| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0014/Э |
| Дугаар | 36 |
| Огноо | 2018-03-05 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 36
2018 оны 03 сарын 05 өдөр 2018/ШЦТ/36 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0014/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зэрлэг зандан зуу овогт Баастын Бд холбогдох 1739002320079 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Баянхонгор аймгийн Бууцагаан суманд 1977 оны 12 дугаар сарын 30-нд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Батноров сум 7 дугаар баг Бэрх тосгоны 1 дүгээр хэсэгт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2003 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж 4 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан Зэрлэг зандан зуу овогт Баастын Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар баг “Долоод” багийн нутгаас иргэн Б.Ганчулууны алдуул 3 тооны адууг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Л.Амарбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...намайг намаржаан дээр байхад Б гэх саахалтын залуу мотоцикльтой ирээд адуу ажиллаад өгөөч гэхээр нь Бгийн хаваржаан дээр очиход 30 гаран тооны адуу хашсан байсан. Тэгээд 2 бор морь, хүрэн морь, хээр морийг Б барьсан байсан. Тэгээд 4 тооны адууг ажиллалцаж өгөөд би гэр рүүгээ явсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 42-43 хуудас/
Гэрч Ю.Батбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2016 оны 11 сарын 28-ны өдөр Хэнтий аймгаас Дэлгэрхаан сумын засаг даргаар сонгогдож ажилласан. 2017 оны 11 сарын 02-ны өдөр 13 цаг 20 минутанд Дэлгэрхаан сумын Долоод багийн иргэн Б нь мал мах түүхий эдийн гарал үүслийн бичиг авахаар ирсэн байсан. 2-р багийн засаг дарга байхгүй болохоор би Бд мал мах түүхий эдийн гарал үүслийн бичиг олгосон..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 38-39 хуудас/
Мотоцикль битүүмжилсэн тэмдэглэл /ХХ-ийн 29-34 хуудас/
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ 7-12 хуудас/
Эд зүйлийн үнэлгээ /хх 71-77 хуудас/
Сэжигтэн Б.Бгийн мөрдөн байцаалтан өгсөн: “...манай адуунд 10 сард нийлсэн зүс бүхий 3 тооны адуу байсан. Би тэр 3 тооны адууг адуутайгаа хамт туугаад өөрийн хаваржаа дээр ирж хашсан. ...нийлсэн 3 тооны адууг бариад уяж өөрийн нэг тооны адуутай хамт ажилласан..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 50 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар баг “Долоод” багийн нутгаас иргэн Б.Ганчулууны алдуул 3 тооны адууг завшиж 1.560.000 төгрөгний хохирол учруулсан болох нь хохирогч Б.Ганчулууны мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч Ю.Батбаярын мэдүүлэг, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний 3 тооны алдуул адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 1.560.000 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ганчулуун 1.560.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохиролоо бүрэн төлсөн, хохирогч нь нэхэмжилэх зүйлгүй, санал гомдолгүй байгааг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХнь:
1. Шүүдэгч Зэрлэг зандан зуу овогт Баастын Бг бусдын алдуул малыг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 1 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял биеэлмэгц 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА