2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/00690

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо,  тоот хаягт оршин суух Б овогт А О /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо,  тоот хаягт оршин суух А овогт Б Ү /РД: /-д холбогдох,

 

3,711,756 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунзаяа нар оролцов.

(Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч А.О нь хариуцагч Б.Үд холбогдуулан   3,711,756 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 “Миний бие 2024.02.27-ны өдрөөс 2024.10.27-ны өдрийг хүртэл 8 сарын хугацаагаар өөрийн эзэмшил Баянгол дүүрэг  * тоотын 2 өрөө байрыг Б овогтой Ү, нөхөр М нарт хөлслүүлэхээр тохирч гэрээ батлуулсан. Гэрээнд орон сууцны хөлслөх үнэ 1 сарын 1,500,000 төгрөгийг сар бүрийн 01-ний өдрийн дотор авахаар тусгасан. Хөлслөгч тал 2024.07.01-ний өдөр өгөх төлбөрөө төлөөгүй бөгөөд утсаар асуухад төлөх гэж байна гэж хойшлуулсан ба 7 сард холбогдох утасны дугаараа өөрчилсөн учир холбоо барих боломжгүй болсон. Ингээд 2024.08.09-ний өдөр байрандаа очиж уулзах гэхэд гэрэл нь асаалттай, дотор нь байгаа хирнээ хаалгаа тайлж өгөөгүй. Ийм байдлаар олон хоног байрны гадаа хүлээж байгаад нөхөр Мтэй гарч явахад нь уулзахад одоо мөнгөө, АТМ ороод шилжүүлнэ гэж хэлээд зугтааж яваад ирээгүй. Ийм байдлаар утсаар удаа дараа худал хэлж мөнгө өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. 2024.08.14-ний өдөр нөхөр Мгийн утсаар мессеж болон имэйл хаяг руу 2 сарын төлбөр төлөөгүй тул гэрээний 4.8 дах заалтын дагуу гэрээгээ цуцална гэсэн мэдэгдэл илгээсэн. Мөн 2 сарын төлбөр өгөөгүй учир төлбөрөө төлөөд байраа хүлээлгэж өг гэсэн шаардлагыг утсаар олон удаа хэлж, гэрт нь орж уулзаж хэлсэн боловч маргааш, нөгөөдөр өглөө гэж худлаа хэлсээр байсан. Иймд 2024.08.20-ны өдөр аргагүй эрхэнд нөхөр Мг ганцаараа байхад нь орж уулзаж төлбөрөө төлөөд байраа чөлөөлж өгөөрэй гээд өөр түлхүүрээр байраа цоожилж байрнаас гаргасан. Мөн эхнэр Б.Ү 2024.08.20-ны өдрийн 16 цагт байраа суллаж өгнө, төлбөрийн барьцаанд хөргөгч, угаалгын машин үлдээнэ гэж бичиж өгсөн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд төлбөрөө төлөөд юмаа ав, байрандаа ормоор байна гэж удаа дараа утсаар ярьж, мессеж бичсэн боловч хариу өгөхгүй байсан ба сүүлийн хоногт утсаа авахаа байсан. Иймд Б.Үаас 8, 9 сарын төлбөр 3,000,000 төгрөг, үүдний өрөөний обой урагдсан тул солих 200,000 төгрөг, үүдний гутлын хайрцаг урагдсан бүрээс солих зардал 100,000 төгрөг, байрны ашиглалтын зардал 281,895 төгрөг, мөн цахилгааны төлбөр 79,861 төгрөг, өмгөөлөгчийн зөвлөгөө авсан 50,000 төгрөг, нийт 3,711,756 төгрөгийг гаргуулж өгнө үү.”.

1.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Үүнд: “Хариуцагчтай гэрээг албан ёсоор 2024.10.08-ны өдөр нотариат дээр очиж цуцалсан. Мөн өдрөө хариуцагчаас манайд үлдээсэн угаалгын машинаа түрээсийн төлбөрийн 400,000 төгрөгт тооцон үлдээсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас дээрх 400,000 төгрөгийг хасч 3,311,756 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

2. Хариуцагч Б.Ү шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Төлбөрийн баримт, Иргэний оршин суугаа газрын хаягийн лавлагаа,  Мэдэгдэл хүргүүлэх тухай, Орон сууц хөлслөх гэрээ, Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Хариуцагчийн гар бичвэр, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, Гэрээ цуцлах тухай, Хариуцагчийн угаалгын машин үлдээсэн баримт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Хариуцагчаас шүүхэд баримт ирүүлээгүй байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч А.О дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Хөлслөгч тал буюу хариуцагч 2024.07.01-ний өдөр өгөх төлбөрөө төлөөгүй бөгөөд утсаар асуухад төлнө гэж хойшлуулсан ба 7 сард холбогдох утасны дугаараа өөрчилсөн учир холбоо барих боломжгүй болсон. Хариуцагчтай гэрээг албан ёсоор 2024.10.08-ны өдөр нотариат дээр очиж цуцалсан. Барьцааны 1,500,000 төгрөгийг 7 сарын түрээсийн төлбөрт суутгасан. Иймд Б.Үаас 8, 9 сарын төлбөр 3,000,000 төгрөг, үүдний өрөөний обой урагдсан тул солих 200,000 төгрөг, үүдний гутлын хайрцаг урагдсан бүрээс солих зардал 100,000 төгрөг, байрны ашиглалтын зардал 281,895 төгрөг, мөн цахилгааны төлбөр 79,861 төгрөг, өмгөөлөгчийн зөвлөгөө авсан 50,000 төгрөг, нийт 3,711,756 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд 2024.10.08-ны өдөр хариуцагчийн угаалгын машиныг 400,000 төгрөгт тооцохоор тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 3,311,756 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

3. Хариуцагч Б.Үад шүүх 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлаж өгсөн хэдий ч хуульд заасны дагуу бичгээр тайлбарыг шүүхэд ирүүлээгүй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Зохигчид 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “Орон сууц хөлслөх гэрээ”-г бичгээр байгуулсан байх ба уг гэрээгээр А.Оын өмчлөлийн Баянгол дүүрэг   тоот хаяг байршилтай 64,21 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Үын эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, Б.Ү нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хөрөнгийг эзэмшиж ашигласан төлбөрт 1 сарын 1,500,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх7-9/

 

5. Талуудын хооронд 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан Орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

Дээрх орон сууц хөлслөх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

6. Зохигчдын хооронд байгуулагдсан 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээний харилцааг нэхэмжлэгчийн хүсэлтээр хугацаанаас өмнө буюу 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөр дуусгавар болгосон нь гэрээ цуцалсан баримтаар тогтоогдож байна. /хх24-25/

 

7. Энэхүү Орон сууц хөлслөх гэрээний 4.7-д “Хөлслүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар бол нэг сарын өмнө хөлслөгч талд мэдэгдэх үүрэгтэй.” гэж талууд тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгчээс гэрээнд заасан хугацаанд хариуцагчид гэрээ цуцлах талаар мэдэгдсэн гэх үйл баримт тогтоогдсон. /хх-8/

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.”, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт “Дараах нөхцөл байдал байвал ... урьдчилан сануулах шаардлагагүй:, 226.1.1-т ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол гэж заасан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууц хөлслөх гэрээний дагуу төлбөрийг  нэхэмжилж байгааг гэрээнээс татгалзсан гэж үзнэ. 

 

8. Нэхэмжлэгчээс “...Гэрээнд заасны дагуу хариуцагчаас барьцаа болгож 1,500,000 төгрөгийг авсан. Харин хариуцагч гэрээнд заасан түрээсийн төлбөрөө төлөөгүй, байрыг суллаж өгөөгүй учраас 7 сарын түрээсийн төлбөрт 1,500,000 төгрөгийг суутган авсан.” гэж тайлбарласан.

 

9. Орон сууц хөлслөх гэрээний 5.2-т “Хөлслөгч гэрээнд заасан хугацаанд орон сууц хөлслүүлсний төлбөрийг хөлслүүлэгчид төлөх үүрэгтэй” гэж тохиролцсон байх бөгөөд хариуцагч Б.Ү нь 2024 оны 8, 9 сарын орон сууц хөлсөлсний төлбөрт 3,000,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч гэрээний үүрэгт хариуцагчаас 3,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Мөн талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хөлслөгч буюу хариуцагч байр ашиглалтын бүхий л зардлыг хариуцах үүрэгтэй байх ба 2024 оны 3-8 сарыг дуустал хугацааны ашиглалтын зардал 281,895  төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэв. /хх-4/

 

10. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч  “...Үүдний өрөөний обой урагдсан тул солих 200,000 төгрөг, үүдний гутлын хайрцаг урагдсан бүрээс солих зардал 100,000 төгрөг, цахилгааны төлбөр 79,861 төгрөг, өмгөөлөгчийн зөвлөгөө авсан 50,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.” гэх тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Ү нь нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гардан авсан, уг өдрөөс 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Дээрх хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хариу тайлбарыг бичгээр ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээх ба энэ хуулийн 100 дугаар 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Иймээс хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхээр тогтсон.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

12. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргээ хариуцагч зохих ёсоор гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул хариуцагч нь орон сууц хөлсөлсний төлбөр, байрны ашиглалтын зардалд нийт 3,281,895 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89,578 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 67,460 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Үаас 3,281,895 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29,861 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89,578 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 67,460 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ