Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2024/02146

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, Д.Ганболд, Н.Сарангүн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******************тоот хаягт оршин суух, Ө******* овогт Д*******гийн Б******* /регистрийн дугаар: ИЦ*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, *******************тоот хаягт оршин суух, Т******* овогт С*******ын О******* /регистрийн дугаар: ИГ*******/-д холбогдох

Гэм хорын хохиролд 6,177,480 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б*******, /хариуцагч С.О******* ажиглагчаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М*******, иргэдийн төлөөгчөөр Ж.Н, гэрч Т.Ж, гэрч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Бямба-Амгалан би 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ажлаа таран дүүрэг 4 р хороо 10 дугаар гудамж цэргийн хотхон 298 тоотод оршин суух аав ээжийндээ ирсэн. Манай нөхөр Ч.О мөн ажлаа тараад ирж байна гэсэн тул нөхрөө тосохоор хүлээж байгаад 21 цаг 20 минутын үед нөхөр Ч.Оийг ажлаас буугаад ирэх үед нь тосохоор гарсан.

Тэр үед манай баруун хашааны айлын хүн С.О******* манай нөхрийн хувцаснаас зуураад дээрэнгүй өнгө аясаар загнан зогсож байсан бөгөөд намайг очих үед бид хоёр луу хашгиран танай нойлын энэ хавийн шороо манай хашаа руу нураад байна та 2 орж хар гэж хэлээд татаж чангаан нөхөр бид хоёрыг хашаа руугаа дагуулан орсон.

Хариуцагч С.О******* хашаандаа оруулан нөхрийн хамтаар нөхөр бид хоёрыг хэлэх хэлэхгүй доромж үгээр дайрч доромжлон түлхсэн. Ингээд бид дөрвийн дунд маргаан үүсч хариуцагч С.О******* над руу дайрч түлхсэн тул мөн адил би түлхэж хоорондоо барилцаж авсан.

Энэ үеэр хариуцагч С.О*******ын нохой нь миний зүүн хөлний тахимнаас хазан сэгсэрсэн. Энэ үед миний 2 гарыг хариуцагч С.О******* барьсан байдалтай байсан бөгөөд нохой чинь намайг хазаад байна гэхэд гарыг маань тавилгүй байснаас болж нохойны 3 шүд орсон.

Энэ үед манай аав Д******* орж ирж, нөхөр Ч.Оийн хамтаар нохойг хөөж явуулсан. Ингээд бид цагдаагийн 2 дугаар хэлтэст дуудлага өгсөн.

Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очин мэдүүлэг өгөөд, шууд гэмтэл орж нохойны вакцин хийлгэж, хөлөндөө оёдол тавиулсан бөгөөд 4-6 см гүн шарх үүссэн байсан.

Маргааш өглөө нь мөн шүүх эмнэлэг орж гэмтлийн зэргээ тогтоолгосон бөгөөд эмч нь зөвлөхдөө тахим хэсэг буюу мэдрэлийн судас, зөөлөн эдийн холбоосон дээр гэмтэл үүссэн байх магадлалтай тул хөл эдгэх явцдаа үеэр өвдөх, гишгэхэд хөндүүрлэх, шарх халуу дүүгэх, хөлний үзүүрлүү харлах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид үзүүлж гэмтлийн зэргээ дахин тогтоолгоорой гэж зөвлөсөн.

Хариуцагч С.О******* нөхөр бид хоёрыг өдөн хоргоож хашаандаа оруулж маргаан дэгдээн хашааны тэжээвэр нохойгоороо хазуулан санаатай гарыг маань барин өөрийгөө хамгаалах боломжгүй болгосноос үүдэн би эмчийн үзлэгээр 17 хоног хөдөлмөрийн чадвараа алдсан.

Би 2009 онд үсчин мэргэжил эзэмшин одоог хүртэл үсчингээр ажиллаж байгаа бөгөөд 2015 оноос одоог хүртэл Шинэ сансар худалдааны төвд суудал түрээслэн үсчин мэргэжлээрээ ажиллаж байна.

Ажлын онцлогоос хамаарч байнгын зогсоо байдаг тул нохойнд хазуулсан шархнаасаа болж гэмтэл авсан өдөр болох 2022 оны 4 сарын 01-ний өдрөөс эхлэн удаан зогсох алхах боломжгүй байсан тул 17 хоногийн хугацаанд ажиллах ямарч боломж байгаагүй.

Тухайн үйл явдал болсон өдөр баасан гариг байсан тул тухайн шөнөдөө гэмтэлд үзүүлсэн бөгөөд маргааш нь бямба, ням гаригууд таарч харьяа дүүргийн эмнэлэгтээ үзүүлэх боломжгүй байсан. Ингээд 2022 оны 04 сарын 04-ний ажлын эхний өдөр эмчид үзүүлсэн.

Мөн үзлэгийн эмчийн зүгээс гэртээ хөлөө сойн хэвтэж аль болох явахгүй хөл дээрээ ачаалал авалгүй байхыг зөвлөсөн. Эмнэлэгийн байгууллагаас үзлэг хийн, эмчид үзүүлсэн өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвараа түр алдсаныг тодорхойлж 14 хоногийн акт бичсэн.

Миний ажилладаг Шинэ Сансар худалдааны төв нь 7 хоногийн лхагва гариг болгон амардаг. Ажлын байрны түрээс 1 сарын 500,000 төгрөг бөгөөд 2022 оны 4 сар нь нийт 30 хоногтойгоос амралтын өдрөө хасаад ажлын 26 хоног байна.

Тэгэхээр 1 өдрийн түрээсийн төлбөр = 500,000/26 хоног буюу 19,230 төгрөг болж байна. Хөдөлмөрийн чадвараа алдсан 17 хоног /2022.04.01-2022.04.17 /ийн хугацаанд амралтын 4 сарын 06, 13 нд амралтын өдөр байгаа тул нийт түрээс бодогдох 15 өдөр байна.

Өвчтэй байх хугацаанд нийт ажлын 15 хоног*1 өдрийн түрээс 19,230 төгрөг =288,450 төгрөгийн түрээс бодогдсон байна.

Би үсчин мэргэжлээрээ ажиллаж өдөрт дунджаар 149,232 төгрөгийн орлого олдог. Түүгээрээ гэр бүлээ тэжээж, банкны зээлээ т*******өг байсан, өөр орлогогүй. Орлоготой холбоотой нотлох баримтыг хавсаргасан.

Хөдөлмөрийн чадвараа алдан акттай байсан 17 хоног /2022.04.01-2022.04.17/ хооронд 2 өдрийн амралт байгаа бөгөөд гэмтэл авсанаас хойш нийт ажиллах байсан 15 хоног байна.

Өдрийн дундаж орлого 149,232 төгрөг * ажлын 15 хоног =2,238,480 төгрөгийн орлого олж түрээсийн төлбөрөө төлөх, сарын хоол хүнсээ авах, зээлээ төлөх, бусад хэрэглээндээ зарцуулах нэн шаарлагатай байсан.

Хариуцагч С.О*******ын буруутай санаатай үйлдлээс болж хашааны тэжээвэр нохойд нь хазуулан гэмтэл авч ажиллах боломжгүй орлогогүй болсон тул энэ хугацаанд ажлаа хийж олох ёстой байсан 2,238,480 төгрөгийг хариуцагч С.О*******аас гаргуулж өгнө үү.

Монгол улсын Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх заалтыг үндэслэн хариуцагч С.О*******ын буруутай үйлдэл болох орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас учруулсан гэм хорын хохиролд 3.939.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн.

Хариуцагч нь өөрийн хууль зөрчсөн үйлдэлдээ огт гэмшихгүй, хүлээн зөвшөөрөхгүй байр суурьтай болохыг түүний шүүхэд гаргасан хариу тайлбараас олж мэдсэн.

Нэхэмжлэгч миний бие нь үсчний ажлыг хийж гүйцэтгэхийн тулд байнгын зогсоо байдлаар ажилладаг. Харин хариуцагч С.О*******ын уяагүй сул чөлөөтэй байсан нохойд хазуулж гэмтсэнээс болж өнөөдрийн байдлаар зогсоогоор ажлаа хийж гүйцэтгэхээр байнгын хөл өвдөж. ажиллахад маш хүндрэлтэй нөхцөл байдал үүсч, энэхүү нөхцөл байдлын улмаас өөрийн эрүүл мэндэд анхаарч гэмтсэн хөлөө зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай болоод байна.

Миний гэмтсэн хөлийг гоо сайхны эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй гэж мэргэжлийн эмчээс зөвлөгөө авсаны дагуу дүүрэг, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Синдералла эмнэлэгт үзүүлэхэд дараах дүгнэлтийг гаргаж өгсөн.

Үүнд: РRР тарилга энэ нь арьсны төлжилтийг дэмжин сорвижилттой үлдэх магадлалыг багасгана, тоо 6, нэгж үнэ 175,000 төгрөг, нийт 1,050,000 төгрөг,

Сорви тос тебегта, тоо 1, нэгж үнэ 89,000 төгрөг, нийт үнэ,

Салмон тарилга энэ нь арьсны төлжилтийг дэмжин нөхөн сэргээх, тоо 5, нэгж үнэ 400,000 төгрөг, нийт үнэ 2,000,000 төгрөг,

Лазер эмчилгээ /хэсэгчилсэн/ энэ нь сорвийг бүдгэрүүлэх зорилготой, тоо 3, нэгж үнэ 250,000 төгрөг, нийт үнэ 750,000 төгрөгг,

Төлбөр үзлэг, 50,000 төгрөг, нийт 3,393,000 төгрөг.

Дээрх эмчилгээний зардлыг зайлшгүй гаргуулах шаардлагатай болсон тул энэхүү нэхэмжлэл нь хууль харшлаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар дээрх үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамт шийдвэрлэх боломжтой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа болно.

Иймд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх заалтанд зааснаар Хохирогч эмчипгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж заасныг үндэслэн орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас учруулсан гэм хорын хохирол, эмчилгээний зардал 3,939,000 төгрөгийг хариуцагч С.О*******аас гаргуулж өгнө үү.

Олох ёстой байсан орлого 2,238,480 төгрөг, хохирол эмчилгээний 3,939,000 төгрөг, мэс заслын эмнэлэгт сорив арилгах, бүдгэрүүлэх тарилга ПРП 4 удаа хийлгэсэн 700,000 төгрөг, Интернэйшнл Медикал Сентер эмнэлэгт эмчийн үзлэг 65,000 гөгрөг, давтан үзлэг 20,000 төгрөг, хөлний хазуулсан хэсгийн MRI 658,000 төгрөг, А эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 13 хоногийн эмчилгээний төлбөр 2,071,450 төгрөг, нийт Иймд 9,691,930 гөгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Б******* үндэслэлгүй худал мэдүүлэг өгсөн байна. Үүнд:

1. 05 сарын 01-нд 21 цаг 20 минутанд нөхөр болох Пүрэвочирыг гараас нь татаад хашаандаа оруулан хэл амаар доромжилсон нь худал болох нь дэлгүүрийн камерт бичигдсэн нь бичлэгээр нотлогдоно. 21 цаг 20 минутанд би гэртээ байсан болно.

2. 21 цаг 45 минутанд нөхрийн хамт О******* миний бие хүнсний дэлгүүр орохоор гэрээсээ гарсан. 21 цаг 51 минутанд Б*******гийн нөхөр Ч.Отэй дэлгүүрийн үүдэнд таарахад араас хөөе хөөе гээд дуудаад байсан. Нөхөр бид 2 дуугараагүй.

3. Б*******гийн жорлон, бохир нь манай хашаанд жилдээ 2-3 удаа байнга хальж задардаг. Энэ асуудал 2 жил үргэлжилж байна. Баримт сиди дээр болон зургаар байгаа. Жорлонгийн асуудлыг Ч.От хэлээд үзье гээд гадаа гудмандаа таараад хэлсэн.

Гэтэл чи надтай харьцахгүй шүү халтар минь гээд орилоод байсан. Би айгаад хашаа руугаа гүйгээд орсон. Гэтэл араас шууд хашааны хаалга өшиглөөд дайраад хашаан дотор орж ирсэн. Тэгээд нүүр нүдгүй намайг цохиж эхэлсэн. Би орилоод нөхрийгөө дуудсан.

Нөхөр нохой сул байгаа шүү давраад байгаарай, хашаанаас гар зайл гэж хэлээд гүйж ирсэн. Гэтэл манай нөхрийг боож унагаагаад дээр нь суугаад цохиж эхэлсэн. Араас нь Ч.Оийн хадам аав Д******* орж ирээд салгах нь байтугай дэвсээд хамт цохисон, би салгаж чадахгүй сандраад 102-т 21 цаг 59 минутанд дуудлага өгсөн.

4. Ч.Оийн эхнэр Б******* гаднаас орж ирээд нөхрийгөө салгахгүй шууд миний нүүр гарыг маажиж цохисон. Манай нөхөр чанга орилход О нөхрийн маань гар утсыг дээрэмдээд авсан байсан. Утас өгөхгүй байсан. /бичлэг хийж байсан болохоор/ Энэ хэрэг зөрчлийн хуулиар шалгагдаад 100 мянган төгрөгийн торгуулийг О******* би төлсөн. Б******* эмчилгээний зардал болох 340 мянган төгрөг нэхсэн. Би баримттай байгаа зүйл дээр нь төлнө гээд 200,000 төгрөгийг төлсөн.

5. 70,000 төгрөг түлшний үнэ, 130,000 төгрөг эмчилгээний зардал төлсөн боловч 140,000 төгрөг нь ямар ч баримтгүй мөнгө нэхсэн. Тухайн үед энэ мөнгийг аваад гомдолгүй гэсэн. Хорооны цагдаа энэ мөнгийг нь төлчихөө гээд байсан болохоор төлсөн. Энэ хэрэг ингээд дуусна гэсэн.

Гэтэл дараа нь 2,238,480 төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгө нь өдрийн түрээс, өдрийн орлого гэх мөнгийг 17 хоногийн хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан гэх нотолгоогүй үндэслэлээр нэхэж байна.

Тухайн үед гэмтлийн эмч тэмдэглэл бичихдээ: Б******* хөдөлмөрийн чадвараа алдсан гэж ямар нэгэн тэмдэглэл бичээгүй байсан. Тэр үед хорооны цагдаа хөдөлмөрийн чадвараа алдсан гэж юу ч хэлээгүй . Дахин дахин мөнгийг нь л хийчих гээд байсан. Энэ хүн цаашаа явахгүй гарсан байгаа бодит төлбөр нь энэ байна гэж байсан.

Д.Б*******гийн дансыг шалгаж үзэхэд 2, О үсэг тэмдэглэгдсэн хэд хэдэн данснаас тогтмол орлого орсон байсан. Үүнийг үндэслэлгүй гэж үзээд төлөх боломжгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Татгалзлын үндэслэл нь:

1. Нэхэмжлэгч Д.Б******* нь 2022 оны 04 сарын 01 өдөр дүүргийн 2 хороо, Их Дарь-Эхийн 6 гудамжны 223 тоот хаягт байрлах хариуцагч С.О*******ын хашаанд зөвшөөрөлгүй нэвтрэн орж түүний нохойд хазуулсан тухайд

Нэхэмжлэгч Д.Б******* нь 2022 оны 04 сарын 01 өдөр дүүргийн 2 хороо, Их Дарь-Эхийн 6 гудамжны 223 тоот хаягт байрлах хариуцагч С.О*******ын хашаанд түүний зөвшөөрөлгүй нэвтэрсэн байдаг. Учир нь С.О******* Д.Б******* нар нь хөрш айлууд бөгөөд Д.Б******* 5-6 жил бохирын асуудлаа оновчтой зөв шийдвэрлээгүй, түүнээс болж удаа дараа бохир нь задарч С.О*******ын хашааруу угаадас нь хальж орж ирдэгээс болж энэхүү асуудал үүссэн байгаа юм. Энэ асуудал нь ялихгүй юм шиг хэрнээ тухайн бохир задрах гэдэг нь хөрш айл болох С.О*******ын хувьд хүүхдүүдээ эрүүл орчинд өсгөх гэсэн эх хүний тухайд маш хүнд асуудал болоод удсан б*******ээ. Ингээд дахин бохир чинь задраад хальж манай хашааруу орсон байна гэдгийг Д.Б*******гийн нөхөр Ч.От тааралдсан даруйдаа хэлэхийг хариуцагч нь яарсан байна. Улмаар С.О******* нь Ч.От хандан энэ асуудлаа хурдхан зохицуулах шаардлага тавьсан бөгөөд энэхүү шаардлагыг Ч.О хүлээн авалгүйгээр, тухайн этгээдтэй хэрүүл маргаан хийж, өөрийнх нь эд хөрөнгө, бие махбодид халдсан байгаа юм. Тийм асуудлын дараа С.О******* нь нөхөр болох Т.Жыг дуудсан бөгөөд Т.Жамболдорж нь байшингийнхаа хойд талаас юун нохойтой манатай эхнэртээ туслахаар гүйжээ. Т.Жыг ирж байхыг харсан Ч.О нь мөн түүнийг ирэнгүүт нь утсыг нь авч хармаандаа хийсэн бөгөөд үүнээс болж Ч.О, Т.Ж хоёр барьцалдан авч удалгүй Ч.О нь Т.Жыг доороо хийж авсан байгаа юм. Ч.О нөхөртэй нь зууралдах мөчид С.О******* нь цуг хамтдаа байх бөгөөд тэр хоёрыг салгах талаар бүхий л зүйлийг хийж утсаараа цагдаа сэргийлэх дуудах оролдлого хийсээр байсан юм. Яг энэ зүйл болж байх үед Д.Б*******гийн аав Д******* мөн хашаанд орж ирсэн байдаг бөгөөд Ч.О болон Т.Ж нарыг салгахгүй Ч.Отэй нийлэн Т.Ж С.О******* нартай ноцолдсоор байсан байгаа юм. Ингээд удалгүй араас нь нэхэмжлэгч Д.Б******* нь мөн орж ирээд тэр хэдийг зууралдаантай, С.О******* нь бусдад баригдаад хөдөлж чадахгүй, өөрийгөө хамгаалж чадахгүй байхад нь нүүр нүдгүй зохиж, зодсон байгаа юм. Энэ үеээр нохойг хорих боломж гэрийн эздийн хэнд ч байгаагүй бөгөөд гэнэтийн энэхүү үйлдэл болоход нохойг хорих байтугай өөрсдийгөө ч хамгаалж чадахгүй нөхцөл байдал үүссэн байсан байна. Нэхэмжлэгч Д.Б*******гийн С.О*******ыг зодож байгаа үйлдэл нь нохой түүнийг хазсанаар дуусгавар болсон байдаг бөгөөд хэрэв нохой түүнийг хазаагүй бол магадгүй Д.Б******* нь С.О*******д нөхөж баршгүй эрүүл мэндийн хохирол учруулсан байхыг үгүйсгэхгүй. Эцэст нь дээрх үйл явдлыг дүгнээд хэлэхэд нэхэмжлэгч нь бусдын гэр хашаанд зөвшөөрөлгүй нэвтэрч орсноор барахгүй, гэрийн эзэгтэйг зодож түүнд хөнгөн гэмтэл учруулсан байдаг бөгөөд, харин эзнээ хамгаалсан нохой түүнийг хазсанааар хариуцагчийг зодохоо больсон үйл баримт тухайн цаг хугацаанд болж өнгөрсөн байна.

Иргэний хуулийн 501 зүйлд заасан амьтны учруулсан гэм хорын тухайд Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ өөрт учирсан гэм хорыг С.О*******ын нохой нь учруулсан учраас хариуцах ёстой гэж тодорхойлж байгаа. Иргэний хуулийн 501 зүйлийн 501.1-т Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна гэж заасан байдаг хэдий ч тус зүйлийн 501.1.2-т Гэрийн тэжээвэр амьтан, эсхүл мэргэжлийн үйл ажиллагааны зүйл болдог бусад амьтны үйлдлээс бусдад гэм хор учирсан нь тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигчийн санаатай буюу илт болгоомжгүй үйлдэлтэй холбоогүй бол тэрээр гэм хорыг хариуцахгүй гэж заажээ. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 501 зүйлийн 501.2-т зааснаар тухайн амьтны өмчлөгч эзэмшигчийн санаатай илт болгоомжгүй үйлдэл байгаагүй л бол тэрээр энэхүү гэм хорыг хариуцахгүй байхаар зохицуулжээ.

Тэгэхлээр дээр дурьдсан хэргийн үйл баримтаас харахад С.О*******д санаатайгаар эсвэл илт болгоомжгүй үйлдэлээр нохойгоороо нэхэмжлэгчийг хазуулж гэм учруулсан үйлдэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас үүссэн хохирол болон орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасанаас үүсэх хохирол шаардсан талаар.

Нэхэмжлэгчийн дээрх хохирол гэх зүйлүүд нь цэвэр өөрийнх буруугаас болж үүссэн бөгөөд хариуцагчийн оролцоо огтхон байхгүй юм. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэсэн Монгол ардын зүйр цэцэн үг бий. Хэрэв бохирын асуудлаа эртхэн шийдвэрлээд хөрш айлдаа хүндрэл учруулаагүй бол тэр хэрүүл маргаан үүсэхгүй байсан. Хэрүүл маргааны үеээр хөрш айлын хүмүүс б******* өөрсдийн хийсэн буруу зүйлсээ зөв үнэлж цэгнэн, өөрсдийн талаар зөв ойлгуулж тухайн асуудалд цэгц шугмыг баримталсан бол энэхүү хэрүүл маргаан үүсэхгүй байсан байна. Хүний наад захын хүнлэг байдал гаргасан бол хөршийгөө үл ялих асуудлаар зодох цохих, биед нь гэмтэл учруулахгүй байсан байна. Хөршийгөө зодохоор түүний зөвшөөрөлгүй хашаа гэрт нь ороогүй бол хөршийнхөө нохойд хазуулж өөрөө хохирохгүй байсан байна. Хэрэв хэрүүл маргаан хийлгүй энэ асуудлыг зөвөөр шийдвэрлэх гэсэн нэгхэн ч үйлдэлийг хийхийг оролдсон бол өөрөө бусдыг зодож, бусдыг зодсоноос болж нохойд нь хазуулж, нохойд нь хазуулсанаас болж өөрөө хөдөлмөрийн чадваргүй болох, ажлаа хийж чадахгүй байх, хазуулсанаас үүссэн эрүүл мэндийн хохирол зэрэг зүйлс өөрт нь үүсэхгүй байсан байна. Энэ бүх зүйлс нь зөвхөн нэхэмжлэгчийн өөрийнх нь буруу үйлдлээс эхлэлтэй буюу, тус буруу үйлдэлүүдийн шалтгаант холбооны улмаас бусдын болон өөрийнхөө эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл хийжээ.

Иймд дээрх татгалзалын үндэслэлүүдийг харгалзан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ:

Гэм хорын хохирлыг нотлогдсон хэмжээгээр хариуцагч төлөх ёстой гэж үзэж байна гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, үйлчилгээний талбай түрээсийн гэрээ 2022.01.04 өдрийн дугааргүй, М менежмент ХХК-ийн 2022.04.10 дугааргүй тодорхойлолт,

Д.Б******* үсчин гэх ХХК-ийн мерлин монро сургалтын төвийн үнэмлэх, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас №11012204180060, нохойд хазуулсэн гэх хөлийн фото зураг, гэмтэл согог судлалын үндэсний төвд 2022.04.01-ний өдөр 02 цаг 30 минутад Д.Б******* үзүүлсэн эмчийн бичиг,

Д.Б*******гийн талаар бичсэн 2022.04.11-ний өдрийн Эмнэлэгт өвчтөн илгээх худас, эмнэлгийн магадлагаа, , , фарм эмийн сангаас эм худалдан авсан баримтууд,

Б*******гийн банкны дансны түүвэр, дансны хуулга, Үйлчилгээний талбай түрээсийн гэрээ 20221.01.02 дугааргүй, Монгол Улсын стандарт /ангилалтын код 03.080.20/, банк Д.Б******* нарын хооронд байгуулагдсан 2022.04.13№ЗГ/1735 дугаартай Зээлийн гэрээ, лизинг ХХК болон Д.Б******* нарын хооронд байгуулагдсан 2022.04.27№№ӨР-БЗГ/2022-39164 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, БЗДЦГ ЦХ-2, Шуурхай удирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны хуудас /албан тушаалтны гарын үсэг, тамгагүй/, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас №11012204180060, Үйлчилгээний талбай түрээсийн гэрээ М менежмент ХХК-ийн 2018.01.02, Худалдаа, үйлчилгээний талбайн түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлт сунгалт 2019.01.03 дугааргүй, банк Д.Б******* нарын хооронд байгуулагдсан 2021.05.17№АЗГ/21/046 дугаартай Зээлийн гэрээ, Д.Бямба-Амалангаас Ч.От олгосон 2022.08.03 итгэмжлэл, Д.Б******* болон өмгөөлөгч Г.Оюунболд нарын хооронд байгуулагсан өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, клиник ХХК-ийн 2022.10.26-ны өдрийн 22/28 дугаартай эмнэлгийн дүгнэлт, Д.Б*******гийн биед зүүн өвдөгний ар хэсэгт няцарсан шарх, цээж, баруун шуу, зүүн өвдөгний ар хэсэгт зулгаралт, баруун бугалга, зүүн ядам хурууны 2 дугаар үений доор, зүүн өвдөгөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдсон, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэнийн тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022.04.06№5260 дугаартай дүгнэлт, иргэн Ч.От шүүх хуралдааны бичлэг өгөх боломжгүй тухай , , дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.16№287 дугаартай албан бичиг, Алт болд эмнэлэгт 2,071,450 төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээ авсан баримт, мэс заслын эмнэлэгт 2024.03.01, 2023.05.17, 2023.05.31, 2023.06.28-ны өдөр тус тус 175,000 төгрөгийн үйлчилгээ авсан баримт, 14 хоногт 1 удаа сорвинд тарих, сорвины тос түрхэх тухай эмнэлэгийн зөвлөгөө, И сентр-д 2024.02.21-ний өдөр 65,000, 2024.02.25-ны өдөр 658,000, 2024.02.28-ны өдөр 20,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан баримт, Д.Б*******гийн Амбулаториор эмчлүүлэгсдийн карт,

 

Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: Хариу тайлбар, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс С.Отгоножаргалд хаягласан 2022.04.11№02-16/68 тоот албан бичиг, юнител ХХК-ийн тооцооны хуудас, дугаараас 102-т 2022.04.01.-ний 21:59 цагт, 22:17 цагт тус тус дуудлага өгсөн тухай Юнител ХХК-ийн лавлагаа, С.О*******аас Т.М*******ад 2022.12.27 өдөр олгосон итгэмжлэл, Хэргийг прокурорт буцаах тухай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.12.13№2022/ШЗ3598/ захирамж, С.О*******ыг 100,000 төгрөгөөр торгосон 2022.04.08№0319883 дугаартай Шийтгэлийн хуудас, хариуцагчийн нөхөр Т.Ж өвчтэй гэх баримтууд болон уг шалтгаанаар шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт, Д.Б*******д холбогдох хэргийг шийдвэрлэсэн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/144 дүгээр шийтгэх тогтоол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, С.О*******ын эзэмшдэг банк дахь дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга 2022.04.01-2022.05.01,

 

Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн баримтууд: 2023.05.16-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл,

 

 

Шүүх хуралдаанаар, нэхэмжлэл, зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 6,594,250 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, хариуцагч С.О*******аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,097,680 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Д.Б******* нь хариуцагч С.О*******ын нохойд хазуулснаас болж эрүүл мэндээрээ хохирч, хөдөлмөрийн чадвар түр алдсанаас олох байсан орлого 2,238,480 төгрөг, эрүүл мэндэд учирсан хохиролд 3,939,000 төгрөг, 3,514,450 төгрөг, нийт 9,691,930 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

3. Хариуцагч С.Отгонжарргал нь нэхэмжлэгч Д.Б*******г зөвшөөрөлгүйгээр манай хашаанд орж нохойд хазуулсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

4. 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь эх 3 дугаар хэсэг, 6-223 тоот хаяг дах С.О*******ын хашаанд нэхэмжлэгч Д.Б*******, хариуцагч С.О******* нар үл ялих зүйлээс болж маргалдан, Д.Б******* нь С.О*******ын биед хөнгөн хохирол санаатай учруулан гэмт хэрэгт холбогдсон гэжээ.

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/144 дүгээр шийтгэх тогтоолоор Д.Б*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.

Дээр дурдсан 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан гэх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй.

 

5. Шийтгэх тогтоолд дурдсан үл ялих гэх зүйлээс болж маргалдах үед Д.Б******* нь С.О*******ын хашааны нохойд хазуулсан уг асуудлыг дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч М.Ө шалгаж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай 2022 оны 04 сарын 08-ны өдрийн 0319883 тоот шийтгэлийн хуудас үйлдэж, С.О*******ыг Зөрчлийн тухай хуулийн 5.19 дүгээр зүйлийн 1-д зааснаар 100,000 төгрөгөөр торгосон байна.

 

6. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ч.О:

...Би ажлаа тараад эхнэр, хүүхэд хоёроо авах гээд очсон. С.О******* миний машины өмнүүр орж ирж зогсоод энэ хашаагаа хар гэж хэлсэн. Би хариуд нь манай хашаа бишээ, манай хадмын хашаа гэсэн. Намайг чирээд, өөрийнхөө хашаа руу аваад орсон. Эхнэр яагаад манай нөхрийг хашаа руу оруулах гээд байна гэхэд чи ч гэсэн хамт ороод үз гэсэн.

Эхнэр миний араас орж ирсэн. Намайг хэл, амаар доромжлоод, түлхээд өшиглөөд байсан ба эхнэр, чи яагаад байна гэхэд хэрүүл үүссэн. Надад тэр хашаа руу орох сонирхол байгаагүй. Татаад, чирээд байсан болохоор гайхаад дагаад орсон.

Тухайн үед Т.Ж хашаа руугаа түрүүлээд орсон. Энэ үед С.О******* намайг дагуулаад хашаа руугаа орсон. Т.Ж илүү гэр лүүгээ орох гэж байгаад бид хоёрыг хараад хүрээд ирсэн. Байшингийнхаа ард байгаагүй. Жаахан түрүүлээд хашаа руугаа орсон болохоос хашаанд хамт байсан. Би Т.Жийг гар утсыг булаагаад авах үед, энэ айлын нохой манай эхнэрийг хазсан.

Тухайн үед Д.Б******* намайг тавиач, нохой чинь хазаад байна гэж хэлэхэд С.О*******, Д.Б*******г барьчихсан зогсож байсан. Би тэр үед очиж нохойг нь өшиглөөд холдуулсан... гэх мэдүүлэг,

 

7. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Ж:

2022 оны 4 сарын 01-ний орой ажлаасаа тараад 9 цаг 30 минутын үед гэртээ ирсэн. Буцаж гхүнсний зүйлээ аваад гэртээ ирэхэд 9 цаг 45 минут болж байсан. Дэлгүүрийн гадаа Д.Б*******гийн нөхөртэй таарсан. Араас дуудаад юм ярих шиг болсон.

Тухайн үед энэ айлын бохир нь хальсан байсан. Өмнө нь Д.Б*******д хэлэхэд сүртэй юм бэ гэж хүлээж авсан. Хэрүүл, маргаан гаргахгүй гээд Д.Б*******гийн нөхөрт би хэлье, чи хүнснийхээ юмыг аваар гэртээ орж байгаа гэж хэлсэн.

Гэрт хүнснийхээ зүйлээ оруулаад нохойгоо салхилуулах зорилгоор байшингийн ард зогсож байхад хашааны хаалга хүчтэй хаагдах чимээ гарч эхнэр намайг дуудсан. Гэртээ байхдаа намайг Оргил гэж дууддаг.

Эхнэр Оргилоо намайг зодоод байна гэхээр нь гүйгээд очиход Ч.О зүүн мөрнөөс нь барьсан байсан. Би утасны гэрлээ асаагаад бариад очсон. Юу болоод байна гэхэд чи надтай харьцдаг хэн бэ гэх зэргээр хараалын үг хэлсэн.

Би нохой сул байгаа, хурдан хашаанаас гар гэхэд утас булааж аваад боож унагаад дээр гараад суусан. Д.Б*******гийн аав ирээд боль гэж хэлсэн. Д.Б*******, эхнэрийг унагааж байгаа нь харанхуйд харагдсан. Энэ үйл явдлаас хойш удалгүй Д.Б******* нохой намайг хазчихлаа гэж хэлэхэд Ч.О, миний дээрээс боссон... гэх мэдүүлэг тус тус өгсөн.

 

8. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2002 оны 12 сарын 25-ны өдрийн 222 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх аргачлал, золбин нохой, муур устгахад мөрдөн журмын Нэгдүгээр зүйлийн 1.1-д Нохой, муур эзэмшигч байгууллага, иргэд нь орон сууц, гэр хорооллын хашаанд тусгай бэлтгэсэн байр, талбайд бат бэх уяатай байлгаж, гадаа гудамж талбайд зугаалуулах, эмчилгээ хийлгэхээр авч явахдаа амны хошуувчтай байлгана гэж заасан ба дээрх журмыг хариуцагч С.О******* зөрчин, үүний улмаас нэхэмжлэгч Д.Б*******г нохой хазан биед нь гэмтэл учруулсан болох нь тогтоогдлоо.

 

9. Мөн талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгийг дүгнэхэд, нэхэмжлэгч Д.Б******* нь хариуцагч С.О*******ын хашаанд зөвшөөрөлгүй орсон гэх үйл баримт тогтоогдсонгүй.

 

10. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т Учруулсан хохирлыг арилгуулах,

497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

505 дугаар зүйлийн 505.1.-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.,

501 дүгээр зүйлйн 501.1.Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна гэж тус тус заасан.

 

11. Дээр дурдсанаас дүгнэж үзэхэл хариуцагч С.О******* нь нэхэмжлэгч Д.Б*******д учирсан хохирол, гарсан зардлуудыг нотлогдсон хэмжээгээр төлөх үүрэгтэй.

 

12. Хэрэгт авагдсан клиник ХХК-ийн 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 22/28 тоот эмнэлгийн дүгнэлт/1-р хх 132/-ээр 3,939,000 төгрөгийг сорви арилгах, бүдгэрүүлэх эмчилгээнд, Интернэшнл центр эмнэлэгт 2024 оны 02 сарын 21-ний өдөр үзлэгийн төлбөрт 65,000 төгрөг/2-р хх 10/, 2024 оны 02 сарын 25-ны өдөр нохойд хазуулсан хэсгийн MRI зураг авахуулахад 658,000 төгрөг /2-р хх11/, 2024 ны 02 сарын 28-ны өдөр 20,000 төгрөг/2-р хх12/-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан, Алт болд эмнэлэгт эмчлүүлсэн эмчилгээний зардалд 2023 оны 11 сарын 17-ны өдөр 2,071,450 төгрөг /2-р хх13/, мөн эмийн сангаас 2022 оны 04 сарын 04-ний өдөр 27,200 төгрөг, эмийн сангаас 2022 оны 04 сарын 11-ний өдөр 37,000 төгрөг, фарм эмийн сангаас 2022 оны 04 сарын 06-ны өдөр 11,400 төгрөг, 45,200 төгрөг /1-р хх 17/, нийт 6,874,250 төгрөгийн зардлыг нэхэмжлэгч Д.Б*******гийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардал гэж үзэхээр байна.

 

13. Нэхэмжлэгч Д.Б******* нь хариуцагч С.О*******аас 280,000 төгрөг авсан тухайгаа тайлбарласан тул дээр дурдсан 6,874,250 төгрөгөөс уг 280,000 төгрөгийг хасч нийт 6,594,250 төгрөгийг хариуцагч С.О*******аас гаргуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

14. Нэхэмжлэгч Д.Б*******гийн банк дахь тоот дансны хуулга, үсчний мэргэжлийн үнэмлэх, үйлчилгээний талбай түрээсийн гэрээ зэрэг баримтууд нь түүнийг тогтмол орлого олж байсан гэж үзэхээргүй бөгөөд тэрээр 2022 оны 04 сарын 04-17-ны өдрүүдийн хооронд Ахуйн осол шалтгаанаар амбулаториор 14 хоног эмчлүүлсэн нь түүнийг 2,238,480 төгрөгийн орлогоо алдсан гэж үзэх үндэслэл болохгүй болно.

 

15. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ж.Н гэм хорын хохирлыг нотлогдсон хэмжээгээр хариуцагч төлөх ёстой хэмээн дүгнэлт гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

 

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна. гэж заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200,746 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 120,458 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                           ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч С.О*******аас 6,594,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,097,680 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200,746 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.О*******аас 120,458 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА

 

ШҮҮГЧИД Д.ГАНБОЛД

 

Н.САРАНГҮН