Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 34

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 01 өдөр                       2018/ШЦТ/34                     Хэрлэн сум

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

                                                                                        Хэргийн индекс:180/2018/0045/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                      Н.Энхзул

Улсын яллагч                                    Я.Сансар                   

Шүүгдэгч                                           Г.Б нарыг оролцуулан

 

Тус Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансар нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б холбогдох 1839000690031 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1991 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Тээвэрчдийн 02-01 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г.Б

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 01 дүгээр сарын 31-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Сэцэн хаан” зоогийн газрын гадна байх шонд уяатай байсан иргэн Т.Н эмээл хазаартай 1 тооны морийг хулгайлж бага бус хэмжээний буюу 2.740.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Т.Н мөрдөн байцаалтад өгсөн: “... 2018.01.31-ний өглөө 4 цаг 50 минутанд манай уяач Я.Намдорж 88361070 дугаарын утсаар Хэрлэн сумын “Сэцэн хаан” зоогийн газрын үүднээс өөрийн унаж явсан таны адууны уядаг 7 настай зээрд морио алдчихлаа би унаж явсан юм гэж ярьсан. Зоогийн газарт орж камерын бичлэгийг цагдаагийн ажилтантай харахад намхан, хар куртиктай залуу гадаа байсан уяатай морийг 4 цаг 36 минутанд тайлж аваад сүүдэр дагаад хөтлөөд явсан дүрс байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

 

Гэрч Я.Нямдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... гадна талын замын гэрэлтүүлэгийн шонгоос морио уячихаад “Сэцэн хаан” зоогийн газарт орж архи авах гэсэн архи байхгүй байсан. Тэгэхээр нь би жоохон дулаацаад гарах санаатай үүдний хажуу талын ширээ сандал дээр нь суугаад морио хараад байж байсан зүйрмэглээд унтчихсан байсан. Сэрээд хартал уяатай байсан морь маань байхгүй болсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18 тал/,

 

Гэрч О.Сарантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018.01.31-ний өглөө манай хүү Бямбацогт орж ирсэн. Би өглөө 10 цаг өнгөрөөж босоод амбаарт хөлдөөсөн буузаа  хурааж авах гээд гартал манай нохой хашааны завсраар хуцаад байсан тэгээд би яагаад хуцаад байгаа юм бол гээд очоод хартал хашааны гадаа эмээлтэй хүрэн зүсмийн морь байсан. Би ямар учиртай морь юм бол гээд гэр лүү орж Б-г дуудаж босгоод гадаа морь байна. Хашаа руу оруулаад уя гээд Бямбацогтыг дагуулж гараад би хашааны хаалга онгойлгоод Бямбацогт морийг хөтлөөд оруулж ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23 тал/,

 

Яллагдагчаар Г.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “... би замаараа “Сэцэн хаан”-ы зоогийн газраар ороод барментай уулзаад пиво зээлчих гэж хэлсэн. Би тухайн үед нэлээн согтсон байсан. Тэгтэл зоогийн газрын хойд талын суудалд нэг дээлтэй хүн унтаж байсан. Тэгээд би харих санаатай тэндээс гарахад зоогийн газрын үүдэнд гэрлийн шонгоос уяаг нь тайлаад морийг унаад гэр лүүгээ явсан. Тэгээд хашаанд ирээд унаж ирсэн морио уяж орхиод гэртээ унтсан. Маргааш өглөө нь ээж “энэ хэний морь вэ?” гэхэд нь өчигдөр шөнө “Сэцэн хаан”-ы гаднаас унаад ирсэн гэж хэлсэн. Тэгтэл ээж “хүний морь эзэнд нь хэлэлгүй унаад ирж болдог юм уу? Цагдаад дуудлага өгөх юм уу? гэсэн”. Тэгэхээр нь би цагдаа руу залгаж учир байдлаа хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/,

 

Хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5/

Шинжээчийн дүгнэлт  / хх-ийн 27-29 тал /

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 49 тал /

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар  /хх-ийн 43 тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 01 дүгээр сарын 31-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Сэцэн хаан” зоогийн газрын гадна байх шонд уяатай байсан иргэн Т.Н эмээл хазаартай 1 тооны морийг хулгайлж бага бус хэмжээний буюу 2.740.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн 17.12 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон байх тул шүүгдэгч нарт ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Т.Н нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн ба хохирогч нь шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлээгүй болно.

 

Шүүгдэгч Г.Б нь улсын яллагчтай 300 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар  шийтгүүлэхээр тохиролцсон гэх бөгөөд ямар нэгэн маргаангүй гэжээ.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  
        1. Шүүгдэгч Г.Б  мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бод 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

 3.  Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй ба, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Бод авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ц.МӨНХТУЛГА