Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 23

 

2016 оны 8 сарын 08 өдөр

Дугаар 123/ШШ2016/0023

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чандмань зэндмэнэ хайрхан ХК-ний хувь нийлүүлэгч Б.Цандмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын дарга С.Ундрахбаярт холбогдох,

Д.Батжаргалын нэр дээр бичигдсэн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь хууль зөрчиж бичигдсэн эсэхийг шалгуулж, хууль зөрчиж бичигдсэн бол хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Дуламжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батсүх, шүүгчийн туслах Э.Жаргалбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Цандмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төв аймгийн Баянчандмань суманд байрлах 1962 онд ашиглалтанд орсон, тус сумын мал аж ахуйн конторын барилга нь 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор манай Чандмань Уул /Чандмань Зэндмэнэ Хайрхан/ ХК-ний хувьчлагдах хөрөнгөнд бүртгэгдсэн бөгөөд сумын өмч хувьчлалын комиссын магадлан шинжээчийн группээс өмч хувьчлалд орсон пүүсүүдийн хөрөнгөнд үнэ тогтоосон жагсаалтын үндсэн хөрөнгийн 3-рт бүртгэлтэй,конторын барилга нь компани болон хувь нийлүүлэгч Б.Цандмаа миний эзэмшлийн 2452 квадрат метр талбай бүхий газар дээр байрладаг бөгөөд би жил бүр эзэмшил газрын төлбөр тооцоог хийж, ашигласаар байна. Гэтэл 2009 онд Долгорын Батжаргал гэгч хүн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авч, дээрхи барилгыг ХХААЯ-ны тариалан дэмжих сангаас 17 сая төгрөгийн зээл авахдаа барьцаанд тавьсан байна. 2015 оны 06 дугаар сард Тариаланг дэмжих сангаас төлбөр тооцоо хийгдэхгүй байна, дуудлага худалдаанд оруулна гэж манай компанид мэдэгдсэн юм. Ийнхүү мэдсэнээсээ хойш ямар хүн, хэний зөвшөөрөлтэй манай эзэмшлийн барилгыг барьцаанд тавьсны учрыг олохоор 2015 оны 08 дугаар сард аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлахад шүүхэд ханд гэсний дагуу Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч орон нутгийн Улсын бүртгэлийн хэлтэст ханд гэсний дагуу тус хэлтэст 2016 оны 03 дугаар сард хандсан боловч хууль тогтоомжоор өмчлөгчийн мэдээллийг эрх бүхий этгээдийн шийдвэр, тогтоолгүйгээр бусдад мэдээллэх эрхгүй гэсэн хариуг өгснийг хүлээн авч захиргааны хэргийн шүүхэд хандаж байна. Миний эзэмшил ашиглалтад байгаа барилгыг 1999 онд төрийн өмчийн хороо ямар журмаар дуудлага худалдаанд оруулсан болох, 2009 онд Д.Батжаргал гэгч хэнээс худалдааны гэрээгээр авсан зэргийг шалгуулж, улсын бүртгэгчийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хуулийн дагуу хийгдсэн эсэхийг шалгуулж, хууль зөрчиж хийгдсэн бол уг бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Дуламжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Чандмань зэндмэнь хайрхан ХХК Баянчандмань суманд байрлах 1962 онд ашиглалтанд орсон тус сумынмал аж ахуйн Б конторын барилгыг өмчлөгч. Манай үйлчлүүлэгч зөвхөн Д.Батжаргалын нэр дээрх бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхээс нотлох баримт цуглуулж шалгахад энэ барилгыг Д.Батжаргалаас өмнө олон хүн дамжиж өмчилж байсан байна. Нэхэмжлэгч үүнийг ойлгож мэдсэн, тэгэхээр холбогдох журмаар шалгуулах байх. Иймд шүүх хуульд заасны дагуу шийдвэрлэнэ үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянчандмань суманд байрлах мал эмнэлэг, үржлийн албаны конторын барилгын өмчлөх эрхийг Төрийн өмчийн хорооны 1999 оны 05 дугаар сарын 27-ны 666 дугаар тогтоолоор иргэн У.Лхагвадуламд шилжүүлж, 18/00027 тоот өмчлөгчийн эрхийн гэрчилгээг Төрийн өмчийн хорооны өмч хувьчлалын газраас олгосон, У.Лхагвадулам хөрөнгийн үнэлгээ хийлгэн нотариатчаар нотлох баримтуудаа гэрчлүүлээд 1999 оны 7 дугаар сарын 16-нд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад хандаж өмчлөх эрхээ баталгаажуулж ТӨ-90 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан нь хуульд нийцсэн бүртгэл хийгдсэн. Дээрх хөрөнгө болон бүртгэлийн талаар зөрчил маргаан гарч байсан бүртгэл хувийн хэрэгт тэмдэглэгдээгүй байна. Дээрх барилга нь 2003 оны 9 дүгээр сарын 26-нд шүүхийн шийдвэрээр "Спейшль-Резерв" хадгаламж зээлийн хоршоонд шилжиж, 2005 оны 4 дүгээр сарын 8-нд Барилга худалдах худалдан авах гэрээгээр Ч.Энхбаясгалангийн өмчлөлд, 2008 оны 8 сарын 15-нд худалдах, худалдан авах гэрээгээр Долгорын Батжаргалын өмчлөлд тус тус шилжсэн бүртгэл байх бөгөөд 2008 оны 8 сарын 19-нд Хүнс хөдөө аж ахуйн яамны тариалан эрхлэлтийг дэмжих сангийн зээлийн барьцаанд бүртгүүлсэн байна. "Чандмань-Уул" ХК-нийг үүсгэн байгуулсан 1992 оны 1 сарын 14-ний №04 өргөдөл болон түүнд хавсаргасан хөрөнгийн жагсаалтад үр тарианы үтрэм-1, төмсний үрийн зоорь-2 гэснээс өөр барилгын талаар баримт байхгүй байна. Мөн анх компанийг 1992 онд үүсгэн байгуулсан гишүүдийн жагсаалтад Балжиннямын Цандмаа гэсэн нэр байхгүй. Харин Б.Цандмаа нь 2005 оноос дээрх компаний хувьцааг хөрөнгийн биржээс БиДиСек" ХХКомпаниар дамжуулан худалдан авсан материал байна. Компанийг үүсгэн байгуулсан өргөдөл дэх хөрөнгийн үнийн дүн Төв аймгийн өмч хувьчлалын комиссын 1992 оны 12 сарын 30-ний 49-р тогтоолын хавсралтын үнийн дүнтэй тохирч байгаа.Иймд дээрх мал эмнэлгийн барилга нь төрийн өмч мөн байжээ гэсэн дүгнэлтэд хүргэж байна, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогчдийн тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Д.Батжаргалын нэр дээр бичигдсэн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь хууль зөрчиж бичигдсэн эсэхийг шалгуулж, хууль зөрчиж бичигдсэн бол хүчингүй болгуулах хэмээн тодорхойлсон тул нэхэмжлэлийн энэ шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулгад мал эмнэлгийн конторын Б барилгыг Төрийн өмчийн хорооноос дуудлага худалдаанд ямар журмаар оруулсан болохыг шалгуулах тухай бичсэн байх боловч нэхэмжлэлийн шаардлагаа энэ байдлаар тодорхойлоогүй, мөн дуудлага худалдаа зохион байгуулсан байгууллагыг хариуцагчаар заагаагүй тул Төрийн өмчийн хорооноос зарлаж зохион байгуулсан дуудлага худалдаа хууль ёсны эсэх талаар шүүх шалгаж шийдвэрлэх боломжгүй болно.

Нэхэмжлэлийн шаардлагад холбогдох Төв аймгийн Баянчандмань суманд байрлах мал эмнэлгийнконторын Б барилга нь тус сумын өмч хувьчлалын комиссын 1991 оны 12 дугаар сарын 03-ны өдрийнМагадлан шинжлэх групп томилох тухай 04 дүгээр тогтоолын Пүүсүүдийн хөрөнгөнд үнэ тогтоосон жагсаалт гэх хавсралтын 3 дугаарт бүртгэлтэй байх бөгөөд Төрийн өмчийн хорооны 1999 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 666 дугаар тогтоолоор уг барилгыг /мал эмнэлэгийн барилгыг цогцолбороор нь/ иргэн У.Лхагвадуламд хязгаарласан дуудлага худалдаагаар худалдаж, 18/00027 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Өмчлөгч тухайн эд хөрөнгийг Спейшль резерв Хадгаламж зээлийн хоршоонд барьцаалан зээл авч, улмаар өмчлөх эрхээ 2003 онд тус хоршоонд шилжүүлснээр уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх 2005 онд иргэн Ч.Энхбаясгаланд, 2008 оны 8 дугаар сарын 15-нд иргэн Д.Батжаргал нарт тус тус худалдах худалдан авах гэрээгээр шилжсэн, тэдгээртэй холбогдох бүртгэлүүдийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ тус бүр олгогдож байсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Баянчандмань суманд байрлах мал эмнэлгийн конторын Б барилгыг Төрийн өмчийн хорооноос дуудлага худалдаанд оруулж иргэн У.Лхагвадуламд худалдсан болон тус барилгыг Спейшль резерв Хадгаламж зээлийн хоршоо, иргэн Ч.Энхбаясгалан нар тус тус өмчилж, улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан маргаагүй бөгөөд эрх бүхий байгууллагаас эдгээрийг хууль бус болохыг тогтоосон шийдвэр гаргаж байгаагүй болох нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд мал эмнэлгийн конторын Ббарилгыг Төрийн өмчийн хорооны хүчин төгөлдөр шийдвэрүүдээр иргэн У.Лхагвадуламд худалдаж, түүнд өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон, мөн уг барилгыг өмчлөх эрх хуульд заасан журмын дагуу Спейшль резерв Хадгаламж зээлийн хоршоо, иргэн Ч.Энхбаясгалан нарт тус тус шилжиж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон гэж үзэх үндэслэлтэй байна. Мал эмнэлгийн Б конторын барилгын хууль ёсны өмчлөгч Ч.Энхбаясгалан өмчлөх эрхээ иргэн Д.Батжаргалд шилжүүлснийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5,Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбогдох эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 18 дугаар зүйлийн 18.1-д тус тус заасантай нийцсэн байна.

Дээрх байдлуудаас дүгнэхэд Төв аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас /хуучин нэрээр/ иргэн Д.Батжаргалд хуульд заасан журмаар 000080791 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байх тул уг гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбогдох эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Чандмань зэндмэнэ хайрхан ХК-ний хувь нийлүүлэгч Б.ЦандмаагийнД.Батжаргалын нэр дээр бичигдсэн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь хууль зөрчиж бичигдсэн эсэхийг шалгуулж, хууль зөрчиж бичигдсэн бол хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хэргийн оролцогчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.