Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2017/0177

 

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2017/0177

Улаанбаатар хот

 

“Б э х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Н.Хонинхүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М гаргасан давж заалдах гомдлоор “Б э х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Б э х” ХХК-ийн захирал Д.С 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 297 дугаар шийдвэрийн ашигт малтмалын ашиглалтын 7045А дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр:

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус баримтлан “Б э х” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 297 дугаар шийдвэрийн “Б э х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

Гурав. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Нэг. Анх Налайх дүүргийн “Хуучин 8 дугаар уурхай” нэртэй 25 гектар талбайд MV-7045 дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Б Б” ХХК-д 2004 оны 3 дугаар сарын 11-ний өдөр олгож, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 512 дугаар шийдвэрээр “Б э х” ХХК-д шилжүүлсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар “Б э х” ХХК нь хуулийн дээрх заалтын дагуу MV-7045 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө төлөх үүрэгтэй байсан ч тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй.

Ашигт малтмалын газраас ашигт малтмалын ашиглалтын MV-7045 дугаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг “Б э х” ХХК-ийн кадастрын бүртгэлийн системд бүртгэлтэй албан ёсны хаягаар 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 6/1688 дугаар албан бичгээр, Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 297 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын ашиглалтын MV-7045 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 6/2529 дүгээр албан бичгээр тус тус хүргүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлсөн тухай нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар шийдвэрт “...захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас тусгай зөвшөөрөл цуцлагдсан, мөн хуульд заасан төлбөр төлөх боломж олгоогүй” гэж дүгнэж байгаа нь хууль зүйн хувьд алдаатай байна.

1.Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна” гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл уг хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол тухайн компани төлбөр төлөх хугацаа хэтэрснээс хойш 30 хоногийн дотор алдангийн хамт төлбөрөө төлөх боломжтойгоор хуульчилж өгсөн.

Гэтэл “Б э х” ХХК-ийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 34.2 болон 34.6-д заасан хугацааны алинд ч тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй байна.

Энэ тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн.

Иймд Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 297 дугаар шийдвэрээр “Б э х” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын 7045А дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт болно.

2.“Б э х” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсанаар уг зөвшөөрөл бүхий талбайг “Б Б” ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд шилжүүлэн авах үедээ тусгай зөвшөөрлийн төлбөрийг давхардуулан төлсөн байсан тул “төлбөрийн хугацаа хэтрэх болоогүй” гэсэн ойлголттой явж байсан гэсэн нь тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдсөн гэх үндэслэл болохгүй.

Ашигт малтмалын ашиглалтын MV-7045 дугаартай тусгай зөвшөөрлийг 2015 оны 6 дугаар 30-ны өдөр “Б э х” ХХК шилжүүлэн авсан байхад 2013 онд “Б Б” ХХК-иас төлбөрийг давхардуулж хийгдсэн эсэх нь 2015 онд тусгай зөвшөөрөл эзэмшигч болсон “Б э х” ХХК-тай хамааралгүй. Тус компани хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас дээрх хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 297 дугаар шийдвэрээр цуцалж энэ талаарх мэдэгдлийг 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 6/2529 дүгээр албан бичгээр хүргүүлж мэдэгдсэн.

Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 9 дүгээр тогтоолд “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-т заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж заасан ба “Б э х” ХХК-д 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 6/2529 дүгээр мэдэгдэл хүргүүлсэн нь баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

3.Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч өөрийн хаягийн өөрчлөлтөө төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа хуулийн этгээд Ашигт малтмалын хуульд заасан үүргийг биелүүлж ажиллах ёстой бөгөөд бусад этгээдийн буруутай ажиллагааны улмаас үүргээ биелүүлээгүй гэх шалтгааныг үндэслэн төрийн захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Б Э х” ХХК-ийн тухайд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 512 дугаар шийдвэрээр Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутагт орших ашигт малтмалын ашиглалтын 7045А тоот тусгай зөвшөөрлийг “Б Б” ХХК-иас шилжүүлж авснаар хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлж эхэлжээ.

Гэвч Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийг анх “Б Б” ХХК-д олгосон 2004 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тооцоход 2017 оны ээлжит жилийн төлбөрийг мөн оны 3 дугаар сарын 11-ний дотор төлөх үүргээ биелүүлээгүйгээс уг хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан тохиолдол бий болж, улмаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 297 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан ч хариуцагчийн зүгээс хуульд заасны дагуу ийнхүү цуцлах үндэслэл бүрдсэн талаар нэхэмжлэгчид “мэдэгдэл” хүргүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг тодорхой заана” гэсэн, иймд нэхэмжлэгчид хүргэгдэлгүйгээр буцаж ирсэн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 6/1688 дугаар мэдэгдлийг хуулийн дээрх шаардлагад нийцсэн гэх үзэхгүй.

Учир нь уг хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж заасан, харин энэ хэсэгт дурдагдсан 56.3-т заасан баримт бичиг гэдэг нь “мэдэгдэлд заасан цуцлах үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлэх” тухай ойлголт бөгөөд хуулийн эдгээр зохицуулалтын агуулгаас үзэхэд хариуцагчаас тусгай зөвшөөрлийг цуцлах мэдэгдлийг эзэмшигчдэд нь хэлбэрийн төдий хүргүүлэх бус зайлшгүй гардуулсан байхыг шаарджээ.

“Б э х” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тус компанийн хаяг “Улаанбаатар, Баянзүрх, 10 дугаар хороо, Улиастайн, Эх хөгжил компанийн байранд, холбоо барих утас 99793550” гэж тэмдэглэгдсэн, Ашигт малтмалын газраас 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 6/1688 тоот мэдэгдлийг мөн өдөр нь энэ хаягаар нэхэмжлэгчид хүргүүлсэн боловч Монгол Шуудан компаниас буцаж ирсэн нь хавтаст хэргийн 37 дахь талд авагдсан Баримт бичиг хүлээлцэх дэвтэрийн хуулбараар нотлогдож байна.

Түүнчлэн “Б Б” ХХК-иас тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах үед гаргасан хуулийн этгээдийн тодорхойлолтод ч дээрх хаяг болон холбоо барих утасны дугаар бичигдсэн, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх үйлчилгээний хураамж төлсөн Төрийн банкны 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн мөнгөн шилжүүлэгт “Б э х” ХХК-ийн захирал Д.С гар утасны дугаар тэмдэглэгдсэн, мөн цуцалсан тухай мэдэгдэл нэхэмжлэгчид хүргэгдсэн зэрэг нөхцөл байдал нь тухайн үед тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид гардуулах боломж хариуцагчид хангалттай байсны нотолгоо болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг энэ талаарх мэдэгдлийг тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчид заавал мэдэгдсэний дараа гаргаж байхаар зохицуулсан тул энэ тохиолдолд үндэслэл, шалтгаанаа мэдэгдэлгүйгээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 297 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МY-007045 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан нь нэхэмжлэгч “Б э х” ХХК-ийн уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Харин “Б Б” ХХК-иас тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахаас өмнөх хугацааны ээлжит жилийн төлбөрийг нэхэмжлэгч төлж байсан нь компаниудын хоорондын тохиролцооны асуудал бөгөөд хуульд заасан хугацаа хэтэрсэн ч гэсэн нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн 2017 оны ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй, иймд уг төлбөрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласанчилан магадгүй өмнөх жилийн төлбөрийг тус компаниудаас давхардуулан төлсөн байх тохиолдолд суутгах тооцох байдлаар, эсхүл нөхөн төлүүлэх зэргээр төлүүлэх шаардлагатай болно.

Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхээс ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснээр 2017 оны ээлжит жилийн төлбөрийг төлөх үүргээс нэхэмжлэгчийг чөлөөлөхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                             Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                             Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН