| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Ганзориг |
| Хэргийн индекс | 167/2019/0084/Э |
| Дугаар | 385 |
| Огноо | 2016-09-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 385
Г.О-д д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 46 дугаар магадлалтай, Г.О-д д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.О-д ийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт Г-ын О нь Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.О-д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-д д 500 цагийн нийтэд тустай ажил хийх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-д ийн саатуулагдсан 72 цагийг эдлэх ялаас хасч тооцон нийтэд тустай ажил хийлгэх ялыг 428 цагаар тогтоож, шүүгдэгч Г.О-д д оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоож,
Шүүгдэгч Г.О-д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэсэн байна.
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Г.О-д ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.О-д ийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.О-д гаргасан гомдолдоо “...Миний бие нь ...албадан ажил хийх ял хүлээгээд байгаа билээ. 2019 оны 3 дугаар сарын 25-нд төмсөгний төлөвлөгөөт мэс засалд орно. Цаашид зайлшгүй мэс засалд орох, үргэлжлүүлэн эмчлүүлэх шаардлагатай байдлыг хянан үзэж надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Г.О-д нь 62 настай эхийнхээ хамт амьдардаг бөгөөд ээжээрээ тэжээлгэдэг нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг. Г.О-д нь ээжийгээ ажил хийлээ гэж зодсон байдаг. Мөн хохирогч “...нохойгоо зодоод байхаар нь битгий зод гэж хэлсний төлөө зодсон” гэж мэдүүлдэг. Хохирогч Цагдаагийн газарт гаргасан өргөдөлдөө “Одгэрэл ална гэж хэлсэн. Амь насыг минь хамгаалж өгнө үү” гэсэн байдаг. Үүнийг хүлээн авч танхайрсан гэж үзээд зөрчлийн журмаар шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон. Шүүхээс шүүгдэгч Г.О-д ийн ажил хийдэггүй, ээжээрээ тэжээлгэдэг байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Г.О-д д торгуулийн ял оногдуулбал тэрээр ажил хийдэггүй тул хохирогчид мөн ял халдаах нөхцөл байдал үүснэ. Иймд Г.О-д д холбогдох хэргийг шүүх хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.О-д ийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Г.О-д нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр багийн Данзанваанчигийн 12-12 /305/ тоотод төрсөн эх Ж.С-ын толгойн үснээс зулгааж, түлхүүрийн оосор шидсэний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.
Шүүх Г.О-д ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Г.О-д ийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял нь түүний гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд чиглэсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх тул шүүгдэгчийн гаргасан “нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г.О-д ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 46 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.О-д ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН