Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/976

 

 

 

 

 

   2023           10             10                                        2023/ДШМ/976

 

Ж.Өт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

   Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Алдар, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

   прокурор М.Алтанцэцэг,

  шүүгдэгч Ж.Ө, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

  нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/543 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Өын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2210023430749 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Бага Монгол овгийн Ж.Ө, 1972 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт .............. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо ........................ тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:................/;

Шүүгдэгч Ж.Ө нь Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 3 шуудай 84.8 кг Сибирь хушны үр идээ /самар/-ыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” зах орчмоос 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр бусдаас худалдан авч, 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Таван толгой шалган нэвтрүүлэх товчоогоор 09-94 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Ж.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Өыг “Зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үрийг худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Өыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч Ж.Өыг өөрийн түр оршин суудаг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ө нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлүүлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ж.Өт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Өаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах хөргүүртэй чингэлэгт хадгалагдаж байгаа 84.8 кг Сибирь хушны үр, идээг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ж.Өаас 41.933.600 /дөчин нэгэн сая есөн зуун гучин гурван мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгч Ж.Өын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ж.Өын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ж.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх "Зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үрийг худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулсан. Миний бие хууль зүйн мэдлэггүйгээсээ хууль бус зүйл хийж байгаагаа мэдэхгүй самар худалдан авч тээвэрлэсэн. 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр гал гарч орон байр маань шатаж өмссөн хувцастайгаа үлдсэн. Одоогоор орон байр авах боломжгүй байгаа тул Өмнөговь аймгийн Ханбогд суманд эхнэр 2 хүүхдийн хамт хүргэнийхээ хашаанд гэр барьж амьдардаг. Би урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй анх удаагаа ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Миний хувийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялын хэмжээ болон 41.933.600 төгрөгийг багасгаж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Ж.Өын өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгч Ж.Өын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Миний үйлчлүүлэгчийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатнаас зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг худалдан авсан, тээвэрлэсэн гэх үйлдэлд нь гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан. Үүнтэй холбоотойгоор хохирлын хэмжээ болох 41.933.600 төгрөгийг төлүүлэхээр тогтоосон байгаа. Өмгөөлөгчийн зүгээс Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалтад “байгаль орчинд учруулсан хохирол" гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг” гэсэн утгаар ойлгохоор заасан. Миний үйлчлүүлэгчийн худалдан авсан, тээвэрлэсэн гэх үйлдэл нь байгаль орчинд учруулсан хохиролд тооцогдохгүй. Мөн Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас шууд учруулсан хохирол биш гэж үзэж байна. Тийм учраас хохиролд гаргуулахаар тогтоосон 41.933.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд ял шийтгэлийн талаар санал гаргасан. Өмгөөлөгчийн хувьд давж заалдах шатны шүүх хуралдаанаас эхлэн оролцож байгаа учраас үйлчлүүлэгчтэйгээ зөвлөлдөхөд гэр бүлийн хувьд цайны газар ажиллуулж, хувиараа хөдөлмөр эрхэлдэг юм байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн тухайд торгох ялыг оногдуулах бүрэн боломжтой. Миний үйлчлүүлэгч Ж.Ө нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруудаа маргадаггүй. Тийм учраас торгох ялын доод хэмжээ болох 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, ял шийтгэлийг өөрчилж  өгнө үү гэх саналыг дэмжиж байна. ...” гэв.

            Прокурор М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно” гэж заасан. Мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтад “ургамалд учруулсан” гэж заасан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд байгалын ургамлыг хууль бусаар бэлтгэх гэсэн гэмт хэргийг заасан. Уг зүйл, ангийн 1 дэх хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн...” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт авагдсан баримтаар 84.8 кг Сибирь хушны үр идээ /самар/-ыг худалдаж авсан, тээвэрлэсэн гэдэг нь хангалттай тогтоогддог. Сибирь хушны үрийн нөхөн төлбөрийг 1 кг-ийг 98.900 төгрөгөөр тооцоолсон. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр экологи, эдийн засгийн үнэлгээг 8.386.720 төгрөгөөр тооцсон. Ийм учраас 84.8 кг гэж тооцож, шүүхээс 41.933.600 төгрөгийг гаргуулахаар тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй. Ял шийтгэлийн тухайд шүүгдэгч Ж.Өт хуульд заасан ялыг оногдуулсан, хувийн байдал, хэргийн нөхцөл байдалд тохирсон гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Ж.Ө нь Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 3 шуудай 84.8 кг Сибирь хушны үр идээ /самар/-ыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” зах орчмоос 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр бусдаас худалдан авч, 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Таван толгой шалган нэвтрүүлэх товчоогоор 09-94 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

   иргэний нэхэмжлэгч Нийслэлийн байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Т “...Ж.Ө шүүхээр гэмт буруутай нь тогтоогдвол Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар дүгнэлтэд дурдагдсан нөхөн төлбөрийг нэхэмжлэх болно. ...” /хх 26-27/,

            иргэний нэхэмжлэгч Ө.Т“...09-04 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн эцэг Ж.Өт хэрэглэж бай гээд өгсөн. Би тээврийн хэрэгслийг аавдаа өгсөн болохоор надаас зөвшөөрөл аваад байх шаардлага байхгүй. 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр шиг санаж байна, аав Улаанбаатар хотод байсан. Надаас мөнгө асуусан яах гэж байгаа талаар асуухад бусдаас хуш самар худалдаж аваад эргүүлээд үнэ ханш дээгүүр худалдан борлуулах санаатай байна гэж хэлсэн. Тухайн үед би аавд мөнгө өгөөгүй, маргааш нь надтай утсаар яриад самар ачиж явж байгаад баригдчихлаа, торгуулийн мөнгө байна уу гэхээр нь торгуулийн мөнгө явуулсан хэдэн төгрөг явуулснаа санахгүй байна. Тухайн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх учир аавдаа хэрэглэж бай гээд өгсөн. Авто тээврийн газарт очиж эзэмшигчийг нь шилжүүлээгүй байгаа. Уг тээврийн хэрэгслийг 2022 оны 6 дугаар сард Улаанбаатар хотоос хувь хүнээс 6.800.000 төгрөгөөр худалдан авч байсан, одоо зах зээлийн үнэлгээ нь 7.000.000 төгрөгөөр үнэлж байна. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...”  /хх 84/,       

            шүүгдэгч Ж.Өын яллагдагчаар өгсөн: “...би уулнаас самар түүгээгүй, хүнээс худалдан авсан. 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн жолоодож явсан, хүү Ө.Тэзэмшлийн 09-04 ӨМҮ улсын дугаартай “Toyota Axio” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Сонгинохайрхан дүүрэгт байрлах Хархорин захын гадна талбай дээрээс самар бөөндөнө гээд зогсож байсан нэг эрэгтэй хүнээс 90 килограмм самрыг 1 килограммыг тус бүрийг нь 5.500 төгрөгөөр бодоод 495.000 төгрөгөөр худалдан авсан. Тэр самар нь цайруулсан, хог байхгүй самар байсан тул би жижиглэнгээр зарж борлуулбал хэдэн төгрөг олчих юм байна гэж бодоод худалдаад авчихсан юм. Тэгээд Шувуун фабрикт байдаг гэртээ оруулж 1 хонуулаад маргааш нь хот руу оруулж нэг газар зогсож байгаад зарах санаатай явж байсан боловч цагдаагийн алба хаагч шалгаад самраа хураалгаад Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирж мэдүүлэг өгсөн. ...” /хх 120-121/ гэсэн мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар “...Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour-ны цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу үр. Сибирь нарс (Хуш)- Pinus sibirica Du Tour нь Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал. Шинжилгээнд ирүүлсэн ургамлын үрийн түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй. Сибирь нарс (Хуш)- Pinus sibirica Du Tour нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамлын болохыг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирсэн самрын үрийн дундаж чийг нь 27.6% байна. Хуш модны самрыг МNS 5786:2007, МNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Мөрдөгчийн тогтоолд дурдсанаар экологи-эдийн засгийн үнэлгээ нь 84.8кг*98.900=8.386.720 төгрөг байна. “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 5*8.386.720=41.933.600 төгрөг байна. ...” /хх 44-49/ гэсэн дүгнэлт,

Хос итгэл төгс ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн №01/25 дугаар “...09-04 ӨМҮ улсын дугаартай “Toyota Axio” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээний дүнг 2.800.000 төгрөгөөр тогтоов. ...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх  98-103/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-8/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-17/ зэрэг цуглуулж, бэхжүүлж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ж.Өыг зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал, тэдгээрийн үрийг худалдан авсан, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамалын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож, нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна түүнийг нөхөн сэргээж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх агуулгыг илэрхийлнэ.

            Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас Байгаль орчинд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээг Төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон ургамал экологи-эдийн засгийн үнэлгээнд үндэслэн тогтоож, шүүгдэгч Ж.Өаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4.3 дахь заалт,, Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгүүдэд заасантай нийцжээ.

Шүүгдэгч Ж.Ө гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний хувийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялын хэмжээ болон торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэжээ.

Эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байгаа хэдий ч давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хувийн байдлыг харгалзан үзэж 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

          Иймд шүүгдэгч Ж.Өын гаргасан “...Миний хувийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авч, “41.933.600 төгрөгийн хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1,1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/543 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Өыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Өыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                                ШҮҮГЧ                                           Л.ДАРЬСҮРЭН

  

                                ШҮҮГЧ                                           М.АЛДАР

 

                                ШҮҮГЧ                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ