Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/977

 

 

 

 

 

   2023           10             10                                        2023/ДШМ/977

 

Т.Эт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

   Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Алдар, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

   прокурор С.Бат-Орших,

   хохирогч Э.Шын өмгөөлөгч А.Энхтүвшин,

  шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Э.Сайнсанаа

   нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/490 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Эийн өмгөөлөгч Э.Сайнсанаа, хохирогч Э.Ш нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Эт холбогдох 2310013820593 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Төгрөг овгийн Т.Э, 1974 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Супер Вижн Медиа Групп” ХХК-ийн SBN телевизд Захиргаа, Хүний нөөцийн албаны дарга ажилтай, ам бүл 2, нагац дүүгийн хамт .................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ...................... тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:....................../;

Шүүгдэгч Т.Э нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Ривер вилла 8-1 болон 8-2 байрны В-1 давхарт 1 автомашины зогсоол олж өгнө гэж өөрт байхгүй зүйлийг амлах хэлбэрээр зохиомол байдлыг зориудаар бий болгож улмаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Ривер Вилла 8-1-125 тоотод гэртээ байхдаа хохирогч Э.Шаас 2021 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 5.000.000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 1.000.0000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 25.000.000 төгрөг тус тус шилжүүлэн авч нийт 31.000.000 төгрөгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Т.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Эийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулсны улмаас эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, шүүгдэгч Т.Эт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эт шийтгэсэн 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тус тус солихыг түүнд анхааруулж мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.Э /РД:УС74082606, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 1-35 тоотод оршин суух хаягтай/-аас 31.00.000 /гучин нэгэн сая/ төгрөг гаргуулан хохирогч Э.Ш /РД:РП95031013, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Ривер Вилла 8-1-125 тоотод оршин суух хаягтай/-д олгож, Эрүүгийн 2310013820593 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Т.Э энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хохирогч Э.Ш давж заалдах гомдолдоо: “...Миний хувьд анхан шатны шүүх хуралд хувийн шалтгаанаар оролцоогүй бөгөөд миний өмгөөлөгч шүүх хуралд оролцсон. Миний хувьд хэргийг прокурорын хяналтын болон мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөрөө л барагдуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж оролцож байсан. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 490 дүгээр шийтгэх тогтоолын хууль зүйн дүгнэлт хэсгийн 2, тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт “шүүгдэгч Т.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих хэсгийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй...” гэсэн хэсгийг зөвшөөрөхгүй байна. Учир нь, шүүгдэгч Т.Э нь мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шат, хэргийг шүүхэд шилжүүлэх болон урьдчилан хэлэлцүүлгээс хурал товлох зэрэг хугацаанд хэдий гэм буруугаа талаар маргадаггүй ч хохирлоо огт төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Түүнд өөрт нь болон өмгөөлөгчөөр нь дамжуулан хохирлоо төлөхийг хүсэхэд хохирол өгөх гээд 5.000.00 төгрөг бэлдсэн байгаа, хурал дээр өгье гэх мэтээр худал үнэн ярьсаар шүүх хурал болсон.

Анхан шатны шүүхээс хохирол төлбөрөө барагдуулаагүй, хамгийн гол нь гэм буруугаа хүлэн зөвшөөрч байна гэх боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлөх ямар ч бодит үйлдэл хийхгүй байхад түүнд 2 жилийн хугацаатайгаар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон нь шударга ёсонд нийцэхгүй байна гэж үзэж байна. Энэ нь шүүгдэгч Т.Эийг шүүхийн шийтгэх тогтоолоор хуульд зааснаар 2 жилийн хугацаатайгаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрт нь тохироогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчим төдийгүй шүүхээс оногдуулсан ял мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зорчигдсон эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Т.Эийн өмгөөлөгч Э.Сайнсанаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Шын эд хөрөнгөд 31.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдөөгүй байх тул гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь  хэсгийн 3.1 дэх заалтад " шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэл” гэж тус тус заасны дагуу шүүхээс хавтас хэрэгт авагдсан хохирлын хэмжээг тооцохдоо буруу тооцсон байна. Т.Э нь хохирогч Э.Шаас 2021 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 5.000.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 25.000.000 төгрөг, нийт 31.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан. Тус үнийн дүн болон хугацаан дээр хохирогч болон шүүгдэгч аль аль нь маргадаггүй бөгөөд дансны хуулгаар нотлогддог. Улмаар 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Т.Э нь хохирлын 31.000.000 төгрөгөөс 3.500.000 төгрөгийг хохирогч Э.Ш руу дансаар шилжүүлсэн бөгөөд 3.500.000 төгрөгийг хүлээн авсан болохыг хохирогч Э.Ш болон түүний төрсөн ах болох Э.Эмэдүүлэг дээр тус тус тодорхой дурдагддаг. Т.Э нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатнаас өмнө буюу 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хохирлыг төлж, хохирогч Э.Шыг хохиролгүй болгох тал дээр идэвхтэй үйлдэл хийж байсан болох нь тус үйлдлээс харагддаг. Шүүхээс хохирол төлөгдөж байсан болон 3.500.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн он сарыг анхааралгүйгээр хохирлыг нийт 31,000,000 гэж тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хохирлоос өмнө төлсөн 3.500.000 төгрөгийг хасч тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эт 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь зүйтэй...” гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заасны дагуу эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, хохирлоо нөхөн төлөх боломжоор хангах зорилготойгоор шүүхээс оноодог. Шүүгдэгч Т.Э нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатнаас өмнө буюу 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хохирлоос 3.500.000 төгрөгийг төлж байсан бөгөөд улмаар хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурор болон мөрдөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхтэйгээр дэмжлэг үзүүлж, хохирлоо тодорхой хугацаа тогтоон төлөхөөр удаа дараа прокурор болон шүүхэд хүсэлтээ өгч, гэм буруугийн талаар маргадаггүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д тус тус зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй байдаг.

Өөрөөр хэлбэл Т.Э нь тус хэргийг шүүх болон цагдаагийн байгууллагад шилжихээс өмнө гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо идэвхтэйгээр төлж байсан болно. Анхан шатны шүүхээс ял оноохдоо эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн ял оногдуулаагүй бөгөөд Т.Эийг улсын бүртгэлд бүртгэгдсэн хаягтаа одоо амьдарч байгаа эсэхийг тодруулан лавлалгүйгээр Сонгинохайрхан дүүргээс гарч болохгүй тухай зорчих эрхийг хязгаарлах ял оноосон нь үндэслэлгүй байна. Учир нь Т.Э нь улсын бүртгэлд бүртгэгдсэн хаяг болох “Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуут, 1-35 тоот хаягт 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс хойш огт амьдрахаа больсон бөгөөд өнөөдрийн байдлаар Баянгол дүүрэгт байр хөлслөн амьдардаг. Тодруулбал, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн №250 дугаар тодорхойлолтоор Т.Э нь “Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 2в-82 тоотод түр оршин суудаг болохыг тодорхойлов” гэж заасны дагуу төрсөн дүүгийн хамт Баянгол дүүрэгт байр хөлслөн амьдарч байна. Мөн Т.Э нь “Супер вижн медиа групп” ХХК-д Захиргаа, хүний нөөцийн албаны дарга албан тушаалтайгаар ажилладаг тухай тодорхойлолт болон ажилд авах тухай тушаалын хуулбараа шүүхэд гаргаж өгсөн боловч мөн шүүхээс албан ёсоор ажилладаг ажлын газрынх нь хаягийг анхаарч үзэлгүй шийтгэх тогтоол гаргасан байна. “Супер вижн медиа групп” ХХК нь 2 оффистой бөгөөд эхний оффис нь Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, хувьсгалчдын гудамж, SBN телевизийн байранд байрладаг бол Төв оффис нь “Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Наран бьюлдинг байр”-нд тус тус байрладаг. Т.Э нь Захиргаа, хүний нөөцийн албаны дарга албан тушаалтай тул дээрх 2 оффис руу тогтмол очиж, шинээр хүн авах, авсан хүмүүстэйгээ ярилцлага хийх, ажилчдын ажлын гүйцэтгэлийг хянах, албан бичиг хүргэж өгөх зэрэг тухайн 2 оффисын хооронд зайлшгүй явах шаардлага үүсдэг болно. Мөн телевизийн нэвтрүүлгийн зураг авалт хийх зорилгоор Улаанбаатар хотын төвийн таван дүүрэгт тогтмол явах хэрэгцээ шаардлага үүсдэг боловч шүүхээс дээрх нөхцөлийг анхаарч үзэлгүй дан ганц хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцэхгүй болсон байна.

Өөрөөр хэлбэл Т.Э нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заагдсан Сонгинохайрхан дүүрэгт 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх тохиолдолд ажил хийх боломжгүй болж, одоо байгаа ажлаасаа гарах мөн оршин суух газаргүй тул гудамжинд амьдрах нөхцөл үүсэхээр байна. Т.Э нь компанидаа тогтвор суурьшилтай сайн ажилласнаар хохирогч Э.Шт учирсан хохирлыг түргэн шуурхай төлөхөд дэмжлэг болох тул “Супер вижн медиа групп ХХК-д ажилладаг нөхцөл байдлыг шүүхээс анхаарч үзэхийг хүсч байна. Мөн Т.Э нь үндсэн ажлаас гадна бусад компаниудад хүний нөөцийн бичиг баримтууд бүрдүүлэх, бэлдэх, шинээр хийж өгч мөнгө олдог тул зайлшгүй бусад дүүргүүдэд зорчих шаардлага үүсч байна. Т.Э нь үндсэн ажлаас гадна бусад албан байгууллагуудад нэмэлтээр ажил хийснээр хохирогчид учирсан хохирлыг аль болох эрт төлөхөд маш том дэм болох юм. Түүнчлэн Улаанбаатар хотын хүний нөөцүүдийн холбооны гишүүн тул хүний нөөцийн холбооноос тогтмол зохион байгуулдаг хурал, семинарт оролцож кредит цуглуулах шаардлагатай байдгийг мөн анхаарч үзнэ үү. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Т.Эт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэх, эсхүл оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Э.Шын өмгөөлөгч А.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Э.Шын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтыг судлан үзэхэд удаа дараа хохирлоо төлнө гэсэн агуулга бүхий мэдэгдэл, шүүхийн мэдүүлэг, прокурорын болон хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад иргэний шүүх дээр ч хүртэл энэ асуудал яригдаж байсан боловч бодит байдалд шүүх хурал эхлэхэд “...хохирол, төлбөрийг төлнө, хэрхэн шийдвэрлэхийн харъя, хойшлогдсон учраас дараагийн хурал дээр төлье...” гэх байдлаар ярьж байсан ч шүүх хурал болж, гэм буруутайд тооцоход Т.Э “...2 жилийн зорчих эрхийг хязгаарлууллаа, хэтэрхий хүнд байна...” гэсэн асуудал болсон. Эрүүгийн хууль нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг арилгах гэсэн үндсэн зорилготой. Шүүгдэгчийн хохиролдоо хандаж байгаа сэтгэл зүйн хандлага, үйлдэл, мэдүүлэг нь ямар байна вэ. Өмгөөлөгчийнх нь гаргасан тайлбараас харахад хохирогчоос болоод ажилгүй болсон, хохироод байгаа мэт. Гэтэл цаана нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн гаргаж байгаа тайлбараас гадна хохирогчийн мэдүүлгүүд байдаг. Хохирогч “миний охины бие муудаад байна, та хэд ч байсан мөнгө өгөөч” гэж шүүгдэгч Т.Эт хэлсэн. Гэтэл сая дурдсан тайлбараа хэлж байсан нөхцөл байдлууд харагдаж байгаа. 31.000.000 төгрөгийн тухайд маргадаггүй. Одоо өгөхдөө ч маргадаггүй. 3.500.000 төгрөг нь өмнөх агуулгад илүү төлсөн мөнгөний асуудал юм. Өнөөдрийн шүүх хуралдаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт гаргаж ирсэн байна. Гэтэл өнөөдрийн хүртэл яагаад нэг төгрөг ч төлдөггүй юм бэ. Ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар ярьдаг. Цаана нь хохирогчийн эрх ашиг зөрчигдөж байна. Тиймээс хохирогчийн эрх ашгийг харгалзан үзэх ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хохирогч Э.Ш нь анх манай төслөөс орон сууц худалдаж авч байсан. Мөн тухайн үедээ агуулах авах хэрэгтэй байсан. Агуулах нь 15.000.000 төгрөгийн үнэтэй боловч захиалга хийгдээд дууссан байсан бөгөөд авах боломжгүй байсан. Гэхдээ 9 давхарт барилгын материал хадгалагдаж байсан гүйцэтгэгч компанийн нэг агуулах байсан. Түүнийг би хөөцөлдөөд 13.500.000 төгрөгт авах уу гэж санал болгоход Э.Ш авахаар болсон. Би инженертэй нь ярьж, агуулах авч байгаа Э.Шаас 13.500.000 төгрөгийг аваад мөнгийг өгсөн боловч танил талын хүрээгээр олдож байгаа гэх үүднээс худалдах, худалдан авах гэрээгээ 10.000.000 төгрөгөөр хийж, 3.500.000 төгрөгөө үлдээсэн байдаг. 2022 оны 10 дугаар сард уг агуулахын үл хөдлөхийн гэрчилгээг бүрэн гаргаж өгсөн. Тэгээд грашийн асуудал гарч ирж хугацаа хойшлоод байсан. Манай ажил дээр ирээд мөнгөө өг гэхэд нь би надад байсан 3.500.000 төгрөгийг грашийн мөнгөнөөс бага ч болтугай хасагдаж байг гээд 12 дугаар сарын 15-ны өдрийн 16 цаг орчмын үед хаан банкнаас ”грашийн эхлэл мөнгө” гэж шилжүүлсэн баримтыг би хавсаргасан. Шилжүүлсэн баримт нь мөн миний утсан дээр байдаг. 3.500.000 төгрөгийг хасах байхдаа гэж бодтол “...хасахгүй, та агуулахыг 13.500.000 төгрөг гэж авч өгөөд 10.000.000 төгрөгөөр гэрээ хийж, үл хөдлөхийг гаргаж өгсөн...” гэдэг. Би 15.000.000 төгрөгийн агуулахыг 13.500.000 төгрөгөөр олж, гэрчилгээг гаргаж өгсөн байтал буцаад зуучласны 3.500.000 төгрөгийг төлж байгаа юм. Түүнээс би 3.500.000 төгрөгийг грашийн мөнгөнөөс хасуулъя гэж шилжүүлсэн боловч хохирогч Э.Ш хүлээн зөвшөөрөөгүй байдаг. Би хадам ээжийгээ тэтгэврийн зээл авхуулж, 5.000.000 төгрөг авсан. Э.Ш руу манай өмгөөлөгч утасдаад “...Т.Э эгчид эхний ээлжид 5.000.000 төгрөг цугласан байна. Авах уу...” гэхэд “...5.000.000 төгрөг авахгүй, 10.000.000-15.000.000 төгрөг авна...” гэж хэлээд авахгүй байсан. Ингэсээр анхан шатны шүүх хуралдаан болсон. Хохирогч Э.Шын өмгөөлөгч “мөнгөө өгөх үү” гэхэд нь би “...одоо бэлэн байхгүй байна, би дансаар шилжүүлэх боломжтой байна...” гэж хэлсэн. Тухайн үед шүүх хуралдааны дараа цочирдсон учраас 10 гаруй хоног өвдөж явсан. Миний бага охин Солонгос улсад Цагдаагийн удирдлагаар сурдаг бөгөөд 8 дугаар сарын 2-ны өдөр гэнэт бие нь муудсан. Өөрөөр хэлбэл, баруун талынх нь хөл нь мэдээ алдсан. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирол, төлбөрөө төлөх болно. Гэвч би 1 дүгээр сараас эхлэн ажилгүй болсон. Хохирол, төлбөрийг төлж барагдуулахын тулд ажил эрхлэх боломж хэрэгтэй байгаа. Миний бие захиргаа, хүний нөөцийн менежерээр 5 дахь жилдээ ажиллаж байгаа. Манай байгууллагын хувьд 4 төсөл дээр ажилладаг. Түүнд би ажилчдаа хамруулж, дадлагажуулах үе гардаг. Би тогтвор суурьшилтай 6 сар ажиллаж байж, зээлд хамрагдах боломжтой болж байгаа юм. Хохирол, төлбөрөө төлж барагдуулахыг хүсэж байгаа минь үнэн. Тиймээс төлөх боломж, нөхцөлөөр хангаж, надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.

Прокурор С.Бат-Орших тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэргийн материалд гэрч Шинэбаярын өгсөн мэдүүлэгт “...Т.Э нь компанийн борлуулалтын ажилд ямар ч хамааралгүй, манай компани нь тусдаа борлуулалтын албатай. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Ривер Вилла хотхоны 8 дугаар байрны авто зогсоол 2022 оны 8 дугаар сард бүгд зарагдаад дууссан байсан. Хаанаас авто зогсоол олж өгөх гэж байсныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлгээр Т.Э гэх хүн нь ямар нэгэн байдлаар тухайн “Ривер Вилла” хотхоны борлуулалт хийх эрх бүхий албан тушаалтан биш байсан гэдэг нь тогтоогддог. Хохирогч Э.Шын гаргасан давж заалдах гомдлын тухайд анхан шатны шүүх хэргийг 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэж, 490 дугаар шийтгэх тогтоолыг гаргасан. Шийтгэх тогтоолын 6 дахь заалтад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.Эээс 31.00.000 /гучин нэгэн сая/ төгрөг гаргуулж, хохирогч Э.Шт олгосугай гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Тийм учраас хохирол, төлбөрийн асуудлын хувьд хохирогчид ямар нэгэн асуудал тулгараагүй гэж үзэж байна. Шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Э.Сайнсанаагаас нийгмийн даатгалын лавлагааг гаргаж өгч байна. Уг лавлагааг би буруу хараагүй бол 2022 оны 1 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна. Энэ хугацаанд ажил хийж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болох нь харагдаж байна. Хохирогчид өдий хүртэл хохирол, төлбөр төлөөгүй. Шүүгдэгч Т.Э нь хэдий гэм буруудаа маргадаггүй боловч хохирол, төлбөрийн асуудалд хэрхэн хандаж байгаа нь харагдаж байна. Мөн шүүгдэгч Т.Эийн өмгөөлөгч хохирлыг буруу тооцсон гэж байна. Э.Ш “агуулах олж өгөөч” гэж Т.Эт хандсаны үндсэн дээр 2.000.000 төгрөгийг нь бэлнээр, 11.500.000 төгрөгийг нь тусдаа өгсөн байдаг. Э.Ш, Т.Э нар 10.000.000 төгрөгөөр хоорондоо гэрээ байгуулсан. Энэ байдлаар Э.Ш өөртөө хувийн ашиг олж байгаа байдал харагдаж байгаа юм. Гэхдээ энэ байдал нь хэрэгтээ хамааралгүй. Улсын яллагчийн зүгээс хохирол, төлбөрт 31.000.000 төгрөг төлөгдөөгүй гэж яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд 31.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэж, 31.000.000 төгрөгийг хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг өөрчлөх асуудлын тухайд энэ талаараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартаа хүсэлтээ гаргаж, Баянгол дүүрэг болгож өөрчлүүлэх боломжтой гэж үзэж байна. Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтийн тухайд прокурорын шатанд хохирол, төлбөр төлөгдөөгүй учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломжгүй гэсэн хариу өгч татгалзсан байдаг. Анхан шатны шүүхийн шүүгч мөн адил хохирол, төлбөрийн асуудал төлөгдөөгүй гэх үндэслэлээр татгалзсан. Тийм учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх үндэслэлгүй байсан гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Т.Э нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Ривер вилла 8-1 болон 8-2 байрны В-1 давхарт 1 автомашины зогсоол олж өгнө гэж өөрт байхгүй зүйлийг амлах хэлбэрээр зохиомол байдлыг зориудаар бий болгож улмаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Ривер Вилла 8-1-125 тоотод гэртээ байхдаа хохирогч Э.Шаас 2021 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 5.000.000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 1.000.0000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 25.000.000 төгрөг тус тус шилжүүлэн нийт 31.000.000 төгрөгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Э.Шын: “...тухайн үед байрны зогсоолдоо зогсоол хайгаад явж байсныг Т.Э мэдээд би чамд авто зогсоол, агуулахын өрөө олж өгье эхний ээлжид 13.500.000 төгрөг өгчих, агуулахын өрөө гаргаж өгөөд дараа нь авто зогсоол шийдэж өгье гээд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр эхнэрийн 530хххх551 тоот данснаас Т.Эийн Худалдаа хөгжлийн банкны 45хххх090 тоот дансанд 2.000.000 төгрөгийг агуулахын урьдчилгаа гэж шилжүүлсэн. Үлдсэн 11.500.000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөн дансанд шилжүүлсэн нийт 13.500.000 төгрөг шилжүүлж 2021 оны 12 дугаар сард агуулахын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан бөгөөд тухайн агуулахыг 10.000.000 төгрөгөөр авсан байсныг нь мэдээд та илүү 3,500,000 төгрөгийг нь авсан байна ш дээ гэхэд чи авто зогсоол авах гэж байгаа биз дээ тэр мөнгөнд чинь тооцож авто зогсоол авч өгнө гэж хэлсэн.

Ингээд би Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Ривер Вилла 8-1, 8-2 байрны аль нэгний В-1 давхарт 1 автомашины зогсоол авах боломжтой гэж хэлсэн. Т.Э чи надад 31.000.000 төгрөг өгчих тэгээд зогсоол авах боломжтой гэж хэлсэн. 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сард 5.000.000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 25.000.000 төгрөг нийтдээ 31.000.000 төгрөг шилжүүлсэн. Авто зогсоолын гэрчилгээ 2022 оны 3 дугаар сард гарна гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн гэрчилгээ гараагүй бөгөөд Т.Этэй уулзаж авто зогсоолыг асуухад одоо авто зогсоолын гэрчилгээ гараагүй бөгөөд гаргаж өгөх боломжгүй тул авсан мөнгийг буцаан төлнө гэж 2022 оны 12 дугаар сард 15- ны өдөр өөрөө гараараа бичиж өгсөн. ...” /хх 63/ гэсэн,

гэрч Э.Э“...2022 оны 12 дугаар сарын орчим Э.Ш Хөвсгөл аймгаас над руу яриад байрныхаа дор авто зогсоол авч машинаа тавьдаг юм уу гэтэл тухайн зогсоолыг өөр хүн авсан гээд миний машиныг хөөгөөд байна та учрыг олоодхооч гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар пропертиз ХХК-ийн ажилтан Т.Э гэх хүнд авто зогсоолын 30.000.000 төгрөг өгсөн байгаа та яриарай гээд утасны дугаарыг нь өгсөн. Т.Этэй ярьж асуухад наад зогсоолыг чинь өөр хүн авсан түр өөр зогсоол дээр машинаа тавьж бай гэж хэлсэн. Манай дүү авто зогсоолын төлбөрийг төлсөн байхад яагаад өөр хүнд өгсөн бэ гэхэд хажуу талд баригдаж байгаа байрны зогсоолоос авч өгнө түр хүлээж бай гэсэн тул Улаанбаатар пропертиз ХХК-ийн гүйцэтгэх захирал Бямбаагийн утсыг нь олж тодруулахад Э.Ш манай компаниас авто зогсоол авахаар ямар нэгэн гэрээ хэлцэл хийж, төлбөр төлсөн баримт байхгүй байна гэж хэлсэн. Т.Э нь Э.Шыг манай хамаатны дүү бөгөөд мөнгө зээлж авсан болохоос авто зогсоол өгнө гэж яриагүй гэж хэлж ойлгуулсан байсан. ...” /хх 65/,

гэрч Б.Ш“...Т.Э нь компанийн борлуулалтын ажилд ямар ч хамааралгүй, Улаанбаатар пропертиз ХХК нь тусдаа борлуулалтын албатай. ...Эийн авто зогсоол авна гэх Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Ривер Вилла хотхоны 8-р байранд авто зогсоол 2022 оны намар бүгд зарагдаад дууссан байсан. Хаанаас ямар зогсоол олох гэж байсныг нь мэдэхгүй байна. ...” /хх 67-69/

шүүгдэгч Т.Эийн яллагдагчаар өгсөн: “...Э.Ш над руу залгаад авто зогсоол олж өгөх боломж байна уу гэж асуусан. Би ажлынхаа хүмүүсээс сул зогсоол гарах уу гэж асуухад авто зогсоол байхгүй байгаа, зарим хүмүүс зогсоолоо буцаадаг тэр үед нь чимээ гарвал авто зогсоол авч болох байх гэж ажилчдаас сонсож байсан тул Шд дамжуулан хэлсэн. Гэтэл Э.Ш би хөдөө гараад явчихдаг юм явсан хойгуур авто зогсоол гарвал яанаа гэхээр нь чи мөнгөө бэлдсэн бол надад өгөөд байршуулчих ойрхон зогсоол гарч магадгүй юм шиг байна авто зогсоол 35.000.000 төгрөгт зарагдаж байсан. Анхны гэрээгээр 30.000.000 төгрөг зарагдаж байгаа байх чи эгчдээ 30.000.000 төгрөг өгчих хэрэв зогсоол олдвол чи урамшуулалд 1.000.000 төгрөг өгөөрэй гэж хэлэхэд зөвшөөрөөд ...мөнгө шилжүүлсэн. Би авто зогсоол хайхад нэг авто зогсоол төлбөрийн асуудалтай буцаагдах сураг байсан тул тухайн авто зогсоолыг нь авна гэж бодож байтал надад мөнгөний хэрэг гарсан тул Э.Шын өгсөн мөнгөнөөс зарцуулж дуусгасан.   ...” /хх 75-76, 85-86/ гэсэн мэдүүлгүүд,

Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн хуулбар /хх12-20/, шүүгдэгч Т.Эийн Худалдаа хөгжлийн банкны харилцах дансны хуулбар /хх 41-60/, “Улаанбаатар пропертиз” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 071 дугаартай албан бичиг /хх 102/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Т.Эийг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулсны улмаас эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зөрчөөгүй байна .

Шүүгдэгч Т.Э нь автомашины зогсоол олж өгнө гэж өөрт байхгүй зүйлийг амлах хэлбэрээр зохиомол байдлыг зориудаар бий болгож улмаар хохирогч Э.Шаас нийт 31.000.000 төгрөгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Худалдаа хөгжлийн банкны 456120090 дугаарын дансаар шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хохирогч Э.Ш “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Т.Эийн өмгөөлөгч Э.Сайнсанаа “...хохиролд 3.500.000 төгрөгийг хохирлын мөнгөнөөс хасч тооцуулах, мөн зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Анхан шатны шүүх Т.Эт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэмжээ, болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн нь хуульд нийцсэн байна.

Хавтас хэрэгт авагдсан хохирогч Э.Ш “...Т.Э агуулахын өрөө олж өгье эхний ээлжинд 13.500.000 төгрөг өгчих, агуулахын өрөө гаргаж өгөөд дараа нь авто зогсоол шийдэж өгье гээд 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр эхнэрийн Хаан банкны данснаас Т.Эийн Худалдаа хөгжлийн банкны дансанд 2.000.000 төгрөгийг агуулахын урьдчилгаа гэж шилжүүлсэн. ...агуулах авахад илүү 3.500.000 төгрөг шилжүүлсэн байсныг 2022 оны 12 дугаар сард 3.500.000 төгрөгийг надад шилжүүлсэн өгсөн байгаа. ...” /хх 63/, шүүгдэгч Т.Эийн “...Э.Шаас 13.500.000 төгрөг авч компанийн ажилчдаас гуйж байгаад 10.500.000 төгрөг авч Э.Шын нэр дээр агуулахын үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж өгч, өөрөө 3.000.000 төгрөгийн ашигтай ажилласан. ...би Э.Шын дансанд 3.500.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. ...” /хх 75/ гэсэн мэдүүлгүүд, мөн агуулах худалдах, худалдан авах гэрээ /хх 11/, Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн хуулбар /хх 12-17 зэрэг баримтуудаас үзэхэд тухайн үед шилжүүлсэн гэх 3.500.000 төгрөг нь Т.Эийн Э.Шт авто зогсоол олж өгнө гэх үйл баримттай хамааралгүй, харин агуулах худалдах, худалдах авах гэрээний үед хохирогчоос илүү мөнгө авсан байснаа буцаан шилжүүлсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “хохирол гаргуулахаар заасан үнийн дүнгээс 3.500.000 төгрөгийг хасч тооцуулах, мөн зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж” өгөх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

Харин шүүгдэгч Т.Эийн оршин суух хаяг нь Сонгинохайрхан дүүрэгт бүртгэлтэй боловч тэрээр одоо Баянгол дүүрэгт түр оршин сууж байгаа болох нь Баянгол дүүргийн 13 дугаар хорооны засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 250 дугаар тодорхойлтоор тогтоогдож байх тул түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх байдлаар өөрчлөлт оруулав.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/490 дүгээр шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлт оруулж, хохирогч Э.Ш, шүүгдэгч Т.Эийн өмгөөлөгч Э.Сайнсанаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “2 жилийн сарын” гэсэн техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/490 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

2 дахь заалтын “...2 жилийн сарын...” гэснийг “...2 жилийн...” гэж,

4 дахь заалтын  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эт шийтгэсэн 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэсүгэй. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Т.Эийн өмгөөлөгч Э.Сайнсанаа, хохирогч Э.Ш нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                                ШҮҮГЧ                                           Л.ДАРЬСҮРЭН

  

                                ШҮҮГЧ                                           М.АЛДАР

 

                                ШҮҮГЧ                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ