Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 110/ШШ2025/0002

 

               Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж,  тус шүүхийн танхимд  хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Ш.Ж,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газар хоорондын тэтгэврийн  маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Алсу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчээс түүнд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын шийдвэр хууль бус болохыг тогтоож, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг тус байгууллагад даалгахаар маргаж байна.

2. Нэхэмжлэгчээс өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбоотой 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд хандсан байх ба тус зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 81 дугаартай тогтоолоор “...Сагсай сумын 11 жилийн сургуульд галчаар ажилласан нь нотлогдохгүй” гэх үндэслэлээр хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласнаар өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй талаар шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч шүүхэд 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

3.1. "К" ХХК-ийн захирлын 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 24\06 дугаартай тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул галчийн ажлаас чөлөөлөгдсөн. 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 55 нас хурч, улсад 20-иос доошгуй жил, үүнээс хөдөлмөрийн хүнд нөхцөлд буюу галчаар 12 жил, 6 сараас доошгүй жил ажилласан.

Өндөр насны тэтгэвэрт гарахаар Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нийгмийн даатгалын байцаагч  З.Досанд 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өргөдлөө, Нийгмийн даатгалын газрын байцаагч Н.Ж 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс тэтгэвэрт гарахаар холбогдох бичиг баримтуудаа өгсөн  боловч "таны бичиг баримтууд зөрчилтэй байна" гэж уг материалуудыг хүлээн  авахаас татгалзсан.

Иймээс 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож өгөх асуудлаар Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх  маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд  2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр  гомдол гаргахад  2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 81 дугаартай тогтоолоор өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн гэжээ.

            4. Хариуцагчаас гаргасан тайлбарт:

4.1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил хөдөлмөрийн  хунд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил мөн  нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй бол хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр  тогтоохоор зохицуулсан.

Ш.Ж хувьд Сагсай сумын 11 жилийн ахлах сургуульд /тухайн уеийн нэрээр/ дотуур байрны халаалтын качегараар 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдөр орсон боловч түүнийг 2005 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаар тушаалаар 6 дугаар сарын 01-ний өдрөөс  галчаас чөлөөлсөн байна. Түүнээс хойш дахиж ажилд авсан тушаал байхгүй бөгөөд 2006, 2007, 2008, 2009  онуудын цалин баталсан, ээлжийн амралтын талаарх тушаалуудыг авчирсан боловч эдгээр тушаалуудад галчаар ажиллаж байсан гэж үзэх ямар нэгэн нотолгоо байгаагүй.

Иймд Сагсай сумын 11 жилийн ахлах сургуульд галчаар ажилласан бол үүнийг  онцгой ажиллагааны журмаар шүүхээр тогтоолгох зөвлөгөө өгч, хэрэв нотлогдсон тохиолдолд тэтгэвэр тогтоох боломжтой гэдгийг тайлбарлаж өгсөн.

4.2. Ш.Ж нь сумын байцаагчид тэтгэвэр тогтоолгохоор албан ёсоор материал өгөөгүй, ямар материал бүрдүүлэх талаар зөвлөгөө аваад явсан  байна.

Тэтгэвэр  тогтоолгохоор материал өгөөгүй мөртлөө  маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд шууд хандаж өргөдөл гаргасан. Уг өргөдлийг зөвлөлд  танилцуулахаар дарга цохолт хийсэн тул зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн  гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

5.1. Иргэн Ш.Ж нь 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 55 нас хүрч, улсад 20-иос доошгүй жил, үүнээс хөдөлмөрийн хүнд нөхцөлд буюу галчаар 12  жил 6 сараас доошгүй жил ажилласан.

Ш.Ж “К” ХХК-ийн захирлын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 24/06 дугаартай тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул  галчийн ажлаас нь чөлөөлсөн байна. Гэхдээ тухайн үед  Ш.Ж нь 55 насанд хүрээгүй байсан.

5.2. Ш.Ж нь өндөр насны тэтгэвэрт гарахаар Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нийгмийн даатгалын байцаагч З.Д2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өргөдөл гаргасан. Мөн нийгмийн даатгалын байцаагч Н.Ж 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр тэтгэвэрт гарахаар холбогдох бичиг баримтуудыг өгсөн боловч “таны бичиг баримтууд зөрчилтэй байна” гэж уг  материалуудыг хүлээн авахаас татгалзсан. Иймд 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр үдээс хойш нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд гомдол гаргахад “Ш.Ж өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй” гэж шийдвэрлэсэн.

5.3. Нэхэмжлэгч дээрх хугацаанд “К” ХХК болон  Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 11 жилийн ахлах сургуульд  галчаар ажиллаж байсан нь нотлогдсон. Өмнө нь энэ байдлаар иргэн н.А, н.Ш нар өндөр насны тэтгэвэр тогтоолгож, шүүхээр шийдвэрлүүлж байсан гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

6.1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь хэсэгт нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан тохиолдолд хөдөлмөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохоор зохицуулсан.

Нэхэмжлэгч Ш.Ж  Баян-Өлгий  аймгийн Сагсай сумын 11 жилийн ахлах сургуульд 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тушаалаар дотуур байрны галчаар томилж, 2005 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 56 тоот тушаалаар 6 дугаар сарын 01-ний өдрөөс галчийн ажлаас чөлөөлсөн байна.

Мөн “К” ХХК-д нийтийн халаалт шилжсэнтэй холбогдуулан сургуулийн галчийн ажлаас 2016 онд чөлөөлсөн шийдвэр байгаа боловч  2005-2016 оны хооронд сургуульд галчаар ажилласан тушаал байхгүй тул галчаар ажиллаж байсан гэдэг нь нотлогдохгүй байсан.

6.2. Нэхэмжлэгч Ш.Ж нь 2024 оны  9 дүгээр сарын сүүлээр надтай уулзахад би  материалыг нь  шалгаад, холбогдох зөвлөгөөг өгч, галчаар ажиллаж байсныг нотлох, нэмэлт нотлох баримтуудыг бүрдүүлж авчрахыг шаардсан.

Тэр үед 2006, 2007, 2008, 2009 онуудын сургуулийн захирлын  цалин баталсан тушаалыг авчирч байсан. Эдгээр нь  “ТҮ1 Ш.Ж” гэсэн бичигтэй байсан тул галчаар ажилласан гэж үзэх нь үндэслэлгүй байсан.

6.3. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь ажилчин шимтгэл төлж байсныг нотлох болохоос  ямар нөхцөлд, ямар албан тушаалд ажиллаж байсныг нотлохгүй. 

Ажлаас ажилчдыг түр эсхүл бүр чөлөөлсөн,  ажилд эргүүлж авахдаа  ажил олгогчоос заавал тушаал гаргах ёстой. Ш.Ж ажил эргэж томилсон тушаал байхгүй тул галчаар  ажилласан гэж үзэх боломжгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн маргаан үндэслэлтэй байна.

2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 5.1.5. нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй;” гэж,  Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн  23.1-д “Дараах хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцно: 23.1.3. Монгол Улсын иргэний 1995 оноос өмнө цэргийн жинхэнэ болон хугацаат цэргийн алба хаасан хугацаа;” гэж заасан.

3. Хэргийн нотлох баримтаар нэхэмжлэгчийн ажилласан жилтэй холбоотой дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч Ш.Ж нь Баян-Өлгий аймгийн Ой, агнуурын аж ахуйн Сагсай сум дахь салбарт 1986 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, мөн 1990 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал нормчноор ажилласан нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00887 дугаартай шийдвэрээр,

3.2. 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 187 дугаар ангид алба хааж, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанаас халагдсан нь Монгол Улсын Батлан хамгаалахын яамны Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 8974 дугаартай “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа”-гаар,

3.3. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 11 жилийн ахлах сургуулийн дотуур байрны качегарын  /галч/  ажилд 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдөр томилогдож,  2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан нь тус сургуулийн захирлын 2004 оны 28/б дугаартай “Сургуулийн дотуур байранд качегар ажиллуулах тухай”, 2016 оны Б/74 дугаартай “Гэрээт галчдыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалуудаар,

3.4. Сагсай сум дахь “К” ХХК-нд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл галчаар ажилласан нь тус компанийн захирлын 2016 оны 8 дугаартай “Ажилд томилох тухай”,  2024 оны 24/06 дугаартай  “Ш.Ж ажлаас чөлөөлөх тухай” тушаалуудаар, 

3.5. Мөн 032748 болон 000065472 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс хэвлэгдсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нэхэмжлэгчийн Сагсай сумын ерөнхий боловсролын сургууль болон “К” ХХК-д тус тус ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн нь тогтоогдож байна.

4.  Ш.Ж Монгол Улсын иргэний үнэмлэхээс үзвэл 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 55 насанд хүрсэн байх ба ингэснээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, дээрх байдлаар мөн зүйлд заасан нийтдээ 20-иос доошгүй жил ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг тус тус хангасан байна.   Энэ талаар хариуцагчаас маргаагүй болно.

5. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаартай тушаалаар батлагдсан “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-аар уурын зуухны галч нь хөдөлмөрийн хүнд нөхцөлийн ажилд хамаарах ба Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газар нь нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзаж шийдвэрлэхдээ  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан 12 жил 6 сараас доошгүй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг хангаагүй гэж үзжээ. 

6. Хариуцагчаас энэ талаарх үндэслэлээ шүүхэд “…Ш.Ж  Баян-Өлгий  аймгийн Сагсай сумын 11 жилийн ахлах сургуульд 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тушаалаар дотуур байрны галчаар томилж,  2005 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 56 тоот тушаалаар 6 дугаар сарын 01-ний өдрөөс  ажлаас чөлөөлсөн байна.

Мөн “К” ХХК-д нийтийн халаалт шилжсэнтэй холбогдуулан сургуулийн галчийн ажлаас 2016 онд чөлөөлсөн шийдвэр байгаа боловч  2005-2016 оны хооронд сургуульд галчаар ажилласан тушаал байхгүй тул дээрх хугацаанд галчаар ажилласан нь нотлогдохгүй байсан. Галчаар ажиллаж байсныг нотлох, нэмэлт нотлох баримтуудыг бүрдүүлж авчрахыг шаардахад 2006, 2007, 2008, 2009 онуудын сургуулийн захирлын  цалин баталсан тушаалыг авчирсан.  Эдгээр нь “ТҮ-1 Ш.Ж” гэсэн бичигтэй тушаалууд байсан учраас Ш.Ж галчаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэлгүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримт нь ажилчин шимтгэл төлж байсныг нотлох болохоос  ямар нөхцөлд, ямар албан тушаалд ажиллаж байсныг нотлохгүй.  Ажлаас ажилчдыг түр эсхүл бүр чөлөөлөх,  ажилд эргэж авахад ажил олгогчоос  заавал тушаал гаргах ёстой учраас Ш.Ж Сагсай сумын сургуульд галчаар  ажилласан гэж үзээгүй.”  гэж тайлбарласан.

7. Уг маргааны хувьд ажил олгогчоос нэхэмжлэгч Ш.Ж анх Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 11 жилийн ахлах сургуулийн дотуур байрны качегарын  /галч/  ажилд 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдөр томилон ажиллуулж байгаад  халаалтын ажил зогссон учир гэх үндэслэлээр сургуулийн галчаар ажилладаг н.А, н.Ш болон нэхэмжлэгч Ш.Ж нарын 3 хүнийг  2005 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөх тухай  56 дугаартай тушаалыг  2005 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гаргаж байжээ.

Уг 56 дугаартай тушаалын талаар тухайн үед Сагсай сумын 11 жилийн ахлах сургуулийн захирлаар ажиллаж байсан гэрч Б.Ж  шүүхэд “...Энэхүү шийдвэр нь үр дагаврын хувьд дотуур байрны галч нарыг дулааны улирлын хугацаанд ажлаас нь түр чөлөөлсөн шийдвэр байгаа. Галчийн ажил улирлын чанартай ажил бөгөөд тухайн жилийн 5 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд сургуульд гал түлдэггүйтэй холбоотой ажлаас нь түр чөлөөлсөн шийдвэр бөгөөд Ш.Ж нарын нэр бүхий галч нар ажлаа 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үргэлжлүүлэн хийсэн. Дахин 2005 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулах талаар шийдвэр гаргасан эсэхийг санахгүй байна. Галч нарыг ажилд бүр томилсон шийдвэр нь 2004 оны шийдвэр байгаа. Дунд нь халаалтын ажил зогссонтой холбоотой зуны улирлын хугацаанд ажлаас нь түр чөлөөлсөн шийдвэрийг 2005 онд гаргасан байж болох ч энэ нь ажлаас  бүр чөлөөлсөн шийдвэр биш.” гэж мэдүүлжээ.

8. Сагсай сумын 11 жилийн ахлах сургуулийн захирлын 2005 оны 56 дугаартай тушаалын агуулга, гэрч Б.Ж мэдүүлэг, хэрэгт авагдсан Сагсай сумын ерөнхий боловсролын сургуулиас Ш.Ж нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн 2005 оны 01-6 сард мөн 10-12 сард төлсөн байдал, Сагсай сумын ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 126 дугаартай “Иргэн Ш.Ж нь тус сургуульд 2004-2016 онд галчаар ажиллаж байсан ба 2004 оны 28/б дугаартай тушаалаар томилогдож, 2016 оны А/74 дугаартай тушаалаар “К” ХХК-д шилжүүлсэн нь үнэн болно. 2005 оны 56 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн гэдэг нь улирлын чанартай ажил гүйцэтгэдэг гэрээт ажилтан байсан учир 6 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажлаас түр чөлөөлдөг байсан, ажлаас бүр чөлөөлөгдсөн гэсэн утга агуулахгүй” гэх албан бичиг зэргээс үзэхэд  дээрх  56 дугаартай тушаалыг улирлын чанартай  галчийн ажлын онцлогтой холбоотойгоор Ш.Ж тухайн 2005 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд ажлаас нь түр чөлөөлсөн  агуулгатай шийдвэр гэж үзэхээр байна.

9. Хариуцагч талаас нэхэмжлэгч Ш.Ж 2005 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс сургуулийн галчийн ажилд үргэлжлүүлэн ажиллуулсан шийдвэрийг ажил олгогч гаргаагүй гэж маргасан боловч энэ нь ажилтныг буруутгах, ажилтны бодитоор ажилласан хугацааг үгүйсгэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

10. Түүнчлэн нэхэмжлэгч тус сургуульд 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл галчаар ажиллаж, Сагсай суманд нэгдсэн халаалтыг “К” ХХК  хариуцах болсонтой холбоотойгоор 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “К” ХХК-д шилжин 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл галчаар ажилласан нь энэ талаарх ажил олгогч нараас гаргасан дээр дурдагдсан шийдвэрүүд, ажил олгогч нараас  төлсөн Ш.Ж галчаар ажилласан 2004 оны 10 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сарыг дуусталх хугацааг хамарсан нийгмийн даатгалын шимтгэл, нэхэмжлэгчийн ....... болон ......... дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар, Сагсай сумын ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 126 дугаартай албан бичиг, бусад нотлох баримтууд болох тухайн сургуульд ня-богоор ажилласан гэрч А.Т, Б.Х нарын мэдүүлэг, Сагсай сумын 11 жилийн ахлах сургуулийн захирлын 2006 оны 48 дугаартай,  2007 оны 54/А дугаартай,  2008 оны 08 дугаартай, 2009 оны 18 дугаартай   багш, ажилчдын цалинг шинэчлэн тогтоосон, ээлжийн амралт олгох асуудлыг шийдвэрлэсэн тушаалуудын Ш.Ж холбогдох хэсгээр тус тус  тогтоогдож байна.

11. Иймээс хариуцагч талын Ш.Ж нь  Сагсай сумын ерөнхий боловсролын сургуулийн галчийн ажлаас 2005 оны 06 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлөгдсөн, үүнээс хойших хугацаанд тус сургуулийн галчаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаагүй гэх маргааныг үндэслэлгүй, нэхэмжлэгч дээрх байдлаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан 12 жил 6 сараас доошгүй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг хангасан гэж дүгнэлээ.

12. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг нийгмийн даатгалын байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сарыг дуустал олгоно.”  гэж заасан ба нэхэмжлэгч 55 насанд хүрсэн 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр тэтгэвэр тогтоолгохоор уг насанд хүрсэн өдрөөс өмнө нийгмийн даатгалын байгууллагад хандсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тогтоогдож байх тул нэхэмжлэгч талаас  тэтгэвэр тогтоож олгох хугацааг 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр  тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

13. Дээрх байдлаар нийгмийн даатгалын байгууллагын нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан шийдвэр нь хууль бус бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн хуульд заасан үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ш.Ж өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын шийдвэр хууль бус болохыг тогтоож, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Ш.Ж өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг тус байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.5, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шөндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын шийдвэр хууль бус болохыг тогтоож, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Ш.Ж өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг тус байгууллагад даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д  зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

                        3 .Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                      

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.РИЗА