Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 110/ШШ2025/0001

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Гомдол гаргагч : “Б” ХХК,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ш.Ш нарын хоорондын зөрчлийн маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: гомдол гаргагч “Б” ХХК-ийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир /цахимаар/, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ш.Ш, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б /цахимаар/, гэрч Х.М /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

            1. Гомдол гаргагч “Б” ХХК-аас Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0693608 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай гомдлын шаардлага гаргасан.

2. Гомдол гаргагчаас гомдлын шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан:

2.1. Манай “Б ХХК нь Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын MV-, MV- дугаар бүхий тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Манай компани 2023 онд үйл ажиллагаа явуулахгүй тухайгаа болон уулын ажлын төлөвлөгөөг боловсруулаагүй талаар Ашигт малтмал газрын тосны газарт мэдэгдсэн.

2.2. Гэтэл Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч нь манай компанийг “2023 оны уулын ажлын тайланг хуулийн хугацаанд гаргаж өгөөгүй” гэх үндэслэлээр 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0693608 дугаар шийтгэлийн хуудсаар 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль оногдуулсан. Манай компани 2023 онд уулын ажил явуулахгүй талаар Ашигт малтмал, газрын тосны газарт мэдэгдсэн, мөн уулын ажлын төлөвлөгөөг боловсруулж батлуулаагүй тул уулын ажил хийх боломжгүй.

Нэгэнт Ашигт малтмал, газрын тосны газарт уулын ажил явуулахгүй гэж урьдчилан мэдэгдсэн тул уулын ажлын тайлан гаргах ямар ч шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл, уулын ажлын төлөвлөгөө батлуулсан бол тухайн төлөвлөгөөний биелэлттэй холбоотой тайланг гаргах байтал манай компани анхнаасаа төлөвлөгөө ирүүлэх боломжгүй буюу үйл ажиллагаа явуулахгүй талаараа эрх бүхий байгууллагад албан бичгээр мэдэгдэж байсан.

2.3. Ашигт малтмалын тухай хуульд үйл ажиллагаа явуулаагүй тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагааны тайлан өгөх тухай үүрэг огт байхгүй. Мөн улсын байцаагч нь 0693608 дугаар шийтгэлийн хуудсаа бичихдээ Зөрчлийн тухай хуулийн 7.11-т заасан Ашигт малтмалын тухай хууль зөрчих зүйлийн 2.2-ыг үндэслэж шийтгэл оногдуулсан байх боловч Ашигт малтмалын тухай хуулийн аль зүйл заалт хэсгийг зөрчсөн талаар огт дурдаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т “захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-т “хуульд үндэслэх” гэж тус тус  заасан.

2.4. Гэтэл улсын байцаагч нь ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр уулын ажил хийхгүй талаар мэдэгдсээр атал уулын ажлын тайлан гаргаж өгөөгүй гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн  47 дугаар зүйлийн 47.1.2-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

2.5. Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0693608 дугаар шийтгэлийн хуудсыг  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү гэжээ.

3. Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1. Аливаа төлөвлөгөөний биелэлтийг хэрэгжүүлж тайлан гаргадаг. “Б” ХХК нь уулын ажил буюу ашиглалтын үйл ажиллагаа явуулахгүй талаар мэдэгдсэн. Төлөвлөгөө батлагдаагүй, уулын ажлыг явуулаагүй байгаа учраас уулын ажлын төлөвлөгөө  байхгүй. Харин уулын ажлын төлөвлөгөөг батлуулахгүйгээр тухайн жил уулын ажиллагаа явуулбал эсрэгээр зөрчлийн хуулиар торгуулах ёстой.

3.2. “Б” ХХК нь Ашигт матмалын тухай хуулийг зөрчсөн гэж Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулсан.  Гомдол гаргагч нь Ашигт матмалын тухай хуулийн яг, ямар зүйл заалтыг зөрчсөн бэ, төлөвлөгөө батлуулаагүй, дараагийн жил уулын ажил явуулахгүй гэдгийг урьдчилан мэдэгдсэн байхад тайлан нэхэж байгаа нь үндэслэлгүй. Ашигт малтмалын тухай хуульд заасан яг ямар зүйл заалт, үүргийг зөрчсөн гэдэг нь тодорхой биш.

3.4. Ашигт матмалын тухай хуулийн 48 дугаар зүйл 48.6 дахь хэсэгт “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь мэдээ, тайланг дор дурдсан хугацаанд төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэж заасан. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.6.1 дэх хэсэгт “тухайн ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг эрх бүхий байгууллагаар хийлгэж, ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш нэг жилийн дотор”, 48 дугаар зүйлийн 48..6.2 дахь хэсэгт “дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд, уулын ажлын төлөвлөгөөг батлагдсан зааврын дагуу 12 дугаар сарын 01-ний дотор батлуулна” гэж тус тус заасан.

3.5. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.6.3 дахь хэсэгт “ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд нөөцийн зэрэглэлийг ахиулах ашиглалтын хайгуулыг тухай бүр хийж, ажлын төлөвлөгөө, тухайн жилийн болон хайгуулын ажлын үр дүнгийн тайланг энэ хуулийн 48.1.2-т заасны дагуу”, 48.1.2 дахь хэсэгт “хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас батлагдсан зааврын дагуу гаргаж, дараа нь оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор гаргана” гэсэн. Энэ нь хайгуулын ажлын жилийн тайлан. Хариуцагчаас хайгуулын ажил явуулсангүй, тайланг гаргаагүй гэж торгосон, эсхүл уулын ажлын тайланг гаргаагүй гэж торгосон нь тодорхойгүй.

Уулын ажлыг явуулаагүй ч гэсэн, үйл ажиллагаа явуулаагүй талаар тайлан гаргах зохицуулалт Ашигт малтмалын тухай хуульд байхгүй. Х тайлан гэсэн ойлголт байхгүй. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид үйл ажиллагаа явуулаагүй бол үйл ажиллагаа явуулаагүй тухай тайланг гаргах үүрэг хүлээхгүй. Шийтгэлийн хуудас буюу захиргааны акт гаргах  хуульд заасан үндэслэл  байгаагүй гэж үзэж байна.

3.6. Хайгуулын мэдээ, тайлан гаргах аргачлалын зааврыг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга баталсан гэж байна. Өөрөөр хэлбэл, хуулиас давсан журам баталсан. Зөрчлийн тухай хуульд  хууль зөрчсөн  тохиолдолд шийтгэл ногдуулдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт “энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Тийм хэм хэмжээний акт юм уу, ямар нэгэн аргачлал зөрчсөн гэдгээр хүн, хуулийн этгээдийг 10,000,000 төгрөгөөр торгож болохгүй.

Иймд илт хууль бус захиргааны акт байна.  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

            4. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

            4.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Манай компани 2023 онд уулын ажил явуулахгүй талаар Ашигт малтмал, газрын тосны газарт мэдэгдсэн тайлан гаргах ямар ч шаардлага байхгүй” гэжээ. Ашигт малтмал, газрын тосны даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/121 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Уулын ажлын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны тайланд тавигдах шаардлага”-ын 1 дэх хэсгийн 1.2-т Үйл ажиллагаа явуулаагүй тухай Х тайлан өгөхөөр байгаа.

            4.2. Мөн А/121 дүгээр тушаалаар батлагдсан “Хайгуул, уулын ажлын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээг хүргүүлэх, ирүүлэх, хүлээн авах заавар”-ын 1.2-т “Төлөвлөгөө, тайлан, мэдээг цахим хаягтай геологи, уул уурхайн мэдээллийн системээр хүргүүлэх, ирүүлэх ажиллагааг хэрэгжүүлнэ”, 4.2-т “тайланг хавсралт 4-т заасан шаардлагын дагуу боловсруулан, системээр ирүүлнэ” гэсний дагуу цахим системээр тайлан, төлөвлөгөө гаргах үүрэгтэй байсан боловч хуулийн хугацаанд гаргаагүй байна.

4.3. Нэхэмжлэгч нь А/121 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтын дагуу “Үйл ажиллагаа явуулахгүй тухай Х төлөвлөгөө” цахимаар өгсөн боловч уг тушаалыг мэдсээр байж үйл ажиллагаа явуулаагүй тухай Х тайлан гаргаагүй нь хууль зөрчсөн үйлдэл юм. Энэ нь Ашигт малтмал, газрын тосны газрын уул уурхайн хэлтсийн даргын 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 11/2338 тоот албан бичигт тусгасан Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д заасны дагуу 2023, 2024 онуудад үйл ажиллагаа явуулахгүй тухай Х төлөвлөгөөг геологи, уул уурхайн мэдээллийн системд ирүүлсэн, 2023 оны тайланг ирүүлээгүй байна гэснээр нотлогдож байна.

            4.4. Аймгийн Засаг даргын тамгын газрын геологи, уул уурхай, газрын тос, хийн хяналтын улсын байцаагч би Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны салбарын хяналтын газрын даргын 11/967 дугаар албан бичгээр ирүүлсэн гомдол мэдээллийг 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ” гэж заасны дагуу “Б” ХХК-д холбогдуулан ЗД-08 дугаар зөрчлийн гомдлын мэдээллийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан.

            4.5. “Б” ХХК нь Баян-Өлгий аймгийн Булган сумдын нутаг дэвсгэр болох “Хуурай салаа”, “Индэрт” гэх газарт  MV-. MV- дугаартай ашиглалтын зөвшөөрлүүдтэй талбайн 2023 оны уулын ажлын тайланг Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д заасан тайлан мэдээг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж, хуулийн хугацаанд Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлээгүй гэх зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйл зөрчил шалган шийдвэрлэх  ажиллагааны харьяаллыг  тогтоосон 6.42 дахь заалтын дагуу Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2 дах заалт хайгуулын, ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэснийг үндэслэн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 0693608 дугаар шийтгэлийн хуудсаар торгуулийн арга хэмжээ оногдуулсан.

            4.6. Тус компани нь 2023 уулын ажлын тайланг хуулийн хугацаанд холбогдох төрийн байгууллагад хүргүүлсэн эсэхийг тодруулах зорилгоор аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн тодорхойлолт ирүүлэх тухай 3-02/494 дугаар албан бичгээр  “Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Энканто Таун 305 байр 40 тоот” хаягт хүргүүлсэн.

4.7. Зөрчлийн холбогдогч итгэмжлэгдсэн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох зорилгоор 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны дуудах хуудас болон харилцаа, холбооны хэрэгсэл ашиглан тус компанийн гүйцэтгэх захирал У овогтой Х  утаст холбогдож мэдэгдсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6.3  дугаар заалтыг зөрчсөн талаар хэргийн материалын хэрэг бүртгэлтийн ажиллагааг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тэмдэглэлд дурдсан. Манай аймагт  37 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгжүүд  байна. Түүнээс өнөөдрийн байдлаар 2 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Бусад нь 35 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгжүүд хуулийн дагуу Х тайланг гаргасан.

Иймд, Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах мэдээ, тайланг дор дурдсан хугацаанд төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 48.6.3-т “ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд нөөцийн зэрэглэлийг ахиулах ашиглалтын хайгуулыг тухай бүр хийж, ажлын төлөвлөгөө, тухайн жилийн тайланг энэ хуулийн 48.1.2-т заасны дагуу төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх”-ээр хуульчилсан ба үүнтэй уялдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/121 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан уулын ажлын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны тайланд тавигдах шаардлагын 1 дэх хэсгийн 1.2-т үйл ажиллагаа явуулахгүй тухай Х тайлан өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.

            Ашигт малтмал, газрын тосны газрын даргын  А/121 дүгээр тушаалаар батлагдсан хавсралтад  тайланг хоёр төрөлтэй,  нэгдүгээрт, уулын ажлын болон “Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны тайлан”,  хоёрдугаарт, “Үйл ажиллагаа явуулаагүй тухай Х тайлан” гэж гарах ёстой гэж заасан. Тухайн журамд заасан тайланг гаргаагүйгээс болж нэхэмжлэгч “Б” ХХК-д арга хэмжээ тооцсон гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

5.1. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6.3 дахь хэсэгт ашигт малтмал ашиглалтын  тусгай зөвшөөрөл  эзэмшигчийн үүргийг заагаад өгсөн байна. Түүнийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч хайгуулын тусгай зөвшөөрөл гэж хуулийг буруу тайлбарлаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6.3 дахь заалтад  “ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд нөөцийн зэрэглэлийг ахиулах ашиглалтын хайгуулыг тухай бүр хийж, ажлын төлөвлөгөө, тухайн жилийн болон хайгуулын ажлын үр дүнгийн тайланг энэ хуулийн 48.1.2-т заасны дагуу гаргана” гэж хугацааг заасан. Түүнээс биш хайгуулын ажил гэсэн ойлголт биш.

Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж тус бүр үүргээ биелүүлдэг. Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн  2.2 дахь заалтад “хайгуулын, ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Энэ жишгээр олон аж ахуйн нэгжүүд шүүхээр ороод, гомдлыг  шийдвэрлүүлж авсан.

5.2. Гомдол гаргагчийн өмгөөлөгч тайлан гаргах шаардлагагүй гэж тайлбарлаж байна. Улсын ашигт малтмалын нэгдсэн тоо гэж маш том бүртгэл явагддаг. Тухайн бүртгэлийг  12 дугаар сарын 31-ний өдөр улсын архивд өгдөг. Үүнээс гарах үр дүн нь асар том байдаг.  Санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд Х тайланг хуулийн хугацаанд гаргаж өгдөг.

Иймд  улсын байцаагч Н.Ш гаргасан шийдвэрийг зөв гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн гомдол гаргагч  “Б” ХХК-ийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0693608 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.  Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдөр  “Б” ХХК-д   13904А дугаар тусгай зөвшөөрлөөр[1] Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг дэвсгэр дэх “Хуурай салаа” нэртэй газраас  334 га  газар бүхий уурхайн талбайд, мөн 2007 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ..... дугаар тусгай зөвшөөрлөөр[2]   “И” нэртэй газраас 65 га газар бүхий уурхайн талбайд  тус тус хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч гэрчилгээ олгожээ.

3. “Б” ХХК-аас 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтэст хаягласан 2022/29 дугаар “Уулын ажлын төлөвлөгөөний тухай” албан бичгээр[3] Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг дэвсгэр дэх  ......., .......... тоот лицензэд талбайд компанийн хөрөнгө оруулагчид хүндэтгэн үзэх шалтгаанаар ирэхгүй болсонтой холбогдуулан 2023 онд үйл ажиллагаа явуулахгүй тухай мэдэгдсэн бөгөөд энэ үйл баримт нь “Б” ХХК-д хаягласан “Б”  ХХК нь “2023, 2024 онуудад үйл ажиллагаа явуулахгүй тухай Х төлөвлөгөө”-г Геологи, уул уурхайн мэдээллийн системд ирүүлсэн талаар тусгасан  Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтсийн даргын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 11/2338 дугаар албан бичгээр[4]  тогтоогдож байна.

4. Монгол Улсын Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яамны салбарын хяналтын газрын дарга Б.М Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газарт 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 11/967 дугаартай албан бичиг болон түүний хавсралтын 8, 9 дэх хэсэгт[5] “Б” ХХК-ийг нэрлэн зааж, хуулийн хугацаанд тайлан ирүүлээгүй үндэслэлээр хариуцлага тооцох талаар чиглэл хүргүүлснээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын геологи, уул уурхай хяналт, газрын тос, хийн хяналтын улсын байцаагч зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 069308 дугаар шийтгэлийн хуудсаар[6] гомдол гаргагчийг “... өөрийн эзэмшлийн МV-, МV- тоот ашиглалтын зөвшөөрлийн талбай тус бүрийн 2023 оны уулын ажлын тайланг гаргаагүй” үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т  зааснаар 10000 нэгж буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгожээ.

5. Дээрх шийтгэлийн хуудсыг  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ” гэсний дагуу хариуцагч нь холбогдогч хуулийн этгээдийн ерөнхий захирал У.Х өөрийн заасан /Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн тэмдэглэлд тусгасан/[7] тухайн үед оршин суугаа хаяг  руу харилцаа холбооны хэрэгсэл ашиглаж  2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 10:30 цагт хүргүүлсэн нь,  түүний хүү Х.М нь хүлээн авч гарын үсэг зурсан  нь хэрэгт авагдсан   “Монгол шуудан” ХК-ийн хэрэглэгчийн үйлчилгээний төвийн хэрэглэгчийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Л.Т 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 18/721 дугаар албан бичгээр[8], мөн шүүх хуралдаанд оролцсон гэрч Х.Маргуланы мэдүүлгээр тогтоогдож байгаагаас гадна   уг  шийтгэлийн хуудас гарсан өдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 14:12 цагт хариуцагч нь  “Б” ХХК-ийн захирал У.Х  дугаар утас руу  залгаж мэдэгдсэн нь “Mobicom” корпорацийн  хариуцагч Ж.Ш дугаартай утасны хэрэглээг тусгасан 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг дуусталх   дэлгэрэнгүй хуулгаар[9]  батлагдаж байна.

6. Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн  2.2-т “хайгуулын, ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д  "ашиглалтын тусгай зөвшөөрөл" гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг”, 48.6-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь мэдээ, тайланг дор дурдсан хугацаанд төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 48.6.2-т “дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд, уулын ажлын төлөвлөгөөг батлагдсан зааврын дагуу 12 дугаар сарын 01-ний дотор”, 48.6.3-т “ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд нөөцийн зэрэглэлийг ахиулах ашиглалтын хайгуулыг тухай бүр хийж, ажлын төлөвлөгөө, тухайн жилийн болон хайгуулын ажлын үр дүнгийн тайланг энэ хуулийн 48.1.2-т заасны дагуу” , 48.7-д “Энэ хуулийн 48.6.3-т заасан тайланд дараахь зүйлийг тусгана”, 48.7.1-т ”ажилласан өдөр, ажиллагсдын тоо, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмчлөлтэй холбоотой гэрээ, хэлцэл”, 48.7.2-т “уулын ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл, нөөцийн хөдөлгөөний тооцоо, уурхай ажилласан хугацаа, үйлдвэрлэлийн дамжлагын схем, өргөтгөл, шинэтгэлийн ажил”, 48.7.3-т “олборлосон хүдэр, үйлдвэрлэсэн, ачуулсан, борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, борлуулсан үнэ, түүнийг худалдан авагчийн тухай мэдээлэл, тухайн жилд оруулсан хөрөнгө оруулалт, ашиглалтын зардал, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн болон ашиглаж байгаа тоног төхөөрөмж, бусад хөрөнгийн тухай мэдээ”, 48.7.4-т “энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан аюулгүй ажиллагааны талаархи мэдээ” гэж тус тус заажээ.

7. Гомдол гаргагчаас илт хууль бус болохыг тогттолгохыг хүссэн захиргааны  шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэл болох  Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т заасан  “хайгуулын, ашиглалтын талаар хуульд заасан … тайлан, …” гэдэгт  ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуулийн 48.6.2-т заасан дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд болон уулын ажлын  төлөвлөгөөний дагуу, мөн 48.6.3-т заасан  ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд  нөөцийн зэрэглэлийг ахиулах ашиглалтын хайгуулыг тухай бүр хийж,  ажлын төлөвлөгөөг гаргасны дагуу тухайн жилд үйл ажиллагаагаа явуулсан тохиолдолд хуулийн 48.7-д заасан шаардлагыг болон тухайн жилийн болон хайгуулын ажлын үр дүнг бүрэн тусгасан, төрийн захиргааны байгууллагаас баталсан заавраар гаргасан   тайлан гэж  ойлгохоор байна.

8.  Хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т “хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор” гэсний дагуу баталсан  Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/121 дүгээр тушаалын   “Хайгуул, уулын ажлын болон баяжуулах  Үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээг хүргүүлэх, ирүүлэх, хүлээн авах заавар батлах тухай” зааврын  хавсралтын Дөрөв хэсгийн 4.1-т “Төлөвлөгөөг Эрдэс, баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэгдэж, хүлээн авсан Техник, эдийн засгийн үндэслэл, уулын ажлын тайлан, мэдээний бодит үр дүнд тулгуурлан боловсруулна”, 4.2-т “Уулын ажлын болон Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг Хавсралт-3, 4, 5-т заасан шаардлагын дагуу боловсруулан, системээр ирүүлнэ”, Хавсралт-3 “Уулын ажлын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тавигдах шаардлага”-ын   2 дах хэсгийн   2.1-т “Уулын ажлын болон Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө;”,  2.2-т “Үйл ажиллагаа явуулахгүй тухай Х төлөвлөгөө”, 4 дэх хэсэгт “4.2.2-д заасан Х төлөвлөгөөнд шалтгаан, нөхцөл байдлыг дурдсан албан хүсэлт, холбогдох материалыг ирүүлнэ”, Хавсралт-4 “Уулын ажлын болон Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны тайланд тавигдах шаардлага”-ын 1 дэх хэсгийн 1.1-т “Уулын ажлын болон Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны тайлан”,  1.2-т “Үйл ажиллагаа явуулаагүй тухай Х тайлан;”, 4 дэх хэсэгт “Х тайланд дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлнэ”, 4.1-т “Үйл ажиллагаа явуулаагүй тухай болон түүний шалтгааныг дурдсан албан тоот”, 4.2-т “Ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүйг нотолсон сум, дүүргийн засаг даргын тодорхойлолт”, 4.3-т “Аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт (маягтын дагуу)”, 4.4-т “Улс, орон нутгийн төсөвт оруулсан орлого (маягтын дагуу);”, 4.5-т “Үйл ажиллагаа явуулаагүй шалтгааныг нотолсон баримт” гэж тус тус заасан байна.

9. Дээрх зааврын хавсралт дах  “Үйл ажиллагаа явуулаагүй тухай Х тайлан”-гийн агуулгыг хуулийн  холбогдох заалтуудтай уялдуулан  тайлбарлахад, ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь  батлагдсан зааврын дагуу гаргасан дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийн болон уулын ажлын  үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасан үйл ажиллагааг тодорхой шалтгааны улмаас явуулаагүй тохиолдолд гаргах тайлан гэж үзэхээр, тодруулбал,  зааврын 2 дах хэсгийн   2.1-т заасан  “Уулын ажлын болон Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө;”-г гаргаж холбогдох байгууллагад хүргүүлсэн боловч тодорхой шалтгаанаар  үйл ажиллагаа явуулаагүй, явуулах боломжгүй  нөхцөл байдал үүссэн тохиолдолд гаргах тайлан бөгөөд,  2.2-т заасан “Үйл ажиллагаа явуулахгүй тухай Х төлөвлөгөө”-д хамаарахгүй юм.

10. Энэ хэргийн  тохиолдолд дээрх  зааврын холбогдох хэсэгт зааснаар “2023 онд үйл ажиллагаа явуулахгүй тухай Х төлөвлөгөөг” төрийн захиргааны байгууллагад тодорхой шалтгаанаа зааж мэдэгдэж, системээр хүргүүлсэн гомдол гаргагч “Бүркиткорпораци” ХХК-ийн үйлдэл  нь тогтоогдсоор  байхад үйл ажиллагаа явуулаагүй тухай шалтгааныг давхар зааж, “Үйл ажиллагаа явуулаагүй тухай Х тайлан” хүргүүлэхийг шаардах   хууль зүйн үндэслэлгүй, гомдол гаргагчийг зөрчил гаргасан   гэж үзэхээргүй байна.

11. Иймээс  хуульд заагаагүй үндэслэлээр зөрчил гаргасан гэж гомдол гаргагч “Бүркиткорпораци” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т зааснаар зөрчлийн хариуцлагад тооцсон хариуцагчийн  үйлдэл  нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэх хууль ёсны зарчимтай, 1.3 дугаар зүйлийн  1-т заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэх шударга ёсны зарчимтай тус тус нийцээгүй байна.    

12. Дээрх үндэслэлүүдээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0693608 дугаар шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;” шинжийг агуулсан байх тул уг захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.2, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 1.3 дугаар зүйлийн 1, 7.11 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн  2.2, Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2, 48.6, 48.6.2, 48.6.3, 48.7, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д -д заасныг тус тус баримтлан “Б” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж,  Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0693608 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                      

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          З.ГҮЛБАРША

 

 

 

[1] Хэргийн 15 дугаар тал

[2] Хэргийн 16 дугаар тал

[3] Хэргийн 53 дугаар тал

[4] Хэргийн 38 дугаар тал

[5] Хэргийн 36-37 дугаар тал

[6] Хэргийн 50 дугаар тал

[7] Хэргийн 74 дүгээр тал

[8] Хэргийн 111 дүгээр тал

[9] Хэргийн 128-130 дугаар тал