Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 828

 

,

 

 

         2023           8            17                                    2023/ДШМ/828

 

Б.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

хохирогч П.Б-, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч С.Батнасан, нарийн бичгийн дарга  Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 778 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч П.Б- гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Б-т холбогдох эрүүгийн 2308011840953 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б-

 

Шүүгдэгч Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, ***-** тоотод П.Б-тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг / хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Б- нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.Б- цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хохирогч П.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх Б.Б-т 900 нэгжийн торгох ял оногдуулсан нь хууль бус хэтэрхий хөнгөн ял оногдуулсан гэж үзэж байна. Хэргийн болсон асуудал нь би 2023 оны 3 дугаар сарын 17-ны орой гэртээ амарч байхад Б.Б- нь над руу утасдаж танайд очъё гэж хэлэхээр нь орой болсон байна, маргааш өдөр ир, амарч байна гэхэд гуйгаад байсан тул аргагүйн эрхэнд зөвшөөрч Б.Б- эхнэрийн хамт манайд ирсэн. Бид согтууруулах ундаа хэрэглэж хоорондоо юм ярьж байгаад одоо эхнэрээ жаахан юм яриулаа ганцаардаад байх шиг байна гэхэд ундууцаж хүлээж авсан. Би Б.Б-ийн хажууд сууж байгаад эргээд гарах гэж байгаад түүний хөлөнд шүргэсэн чинь шууд босч ирээд үгийн зөрөөгүй миний толгой руу, нүүр лүү олон удаа нүдээд чи рокууд ямар байдгийг харах уу, би чамайг алнаа гээд зогсохгүй байсан. Эхнэр нь нөхөр лүүгээ орилоод чи хүн аллаа шүү дээ гэж орилж байж арай гэж больсон. Тэр хоёр манайхаас гараад явсан тул би хол газар явган арай явуулчих муухай юм даа дөхүүлээд өгье гээд машинд суутал Б.Б- намайг зүүн талаас хүчтэй олон удаа цохисон. Би амиа хамгаалах гээд түүнийг нэг удаа цохисон. Тухайн үед миний зүүн нүд хагарчихсан юм шиг маш их тэсвэрлэхийн аргагүй өвдсөн. Тэгээд машинаас буугаад нүдээ бариад зугтаатал араас ирж толгой руу олон удаа цохиж би босох тэнхэлгүй газар хэвтчихсэн. Хамар амнаас цус их хэмжээгээр гарч болиоч ээ гэхэд  зүгээр болохгүй олон удаа цохиж зодсонд маш их гомдолтой байна.

Хоёр. Хохирсон хохирлын талаар

Би зодуулснаас хойш нүд, хамар, ам битүү хавдаж юу ч харж чадахгүй олон хоног их янгинан өвдсөн. 1 дүгээр эмнэлэгт хэвтэж зүүн нүдний үүрсэн ясыг түүх оронд нь яс нөхөх имплант суулгах мэс засалд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээр хагалгаанд орсон. Миний хамар хугарч муруйсан. Олон удаа цохиулснаас болж миний биед олон тооны шарх, сорви үүсэж өчнөөн хоног өвдөж зовиурлан ажилдаа ч явж чадахгүй, аргагүйн эрхэнд өөрийнхөө ажлыг хүн цалинжуулж ажиллуулсан. Эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаагаар маш их хохирсон тул гомдолтой байна. Анхан шатны шүүх хуралдаанаас өмнө Б.Б- нь надад хохирлын 5.200.000 төгрөг өгнө гэж худал хэлсэн. Би 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “Мөнгөн гүүр” эмнэлэгт нүдний эмчид 30.000  төгрөг, чих хамар хоолойн эмчид 30.000 төгрөг нийт 60.000 төгрөг төлснөө Б.Б-ээс гаргуулж авмаар байна. “Мөнгөн гүүр” эмнэлгийн нүдний эмчид үзүүлэхэд нүдэндээ цохиулснаас болж миний холын хараа буурсан. Шил зүүх шаардлагатай гэсэн нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй. Мөн цохиулсан нүд энгийн байх ёстой хэмжээнээс  цааш цөмөрч тогтсон байна гэсэн. Иймд миний нүдний хараа муудсанаас учирсан хохирол, нэг нүдний цааш хонхойж тогтсон гоо сайхан хохирол тогтоолгож, хохирол төлбөрөө гаргуулж авмаар байна. Мөн тус эмнэлэгт чих хамар хоолойн эмчийн үзлэгээр хамрын таславч тэгшлэх, хугарал засах, мэс засал 3.500.000 төгрөг болно гэснийг мөн гаргуулж авмаар байна. Миний хоёр нүдний голд, хамрын хажууд сорви үүссэн тул сорви арилгах тарилга тарьж арилгана, арилахгүй бол мэс засалд орж арилгана гэсэн учраас сорви арилгах тарилга, мэс заслын төлбөрөө гаргуулж авна. Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг тул мэс заслын дараа хүн цалинжуулж ажил хийлгэсэн цалинг гаргуулж авмаар байна. Тухайн хүнтэй хийсэн гэрээ болон дансны хуулга эх хувилбараар шүүхэд өгсөн. Улсын эмнэлэгт эрүүл мэндийн даатгалаар орсон зардал мөнгийг анхан шатны шүүхээр нөхөн төлүүлээгүй. Б.Б- нь эхнэр н.Ганзултай нийлж мөрдөн байцаалт, шүүхэд намайг илтэд гүтгэн мэдүүлсэнд нь гомдолтой байна. Б.Б- нь надаас уучлалт гуйж хэргээ үнэн зөв мэдүүлдэггүй, учирсан хохирол, хор уршгаа бүрэн төлж барагдуулаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, харгис хэрцгий авиртай ийм хүнд хөнгөн ял болох торгуулийн ял оногдуулж тухайн хүн нь гэмшсэн зүйлгүй, хийсэн үйлдэлдээ тохирсон ял шийтгэлээ биеэрээ эдэлж шийтгэгдэхгүй зүгээр өнгөрч одоо надаас зайгаа авч хохирлын мөнгөө өгөхгүй байгаад нь маш их гомдож байна. Иймд Б.Б-т тохирсон ял шийтгэл оногдуулж өгнө үү. Улсын нэгдүгээр эмнэлэгт миний хийгдсэн хагалгааг шүүх эмнэлэг рүү явуулаагүй учир шүүх эмнэлгийн дүгнэлт хөнгөн гарсанд гомдолтой байна. Би 1 дүгээр эмнэлэгт 1 дэх өдөр хамрын хагалгаанд орохоор болсон. Хагалгаа хийлгэхгүй бол цааш хүндрэх эрсдэлтэй гэсэн. Мөн нүдний ухархайн гэмтлээс болж нүд цаашаа суугаад, нүдний хараанд өөрчлөлт орсон. Цаашид хэр их хор уршиг учрахыг мэдэхгүй. Хараагүй болчих болов уу гэсэн айдастай байна. ...” гэв.

Хохирогч П.Б-өмгөөлөгч Н.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Болсон асуудлын хувьд хохирогч П.Б-нүдний ухархай дотогшоо цөмөрсөн. Мөн хамрын яс хугарсан. Хамар муруйсан учраас хамар тэгшлэх хагалгаанд орсон. Үүнийг шинжээчийн дүгнэлт дээр дурдаагүй. Хамрын хагалгаанд орсон гэх өвчтөний түүхийг 1 дүгээр эмнэлгээс авах гэсэн өгөөгүй. Цагдаагийн байгууллагын лавлагаагаар өгнө гэсэн. Хамрын хагалгаанд орсон гэдэг нь нотлогддог. Хамар гэмтсэнээс болж битүүрээд байгаа тул амьсгал чөлөөлөх хагалгаанд орох ёстой гэж хагалгааны тов тогтсон. Гэр, гадаа хоёр удаа зодуулсан байдаг. Шүүгдэгч маш догшин авирлаж хохирогчийг гэмтээсэн. Хохирогч гэмтсэнээс болж ажлаа хийж чадаагүй. Болортуяа гэх хүнд 4.200.000 төгрөгийн цалин өгч ажлаа хийлгэсэн. Энэ мөнгийг нэхэмжилж байгаагаа анхан шатны шүүх хуралдаанд хэлж баримт гаргаж өгсөн боловч шийдвэрлээгүй. “Мөнгөн гүүр” эмнэлэгт үзүүлсэн талаарх баримтуудыг давж заалдах гомдолдоо хавсаргаж өгсөн. Шинжээчийн дүгнэлтэд дурдаагүй зүйл шинээр илэрсэн. Тэр нь нүд рүүгээ цохиулснаас болж хараа муудсан, мөн зүүн нүд нь дотогшоо ширгэж эхэлсэн. Цаашид нүд нь харахгүй болох эрсдэлтэй. Сорви үүссэн тул мэс заслын аргаар арилгах шаардлагатай гэсэн үүднээс фото зураг гаргаж өгсөн. Шүүгдэгч Б.Б- нь хохирогчоос уучлалт гуйгаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, тэрээр тодорхой эрхэлсэн ажилгүй байхад шүүхээс 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн, гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулаагүй. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч С.Батнасангаас: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шинээр гаргаж өгч буй нотлох баримтуудын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж зааснаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэх боломжгүй. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан. Анхан шатны шүүх хуралдаанаас хойш гарсан эмчилгээний зардлын талаар шүүгдэгч мэдээгүй тул төлөх боломжгүй байсан. Харин анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт баримтаар нэхэмжилсэн бүх хохирлыг шүүгдэгч Б.Б- төлсөн. Ял хөнгөдсөн гэх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байсан. Хохирлыг нөхөн төлсөн, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчоос уучлалт гуйсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруу дээрээ маргаагүй. Эдгээр байдлуудыг харгалзаж шүүхээс торгуулийн ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОГТООХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Б.Б-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Б.Б- нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, ***-** тоотод П.Б-тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, дагзны хуйх, хамарт шарх, зүүн нүдний алим, дээд, доод зовхинд цус хуралт, хамар, баруун чихний дэлбэнгийн ар, зүүн ташаанд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, дагзны хуйх, баруун чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч П.Б-“...Б шууд босож чи ер нь яах гээд байгаа юм, хөл гар луу шүргээд гээд уурлаад шууд миний толгой, нүүр хэсэгт олон удаа цохиж зодсон. ...”  /хх 9-10/,

гэрч Г.Г-ын “...Б Б-гийн нүүр лүү цохиж Б зөрүүлээд 3-4 удаа цохисон. ...” /хх 20/,

 

шүүгдэгч Б.Б-ийн яллагдагчаар өгсөн “...над руу дайраад байхаар нь би түлхэж унагаагаад холдуулсан. ...унаж байхдаа юм мөргөсөн бололтой хамраас нь цус гараад чи миний хамрыг хугалчихлаа гээд байсан. ...миний нүүр рүү Б цохиод авахаар нь би зөрүүлээд нүүрэн тус газар нь 3-4 удаа цохисон. Тэгээд машинаас буугаад эхнэртэйгээ зам руу явж байтал Бардаас гүйгээд ирэхээр нь би нэг удаа нүүрэн тус газар цохисон чинь хойд хэсгээрээ газар саваад ардаас уначихсан. ..."  /хх 124-125/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 3939 дугаартай “...П.Б-биед зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, дагзны хуйх, хамарт шарх, зүүн нүдний алим, дээд, доод зовхинд цус хуралт, хамар баруун чихний дэлбэнгийн ар, зүүн ташаанд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, дагзны хуйх, баруун чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. П.Б-биед учирсан зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, дагзны хуйх, хамарт шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 23-24/,

           

Шүүх шинжилгээний ерөнхий газрын хэргийн материалаар хийсэн шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 373 дугаартай “...П.Б- нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгт зүүн нүдний ухархайн доод ханын хугарлыг нөхөх имплант суулгах мэс засал хийлгэсэн байна. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн өвчний түүхэнд урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлийн шинжилгээ 3939 дугаартай дүгнэлтэд нэмэлтээр тусгагдах гэмтэл тогтоогдсонгүй. ...” гэсэн дүгнэлтүүд /хх 29-31/, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2/492 тоот албан бичгээр П.Б-тэй холбоотой амбулаториор авсан тусламж үйлчилгээ, лабораторийн шинжилгээний хариу болон хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн баримт /хх 36-63/, иргэний эрүүл мэндийн дэвтэр дээрх эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх 65-67/, хохирлын баримт /хх 68-75/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.Б- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Б.Б-ийн хохирогч П.Б-эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо “...шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан...” гэж дүгнэн торгох ял оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

Тодруулбал, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 3939 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Б.Б- нь хохирогч П.Б-эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, дагзны хуйх, хамарт шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учруулсан байхад торгох шийтгэл оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

 

Иймд хохирогчийн “...ял шийтгэл хөнгөдсөн...” талаарх давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаа тул хохирогчийн хохирол төлбөр гаргуулах, шинжээчийн дүгнэлт хөнгөн гарсан гэх гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 778 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                           Б.АРИУНХИШИГ

 

                                    ШҮҮГЧ                                                          Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                           Л.ДАРЬСҮРЭН