2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2025/00059

 

      

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 32 дугаар хороо,   тоот хаягт оршин суух Б овогт Г Б /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,   өөрийн байранд байрлах Нийслэлийн Б д Э м тд холбогдох,

 

Тушаал хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл хөлс урамшууллыг нөхөн төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Нийслэлийн Б д Э м тд холбогдуулан тушаалуудыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл хөлс урамшууллыг нөхөн төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг даалгах  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 “Миний бие Нийслэлийн Б д Э м тийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 07 ны өдрийн Б/294 дүгээр тушаалаар Б д Э м тийн Хүүхдийн салбар эмнэлгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байгаа бөгөөд Б д Э м тийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Г.Бг өөр ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай, Б/421 дугаар бүхий тушаалаар намайг хүүхдийн салбар эмнэлгийн эрхлэгчийн ажлаас чанарын менежерийн ажилд шилжүүлэх шийдвэр гарсан бөгөөд энэ шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр .... дараах үндэслэлээр... ажилтныг ... сэлгэн ажиллуулж болно... гээд ажлын ачааллыг тэнцүүлэх; тодорхой ажлын байранд ажиллуулахаар бэлтгэх, мэргэшүүлэх; хэд хэдэн ажлын байранд ажиллах чадвар эзэмшүүлэх, нэг ажлын байран дээр удаан ажилласнаас үүсэж болох зүй бус гаднын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх” гэх 4 үндэслэлийг дурджээ. Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт “ажилтантай тохиролцоогүй бол ажилтныг албан тушаал, цалин хөлсийг бууруулж сэлгэн ажиллуулахыг хориглоно” гэжээ. Мөн БГД ийн Эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “Байгууллагын бодлого зохицуулалтын шаардлагаар ажилтантай зөвшилцсөнөөр.. ажилтныг ..... сэлгэн ажиллуулах, .... шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулна” гэж заажээ. Хууль болон журмын дээрх зохицуулалтаас харахад ажил олгогч нь ажилтныг өөр албан тушаалд сэлгэн ажиллуулахдаа ажилтантай заавал зөвшилцсөн, харилцан тохиролцсон байх шаардлагатай байх бөгөөд БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга миний бие Г.Бг Хүүхдийн салбар эмнэлгийн эрхлэгчээс чанарын менежерээр сэлгэн ажиллуулах талаар надтай зөвшилцөж байгаагүй, харилцан тохиролцоогүй. Тодруулбал БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга нь хуульд тухайлан заасан нөхцөл шаардлага хангагдаагүй байхад буюу ажилтантай зөвшилцөөгүй, харилцан тохироогүй нөхцөлд сэлгэн ажиллуулах тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг болон БГД-ийн Эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1.7 дах хэсэгт нийцэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох тогтоол, дотоод журмуудын хүрээнд ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчлөх, цалин хөлсийг бууруулах, ажилтныг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зэрэг шийдвэр гаргахдаа үндэслэлийг тодорхой бичих үүрэгтэй байна, Б/421 дугаар бүхий тушаалыг үндэслэсэн хуулийн заалтууд болох 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.7, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 50 дугаар зүйлийн 50.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 104 дүгээр зүйлийн 104.1, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1, 4 дүгээр хавсралт, 2023 оны 240 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт, 2024 оны 128 дугаар тогтоолын 6 дугаар хавсралт, 2023 оны 240 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт, 2024 оны 128 дугаар тогтоолын 6 дугаар хавсралт, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.6, 4.1.7-д заасан нь хөдөлмөрийн гэрээ байгуулах, цалин хөлс олгох, түүний хэмжээг тогтоох зэрэг нийтлэг зохицуулалтыг агуулж байх бөгөөд уг тушаалаас Г.Бг шилжүүлэн ажиллуулж байгаа эсэх, эсхүл сэлгэн ажиллуулж байгаа эсэх нь тодорхойгүй, мөн сэлгэн ажиллуулж байгаа бол ямар үндэслэлээр сэлгэн ажиллуулах болсон зэрэг нь тодорхойгүй буюу хөдөлмөрийн эрхтэй холбоотой тушаал шийдвэр гаргах хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 240 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт” д зааснаар Г.Бгийн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан Б д Э м тийн Хүүхдийн салбар эмнэлгийн эрхлэгчийн албан тушаал нь ТҮЭМ-7 зэрэглэлд, Б/421 дугаар бүхий тушаалаар томилсон чанарын менежерийн албан тушаал нь ТҮЭМ-6 зэрэглэлд тус тус хамаарч байх бөгөөд БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга нь Г.Б намайг албан тушаал бууруулан сэлгэн ажиллуулах тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасан .. ажилтныг албан тушаал цалин хөлсийг бууруулж сэлгэн ажиллуулахыг хориглоно... гэх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 д “Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна”, 49 дүгээр зүйлийн 49.1-д “Хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлийг тусгана;, ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг... цалин хөлсний хэмжээ; хөдөлмөрийн нөхцөл .. , 101 дүгээр зүйлийн 101.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэжээ. Хуулийн дээрх зохицуулалтаас харахад ажил олгогч нь ажилтантай зөвшилцөн, хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг тусгасан хөдөлмөрийн гэрээг байгуулахаар байна. Б/421 дугаар бүхий тушаалын 2 дах хэсэгт Г.Бг ТҮЭМ-6 1,600,000 төгрөгөөр цалинжуулж, нэг өдрийн хоолны мөнгө 9000, унааны мөнгө 1000, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 19 хувь, хариуцлагын нэмэгдэл 10 хувийг тус тус зохих журмын дагуу олго гэжээ. Миний бие БГД ийн Хүүхдийн салбар эмнэлгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа алба хаасан хугацааны нэмэгдэл 19 хувь,  мэргэшлийн зэргийн нэмэгдэл 10 хувь, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл 10 хувь, ур чадварын нэмэгдэл 25 хувь, эрүүл мэндийн салбарын үндсэн цалингийн нэмэгдэл 10 хувь, улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал 20 хувь зэрэг нэмэгдэл хөлс, урамшуулал, олговор авч байсан бөгөөд чанарын менежерээр сэлгэн ажилласнаар Г.Б миний хөдөлмөрийн гэрээнд цалин хөлсний хэмжээтэй холбоотой дараах дордуулсан өөрчлөлтүүд орохоор байна. Үүнд: Мэргэшлийн зэргийн нэмэгдэл сарын үндсэн цалингийн 15 хувь /2024 оны 09 дүгээр сарын 10 ны өдрийн Эрүүл мэндийн сайдын А/382 дугаар тушаалаар нэмэгдсэн/, Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл сарын үндсэн цалингийн 10 хувь тус ур чадварын нэмэгдэл 25 хувь тус хасагдсан байх бөгөөд төгрөгөөр тооцвол 800,000 орчим төгрөгтэй тэнцэж байгаа болно. Үүнд cap бүр олгогддог илүү цагийн хөлсийг тооцоогүй болно. Дээр дурдсан хууль зүйн үндэслэлээр Б д Э м тийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Г.Бг өөр ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай, Б/421 дугаар бүхий тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон, Г.Бн намайг хуучин эрхэлж байсан Б д Э м тийн Хүүхдийн салбар эмнэлгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.”

1.2 Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүнд: “...2024 оны 10 сарын 28-ны өдрийн Б/541 тушаалаар ажил тасалсан үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн. 2024 оны 9 сарын 02-ны өдрийн Б/421 дугаар тушаалаар хөдөлмөрийн маргаан үүсгэж шүүхэд хандаад явж байх хугацаанд ажил тасалсан үндэслэлээр ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд БГДЭМТ-н даргын 2024 оны 9 сарын 2-ны өдрийн Б/421 дугаар тушаал, 2024 оны 10 сарын 28-ны өдрийн Б/541дүгээр тушаалыг хүчингүй болгож, БГДЭМТ-н Хүүхдийн салбар эмнэлгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл хөлс урамшууллыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

 

2. Хариуцагч Нийслэлийн Б д Э м т хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Г.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б д Э м тийн хүүхдийн салбар эмнэлгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж эхэлсэн.

Ажиллаж байх хугацаанд нь хүүхдийн салбар эмнэлгийн дотоод зохион байгуулалт, хүний нөөцийн тогтворгүй байдал бий болж эмч, эмнэлгийн мэргэжилтнээс олон удаагийн харилцаа хандлага, ёс зүйтэй холбоотой гомдлууд ирэх болсон. Удирдлагын зөвлөлийн хурлаар уг асуудлыг авч хэлэлцэн нэхэмжлэгчид ажил сайжруулах хугацаатай үүрэг даалгаврыг өгч байсан. 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б д Э м тийн даргын үүрэг даалгаврын 7 дугаарт: Хүүхдийн эмнэлгийн эрхлэгч Г.Бд: Тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хүний нөөцийн тогтвортой байдлыг ханган ажиллах үүрэг даалгаврын хэрэгжилтийн тайланг 2024 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр ирүүлэх, цаашид 14 хоног бүрийн баасан гаригт ирүүлж байхыг үүрэг болгосон байдаг. Нэхэмжлэгч үүрэг даалгавартай танилцаж гарын үсэг зурсан.

2024 оны 08 дугаар сарын 20-ний өдөр Үйлчлүүлэгчийг дэмжих, ЭМТ-ийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хяналт тавьж ажиллах хуваарь гарган ажилласан. Уг хуваарийн дагуу 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Хавдар судлаач эмч Э.Будхүү Хүүхдийн салбар эмнэлэгт 13 цагийн байдлаар хяналт хийж очиход хуваарийн дагуу нэхэмжлэгч жижүүрт байх ёстой атал жижүүрийн байран дээрээ ирээгүй байдаг. Хүүхдийн салбар эмнэлгийн нүүр таних төхөөрөмжид 2024 оны 01 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэлх хугацаанд хяналт хийхэд нэхэмжлэгч Г.Б нь 3 дугаар сард 6 удаа, 6 дугаар сард 1 удаа, 7 дугаар сард 2 удаа л нүүрээ таниулсан байдаг. Мөн 8 дугаар сарын хүүхдийн эмч нарын жижүүр хийх хуваариар нэхэмжлэгч нь нэмэлтээр амралтын 4 өдөр, 9 дүгээр сард 4 удаа жижүүр хийхээр хувиар гарсан байна. Гэвч Г.Б нь жижүүрийнхээ хуваарийн дагуу амралтын өдөр ирж жижүүрт гардаггүй гэж хамт ажилладаг эмч нар нь хэлсэн байдаг. 2023 оны 10 дугаар сарын байдлаар хүүхдийн эмч 13, ерөнхий мэргэжлийн эмч 6, нийт 19 эмч, сувилагч 24 хүний нөөцийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан бол 2024 оны 10 сарын байдлаар хүүхдийн эмч 10, сувилагч 24 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Энэ хугацаанд ажлын байранд хүний нөөцөөр хангах асуудлыг олон удаа зохион байгуулсан ч эмч нарын тогтвор суурьшил хангалтгүй, гүйцэтгэл хангалтгүй гомдол, алдаа дутагдал буурахгүй байгааг харгалзан ажлын байрыг өөрчлөх талаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг 8-р сард хийж мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч Г.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 01-нд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгнө гэсэн ба энэ өдөр хүртэл нь хүлээсэн байдаг. Үүний дараа ажлын байрыг өөрчлөх шийдвэрийг гаргаж Чанарын менежерийн ажилд шилжүүлэн томилсон билээ. Тушаалыг танилцуулахаар 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр утсаар холбогдохоор 3 удаа залгахад хариу өгөөгүй, очиход ажлын байрандаа байгаагүй тул цахим шуудангийн хаягаар нь тушаалыг илгээсэн. Гэтэл нэхэмжлэгч Г.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр эмнэлгийн магадалгаа ирүүлж, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ажлаас чөлөө авсан ч магадалгаагаа 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл, дахин 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл сунгуулсан тухай мэдээлэл ирүүлж, 2024 оны 09 дүгээр сарын 24-өдөр ажлын байрандаа бус хүний нөөцийн албанд ирж дээрх тушаалын хуулбарыг авч, “хүлээн зөвшөөрөхгүй тул ажилдаа ирэхгүй” гэж мэдэгдээд явсан. Эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т.Буян- Өлзийг өөр ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” Б/421 дүгээр тушаалын дагуу Чанарын менежерийн үүрэгт ажлыг гүйцэтгэх ёстой атал 2024.09.24-ний өдрөөс 2024.10.14-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилдаа огт ирээгүй.

Төрийн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой, тэр дундаа хүн амын эрүүл мэндийн төлөө, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагын ажилтан нь хувийн байдлаа үүрэгт ажлаасаа илүүд үзэж, байгууллагын шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа нэрийдлээр ажил тасалж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.6.2, 6 дугаар зүйлийн 6.2.5, 14 дүгээр зүйлийн 14.2.1.1-т Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр буюу урьдчилсан мэдэгдэлгүйгээр дараалсан 3 ба түүнээс дээш өдөр, тухайн сард хоцорсон буюу тасалсан цагийн нийлбэр дүн ажлын 3 хоног буюу 24 цаг хүрсэн... тул дээрх заалтыг зөрчиж байна хэмээн үзэж ажил олгогчийн зүгээс өөрийн санаачилгаар Г.Б гийн хөдөлмөрийн гэрээг 2024 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн Б/541 дүгээр тушаалаар цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.

 

3. Нэхэмжлэгчээс Иргэний үнэмлэхийн хуулбар, Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр, Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт,  Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Цалингийн карт, Цалингийн тооцоолол, 2024.10.16-ны өдрийн Б д Э м тийн даргад гаргасан хүсэлт, Эрүүл мэндийн чанарын холбооны тодорхойлолт, Астма эмнэлгийн тодорхойлолт, Мэргэжил дээшлүүлэх институт мэргэжлийн диплом, ЭНЭШТ-ийн мэргэжил дээшлүүлсэн гэрчилгээ, Тайванийн Эрүүл мэндийн газрын төгсөлтийн гэрчилгээ, Шинжлэх ухааны боловсролын семинарт оролцсон тухай гэрчилгээ, ЭМШУИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтийн Мэргэжлийн үнэмлэх, АУИС-ийн харьяа Дорноговь аймаг дахь анагаах ухааны коллежийн Диплом, Эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэргийн үнэмлэх, Ач анагаах ухааны их сургуулийн Диплом, Эмнэлзүйн сургагч багшийн гэрчилгээ, Орон сууцны зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Цалигийн тооцоолол, Нийслэлийн Б д Э м тийн даргын 2020.09.07-ны Б/294 тушаал, Нийслэлийн Б д Э м тийн даргын 2024.01.02-ны Б/02 тушаал, хавсралт, Архивын лавлагаа бүртгэл, Цахим баримт, Эмнэлгийн магадалгаа зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас Итгэмжлэл, Хариу тайлбар, Нийслэлийн Б д Э м тийн даргын 2024.09.08-ны Б/421 тушаал, Б д Э м тийн 2024.10.28-ны өдөр Б/541 тушаал, Итгэмжлэл, Б д Э м тийн хөдөлмөр дотоод журам, Итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр МУ-ын шадар сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2019.12.19-ны өдрийн 116/А/565 тушаал, МУ-ын Эрүүл мэндийн сайдын 2021.07.07-ны А/445 дугаар тушаал болон хавсралт зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэх  үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Г.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Б д Э м тийн дарга нь хуульд тухайлан заасан нөхцөл шаардлага хангагдаагүй байхад буюу ажилтантай зөвшилцөөгүй, харилцан тохироогүй нөхцөлд сэлгэн ажиллуулах тушаал гаргасан. Уг тушаал нь  шилжүүлэн ажиллуулж байгаа эсэх, эсхүл сэлгэн ажиллуулж байгаа эсэх нь тодорхойгүй, мөн сэлгэн ажиллуулж байгаа бол ямар үндэслэлээр сэлгэн ажиллуулах болсон зэрэг нь тодорхойгүй, хөдөлмөрийн эрхтэй холбоотой тушаал шийдвэр гаргах хуульд заасан шаардлагыг хангаагүй. Миний хөдөлмөрийн гэрээнд цалин хөлсний хэмжээг дордуулсан өөрчлөлтүүд оруулсан. Мөн Б/421 дугаар тушаалаар хөдөлмөрийн маргаан үүсгэж шүүхэд хандаад явж байх хугацаанд ажил тасалсан үндэслэлээр ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Б д Э м тийн даргын 2024.9.02-ны өдрийн Б/421 дугаар тушаал, 2024.10.28-ны өдрийн Б/541дугаар тушаалыг хүчингүй болгож, Б д Э м тийн Хүүхдийн салбар эмнэлгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл хөлс урамшууллыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү.” гэжээ.

 

3. Хариуцагч Нийслэлийн Б д Э м т нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: “...Удирдлагын зөвлөлийн хурлаар нэхэмжлэгчид ажил сайжруулах хугацаатай үүрэг даалгаврыг өгсөн. Үйлчлүүлэгчийг дэмжих, ЭМТ-ийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хуваарийн дагуу 2024.08.31-ний өдөр хяналт хийж очиход нэхэмжлэгч жижүүрт байх ёстой атал жижүүрийн байран дээрээ ирээгүй байсан. Мөн ажлын байранд хүний нөөцөөр хангах асуудлыг олон удаа зохион байгуулсан ч эмч нарын тогтвор суурьшил хангалтгүй, гүйцэтгэл хангалтгүй гомдол, алдаа дутагдал буурахгүй байгааг харгалзан ажлын байрыг өөрчлөх талаар сонсох ажиллагааг 8 сард хийж мэдэгдсэн. Үүний дараа ажлын байрыг өөрчлөх шийдвэрийг гаргаж Чанарын менежерийн ажилд шилжүүлэн томилсон. Б/421 дүгээр тушаалын дагуу Чанарын менежерийн үүрэгт ажлыг гүйцэтгэх ёстой атал 2024.09.24-ний өдрөөс 2024.10.14-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилдаа огт ирээгүй. Нэхэмжлэгчийн тухайн сард хоцорсон буюу тасалсан цагийн нийлбэр дүн ажлын 3 хоног буюу 24 цаг хүрсэн... тул ажил олгогчийн зүгээс өөрийн санаачилгаар Г.Бгийн хөдөлмөрийн гэрээг 2024.10.28-ний өдрийн Б/541 дүгээр тушаалаар цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй”, 154.2 дах хэсэгт  “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш  дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй”, 154.8-д “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заажээ. 

 

Нэхэмжлэгч Г.Б нь дээрх хуульд заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж гомдол гаргасан байх ба уг хорооноос 2024.10.07-ны өдөр 37 дугаартай шийдвэрээр “...талууд харилцан тохироогүй үндэслэлээр...” ажиллагааг дуусгавар болгожээ.  Нэхэмжлэгч дээрх хариуг 2024.10.14-ний өдөр хүлээн авснаас хойш шүүхэд 2024.10.18-ны өдөр хандсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

4.2 Нэхэмжлэгч Г.Б нь 2020.09.07-ны өдрөөс Б д Э м тийн Хүүхдийн салбар эмнэлгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан болох нь Б д Э м тийн даргын 2020.09.07-ны өдрийн Б/294 дүгээр тушаал, “Албан тушаалын тодорхойлолт” /хх13-14/ , “Хөдөлмөрийн гэрээ” / хх10-12/, талуудын тайлбараар тус тус тогтоогдсон бөгөөд зохигч энэ талаар маргаагүй. 

 

4.3 Нийслэлийн Б д Э м тийн даргын 2024.09.02-ны өдрийн Б/421 дүгээр “Г.Бг өөр ажилд томилж хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.7, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 50 дугаар зүйлийн 50.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 104 дүгээр зүйлийн 104.1, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1, 4 дүгээр хавсралт, 2023 оны 240 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт, 2024 оны 128 дугаар тогтоолын 6 дугаар хавсралт, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.6, 4.1.7-д заасныг тус тус үндэслэн Г.Бг Хүүхдийн салбар эмнэлгийн эрхлэгчээс  2024.9.03-ны өдрөөс чөлөөлж Чанарын томилсон байна. /хх-31/

 

4.4 Мөн Нийслэлийн Б д Э м тийн даргын 2024.10.28-ны өдрийн Б/541 дүгээр “Г.Бгийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, 123.3, Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.6.2, 6 дугаар зүйлийн 6.2.5, 14 дүгээр зүйлийн 14.2.1.1-т заасан үндэслэлээр Чанарын менежер Г.Бг 2024.9.24-ний өдрөөс хойш ажил тасалсан тул Г.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024.10.25-ны өдрөөр дуусгавар болгон ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үйл баримт тогтоогдож байна. /хх-30/

 

5. Талууд ажил олгогчийн тушаал хуульд нийцсэн эсэх талаар маргав.

 

6. Ажил олгогч буюу хариуцагч нь хүний нөөцөөр хангах асуудлыг олон удаа зохион байгуулсан ч эмч нарын тогтвор суурьшил хангалтгүй, гүйцэтгэл хангалтгүй гомдол, алдаа дутагдал буурахгүй байгааг харгалзан ажлын байрыг өөрчлөх талаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг 8-р сард хийж мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч Г.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 01-нд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгнө гэсэн ба энэ өдөр хүртэл нь хүлээсэн. Үүний дараа ажлын байрыг өөрчлөх шийдвэрийг гаргаж Чанарын менежерийн ажилд шилжүүлэн томилсон гэж тайлбарладаг.

 

Нийслэлийн Б д Э м тийн даргын 2024.09.02-ны өдрийн Б/421 дүгээр “Г.Бг өөр ажилд томилж хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаалын үндэслэлүүдийг үзвэл,

...Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т “ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох”,

43.1.7-д хууль тогтоомжид заасан бусад эрх,

47 дугаар зүйлийн 47.1-д “Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна”,

48 дугаар зүйлийн 48.1-д “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй”,

49 дүгээр зүйлийн 49.1-д “Хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлийг тусгана:”,

50 дугаар зүйлийн 50.1-д “Хөдөлмөрийн гэрээг доор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна:”,

101 дүгээр зүйлийн 101.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ.”,

104 дүгээр зүйлийн 104.1-д “Цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгох бөгөөд олгох өдрийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгана.”,

Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1, 4 дүгээр хавсралтад “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”, “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”, 2023 оны 240 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт, 2024 оны 128 дугаар тушаалын 6 дугаар хавсралтад “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээ”,  Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.6-д Хууль, тогтоомжид нийцүүлэн ажилтныг албан тушаалд томилох, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, түр түдгэлзүүлэх, чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээ цуцлах, дуусгавар болгох арга хэмжээ авна.”, 4.1.7-д “Байгууллагын бодлого зохицуулалтын ажлын шаардлагаар ажилтантай зөвшилцсөнөөр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд ажлын ачааллыг тэнцүүлэх, тодорхой ажлын байранд ажиллуулахаар бэлтгэх, мэргэшүүлэх, хэд хэдэн ажлын байранд ажиллах чадвар эзэмшүүлэх, нэг ажлын байран дээр удаан ажилласнаас үүсэж болох зүй бус гадны нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор албан тушаал өөрчлөх, дэвшүүлэх, шилжүүлэн, сэлгэн ажиллуулах, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулна.” гэжээ.

 

7. Хариуцагч дээрх тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлаж байгаа боловч уг тушаалаар нэхэмжлэгч Г.Бг өөр ажилд шилжүүлэн болон сэлгэн ажиллуулах эсхүл албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуульд заасан тодорхой заалтын талаар заагаагүй, тушаал ямар баримтаар хэрхэн тогтоогдож байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно. Мөн зүйлийн 123.2.4-т албан тушаал бууруулах, 123.3-т ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “…Хүүхдийн салбар эмнэлгийн эрхлэгчийн албан тушаал нь ТҮЭМ-7 зэрэглэлд, Б/421 дугаар бүхий тушаалаар томилсон Чанарын менежерийн албан тушаал нь ТҮЭМ-6 зэрэглэлд тус тус хамаарч байх бөгөөд ажил олгогч нь ажилтан Г.Бг албан тушаал бууруулсан...” гэх тайлбар гаргасныг хариуцагч баримтаар үгүйсгээгүй. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой зааж, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр гаргахаас гадна сахилгын зөрчил бүрийг тус тусад нь шалган тогтоосон байх шаардлагатай. Гэтэл ажилтан Г.Б нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг хэрхэн зөрчсөн буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан, мөн ажил олгогчоос сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авсан талаарх баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй болно.

 

Мөн хариуцагч Нийслэлийн Б д Э м тийн даргын 2024.09.02-ны өдрийн Б/421 дүгээр тушаалаар ажил олгогчоос ажилтантай сэлгэн ажиллуулах талаар харилцан тохиролцсон, мөн ажилтныг ямар хугацаагаар Чанарын менежерийн албан тушаал сэлгэн болон шилжүүлэн ажиллуулах нөхцөл байдал үүссэн, албан тушаал болон цалин хөлс буураагүй болох нь ямар баримтаар хэрхэн тогтоогдож байгаа нь нотлогдохгүй байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлд ажилтныг өөр ажилд түр шилжүүлэх, мөн хуулийн 59 дүгээр зүйлд заасан сэлгэн ажиллуулах зохицуулалттай нийцээгүй гэж үзнэ.

 

8. МУ-ын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2019.12.12-ны өдрийн 116/А/565 дугаар тушаалаар Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны дүрмийг хавсралтаар баталжээ. Уг тушаалын хавсралтын 2.10-т Чанарын менежер болон аюулгүй байдал, эрсдэл хариуцсан менежерээр Эрүүл мэндийн байгууллагад 6-аас доошгүй жил ажилласан, Эрдмийн буюу мэргэжлийн зэрэг цолтой, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын чиглэлээр 1-ээс дээш жил ажилласан туршлагатай, Багаар ажиллах чадвартай, Ёс зүйн алдаа зөрчил гаргаж байгаагүй шаардлага хангасан мэргэжилтнийг томилохоор заасан байна. /хх-34, 37/ Эрүүл мэндийн сайдын 2021.07.07-ны өдрийн А/445 дугаар тушаалаар ...Төрөлжсөн мэргэшлийн сургалтын чиглэл, индексийг хоёрдугаар хавсралтын 197-д “Төрөлжсөн мэргэжлийн чиглэл: Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдал, Төрөлжсөн мэргэшлийн нэр: Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын менежер, Тухайн төрөлжсөн мэргэшлээр сурах боломжтой мэргэжил/мэргэшил: Эмнэлгийн мэргэжилтэн, бусад мэргэжилтэн /шалгуур хангавал/, Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн /шалгуур хангавал/ гэж шинэчлэн баталжээ. /хх40, 77/

 

Хэргийн 137 дугаар талд авагдсан Эрүүл мэндийн чанарын холбооноос Г.Б нь Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын анхан болон ахисан шатны сургалтад хамрагдаж байгаагүй талаар тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын менежерийн албан тушаалд тодорхой шалгуур хангасан мэргэжилтэнг томилох ба нэхэмжлэгч Г.Б нь Чанар менежерийн албан тушаалын шалгуурыг хангаагүй болох тогтоогдож байна. /хх-137/

 

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д хөдөлмөрийн гэрээ гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог хэлнэ гэж заасан. Гэтэл Нийслэлийн Б д Э м тийн даргын 2024.09.02-ны өдрийн Б/421 дүгээр “Г.Бг өөр ажилд томилж хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаалд нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах талаар заасан байх ба ажил олгогч болон ажилтан харилцан тохиролцсон гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг байгуулах, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.7-д заасныг тус тус хариуцагч зөрчсөн гэж үзнэ.

 

10. Түүнчлэн, Нийслэлийн Б д Э м тийн даргын 2024.10.28-ны өдрийн Б/541 дүгээр Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар Чанарын менежер Г.Бгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024.10.25-ны өдрөөр тасалбар болгон цуцалжээ. /хх-30/

 

11. Ажил олгогч Б д Э м т нь ажилтан Г.Бтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан. "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана.

 

12. Талууд ажилтан Г.Бг ажил тасалсан зөрчил гаргасан эсэх талаар маргасан.

 

Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө сахилгын хариуцлага хүлээдэг. Харин сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм. Сахилгын зөрчил нь эрх зүйн бусад зөрчлөөс ялгаатай. Тухайлбал: сахилгын зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч этгээд байдаг бөгөөд харин ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдхүй байна.

 

Хариуцагчаас шүүхэд ... Г.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр буюу урьдчилсан мэдэгдэлгүйгээр дараалсан 3 ба түүнээс дээш өдөр, тухайн сард хоцорсон буюу тасалсан цагийн нийлбэр дүн ажлын 3 хоног буюу 24 цаг хүрсэн...” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлалаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

Ажил олгогч, ажилтан нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, Хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.2.1.1-т заасан сахилгын ноцтой зөрчлийг ажилтан гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах хэлбэрийн шаардлагыг хангах ёстой. Өөрөөр хэлбэл тушаалд баримталсан зүйл нь гаргасан зөрчилтэй нийцсэн байх шаардлагатай тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан "хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох" үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ.

 

13. Дээр дурдсанаар Б д Э м тийн даргын 2024.09.02-ны өдрийн Б/421 дүгээр тушаал, 2024.10.28-ны өдрийн Б/541 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Бг Нийслэлийн Б д Э м тийн Хүүхдийн салбар эмнэлгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй.

 

14. Шүүх нэхэмжлэгч Г.Бг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон нөхөн гаргуулах зүйтэй гэж үзлээ.

 

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3, 2.3.5-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг ... тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Бг ажиллаж байсан хугацааны нэг сарын дундаж цалин хөлс нь 17,143,564 /17,143,564 : 3 сар = 5,714,521 / төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 265,791.6 /5,714,521 төгрөг : 21,5 хоног = 265,791.6/ төгрөг болох нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-113/

 

Нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо сүүлийн гурван сар буюу Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бичигдсэн 2024 оны 6, 7, 8 саруудын цалингаас тооцсон болно.

 

15. Иймээс нэхэмжлэгч Г.Бг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны ажлын 72 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 19,136,995 төгрөг /72 хоног х 265,791.6 төгрөг = 19,136,995/-ийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

16. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж ажил олгогчийн үндсэн үүргийг заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих баталгаажуулалт хийхийг хариуцагч Нийслэлийн Б д Э м тд даалгах үндэслэлтэй.

 

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу 253,634 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д заасныг баримтлан хариуцагч Б д Э м тийн даргын 2024.09.02-ны өдрийн Б/421 дүгээр тушаал, 2024.10.28-ны өдрийн Б/541 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Бг Нийслэлийн Б д Э м тийн Хүүхдийн салбар эмнэлгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.    

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Б д Э м төөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 19,136,995 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгож, цалин хөлстэй тэнцэх олговроос хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгч Г.Бгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч Нийслэлийн Б д Э м тд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт  заасны дагуу хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 253,634 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ