2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/00451

 

       

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг,   тоот хаягт оршин суух Б овогт Ж Сийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,   тоот хаягт оршин суух Б овогт Н Эт холбогдох,

 

21,300,000 төгрөг гаргуулж, доголдолтой, эвдэрхий автомашиныг буцаан өгөх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч Н.Эт холбогдуулан 21,300,000 төгрөг гаргуулж, доголдолтой, эвдэрхий автомашиныг буцаан өгөх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 “Миний бие авто машин худалдах зарын дагуу Н.Этай 2024.10.04-ний өдөр утсаар холбогдон уулзаж *улсын дугаартай авто машиныг 21,300,000 төгрөгөөр авахаар тохирч уг өдрөө түүний Хаан банк дахь *тоот данс руу өөрийн  * тоот данснаас *машины төлбөр гүйлгээний утгатай шилжүүлсэн. Машиныг худалдан авснаас хойш 3 хоногийн дараа 2024.10.07-ны өдөр Багануур дүүрэг рүү аав, ээж рүүгээ явсан ба замд машины цап дуугарч явах боломжгүй болоход Н.Э руу залгасан бөгөөд тэрээр машиныг засаад өгье гэсэн. Багануураас ирээд 2024.10.07-ны өдөр авто машинаа оношилгоонд оруулахад кроп эвдэрсэн, мөргөлдөн бүтэн будганд орсон машин байна гэсэн. Ингээд Н.Э руу залган, мөн мессеж бичин энэ талаар хэлэхэд эвдрэлтэй эд ангийг солиод засаад өгье гэж байснаа алга болсон. Сүүлдээ хэл амаар доромжлох болсон. Доголдолтой, эвдэрхий авто машин надад худалдсан байх тул түүнд тухайн авто машиныг буцаан өгч, машины үнэд төлсөн 21,300,000 төгрөгөө Н.Эаас нэхэмжилж байна” гэжээ.

 2. Хариуцагч Н.Э хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Ж.С нь надаас машиныг авахдаа өөрийн дүү болох машин сайн мэддэг хүнээр нэг өдрийн өмнө үзүүлж, харуулж, унуулж байгаад авсан ба би түүнд энэ машин нэмэлт /тоноглол/ хийсэн юм ихтэй, урд хойд купер, спойлер зэрэг нь өөрөөсөө будагтай гэдгийг хэлж, 21,800,000 төгрөгөөс буулгаж 21,300,000 төгрөгт өгсөн ба Ж.С нь будагтай гэдгийг нь мэдэж байсан болно.

Харин түүний бичсэн шиг машин бүтэн будганд орсон зүйл байхгүй болно. Машин аваад хэд хоногийн дараа Ж.С надруу ярьж "энэ машин 80 км цагийн хурднаас дээш явахаар хүнгэнэж дуугараад байна", "цап нь дуугараад байна" гэхээр нь цапыг нь солиулаад өгье гэж хэлсэн. Дараа нь цап биш байна, кроп нь эвдрэлтэй байна гэж хэлээд 700,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь кропоо солиулчих дараа нь мөнгийг нь өгье эсхүл миний таньдаг засварын газар Дарь-эхэд байгаа тэнд солиулчих би мөнгийг нь өгчихье гэж хэлсэн. Гэтэл Ж.С засварын газар очоогүй ба хэд хоногийн дараа би ерөөсөө машинаа буцааж мөнгөө авъя гэж хэлсэн тэгэхээр нь би наад машиныг чинь авах гээд олон хүн сонирхож байсан, чамайг буцаах байсан бол өөр хүнд зарчих байсан, чи нэлээд хэд хоног уначихлаа, машинаа буцаавал хоногийн түрээсийн төлбөрөөр тооцож мөнгө хасна гэж хэлсэн. Гэтэл өмгөөлөгч гэж залуу 10 дугаар сарын сүүлээр утсаар яриад чи машины мөнгийг өгөхгүй бол цагдаад өгнө, шүүхэд өгнө гэж ярьж, дарамталж байснаа дахиж ярихаа болсон.

Би түүний бичсэн шиг үг хэлээр доромжилж, утсаа тасалж, кропоо солино гэж байгаад алга болсон удаа байхгүй, утсан дээрээ ажлаа хийгээд л байж байгаа. Би эвдрэлтэй эд анги, солих зүйл байвал солиод өгье гэж тухайн үед Ж.Ст хэлсэн боловч Ж.С нь ямар нэгэн эд анги надаар солиулаагүй, машин авснаас хойш 2 сарын хугацаа өнгөрч байгаа ба энэ хугацаанд машины ямар эд ангийг Ж.С нь өөрөө сольсон эсэхийг би мэдэхгүй, зүгээр байсан эд ангийг эвдрэлтэй, доголдолтой эд ангиар сольж, доголдолтой машин авсан мэтээр мөнгөө нэхэмжилж байгааг үгүйсгэхгүй, би итгэхгүй. Учир нь Ж.Ст зарсан Приус-20 маркийн автомашины явах эд анги, мотор, кроп, батерей бүх л зүйл нь хэвийн байсан ба тэр болгон байдаггүй нэмэлт тоноглолтой өнгө үзэмж сайтай машин юм. Хэрэв машины кроп эвдрэлтэй байсан бол машин мэддэг дүү нь болоод Ж.С нь машин худалдан авахдаа мэдэх бүрэн боломжтой байсан ба кропны гэмтэл нь хүч алдах, дуугарах зэргээр илт мэдэгдэх юм. Нэхэмжлэгч Ж.С нь нэхэмжлэлдээ машины кроп гэмтэлтэй гэдгийг мэргэжлийн байгууллагаар оношлуулж мэдсэн гэж бичсэн боловч нэхэмжлэлдээ энэ талаарх баримтыг хавсаргаж өгөөгүй, өнөөдрийг хүртэл машиныг унаж, эдэлж байгаа болно. Би Ж.Ст эвдрэлгүй, гэмтэлгүй, бүтэн будганд ороогүй автомашиныг шилжүүлж өгсөн ба үнэхээр доголдол илэрсэн бол сольж өгье гэдэг хүсэлтээ тухайн үед нь хэлж байсан болно.

Нэхэмжлэгч Ж.С нь үндэслэлгүй зүйл бичиж, автомашиныг буцаахаар шаардаж байгаа нь иргэн надад хохиролтой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэж маргажээ.

 

3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж, Иргэний үнэмлэхийн хуулбар, Шилжүүлгийн баримт, Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Зарлагын баримт, Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас Хариу тайлбар, Итгэмжлэл, фото зураг зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Ж.С дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Н.Этай 2024.10.04-ний өдөр утсаар холбогдон уулзаж *улсын дугаартай авто машиныг 21,300,000 төгрөгөөр авсан. 2024.10.07-ны өдөр авто машинаа оношилгоонд оруулахад хроп эвдэрсэн, мөргөлдөн бүтэн будганд орсон машин байна гэсэн. Ингээд Н.Э эвдрэлтэй эд ангийг солиод засаад өгье гэж байснаа алга болсон. Доголдолтой, эвдэрхий автомашиныг буцаан өгч, машины үнэд төлсөн 21,300,000 төгрөгөө Н.Эаас нэхэмжилж байна” гэжээ.

 

3. Хариуцагч Н.Э нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: “Нэхэмжлэгч Ж.С нь надаас машиныг авахдаа өөрийн дүү болох машин сайн мэддэг хүнээр нэг өдрийн өмнө үзүүлж, харуулж, унуулж байгаад авсан. Би тоноглол хийсэн юм ихтэй, урд хойд купер, спойлер зэрэг нь өөрөөсөө будагтай гэдгийг хэлж байсан. Харин машин бүтэн будганд орсон зүйл байхгүй. Машин аваад хэд хоногийн дараа Ж.С надруу ярьж "цап нь дуугараад байна" гэхээр нь цапыг нь солиулаад өгье гэж хэлсэн. Дараа нь цап биш байна, кроп нь эвдрэлтэй байна гэж хэлээд 700,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь кропоо солиулчих дараа нь мөнгийг нь өгье эсхүл миний таньдаг засварын газар Дарь-Эхэд байгаа тэнд солиулчих би мөнгийг нь өгчихье гэж хэлсэн. Гэтэл Ж.С засварын газар очоогүй би Ж.Ст эвдрэлгүй, гэмтэлгүй, бүтэн будганд ороогүй автомашиныг шилжүүлж өгсөн ба үнэхээр доголдол илэрсэн бол сольж өгье гэдэг хүсэлтээ тухайн үед нь хэлж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэж маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Талууд 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Н.Э нь *улсын дугаартай, Toyota Prius-XW20 маркийн 2008 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгөтэй суудлын автомашиныг шилжүүлэх, Ж.С нь автомашины үнэд 21,300,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 4.2 Зохигчид худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ хэн аль нь биелүүлж, хариуцагч Н.Э нь *улсын дугаартай, Toyota Prius-XW20 маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Ж.Сийн өмчлөлд шилжүүлэн өгч, нэхэмжлэгчээс 21,300,000 төгрөгийг хариуцагчид бүрэн төлсөн болох нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

 5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

 6. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж заасан. Уг эрхийг худалдан авагч хэрэгжүүлэхийн тулд худалдан авсан эд зүйлд доголдол илэрсэн болохыг мөн тухайн доголдлыг арилгахад өөрөөс зардал гаргасан болохоо баримтаар нотлох шаардлагатай.

 Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд “...Анх машин авахад Н.Э надад 2024 оны 01 дүгээр сард Монголд орж ирсэн, ямар ч эвдрэлгүй гэж хэлсэн. Би итгээд худалдаж авсан...” гэж тайлбарласан. Нэхэмжлэгчийн уг тайлбараас үзэхэд гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг худалдан авах үедээ эд ангид доголдол байгаа эсэхийг мэргэжлийн газраар оношлуулах замаар илрүүлж, үүний дараа уг тээврийн хэрэгслийг худалдан авах боломжтой байжээ.

 7. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх заалтад эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан.

 Нэхэмжлэгч Ж.С нь тээврийн хэрэгсэлд доголдол байгаа эсэхийг худалдан авахаас өмнө шалгаж авах эрхээ хэрэгжүүлээгүй, доголдол байгааг мэдэх боломжтой байхад худалдан авсан байх тул тээврийн хэрэгслийн буцааж, 21,300,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргах эрхээ алдсан байна.

 Хариуцагчаас доголдолгүй эд хөрөнгө хүлээлгэн өгсөн гэж маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг доголдолтой байсан болохыг нотлох шаардлагатай. Гэвч нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг худалдан авах үед цап болон кроп эвдэрсэн байсан болохыг нотлоогүй.

 Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч Ж.С нь гэрээтэй холбоотой шаардлага гаргасныг гэрээний үүргийн зөрчил гэж үзэхгүй бөгөөд  гэрээг цуцлах, мөн гэрээнээс татгалзах эрхгүй байна.

 8. Нэхэмжлэгчээс “2024.10.07-ны өдөр авто машинаа оношилгоонд оруулахад кроп эвдэрсэн, мөргөлдөн бүтэн будганд орсон машин байна гэсэн.” гэх тайлбараа  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 Хэргийн 30 дугаар талд “16 Авто сервис”-ийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Зарлагын баримт” гэх баримтыг нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн бөгөөд уг баримтаар тээврийн хэрэгслийг оношлуулсан, доголдолтой болохыг нотолно гэх тайлбар үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл бараа, материалын үнэт зүйлсийг худалдан авагч байгууллагад ачуулах, нэг агуулах, эд хариуцагч, нярваас нөгөөд шилжүүлэхэд зарлагын баримтыг ашиглах бөгөөд дээрх зарлагын баримтыг маргаан бүхий тээврийн хэрэгслийн доголдлыг шалган тогтоосон үзлэг, оношилгооны баримт гэх үзэхээргүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар ...тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй юм.

 9. Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад * улсын дугаартай, Toyota Prius-XW20 маркийн тээврийн хэрэгслийг мэргэжлийн байгууллагаар оношлуулах бүрэн боломжтой байсан. Гэтэл талууд уг баримтаа хэрэгт гаргаагүй мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар шүүхэд энэ талаар хүсэлт гаргаагүй болно. Хэргийн оролцогч нь тайлбар, татгалзалтай холбоотой баримтаа өөрөө шүүхэд цуглуулж гаргах үүрэгтэй ба шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх боломжгүй.

 10. Дээр дурдсанаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг биет байдлын хувьд доголдолтой гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Эт холбогдох 21,300,000 төгрөг гаргуулж, доголдолтой, эвдэрхий автомашиныг буцаан өгөх тухай нэхэмжлэгч Ж.Сийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ