн зохицуулалттай. Яллагдагчаар татсаны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны аль ч шатанд тодруулах бүрэн боломжтой. Мөн анхан шатны шүүх яллагдагчаар татсан тогтоолыг хууль зөрчсөн гэж үзсэн атлаа шүүгчийн захирамжид ямар ажиллагааг хийх талаар тодорхой дурдаагүй. Хэрэгт авагдсан баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэх боломжтой тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах журмаар гаргасан эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд: 

1. Нотолбол зохих байдалд хамаарах “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г нотлохын тулд хохирогчийг заавал тогтоосон байх шаардлагатай.    

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь заавал хохирол шаардах тул хохирогчийг зөв тогтоож, мэдүүлэг авсан байх нь зайлшгүй шаардлага бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад зааснаар мөрдөгч нь хэргийг мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн даруйд буюу хуульд заасан үндэслэл, журмын дагуу хохирогчоос мэдүүлэг авалгүй орхигдуулсан нь нотолбол зохих байдал, нотлох баримтыг шалгаж, үнэлэх замаар гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж, бодитой тогтооход зөрчил үүсгэсэн гэж үзнэ.     

Тухайлбал, тус эрүүгийн хэрэгт Э.Бийг хохирогчоор тогтоосон баримтгүй бөгөөд харин яллагдагчаар татах тогтоол үйлдсэн 2023.01.14-ний өдрөөс хойш залилах хэргийн хохирогчид хамааралтай биш Г.Зыг 2023.04.29-ний өдөр хохирогчоор тогтоосон /1хх-209/ нь хэргийн бодит байдалд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон үндэслэл, журамд нийцэхгүй болжээ.    

2. Залилах гэмт хэргийн хохирогчийг зөв тогтоож чадаагүй байх тул шүүхээс нөхөн гүйцэтгэх үндэслэлгүй байна.       

Учир нь, залилах гэмт хэргийн хохирогч гэж үзэхэд залилсан ба залилуулсан гэх тухайн 2 этгээдийн хооронд шууд үүссэн хэлцэл, харилцааны утга агуулгаар тодорхойлогдох учраас хэрэгт авагдсан холбогдох үйл баримтаас үзэхэд хохирогчоор тогтоогдвол зохих этгээд бол Э.Б гэж үзэхээр байгааг анхаарах нь зүйтэй.  

Харин Э.Б бусдад залилуулсан гэх 150.000 төгрөгөөс 100.000 төгрөгийг тийнхүү залилагч талд өгөхдөө өөрийн ажил олгогч гэх буюу Г.Заас авч өгсөн байх нь залилах хэргийн хохирогчоор Г.Зыг тогтоох үндэслэл, үйл баримт биш бөгөөд Г.З нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршигт иргэний нэхэмжлэгч болох ба Г.Зыг иргэний нэхэмжэлэгчээр заавал тогтоосон эсэх нь гэмт хэргийн шинжид нөлөөлөхгүй асуудал байжээ.   

Гэтэл тус эрүүгийн хэрэгт Э.Бийг хохирогчоор тогтоогоогүй байхаас гадна яллах дүгнэлтийн “яллаж байгаа хэргийн товч агуулга болон тогтоох хэсэгт” залилах гэмт хэргийн шинжийг тодорхойлж, тогтоохдоо “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарахгүй зарим шинжийг, тухайлбал,“. ...улмаар 100.000 төгрөгийг залилж авахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Г.Зд 100.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх яллах дүгнэлт үйлдэж, ял сонсгосон /1хх-239-246/ байгааг шүүхээс зөвтгөх ёсгүй алдаа гэж үзнэ.            

Дээр дурдсанаар тус хэрэгт шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааны бүрэн бус, дутуу байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.2 дугаар зүйлийн 1.5, 32.3, 32.4, 32.10 дугаар зүйлийн холбогдох хэсэгт зааснаар мөрдөгчийн мөрдөн шалгах, прокурорын хянах чиг үүргийн хүрээнд зайлшгүй хянагдаж, засагдах ёстой.       

Иймд дээр дурдсан үндэслэлийн хүрээнд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд ноцтой зөрчил үүсгэхгүйн тулд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЗ/2087 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Очбадрахын бичсэн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЗ/2087 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Очбадрахын давж заалдах журмаар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Т.ӨСӨХБАЯР

 

       ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

 

   ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР