Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/881

 

 

 

 

 

 

       2023             08            31                                      2023/ДШМ/881

                                                       

 

Ц.Б-ид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Алдар, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батзаяа,

шүүгдэгч Ц.Б-,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/497 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2311009560843 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

          Б-

 

          Шүүгдэгч Ц.Б- нь 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 22:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, ***-*** тоот гэртээ хүргэн Ж.Б-тай “надаас тамхи гуйлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж цээжний зүүн хэсэгт нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

          Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ц.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

         

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, Ц.Б-ээс 1.669.000 /нэг сая зургаан зуун жаран есөн мянга/ төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Төрийн сан дахь “1009 00020 0080” дугаар дансанд төлүүлж, Ц.Б-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

             Шүүгдэгч Ц.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие 140  дүгээр сургуульд жолооч хийдэг. Одоо хичээл сургууль эхлэхээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг хийх боломжгүй нөхцөл байдал үүсч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүл мэндийн даатгалын санд төлөх мөнгийг төлж барагдуулахад бэлэн байна. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Ц.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж иргэн Ж.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлгээр тогтоогддог. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, үйлдлийн арга, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүнийн гэм бурууд тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Ц.Б-ид холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Ц.Б- нь 2023 оны 4 дүгээр сарын 20-ны орой 22:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 4-1125 тоот гэртээ хүргэн Ж.Б-тайнадаас тамхи гуйлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж цээжний зүүн хэсэгт нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд цээжний зүүн талд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ж.Б-ын “...хадам аавын хамт байж байгаад түүнээс тамхи байна уу гэхэд тэр уурлаад би чиний тамхийг бэлдэх үү гэсэн. Түүнээс болоод бид хоёр хоорондоо маргалдсан. Ц.Б- гал тогооны тавилга дотроос хүрэн өнгийн модон иштэй хутгаар миний зүүн талын цээж хэсэг рүү нэг удаа хутгалсан. ...”  /хх13/,

 

гэрч Ө.Б-ын “...2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 22 цаг болж байх үед том хүү Хосоо манай гэрт орж ирээд аавыг хутгалчихлаа гэж хэлсэн, яаран гүйж очиход Ж.Б- нь тамхи гуйснаас болж хутгалуулчихлаа гэж хэлээд зодолдсон байдалтай байсан. Миний харснаар Ц.Б- нь Ж.Б-ын зүүн хөхний дээд хэсэгт бор өнгийн иштэй хутгаар хутгалж гэмтэл учруулсан байсан . ...” /хх15/,

 

Ц.Б-ийн яллагдагчаар  өгсөн “...хүргэн Ж.Б- архи уучихаад чанга, чанга дуугараад надаас тамхи байна уу гэхээр нь “чи надаас тамхи нэхдэг хэн бэ” гэж хэлээд бид хоёр маргалдсан. ...Би гал тогооны шүүгээнээс хүрэн өнгийн иштэй хутгыг аваад түүний цээжний зүүн хэсгийг нэг удаа зүссэн. ...” /хх 22,33/

 

иргэний нэхэмжлэгч Д.Г-н “...хохирогч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.669.000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж авсан байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Ц.Б-ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” /хх37/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 5374 дугаартай “...Ж.Б-ын биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” шинжээчийн дүгнэлт /хх 25-27/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Ц.Б- ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Хохирогч Ж.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шүүгдэгч Ц.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Харин давж заалдах шатны шүүхээс, гэмт хэрэг гарахад хохирогч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн шүүгдэгчээс тамхи нэхсэн, тухайн нөхцөл байдалд хоорондоо зан харьцааны хувьд нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчиж маргалдсан, шүүгдэгч Ц.Б-ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, ажил, хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 500 нэгжээр торгох ял болгон өөрчилж, энэ талаар гаргасан шүүгдэгчийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасны дагуу 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсан нэмэлт заалтыг тус тус оруулав.

 

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэхдээ Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т заасан “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад...” төлүүлнэ гэсэн заалтыг баримтлаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Ц.Б-ийн “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих...” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/497 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ид 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ид 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. ...” гэж,

6 дахь заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б-ээс 1.669.000 /нэг сая зургаан зуун жаран есөн мянга/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын Төрийн сан банк дахь “1009 00020 0080” дугаар дансанд төлүүлсүгэй. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б-ээс 1.669.000 /нэг сая зургаан зуун жаран есөн мянга/ төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай. ...” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсэгт “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасны дагуу 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. ...” гэсэн,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, тогтоох хэсгийн 3,4 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧ                                                                      М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН