| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0043/Э |
| Дугаар | 35 |
| Огноо | 2018-03-01 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Отгонтуяа |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 35
2018 оны 03 сарын 01 өдөр 2018/ШЦТ/35 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2018/0043/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Н.Энхзул
Улсын яллагч Д.Отгонтуяа
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Жавхлан, Г.Бадамгэрэл
Шүүгдэгч Г.Ж, Ч.П нарыг
оролцуулан
Тус Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Отгонтуяа нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Г.Ж, Ч.П нарт холбогдох 1839000390020 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Хэнтий аймгийн Гурванбаян суманд 1994 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Нарстай гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Г.Ж
Хэнтий аймгийн Гурванбаян суманд 1995 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, ээжийн хамт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Борт гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Ч.П
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Ж, Ч.П нар нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар багийн нутаг Гурван бууц гэх газраас иргэн Л.Х 3 тооны үхрийг хулгайлж 6.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Л.Х мөрдөн байцаалтад өгсөн: “... манай 3 тооны үхэр “Гурван бууц” гэх газар Бат-Эрдэнэ гэх айлын үхэртэй хамт байдаг байсан. Над руу утсаар 3 үхэр чинь байдаггүй. Хүрээд ирэх үү гэж мессэж бичсэн байсан. Алдсан гэх 3 үхэр гэвэл шар эрээн бүдүүн сувай үнээ, зөв талын чинь цуулбар имтэй ухаа халзан сувай үнээ, зөв чих цуулбар буруу чих араасаа ганзага имтэй эрээн нүүртэй улаан халзан охин шүдлэн байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/,
Гэрч Х.Ганзулын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Бат-Эрдэнэ гэх хүн өчигдөр орой танай 3 тооны үхэр 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө бэлчээр гараад ирээгүй гэж утсаар мэдэгдсэн. Бид Пүрэвсүрэн гэдэг хүнийг сэжиглэж байгаа. Учир нь энэ хүн манай үхэр эзэнгүй байгаа гэдгийг мэдэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 тал/,
Гэрч С.Уламбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018.01.18-ны өдөр 15 цагийн үед намайг зах дээр байж байтал Ж залгаад Хурхаас гарал үүсэл олдохгүй байна та Өмнөдэлгэр сумаас ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,
Яллагдагчаар Ч.П мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Ж д очих гэж яваад “Гурван бууц” гэх газар 3 тооны үхэр байхаар нь Ж-тай морьтой очоод 3 тооны үхрийг туугаад шөнө ажилласан. Жаргалтулга гэрээсээ машинаа авчираад махыг нь ачиж, гэдэс толгойг нь манай хаваржааны баруун хойно Энгэр гэх газар аваачиж хаясан. 2018.01.18-нд махаа Улаанбаатар хотод аваачиж өгсөн. Надад 900.000 төгрөг өгсөн. Түүнийг би Улаанбаатар хотод үрсэн. Бид хоорондоо ярьж байгаад л хулгай хийсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 96-98 тал/,
Яллагдагчаар Г.Ж мөрдөн байцаалтад өгсөн: “... П над руу утсаар яриад нэг ярих яриа байна гэхээр нь би гэрт хүрээд ир гэсэн. Тэгээд надад “Гурван бууц” гэх газар айлын 3 тооны үхэр байна. Хоёулаа Улаанбаатар явах гэж байгаа юм чинь гялс ажилчих уу гэхэд нь зөвшөөрсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 93-95 тал/,
Хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4,7,10-11,14-15,18-19,22,27, 29, 32, 36/
Эд хөрөнгийн үнэлгээний тооцоо / хх-ийн 76-81 тал /
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 123, 125 тал /
Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 117-118, 126 тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Г.Ж, Ч.П нар нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар багийн нутаг Гурван бууц гэх газраас иргэн Л.Х 3 тооны үхрийг хулгайлж 6.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн 17.12 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн байна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон байх тул шүүгдэгч нарт ял оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Л.Х нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн ба хохирогч нь шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлээгүй болно.
Шүүгдэгч Г.Ж, Ч.П нар нь улсын яллагчтай 250 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлэхээр тохиролцсон гэх бөгөөд ямар нэгэн маргаангүй гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г.Ж, Ч.П нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж, Ч.П нарт 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн модон бариултай 1 ширхэг хутга, эрээн шахмал бариултай 1 ширхэг хутгыг тус тус устгасугай.
5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба тэдний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА