2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/00041

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг  өөрийн байр “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг  өөрийн байр “Н з г” ХХК-д холбогдох,

 

540,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

54,805,900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Н з г” ХХК-д  холбогдуулан гэрээний үүрэгт 540,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 “Манай “Э" ХХК болон “Н з г" ХХК нарын хооронд 2020 оны 9 сарын 30-ны өдрийн 20/31 тоот “Ажил гүйцэтгэх тухай гэрээ" байгуулагдсан. Тус гэрээгээр манай “Э" ХХК нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төв-ийн Б блокийн зоорийн давхарт халаалт, салхивч, хэрэгцээний халуун усны иж бүрэн автомат узелийн зангилаа, халаалтын автомат холигч насосны зангилааг угсрах ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч “Н з г" ХХК нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргийг хүлээсэн билээ. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйл 2.1 дэх хэсэгт зааснаар ажлын нийт үнэлгээ нь 450,000,000 төгрөг байхаар талууд тохиролцсон, мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2 дах хэсэгт заасны дагуу захиалагч “Н з г" ХХК нь гэрээнд заасан урьдчилгаа хөлс болох 90,000,000 төгрөгийг манай компанийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дах 406080907 тоот төгрөгийн дансанд шилжүүлсэн. Манай “Э” ХХК-ийн зүгээс Ажил гүйцэтгэх тухай гэрээ-нд заасан үүргээ бүрэн биелүүлж, чанар стандартын шаардлагад нийцүүлэн өөрийн хөрөнгөөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төв-ийн Б блокийн зоорийн давхарт халаалт, салхивч, хэрэгцээний халуун усны иж бүрэн автомат узелийн зангилаа, халаалтын автомат холигч насосны зангилааг угсрах ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгч, талууд ажил хүлээлцэх акт үйлдсэн. Нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул хариуцагч болох “Н з г” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлж үлдэгдэл төлбөр болох 360,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.1 дэх хэсэгт хугацаа хэтрүүлсэн хоног тутам хийх ёстой байсан ажлын үнийн дүнгийн 0,5 хувиар буруутай талдаа алданги тооцуулна гэж зааж өгсөн тул дээрх төлбөрөөс алданги тооцох үндэслэлтэй байна.

 

Иймд 2020 оны 11 сарын 10-ны өдрөөс 2022 оны 12 сарын 26-ны өдрийг хүртэл 776 хоног байх бөгөөд 360,000,000*0,5%=1,800,000 /өдөрт бодогдох алданги/ болох бөгөөд 776*1,800,000=1,396,800,000 төгрөг болж байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж зааж өгсөн тул нийт үнийн дүнгийн 50 хувь болох 180,000,000 төгрөгийг алдангид нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч, “Н з г” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний төлбөр болох 360,000,000 төгрөг, алданги 180,000,000 төгрөг, нийт 540,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

2. Хариуцагч “Н з г” ХХК хариу тайлбартаа: “2020 оны 03 сарын 30-ны өдөр №20/31 дугаартай “Ажил гүйцэтгэх тухай” /Халаалт, сахивч хэрэглээний халуун усны иж бүрэн автомат узель, халаалтын автомат холигч насосны зангилааны/ гэрээг манай компани, “Э” ХХК-ны хооронд байгуулахдаа “Э” ХХК-ныг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу Гүйцэтгэх захирал М.Мгэрээг баталгаажуулаагүй, харин түүнийг орлож гарын үсэг зурсан, тус гэрээний баталгаажуулах хэсгүүдэд М.Мыг төлөөлөх эрхгүй этгээдүүд түүний гарын үсгийг 2 удаа 2 өөрөөр зурсан. Гэрээг байгуулах үед гэрээний 2.1 дэх хэсэгт зааснаар ажлын нийт үнэлгээ нь 450,000,000 төгрөг байхаар заасан хэдий ч энэ үнэлгээг баталгаажуулах ямар нэгэн талуудын хооронд зөвшилцсөн зүйл огт байхгүй, /үнийн санал/ өөрөөр хэлбэл талууд гэрээний үнийг тодорхойлох үнийн санал, ажил гүйцэтгэх хуваарь гүйцэтгэх баримт бичиг байхгүй. Гэрээний 2.2 дах хэсэгт зааснаар захиалагч нь гэрээний урьдчилгаанд 20% буюу 90,000,000 төгрөгийг гэрээ батлагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан Гүйцэтгэгчийн худалдаа хөгжлийн банкны 406080907 тоот төгрөгийн дансанд шилжүүлнэ. Гүйцэтгэгч нь тус төлбөрийн хүлээн авч гэрээнд заасан ажлыг бүрэн дуусгаж өөрсдийн нөөц боломжоороо гүйцэтгэлийг захиалагч эрүүл мэндийн яаманд гаргаж /нэмэлт төсөв шийдвэрлэгдсэн дүнгээс/ 50%-ийг шууд авах эрхтэй гэж заасан нь илт хууль бус амлалтыг гүйцэтгэгч тал захиалагч талд өгсөн. Гэрээний 2.6 Дээрх үнэлгээг ажлыг гүйцэтгэж дуусах хүртэл талууд өөрчлөлт оруулахгүй мөрдөнө. Гэрээний “Дөрөв. Гүйцэтгэгчийн хүлээх эрх үүрэг” 4.2 дахь хэсэг Гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглох бөгөөд гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх хүний нөөцийн чадавхтай, мэргэжлийн ажилчидтай, тусгай зөвшөөрөлтэй байна гэж заасан боловч тус компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ гуравдагч этгээд буюу “Э ү п” ХХК буюу түүний захирал Б.Тгаар гүйцэтгүүлсэн нь 2022 оны 10 сарын 07-ны өдрийн 18/2022 тоот албан бичгээр тогтоогдсон. Өөрийн компанийн Улсын бүртгэлийн, Тусгай зөвшөөрлийн болон мэргэжлийн ажилчид, техник тоног төхөөрөмжийн талаар гэрээнд хавсаргаагүй. Гэрээний “тав. ажил гүйцэтгэх хугацаа” заахдаа 5.1 дэх хэсэг гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гэрээнд тохирсон үнэлгээнд багтаан 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 40 хоногийн дотор бүрэн дуусгаж, захиалагчид актаар хүлээлгэн өгөхөөр заасан боловч ажлыг дуусгаагүй, дээрх хэсгүүд болон тус гэрээ нь бүхэлдээ хүчин төгөлдөр бус төөрөгдөж хийсэн хэлцэл болох нь тодорхой харагдаж байна.

Мөн “Э” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний тодорхой заалтуудыг зөрчсөн гэрээт ажлыг гүйцэтгэх хугацаандаа гүйцэтгээгүй, гуравдагч этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлснээ нуун дарагдуулсан, гэрээний хориглох заалтуудыг ноцтойгоор зөрчсөн гэрээг тус компанийг төлөөлөх эрхгүй этгээдээр батлуулсан, гэрээгээр хууль бус амлалт өгсөн, ажил гүйцэтгэсэн талаар ямар нэгэн хууль ёсны акт баримт байхгүй, зэргийг харгалзан “Н з г” ХХК болон “Э” ХХК-ны хооронд байгуулсан 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №20/31 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, танай шүүхэд гаргасан гэрээний үүрэг 360,000,000 төгрөг, алданги 180,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэж маргажээ.

 

3. Хариуцагч “Н з г” ХХК-аас нэхэмжлэгч “Э" ХХК-д холбогдуулан 54,805,900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Манай компанид Т.Бнь Халаалт сахивч хэрэглээний халуун усны иж бүрэн автомат холигч насосны зангилааны ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулах санал тавьж компанийг миний өөрийн компани гэж тайлбарлан “Э” ХХК-ны нэрээр гэрээ байгуулан би ажил гүйцэтгэх гол ажлыг удирдан ажиллах болно, М.Мнь миний томилсон гүйцэтгэх захирал байгаа юм гэснээр 2020 оны 09 сарын 30-ны өдөр 20/31 дугаартай гэрээг байгуулсан. Гэрээний 2.2-т заасны дагуу манай компани нь “Э” ХХК-ны худалдаа хөгжлийн банк дахь 406080907 дугаартай төгрөгийн дансанд шилжүүлсэн. Үүнээс “Э ү п” ХХК, Б.Тд 70,000,000 төгрөгийг өгсөн, зөрүү 20,000,000 төгрөг, уг гэрээний дагуу 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 188.14 тонн хэмжээтэй 34,805,900 төгрөгийн үнэ бүхий асфальт бетон авсан төлбөр, нийт 54,805,900 төгрөгийг гаргуулан манай компанид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.” гэж тайлбарласан.

 

4. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд “Нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Урьдчилгаа төлбөрөөс 20,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Манай байгууллага нь “Э ү п” ХХК, Б.Ттай тухайн ажилд “туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж ажилласан болно. Тухайн гэрээгээр бид талуудын хоорондын эдлэх эрх, хүлээх үүргийг тогтоож өгсөн бөгөөд талуудын сайн дурын үндсэн дээр гэрээний эрх чөлөөний зарчимд тулгуурлан байгуулагдсан гэрээ тул бие даасан тусдаа харилцаа юм. Иймд тухайн гэрээний ажил гүйцэтгэл болон төлбөрийг харилцааг гэрээний оролцогч биш тул “Н з г” ХХК нь шаардах эрхгүй юм. 34,805,900 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд: “Эв эе” ХХК нь хариуцагч “Н з г” ХХК-иас огт асфальт бетон авч байгаагүй болно. Иймд огт үндэслэлгүй төлбөрийг нэхэмжилж байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Дээрх бүгдээс нэгтгэн үзэхэд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь илт үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэсэн тайлбарыг гаргасан.

 

 5. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Итгэмжлэл, Ажил гүйцэтгэх гэрээ, Сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Итгэмжлэл, Хариу тайлбар, Сөрөг нэхэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Зарлагын баримт, Нэхэмжлэх, Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, Ажил гүйцэтгэх гэрээ, Гүйцэтгэлийн хуудас, Дулааны зангилгааны зарчмын схем зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчийн хүсэлтээр гэрч Б.Т, Ц.Г, Б.Б нарын мэдүүлэг, Шинжээчийн дүгнэлт зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч “Э” ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Манай “Э” ХХК-ийн зүгээс Ажил гүйцэтгэх тухай гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төв-ийн Б блокийн зоорийн давхарт халаалт, салхивч, хэрэгцээний халуун усны иж бүрэн автомат узелийн зангилаа, халаалтын автомат холигч насосны зангилааг угсрах ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгч, талууд ажил хүлээлцэх акт үйлдсэн. Хариуцагч “Н з г” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээнд заасан үлдэгдэл төлбөр болох 360,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.1 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 11 сарын 10-ны өдрөөс 2022 оны 12 сарын 26-ны өдрийг хүртэл 776 хоног байх бөгөөд 180,000,000 төгрөгийг алданги, нийт 540,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.” гэжээ.

 

3. Хариуцагч “Н з г” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: “...“Э” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний тодорхой заалтуудыг зөрчсөн гэрээт ажлыг гүйцэтгэх хугацаандаа гүйцэтгээгүй, гуравдагч этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлснээ нуун дарагдуулсан, гэрээний хориглох заалтуудыг ноцтойгоор зөрчсөн гэрээг тус компанийг төлөөлөх эрхгүй этгээдээр батлуулсан, гэрээгээр хууль бус амлалт өгсөн, ажил гүйцэтгэсэн талаар ямар нэгэн хууль ёсны акт баримт байхгүй, зэргийг харгалзан “Н з г” ХХК болон “Э” ХХК-ны хооронд байгуулсан 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №20/31 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” маргажээ.

 

4. Хариуцагч “Н з г” ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “...“Э” ХХК-ийн захирал М.Мнь Т.Бминий томилсон гүйцэтгэх захирал байгаа юм гэснээр 2020 оны 09 сарын 30-ны өдөр 20/31 дугаартай гэрээг байгуулсан. Гэрээний 2.2-т заасны дагуу манай компани нь “Э” ХХК-д 90,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс “Э ү п” ХХК, Б.Тд 70,000,000 төгрөгийг өгсөн, зөрүү 20,000,000 төгрөг, уг гэрээний дагуу 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 188.14 тонн хэмжээтэй 34,805,900 төгрөгийн үнэ бүхий асфальт бетон авсан төлбөр, нийт 54,805,900 төгрөгийг “Э” ХХК-аас гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон.

 

5. Нэхэмжлэгч “Э” ХХК хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг “...Манай байгууллага нь “Э ү п” ХХК, Б.Ттай тухайн ажилд туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж ажилласан. Талуудын сайн дурын үндсэн дээр гэрээний эрх чөлөөний зарчимд тулгуурлан байгуулагдсан гэрээ тул бие даасан тусдаа харилцаа. Иймд тухайн гэрээний ажил гүйцэтгэл болон төлбөрийг харилцааг гэрээний оролцогч биш тул “Н з г” ХХК нь шаардах эрхгүй юм. Мөн “Э” ХХК нь хариуцагч “Н з г” ХХК-аас огт асфальт бетон авч байгаагүй. Иймд үндэслэлгүй төлбөрийг нэхэмжилж байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй.” гэж няцаасан. 

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.1 Зохигчид 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 20/31 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан байх ба уг гэрээгээр “Э” ХХК нь Түлэнхийн төв-ийн Б блокийн зоорийн давхарт халаалт, салхивч, хэрэгцээний халуун усны иж бүрэн автомат узелийн зангилаа, халаалтын автомат холигч насосны зангилааг угсрах ажлыг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 40 хоногийн дотор хийж гүйцэтгэх, “Н з г” ХХК нь гэрээний нийт дүн 450,000,000 төгрөгөөс 20 хувь буюу 90,000,000 төгрөгийг гэрээ батлагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан гүйцэтгэгчид шилжүүлэх, гүйцэтгэгч ажлын гүйцэтгэлийг захиалагч ЭМЯ-нд гаргаж нэмэлт төсөв шийдвэрлэгдсэн дүнгээс 50 хувийг шууд авахаар талууд харилцан тохиролцжээ. /хх-7-10/

 

7. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэж захиалагчид актаар хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн эсэх, уг гэрээний дагуу асфальт бетон авсан эсэх нь маргааны зүйл болжээ.

 

8. Зохигчдын хооронд байгуулагдсан 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 20/31 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-нд “Н з г” ХХК-ийг төлөөлж захирал Б.Б, “Э” ХХК-ийг төлөөлж М.Мнар гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулан гэрээ хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдож байна. Улмаар хариуцагч буюу захиалагч “Н з г” ХХК нь гэрээний 2.2-д заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 20 хувь буюу 90,000,000 төгрөгийг гүйцэтгэгч “Э” ХХК-д шилжүүлсэн талаар зохигч маргаагүй. /хх-7/

 

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

9. 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 20/31 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ-ний зохицуулалтад нийцжээ. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дах хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж заасан.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2-т “Гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглох бөгөөд гэрээнд заагдсан ажлыг гүйцэтгэх хүний нөөцийн чадавхтай, мэргэжлийн ажилчидтай, тусгай зөвшөөрөлтэй байна.” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч гэрээний дагуу ажлыг туслан гүйцэтгэгчээр хийж гүйцэтгэсэн гэж, хариуцагч гэрээнд заасан үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн гэж маргасан.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь Түлэнхийн төв-ийн Б блокийн зоорийн давхарт халаалт, салхивч, хэрэгцээний халуун усны иж бүрэн автомат узелиин зангилаа, халаалтын автомат холигч насосны зангилааг угсрах ажлыг Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно” гэж заасны дагуу  “Э ү п” ХХК-аар хийж гүйцэтгүүлсэн болох нь гэрч Ч.Тгийн “…2020 оны 10 сард “Э” ХХК-ийн захирал ирж уулзаад “та энэ ажлыг маш богино хугацаанд хийгээд өгөөч” гэсэн. “Э” ХХК-тай гэрээ байгуулсан. ...70,000,000 төгрөг нь ажлын урьдчилгаа, материалын хөлс гэж шилжүүлсэн. 10 хоногийн дотор ажлаа хийж дуусгаад дулаанд холбох гэсэн чинь Түлэнхийн төвийн дулааны шугам орж ирээгүй байсан. ...Тэгээд Ковид болоод каринтилсан. ...2020 оны 11 сард ажлын 90 хувийг нь хийсэн. Сүүлд дулаалга хийх зэрэг жижиг сажиг ажил үлдсэн. ...Ажлыг актаар хүлээлцсэн...” гэх мэдүүлэг, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-84-90/

 Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд талууд гэрээ байгуулахдаа дээрх нөхцлийг илэрхий байдлаар томьёолсон боловч нэхэмжлэгч нь “Э ү п” ХХК-аар гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн бодит үйлдлээр тогтоогдсон тул хууль буюу гэрээний үүргийн мөн чанарт харшлахгүй гэж үзнэ.

 

Дээрх гэрээний дагуу ажил гүйцэтгэгч “Э” ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлыг 2020 оны 11 сарын 10-ны өдрийн дотор гүйцэтгэж захиалагч “Н з г” ХХК-д актаар хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч 2020 оны 11 сарын байдлаар нийт ажлын 90%-ийг “Э ү п” ХХК гүйцэтгэсэн, мөн 2022 оны 12 сарын 30-ны өдрийн байдлаар ажлыг 100% хийж гүйцэтгэсэн болох нь гэрч Ч.Т, Ц.Г нарын мэдүүлэг, талуудын талбар, гүйцэтгэлийн хуудсаар тогтоогдож байна. /хх-84-90, 93-96, 153/

 10. Нэхэмжлэгч “Э” ХХК нь нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Н з г” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн хөлс төлөх үүргээ зөрчсөн тул гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй гэж тайлбарласан.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 20/31 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 2.1-т “... ажил гүйцэтгэх ажлын төсөв, хөлс, үнэлгээ нь нийт 450,000,000 төгрөг байна.”, 2.2-т “Захиалагч гэрээний урьдчилгаанд 20 % буюу 90,000,000 төгрөгийг гэрээ батлагдсан өдрөөс хойш ажлын 3-н хоногт багтаан гүйцэтгэгчийн Худалдаа хөгжлийн банкны 406080907 тоот төгрөгийн дансанд шилжүүлнэ. Гүйцэтгэгч нь тус төлбөрийг хүлээн авч гэрээнд ажлыг бүрэн дуусгаж өөрсдийн нөөц боломжоороо гүйцэтгэлийг захиалагч ЭМЯ-нд гаргаж /нэмэлт төсөв шийдвэрлэгдсэн дүнгээс/ 50%-ийг шууд авах эрхтэй.” гэж заажээ. /хх7-10/

 

Гэрч Б.Бгийн “...Тухайн ажлын гэрээгээр узелийг 90,000,000 төгрөгөөр хийж дуусгана. Нэхэмжилж байгаа үнийн дүнг Бнь Эрүүл мэндийн яаманд очиж төсөв дээр суулгана гэж ярьсан. Тэр мөнгөнөөсөө энэ мөнгөө авахаар тохирсон. Эрүүл мэндийн яаманд очиж төсөвт суулгах байсан нь өөрсдийнх нь гол ажил байсан...” гэх, Ц.Гн “...360,000,000 төгрөгийг гүйцэтгэл төсвийг бичээд улсаас авдаг. ...Ямар ч төсөвгүй зүйл дээр улсаас мөнгө аваагүй. Би хувиасаа танай компанид энэ узелийг хийгээд өгөөч гээд 90,000,000 төгрөгийг өгсөн. Тэр ажлыг Б, “Э” ХХК-ийн удирдлага олж өгөх ёстой. Тэр утгаараа гэрээнд хоёр дах заалт орж ирсэн.” гэх зэрэг мэдүүлэг болон гэрээнд зааснаас үзэхэд талууд нийт ажлын хөлсийг 450,000,000 төгрөг гэж тодорхойлсон боловч захиалагч буюу хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдлийг хэзээ, ямар хугацаанд, бүтэн эсхүл хэсэгчлэн нэхэмжлэгчид төлөх зэрэг нөхцөлийг тусгаагүй байх бөгөөд ийнхүү талууд тохиролцсон гэрээний 2.1, 2.2-т заалт нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж заасантай нийцээгүй гэж үзэхээр байна.

 

Шүүхээс томилогдсон “Х ү т” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 360 дугаар шинжээчийн дүгнэлтээр “...Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хаяръя Түлэнхийн төвийн “Б” блокийн зоорийн давхарт байрлах халаалтын иж бүрэн ялтсан бойлер, салхивчийн иж бүрэн ялтсан бойлер, хэрэгцээний халуун усны иж бүрэн автомат узелийн зангилаа, холигч насосны зангилааны угсралт, халаалтын холигч насосны коллектор, ус цэвэрлэгээний аппарат, цэвэр усны нөөцийн сав, шугам хоолойн угсралт зэргийн ажлын үнэлгээ 252,700,000 төгрөг болохыг тодорхойлов.” гэжээ. /хх-109-129/

 

Иймээс Түлэнхийн төв-ийн Б блокийн зоорийн давхарт халаалт, салхивч, хэрэгцээний халуун усны иж бүрэн автомат узелийн зангилаа, халаалтын автомат холигч насосны зангилааг угсрах ажлын хөлсийг дээрх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 252,700,000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна.

 

11. Түүнчлэн талууд гэрээний 8.1-д “Гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлж чадаагүй, шаардлага хангахгүй /доголдолтой/ гүйцэтгэсэн бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам хийх ёстой байсан ажлын үнийн дүнгийн 0,5%-иар буруутай талдаа алданги ногдуулна.” гэж тохиролцсон байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч гэрээ болон хуульд заасан хугацаа хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийг тийнхүү хугацаа хэтрүүлсэн ч гэсэн хүлээн авсан тохиолдолд алданги шаардах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч 2020 оны 11 сарын 10-ны өдрөөс 2022 оны 12 сарын 26-ны өдрийг хүртэл нийт 776 хоногийн алданги 180,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй байна. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Бид ажлаа Эрүүл мэндийн яаманд хүлээлгэж өгөх шаардлага гараад “Э” ХХК-тай очиж уулзахад үлдэгдэл 360,000,000 төгрөгийг өг, өгөхгүй бол уг ажлыг хүлээлгэн өгөхгүй гэсэн шаардлага тавьсан. Тиймээс  “Э ү п” ХХК-тай 2022 оны 10 сарын 05-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, захирал Ч.Т нь уг ажлыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгч акт үйлдсэн...” гэх тайлбар, гэрч Ч.Тгийн мэдүүлэг, хэрэгт авагдсан Гүйцэтгэлийн хуудас зэргээс үзэхэд Түлэнхийн төв-ийн Б блокийн зоорийн давхарт халаалт, салхивч, хэрэгцээний халуун усны иж бүрэн автомат узелийн зангилаа, халаалтын автомат холигч насосны зангилааг угсрах ажлыг захиалагчид 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн байх тул нэхэмжлэгч алданги 180,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрх үүсэхгүй гэж үзнэ.

 

12. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 20/31 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний ажлын хөлсийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 252,700,000 төгрөгөөр тооцон хариуцагч “Н з г” ХХК-аас нэхэмжлэгч “Э” ХХК-д ажлын хөлсний урьдчилгаанд 90,000,000 төгрөг төлснийг хасч, хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэл 162,700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

13. Түүнчлэн, хариуцагч “Н з г” ХХК нь “Э” ХХК-д 90,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс “Э ү п” ХХК, Б.Тд 70,000,000 төгрөгийг өгсөн, зөрүү 20,000,000 төгрөг, уг гэрээний дагуу 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 188.14 тонн хэмжээтэй асфальт бетон авсны төлбөр 34,805,900 төгрөг, нийт 54,805,900 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 20/31 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчин төгөлдөр талаар дээр дүгнэсэн. Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэх ба гэрээний нэг тал зөвхөн хуульд зааснаар, эсхүл гэрээнд зааснаар гэрээнээс татгалзах эрх эдлэх бөгөөд талууд “Ажил гүйцэтгэх гэрээ”-ээс татгалзсан үйл баримт тогтоогдоогүй.

 

Хариуцагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг бодитоор нэхэмжлэгч “Э” ХХК-аас хүлээн аваагүй, гүйцэтгэсэн ажлыг “Э ү п” ХХК-аас гэрээний үндсэн дээр актаар хүлээн авсан талаар маргаж, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 20/31 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу шилжүүлсэн зөрүү 20,000,000 төгрөгийг шаардах боловч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаас үзэхэд “Э” ХХК болон “Э ү п” ХХК нарын хооронд хийгдсэн хэлцлийн дагуу 2020 оны 11 сарын байдлаар нийт ажлын 90% хийгдсэн, мөн үүрэг гүйцэтгэгч үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасны дагуу хугацаанд нь гүйцэтгэх байсан боловч Ковид-19 цар тахлын нөлөө гэрээний талуудад нөлөөлсөн, 2022 онд “Э ү п” ХХК нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон.

 Өөрөөр хэлбэл, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 20/31 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ” нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийн заасан зохицуулалттай тус тус нийцсэн, хэлцлийн талууд болох “Э” ХХК болон “Н з г” ХХК-ийн хувьд үүсгэсэн үүрэг нь хүчин төгөлдөр байх тул хариуцагч “Н з г” ХХК нь нэхэмжлэгч “Э” ХХК-д ажлын хөлсний урьдчилгаанд шилжүүлсэн 90,000,000 төгрөгөөс зөрүү 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан шаардах эрхгүй гэж үзэв.

 14. Мөн хариуцагчаас дээрх гэрээний дагуу 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 188.14 тонн хэмжээтэй 34,805,900 төгрөгийн үнэ бүхий асфальт бетон авсан төлбөрийг шаардсан. Уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Асфальтобетон хольцын талон гэх баримтуудыг шүүхэд гаргажээ. 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 20/31 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-нд талууд асфальтобетон хүлээн авах, хүлээлгэн өгөх талаар тохиролцоогүй байх тул хэргийн 49-53 дугаар талд авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар ...тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байна.

 Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “...Гэрээнд асфальт өгөх талаар байхгүй гэхдээ гэрээний төлбөрт тооцож авна гэж аман байдлаар тохиролцсон байгаа...” гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нь дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 15. Иймд нэхэмжлэгч “Э” ХХК-д холбогдуулан 54,805,900 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Н з г” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 16. Шүүх хариуцагчийн хүсэлтээр Ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлын үнэлгээг шинжээчээр тогтоолгох хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн ба шинжээчийн ажлын хөлс 3,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж “Х ү т” ХХК-д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,857,950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 431,980 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 971,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгов. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н з г” ХХК-аас 162,700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 377,300,000 төгрөг, нэхэмжлэгч “Э” ХХК-д холбогдуулан гэрээний урьдчилгаанд төлсөн зөрүү 20,000,000 төгрөг, уг гэрээний дагуу 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 188.14 тонн хэмжээтэй асфальт бетоны төлбөрт 34,805,900 төгрөг, нийт 54,805,900 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч “Н з г” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,857,950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 431,980 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 971,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар шинжээчийн ажлын зардал 3,300,000 төгрөгийг хариуцагч “Н з г” ХХК-аас гаргуулж “Х ү т” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ