Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 110/ШШ2025/0004

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар цэцэрлэг,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч,

Гомдлын шаардлага: “Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0039550 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” тухай  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Р, гомдол гаргагчийн өмгөөлөгч К.Зулкаш, хариуцагч мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Е.Г, гэрч Т.Б, Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Өлгий сумын 8 дугаар цэцэрлэгээс шүүхэд  мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0039550 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох гомдлын шаардлага гаргасан.

2. Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчаас Өлгий сумын 8 дугаар цэцэрлэгийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан зөрчил гаргасан гэж үзэж, 5 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байх ба тус цэцэрлэг нь уг шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр  шүүхэд гомдол гаргаж,  үндэслэлээ дараах байдлаар тайлбарлажээ.Үүнд:

2.1. Эрх бүхий албан тушаалтны гаргасан шийтгэлийн хуудас нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байна. Тухайлбал тус цэцэрлэг нь Т.Д гэгч хүнээс мах, махан бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу худалдсан махыг зохих шинжилгээний дүгнэлтийг үндэслэж,  2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсан. Гэвч тус цэцэрлэгийн ажилчдын зүгээс тухайн мах муудсан эсэх, хүнсний хэрэгцээнд тэнцэх эсэх талаар бүтээгдэхүүний дээжийг мал эмнэлгийн лабораторид хүргүүлж, шинжилгээ хийлгэх, дүгнэлт гаргуулах, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, зөрчил илрүүлж, эрх бүхий байгууллагад мэдэгдсэний төлөө хариуцлага тооцсонд нь гомдолтой байна.

2.2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж заасан. Өлгий сумын 8 дугаар цэцэрлэг нь мах бэлтгэн нийлүүлсэн Т.Д гэгч хүний хуурамч дүгнэлт хавсарган ирүүлж, худалдан авагчийг төөрөгдөлд оруулж, муудсан 174 кг махыг хууль бус борлуулсан үйлдэлд хохирогч болно.  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасан зөрчил үйлдсэн гэм буруутай хүн бол Т.Д гэгч хүн болох нь нотлох баримтын эх сурвалж, үйл баримтаар тогтоогдож байна гэжээ.

3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

3.1. 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр н.Д гэдэг хүн  манай байгууллагад мах авчирч өгсөн. Манай байгууллага уг хүнтэй байгуулсан гэрээтэй.

Тухайн үед манай байгууллагын нярав Т.Б нь махыг лабораторийн  шинжилгээний хуудастай авна гээд н.Д авчирсан махыг машинаас буулгаагүй тавьсан. 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр махны дээжээс шинжилгээ өгөхөд шинжилгээний хариу “эерэг” гараад, манай байгууллагад торгууль оногдуулсан. Эрх бүхий албан тушаалтан манай байгууллагыг торгох ёсгүй, н.Д гэдэг хүнээс арга хэмжээ авах ёстой байсан гэв.

4. Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

 

4.1. 2024 оны 11 дүгээр сарны 19-ний өдөр тус цэцэрлэг нь  гэрээт борлуулагч н.Д гэдэг хүнээс үхрийн мах хүлээж авсан.  Уг махыг цэцэрлэгийн ажилчдын зүгээс муудсан байж болзошгүй гэх үүднээс дахин шинжилгээ хийлгэсэн, дахин шинжилгээ хийлгэхэд “эерэг” дүн гарч, хүнсний хэрэгцээнд тэнцэхгүй болох нь нотлогджээ. Тухайн махан бүтээгдэхүүнийг хүлээж авахдаа мал эмнэлгийн лабораторийн дүгнэлтийг аваагүй хэдий боловч  н.Д нь 11 дүгээр сарын 20-ны өдөр лабораторийн дүгнэлтийг авчирснаар  махыг тус цэцэрлэг нь хүнсний   хэрэгцээнд ашиглаж үйлчилсэн.  н.Д нь тухайн махыг 2024 оны 11 дүгээр  сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын лабораторийн тасагт хүргүүлсэн, лабораторийн дүгнэлт нь 11 дүгээр сарын 20-ны өдөр гарсан байна. Үүнд, хүнсний хэрэгцээнд тэнцэнэ гэсэн дүгнэлт гарснаар тус цэцэрлэг нь махыг хоолонд хэрэглэсэн үйл баримт тогтоогдож байна.

 

4.2. н.Д 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Мал эмнэлгийн газарт дээж хүргүүлж, 11 дүгээр сарын 20-ны өдөр авчирсан шинжилгээний дүгнэлт нь хууль ёсны эсэх талаар эргэлзээ төрж байна, үүнийг эрх бүхий албан тушаалтан шалгах явцдаа шалган тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл өөр маханд шинжилгээ хийлгээд, дүгнэлт гаргуулаад, 8 дугаар цэцэрлэгт бэлтгэн нийлүүлсэн махны дээж болгон авчирч, бичиг баримтыг ашигласан байж болно.

Лабораторийн хоёр дүгнэлтийн хэсэгт малчин буюу хүнсний бүтээгдэхүүний эзэмшигч нь н.Д гэж тусгагдсан. Энэхүү шинжилгээний дүгнэлтээр н.Д авсан мах гэдэг нь  нотлогдож байна. Түүнээс биш Өлгий сумын 8 дугаар цэцэрлэгийн бэлтгэсэн мах биш.  Тус цэцэрлэг нь н.Даметкенаас авсан махны  дээжийг авчраад, шинжилгээний лабораторийг хийлгэе гээд гомдол мэдээллийг гаргасан байхад өөрсдийг нь зөрчлийн холбогдогчоор татаж, арга хэмжээ авч, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн.

 

4.3.  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэгсгийн  1.1-д зөрчил шалган шийдвэрлэх" гэж зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд тавих прокурорын хяналт, зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа” гэж заасан.

 Өлгий сумын 8 дугаар цэцэрлэгийн зүгээс иргэн н.Д авсан мах хүнсний хэрэгцээнд тэнцэх эсэхэд  эргэлзээ төрүүлж байгаа гэж гомдол мэдээлэл гаргасан. Гомдол, мэдээлэл хүлээж авсан талаар эрх бүхий албан тушаалтан 2024 оны 11 дүгээр сарны 21-ний өдөр “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй илрүүлсэн” тухай тэмдэглэл үйлдсэн. Тухайн тэмдэглэлд эрх бүхий албан тушаалтанд өөрөө зөрчлийг илрүүлсэн мэтээр тусгасан. Гэтэл тухайн өдөр зөрчил илрээгүй, зөрчил 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр лабораторийн шинжилгээний дүгнэлт гараад, 11 дүгээр сарын 29-ний өдөр баталгаажсанаар зөрчил илэрч байна. Гэтэл өөрөө зөрчлийг илрүүллээ гээд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь буруу юм.  Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх 3 үндэслэл байна. Харин энэ зөрчил нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэх маргаан биш байсан. Зөрчлийн эзэн нь тодорхой бус. Иймд эрх бүхий албан тушаалтан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гомдол, мэдээллийг хүлээж авах, бүртгэх журмыг зөрчсөн, тэмдэглэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хөтлөгдөөгүй гэж үзнэ.

 

4.4. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил гаргасан этгээдийг буруу тогтоосон. Энэ зөрчлийн хэрэгт мэдээлэгч буюу 8 дугаар цэцэрлэг нь холбогдогч болж хувираад байна. н.Д нь мэтгэлцэх ажиллагаанд оролцох ёстой, тэр махыг  н.Д хүлээж авсан эсэх,  эсхүл өөр махны шинжилгээг өгсөн эсэхийг эрх бүхий албан тушаалтан тогтоох ёстой.  Өлгий сумын 8 дугаар цэцэрлэг өөрийгөө хохирогчоор тодорхойлоод явж байна. Хохирогч нь зөрчил гаргасан этгээд буюу махыг н.Д авсан гэдгийг шууд заагаад өгсөн.

Ийм учраас зөрчлийн хохирогч, холбогдогч нарыг буруу тогтоосон гэж гомдлын үндэслэлийг дүгнэж байна.

 

4.5. Зөрлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг тогтоох зорилгоор үзлэг хийнэ” гэж заасан. Үзлэгийг прокурорын зөвшөөрлөөр хийнэ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 4.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 4.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 4.7 дугаар зүйл, 4 .11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажиллагаа явуулах саналыг уг ажиллагааг явуулахаас өмнө прокурорт хүргүүлнэ” гэж заасан. Прокурорын зөвшөөрөлгүйгээр үзлэг хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн учраас үзлэгийн тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

 

4.6. Зөрчлийг нотлох үүргийг эрх бүхий албан тушаалтан биелүүлээгүй.

Тус цэцэрлэгийн нярав урьд нь 174 кг мах авсан, түүний 20 кг-ыг хэрэглэсэн, 97 кг-г эрх бүхий албан тушаалтан хурааж авсан, үлдсэн махыг яаж хэрэглэснийг, махны хэдэн кг нь яс байсан гэдгийг тогтоогоогүй.  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.” гэж заасан.

Эрх бүхий албан тушаалтанд “Үлдсэн мах яасан бэ?” гэж гэрчүүдээс асууж байгаа нь ойлгомжгүй, харин Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан өөрөө гаргасан шийдвэрийг нотлох үүрэг хүлээнэ.

2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тус цэцэрлэгт мах тушаасан уу, хэдэн кг мах өгсөн талаар, 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргуулсан  шинжилгээний дүгнэлт нь н.Д цэцэрлэгт өгсөн махны шинжилгээний дүгнэлт мөн эсэхийг нотлоогүй, зөрчлийг үйлдсэн этгээд тодорхой бус байхад тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Ийм учраас эрх бүхий албан тушаалтны шийдвэр нь хууль ёсны буюу үндэслэлтэй болж чадаагүй юм. 

 

4.7. Мөн хохирлын асуудлыг тогтоогоогүй. Хариуцагч мах хадгалах өрөө хүнсний бүтээгдэхүүн хадгалах стандартад нийцэхгүй гэж тайлбарлаж байна. Энэ асуудлыг шүүх хуралдаанд шүүхэд хандаж хэлэх зүйл биш, харин өөрөө албан шаардлага бичээд, цаашид  шаардлага хангасан байраар үйлчлүүлэх боломжийг нээх үүрэг нь эрх бүхий албан тушаалтанд байна. Тэр талаар тогтоосон акт, дүгнэлт байхгүй байхад тэр талаар шүүх хуралдаанд тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй.

2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойших хугацаа нь айлууд идшээ гаргадаг, мах хөлддөг үе.  Тус цэцэрлэгийн мах хадгалдаг амбаараас шалтгаалж мах муудсан асуудал гарсан биш. Иймд н.Д шалгахгүй байж, энэ зөрчлийн  хэрэгт эцсийн байдлаар  цэцэрлэгийг буруутгах боломжгүй гэв.

 

5. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт:

5.1. Тус цэцэрлэгийн  ахлах тогооч Х.А Мал эмнэлгийн газарт 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Өлгий  сумын 1 дүгээр багт байршилтай 8 дугаар цэцэрлэгт  мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Е.Г би болон Д.Н, мал эмнэлгийн ариун цэврийн магадлан шинжээч эмч Р.Д нарын бүрэлдэхүүнтэй, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн  16:00 цагт хяналт шалгалт хийсэн.  Хяналт шалгалтаар тус цэцэрлэг нь  2024 оны 11 дүгээр  сарын 19-ний өдөр  гарал үүсэл нь  тодорхойгүй,  174 кг үхрийн мах хүлээж авснаас муудаж үнэр  орсон, чанар аюулгүй байдал алдагдаж, хадгалалтын горим зөрчигдсөн 97 кг үхрийн мах байгааг илрүүлж, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдсэн.

5.2. Хяналт шалгалтаар нярвын орлогын баримтгүй, урагшаа нэг, хойшоо нэг шат бүртгэлгүй, бүтээгдэхүүн нь мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгүй байсан ба бүтгэгдэхүүний ул мөрийг мөшгин тогтоох боломжгүй байсан.

2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 97 кг үхрийн махыг битүүмжлэн  тухайн цэцэрлэгийн амбаарт үлдээсэн ба 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мал эмнэлгийн газар болон стандарт хэмжил зүйн газарт дээж хүргүүлсэн. Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн ариун цэврийн лабораторийн 24-436 сорилын дүнгээр  “эерэг” буюу хүнсэнд тэнцэхгүй, шинжилгээний стандарт үзүүлэлтүүд нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн болох нь, Баян-Өлгий аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн итгэмжлэгдсэн сорилтын лабораторийн 25-8 бүртгэлийн шинжилгээний дүнгээр хордлого үүсгэдэг staphylococcus aureus, гэдэсний халдвар үүсгэдэг Escherichia coli  илэрч, бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс 4 дахин их гарч, итгэмжлэгдсэн 2 лабораторийн  шинжилгээний сорилын  дүнгээр хүнсний хэрэгцээнд тэнцэхгүй муудсан мах болох нь тогтоогдож батлагдсан.

5.3. 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11:55 цагт эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдэж нярав Т.Б, ахлах тогооч Х.А нарыг байлцуулан 97 кг үхрийн махыг хураан авч, Мал эмнэлгийн газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/169 дугаар албан тоотоор Өлгий сумын Орон тооны бус зөвлөлд устгуулахаар хүргүүлсэн ба тус зөвлөлөөс устгасан тухай акт ирүүлсэн.

5.4. Тухайн зөрчил 8 дугаар цэцэрлэгт үйлдэгдсэн ба мах бэлтгэн нийлүүлсэн Т.Д гэх хүний гэр эсвэл худалдаа, үйлчилгээний газарт үйлдэгдээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, эсхүл хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн хадгалсан, үйлчилсэн зөрчил гаргасан хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсний дагуу торгуулийн арга хэмжээ авсан гэжээ.

6. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

6.1. Энэ зөрчил Өлгий сумын 8 дугаар цэцэрлэгт үйлдэгдсэн. Тус цэцэрлэгийн ахлах тогооч манай Мал эмнэлгийн газарт шинжлүүлэхээр  авчирсан мах нь үнэр орсон, өнгөнд  ногоон туяа үүссэн мах байсан.

Үүний үндсэн дээр Мал эмнэлгийн газраас 3 хүний бүрэлдэхүүнтэй хяналт шалгалт хийхэд тухайн цэцэрлэгийн хөргөгчид  байсан мах муудсан байдалтай байсан, амбаарт бас мах байсан. Ямар нэгэн гарал үүслийн бичиггүй, лабораторийн шинжилгээний бичиггүй махыг тус цэцэрлэг нь 2024 оны  11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээж аваад, н.Д гэдэг хүнээс 11 дүгээр сарын 21-ний өдөр шинжилгээний бичиг авсан. н.Д гэдэг  хүн манай Мал эмнэлгийн газарт 200 грамм мах авчраад, шинжлүүлсэн. Тухайн мах  нь эрүүл, хүнсний хэрэгцээнд тэнцсэн байсан.

Харин Өлгий сумын 8 дугаар цэцэрлэгийн мах нь муудсан.  Бид хяналт шалгалтын явцад давхар дээж авсан, мөн дээжийн шинжилгээг Стандарт хэмжил зүйн газарт бас өгсөн. Хяналт шалгалтын явцад н.Д гэдэг хүн 8 дугаар цэцэрлэгт муудсан мах өгсөн гэдэг нь тогтоогдоогүй. Тус цэцэрлэгийн харьяанд байсан зөрчил учраас торгуулийн арга хэмжээг авсан. Хамгийн гол нь 8 дугаар цэцэрлэгт мах өгөнгүүт Мал эмнэлгийн газарт шинжилгээ өгөөгүй, өглөө, оройны  хоолонд тухайн махыг хэрэглэсэн.  Махны ямар нэгэн бүртгэл байхгүй, хоолны дээж байхгүй,  няравт орлогын баримт байхгүй зэрэг давхар зөрчлүүд илэрсэн учраас аль хүндээр нь зөрчил оногдуулна гэсэн хуулийн зохицуулалтыг үндэслэн 5 000 000 төгрөгөөр торгох арга хэмжээг авсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчүүд, холбогдогчид муудсан мах  хэрэглэсэн нь үнэн гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилсэн, түүнийг хадгалсан гэх байдлаар торгуулийн арга хэмжээ авсан.

Тус цэцэрлэг нь муудсан мах гэдгийг мэдсэн даруй Мал эмнэлгийн газар шинжилгээ өгөөд, шинжлүүлсэн бол өөр хэрэг, харин хүүхдүүдийн өглөө, оройн хоолыг хийгээд, багш нар нь муудсан мах гэдгийг хэлсний дараа шинжилгээ авчирч өгсөн учраас тухайн арга хэмжээг авсан. Шийтгэлийн хуудас үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Гомдол гаргагчийн гомдлын шаардлага  үндэслэлгүй байна.

 

2. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасныг зөрчиж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан.

3. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч гэж Хүнсний тухай хуулийн 3.1.12-т зааснаар хүнсний сүлжээнд хамаарах үйл ажиллагааны аль нэг, эсхүл хэд хэдэн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн /цаашид "иргэн" гэх/, хуулийн этгээдийг;”, "хүнсний сүлжээ" гэж  Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар хүнсний анхан шатны үйлдвэрлэл эрхлэх, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, баяжуулах, дахин боловсруулах, савлах, тээвэрлэх, хадгалах, нөөцлөх, худалдах, экспортлох, импортлох, хоол үйлдвэрлэх, хүнсний бүтээгдэхүүнийг тусламжаар авах, өгөх үйл ажиллагааг;”  тус тус ойлгоно.

4. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль байна.” гэж заасан ба 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар суралцагч нь эрүүл мэнд болон хоол,хүнсний аюулгүй байдлыг хангасан, өөрийгөө хөгжүүлэх нөхцөл боломжтой дотуур байраар хангагдах эрхтэй бөгөөд  17 дугаар зүйлийн 17.1.6-д зааснаар цэцэрлэгийн эрхлэгч нь суралцагчийн эрүүл мэндийг дэмжсэн, шим тэжээллэг, амин дэмээр баялаг хоол, хүнсний үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй юм.

 Дээрх байдлаар цэцэрлэгийн үйл ажиллагааны нэг хэсэг нь суралцагчдыг  хоол, хүнсний үйлчилгээгээр хангадаг  хүнсний сүлжээнд хамаарах хоол үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэгийн хувьд цэцэрлэг нь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч байна.

5. Хариуцагчаас торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийн үндэслэлийн талаар  “Өлгий сумын 8 дугаар цэцэрлэг нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх чанар нь алдагдсан муудсан үхрийн махаар цэцэрлэгийн хүүхдүүдэд хоол хийж өгч үйлчилсэн, муудсан махыг амбаартаа хадгалсан” зөрчил гаргасан гэж үзсэн гэж тайлбарласан бол гомдол гаргагчаас уг шийдвэрийг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Иргэн Т.Д гэрээний дагуу зохих шинжилгээний дүгнэлтийг үндэслэж, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр  мах худалдаж авсан. Цэцэрлэгийн ажилчдын зүгээс тухайн мах муудсан эсэх, хүнсний хэрэгцээнд тэнцэх эсэх талаар бүтээгдэхүүний дээжийг мал эмнэлгийн лабораторид хүргүүлж, шинжилгээ хийлгэх, дүгнэлт гаргуулах, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, зөрчил илрүүлж, эрх бүхий байгууллагад мэдэгдсэний төлөө эрх бүхий албан тушаалтнаас хариуцлага тооцсон нь хууль бус бөгөөд зөрчлийн холбогдогчийг буруу тодорхойлсон.“ гэж маргасан.

6. Зөрчлийн хэргийн  нотлох баримтаар Өлгий сумын 8 дугаар цэцэрлэгийн гаргасан гэх зөрчилтэй холбоотой дараах үйл баримтууд тогтоогджээ.

 Үүнд:

6.1. Өлгий сумын  8 дугаар цэцэрлэг нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бусдаас гарал үүсэл нь тодорхойгүй, хүнсний эрүүл ахуйн шаардлагыг хангасныг нотолсон холбогдох газарт хийлгэсэн зохих шинжилгээний дүнгийн хуудасгүй 173 кг мах худалдаж авсан нь, уг махны  өнгө нь өөрчлөгдсөн, муудсан байж болзошгүйг цэцэрлэгийн тогооч Х.А маргааш нь анзаарсан байх боловч  үүнээс 20 кг махыг 2024 оны 11 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд хэрэглэж,  өглөө, оройн хоолоор цэцэрлэгийн хүүхдүүдэд үйлчилсэн нь, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 12:00 цагийн үед багш К.Б нь ангидаа орж ирэхэд хүүхдүүд хоол идэж байсан нь, энэ үед муудсан махны үнэр гарч байсан нь, хоолны махны үнэр нь өмнөх өдөр нь идсэн хоолны  муудсан махны үнэртэй адилхан байгааг, мах муудсан байж болзошгүйг тогоочид мэдэгдэж, махаа шинжилгээнд өгөөрэй гэж хэлсэн нь, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний  өдрийн хоол идсэн цэцэрлэгийн туслах багш Х.З нь гэдэс нь өвдсөн талаар бусад ажилчдадаа хэлсэн нь, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тогооч Х.А нь Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газарт мэдэгдсэнээр хариуцагч тус цэцэрлэгийн бусдаас худалдаж авсан гэх махнаас дээж авч, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр  Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газар болон Стандарт хэмжил зүйн газарт хүргүүлж, шинжилгээ хийлгэсэн нь, эрх бүхий албан тушаалтан нь 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус цэцэрлэгийн агуулах сав /амбаар/-д дахь тухайн маханд мэдрэхүйн үзлэг хийхэд өнгө нь өөрчлөгдсөн, үнэр орсон байсан нь, эрх бүхий байгууллагын гаргасан шинжилгээний дүнгээр тухайн мах нь “эерэг” буюу хүнсэнд тэнцэхгүй, шинжилгээний стандарт үзүүлэлтүүд нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн, хордлого, гэдэсний халдвар үүсгэдэг нян илэрч, бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс 4 дахин их гарсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

6.2. Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх үйл баримтын талаар:

 Гэрч тус цэцэрлэгийн нярав Т.Б “...2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 173 кг мах хүлээж авсан. Мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээ байхгүй, ...шинжилгээний бичиггүй байсан. Махны ерөнхий байдлыг үзсэн, мэдрэхүйн үзлэг хийгээгүй. Махыг хүлээж авахдаа тогооч Х.А “муу мах байна, авахгүй “ гэж хэлсэн. Би хувь хүнтэй нь холбогдсон,  шинжилгээний бичгийг авчирч өгнө гэж хэлсэн.

Тэгээд махыг хүлээж авсан. Хувь хүн н.Д хийсэн гэрээтэй, 10 жилийн турш тухайн хүнээс мах авч байна. Байцаагч нар очсоны дараа мах муудсан болохыг мэдсэн.” гэж,

Гэрч тус цэцэрлэгийн багш К.Б “...2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр оройн хоолонд ногоотой, махтай будаатай хуурга өгсөн. Маргаашийн өдөр арга зүйчтэй хамт судалгаа өгч, ангидаа ирэхэд хүүхдүүд хоол идэж байсан ба муудсан махны үнэр гарч байсан. Туслахаас “Ямар хоол идэж байна вэ?“ гэж асуусан.

Хүүхдүүдээ унтуулсны дараа тогооч Х.А “Мах муудсан юм шиг байна, махаа шалгаж авсан уу? Ямар махнаас хоол хийсэн бэ? Муудсан мах уу? Чи анзаарсан уу?” гэж асуусан. Тогооч “..өнгө  нь өөрчлөгдсөн харласан мах байсан, бид нарт хүчээр өгсөн, би авахгүй гэж хэлсэн.” гэсэн. Манай туслах багш, ня-бо, тогооч нар, бэлтгэл бүлгийн багш нар өдрийн цай ууж байхад манай туслах багш “мах муудсан байна, махаа хаанаас авч байна, өдрийн хоол идсэний дараа миний ходоод өвдсөн.” гэж хэлсэн байна. Ня-бо тогоочоос ариун цэврийн шинжилгээний бичигтэй юу? бичиг авсан уу гэж асуусан байна. Тогооч махнаас шинжилгээ өгөөд ирсэн үед надтай тааралдаж муудсан мах байна.” гэж хэлсэн.” гэж,

Гэрч тус цэцэрлэгийн тогооч Х.А “...Гал тогоонд махыг эвдлэхээр нярав оруулж ирсэн. Тухайн өдрийн оройн хоолонд будаатай хуурга хийхээр махаа бэлдсэн. Шулсан махыг машиндаж оройн хоол хийж,  хүүхдүүдэд өгсөн. Бага бүлгийн багш К.Б маханд үнэр орсон байна, муудсан мах юм шиг байна гэж өглөө ажил дээр хэлсэн. Бид бас оройн хоолноос идсэн. Ня-бо, нярав, сав угаагч, бэлтгэгч нар идсэн, муудсан гэдгийг мэдээгүй. Туслах багш Х.З гэдэс нь өвдсөн. Тухайн махнаас 2 удаа хоол хийсэн, 20 кг мах хэрэглэсэн.  2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хоолыг хонины мах, үхрийн бөөрөнхий махтай шөл хийсэн. К.Б багш “Өчигдрийн махтай адилхан үнэр амт байна. Махаа шинжилгээнд өгөөрэй“ гэж хэлсэн. Нярав, эмч  хоёр хамт байхад  “Мах муудсан гэж багш нар хэлж байна, няравтай хамт очиж шинжилгээнд өгч үзье” гэж хэлсэн. Эмч Р “Нярав Т.Б завгүй өөрөө явчхаад ир” гэж хэлсэн.  Мал эмнэлгийн газарт махаа үзүүлсэн, муудсан мах болох нь үнэн” гэж,

Гэрч тус цэцэрлэгийн эмч Т.Р “... Мах хүлээж авахад мэдсэн, шалгаж авч чадаагүй, шинжилгээний бичиггүй байсан. Гарал үүслийн гэрчилгээтэй мах авдгийг мэднэ, тухайн өдөр гарал үүслийн гэрчилгээг шалгаагүй. Муудсан махаар 2 удаа хоол хийсэн. Муудсан мах хэрэглэснээ хүлээн зөвшөөрч байна.” гэж,

Гэрч тус цэцэрлэгийн эрхлэгч З.Х “...Энэ удаад 11 дүгээр сарын 20-21-ний өдөр өвчтэй байсан, шалгаж авч чадаагүй. Нярав, эмч, дотоод хяналтын дарга, ажилтнуудад хариуцуулж өгсөн. 2024 оны 11 дүгээр сарын 21-ний үдээс хойш муудсан мах авсан талаар мэдсэн.  Мал эмнэлгийн байцаагч нар ирсний дараа ийм асуудал гарсныг мэдсэн. Ня-бо мэдээллээр хангасан.  Өөр муудаагүй мах байсан, тогооч тухайн махнаас хоол хийх ёстой байсан.  Тогооч надад мэдэгдээгүй, тогооч тухайн махыг хүлээж авахгүй байх эрхтэй,  хоолонд 2 удаа хэрэглэсэн, шинжилгээний дүн гарсан байна, муудсан мах хүлээж авснаа зөвшөөрч байна” гэж тус тус мэдүүлжээ.

Хариуцагчаас шүүхэд зөрчлийн хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн ариун цэвэр оношлогооны лабораторийн 24-436 бүртгэлийн дугаартай, мөн Баян-Өлгий аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн итгэмжлэгдсэн сорилтын лабораторийн 25-8 бүртгэлийн дугаартай шинжилгээний дүнгээр тухайн мах нь хүнсэнд тэнцэхгүй шинжилгээний стандарт үзүүлэлтүүд нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн, хордлого үүсгэдэг staphylococcus aureus, гэдэсний халдвар үүсгэдэг Escherichia coli  илэрч, бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс 4 дахин их гарсан. Итгэмжлэгдсэн 2 лабораторийн  шинжилгээний сорилын  дүнгээр хүнсний хэрэгцээнд тэнцэхгүй муудсан мах болох нь тогтоогдож батлагдсан.” гэж тайлбарласан ба  эдгээр үйл баримтуудын талаар талууд маргаагүй болно.

7. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр 4.1.4-т "хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдал" гэж хүнсийг зориулалтын дагуу бэлтгэж хэрэглэхэд хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй, сөргөөр нөлөөлөхгүй байхыг;”  4.1.5-д "хүнсний эрүүл ахуй" гэж хүнсний сүлжээний бүх үе шатанд хүнсний аюулгүй байдлыг хангахад шаардагдах бүхий л нөхцөл, шаардлагыг;” гэж, 5 дугаар зүйлийн 5.1-д “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад дараах зарчмыг баримтална: 5.1.2. хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шатанд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хариуцах;” гэж тус тус заасан ба Өлгий сумын 8 дугаар цэцэрлэг нь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн хувьд хоол үйлдвэрлэх үйл ажиллагаандаа хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хариуцах зарчмыг зөрчиж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл бүхий чанар нь алдагдаж муудсан, хүнсний эрүүл ахуйн шаардлага хангаагүй үхрийн махаар хоол хийж, цэцэрлэгийн суралцагч хүүхдүүд, багш ажилтнуудад үйлчилж, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д хамаарах хүн амын эрүүл мэнд, эрүүл ахуйн журмын эсрэг зөрчил гаргасан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон байна.

8. Гомдол гаргагчаас “…иргэн Т.Д гэрээний дагуу шинжилгээний дүгнэлтийг үндэслэж, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр  мах худалдаж авсан гэж маргаж, Баян-Өлгий аймгийн Мал эмнэлэг ариун цэврийн оношлогооны лабораторийн 24-408 бүртгэлийн дугаартай иргэн н.Д 182 кг махны дээжээс шинжилгээ хийлгэсэн, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гарсан “шинжилгээний стандарт үзүүлэлтүүд нь зөвшөөрөгдөх хэмжээнд байна, урвалын дүн сөрөг дүн үзүүлэв” гэсэн хариутай шинжилгээний дүнгийн хуудсыг  хэрэгт нотлох баримтаар өгсөн.

Тус  цэцэрлэг нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр мах худалдаж авсан үйл баримт тогтоогдсон бол 24-408 бүртгэлийн дугаартай шинжилгээний дүнгийн хуудас бүхий баримтад иргэн н.Д шинжилгээ хийлгэхээр өгсөн 182 кг махны дээжийг шинжилгээ хийх байгууллага нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шинжилгээний хариуг гаргасан.

Ингэснээр Өлгий сумын 8 дугаар цэцэрлэг нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний бусдаас мах худалдаж авахдаа тухайн мах нь хүнсний эрүүл ахуйн шаардлагыг хангасныг нотлосон зохих шинжилгээний дүгнэлтийг үндэслэсэн гэх тайлбар нь үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч тус цэцэрлэгийн  нярав Т.Б “…2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 173 кг мах хүлээж авсан. Мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээ байхгүй, МЭАЦ-ийн шинжилгээний бичиггүй байсан.“ гэж, эмч Т.Р “... Мах хүлээж авахад мэдсэн, шалгаж авч чадаагүй, шинжилгээний бичиггүй байсан.” гэж  тус тус мэдүүлсэн,  24-408 бүртгэлийн дугаартай шинжилгээний дүнгийн хуудас нь тус цэцэрлэгийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр худалдаж авсан гэх 173 кг махны дээжид хийсэн шинжилгээний хариу мөн эсэх нь тодорхойгүй,  энэ талаар гомдол гаргагч шүүхэд гаргасан гомдолдоо “…Т.Д гэгч хүн хуурамч дүгнэлт хавсарган ирүүлж, худалдан авагчийг төөрөгдөлд оруулж, муудсан махыг хууль бус борлуулсан.” гэж, гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны явцад мөн “…н.Д 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Мал эмнэлгийн газар дээж хүргүүлж, 11 дүгээр сарын 20-ны өдөр авчирсан дүгнэлт нь хууль ёсны эсэх талаар эргэлзээ төрж байна, үүнийг эрх бүхий албан тушаалтан шалгах явцдаа шалган тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл өөр маханд шинжилгээ хийлгээд, дүгнэлт гаргуулаад, 8 дугаар цэцэрлэгт бэлтгэн нийлүүлсэн махны дээж болгон авчирч, бичиг баримтыг ашигласан байж болно.” тайлбарласан.

Шүүх хуралдааны явцад хариуцагчаас маргааны үйл баримттай холбогдуулж “Хөлдүү махны гаднаас үзэхэд муудсан махны үнэр нь илт байсан. Тус цэцэрлэг нь муудсан мах гэдгийг мэдсэн даруй Мал эмнэлгийн газарт шинжилгээ өгөөд шинжлүүлсэн бол өөр хэрэг, харин хүүхдүүдийн өглөө, оройн хоолыг хийгээд, багш нар нь муудсан мах гэдгийг хэлсний дараа шинжилгээ хийлгэхээр махны дээжийг авчирсан нь буруу“ гэх тайлбар нь үндэслэлтэй бөгөөд тус цэцэрлэг нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бусдаас 173 кг үхрийн мах худалдаж авахдаа тухайн мах нь хүнсний эрүүл ахуйн шаардлагыг хангасныг нотолсон шинжилгээний баримттай байсан, уг баримтыг  үндэслэж  мах худалдаж авсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

9. Гомдол гаргагчаас тухайн махыг худалдсан иргэн н.Д нь зөрчлийн холбогдогч байхад  зөрчлийн холбогдогчийг буруу тодорхойлж, цэцэрлэгт хариуцлага тооцсон нь хууль бус  гэж  маргасныг  үндэслэлгүй гэж үзэв.

Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар 3.1-д заасан хуульд заасныг зөрчиж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн худалдсан болон үйлчилсэн  зөрчлүүд нь өөр өөр зөрчил бөгөөд иргэн н.Д тус цэцэрлэгт хүнсний эрүүл ахуйн шаардлага хангаагүй мах худалдсан гэх зөрчил нь Өлгий сумын 8 дугаар цэцэрлэгт хамааралгүй зөрчлийн өөр төрөл юм.   Эрх бүхий албан тушаалтан нь Өлгий сумын 8 дугаар цэцэрлэгийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн худалдсан зөрчил гаргасан гэж буруутгаагүй, харин бусдаас худалдаж авсан гэх мах нь муудсан болох нь тогтоогдсон, уг махаар хоол хийж, цэцэрлэгийн суралцагч хүүхдүүд, ажилтнуудад үйлчилсэн, тухайн махыг цэцэрлэгийн агуулах байранд хадгалсан зөрчил гаргасан гэж үзсэн.

 Тус цэцэрлэг нь бусдаас тухайн махыг анх худалдаж авахдаа хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын шаардлага хангасан эсэхийг зохих журмаар шалгаж аваагүй, уг мах нь хүнсний эрүүл ахуйн шаардлагыг хангах эсэхийг нотолсон эрх бүхий байгууллагаас хийсэн зохих шинжилгээний баримтгүй, гарал үүсэл нь тодорхойгүй махыг худалдаж авснаараа буруутай бөгөөд  гэрч  тус цэцэрлэгийн нярав Т.Б “…Махны ерөнхий байдлыг үзсэн, мэдрэхүйн үзлэг хийгээгүй. Махыг хүлээж авахдаа тогооч Х.А “муу мах байна, авахгүй “  гэж хэлсэн” гэх,  багш К.Б “…хүүхдүүд хоол идэж байсан ба муудсан махны үнэр гарч байсан. Тогооч Х.А “Мах муудсан юм шиг байна, махаа шалгаж авсан уу? Ямар махнаас хоол хийсэн бэ? Муудсан мах уу? Чи анзаарсан уу?” гэж асуусан. Тогооч “..өнгө  нь өөрчлөгдсөн харласан мах байсан, бид нарт хүчээр өгсөн, би авахгүй гэж хэлсэн гэсэн. гэх мэдүүлгийн агуулгаас үзэхэд уг махыг хэрэглэхээс өмнө муудсан мах байж болзошгүйг урьдчилж мэдсэн байх боловч түүгээр хоол хийж үйлчилсэн, тухайн мах нь хүнсэнд хэрэглэхэд тэнцэхгүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх, тодорхой нэр төрлийн өвчин үүсгэхүйц муудсан мах болох нь тогтоогдсон байх тул энэ тохиолдолд тус цэцэрлэгийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар 3.1-д заасан хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилсэн зөрчил гаргасан гэж үзнэ.

10. Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс  шүүх хуралдааны явцад гаргасан “Эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Өлгий сумын 8 дугаар цэцэрлэгийн гал тогооны өрөө болон агуулах амбаарт үзлэг хийх үед прокурорын зөвшөөрөл аваагүй нь, мөн хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байхад  уг зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн” гэх маргаанд  шүүхээс дараах дүгнэлтийг хийв.

10.1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг тогтоох зорилгоор үзлэг хийнэ.”, 2-т “Орон байранд прокурорын зөвшөөрлөөр үзлэг хийнэ.” гэж заасан ба хариуцагчаас шүүх хуралдааны явцад үзлэг хийх үед прокурорын зөвшөөрөл аваагүй боловч тухайн үед энэ талаар прокурорт мэдэгдсэн гэж тайлбарлав.

Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийх тохиолдолд хуульд зааснаар прокурорын зөвшөөрлийг  авсан байх шаардлагатай гэж маргасан нь үндэслэлтэй боловч эрх бүхий албан тушаалтан нь уг журмыг зөрчсөн нь үзлэгийн явцад илэрсэн нөхцөл байдал, гомдол гаргагчийн гаргасан зөрчлийг үгүйсгэх, зөрчилд шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, зөрчил үйлдсэн хуулийн этгээдийг шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

10.2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д  “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан  журмаар шалган шийдвэрлэнэ: 1.1.зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол;”, 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: 2.3.хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх;” гэж заасан.

Эрх бүхий албан тушаалтнаас  Өлгий сумын 8 дугаар цэцэрлэгийн гаргасан гэх зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байх ба тус цэцэрлэг нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх  хүнсэнд хэрэглэхэд тэнцэхгүй муудсан үхрийн махаар хоол хийж үйлчилснийг  тогтоосноор хялбаршуулсан журмаар  зөрчлийг шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасантай нийцсэн гэж үзэж, энэ талаарх гомдол гаргагч талын маргааныг үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

11. Гомдол гаргагч Өлгий сумын 8 дугаар цэцэрлэг нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасныг зөрчиж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, хүнсний эрүл ахуйн шаардлага хангаагүй үхрийн махаар хоол хийж үйлчилсэн зөрчил гаргасан нь нотлох баримтаар тогтоогдсон байх тул  Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар торгох шийтгэл оногдуулсан нь  мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна.”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино.” гэж заасантай нийцсэн, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэр нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Иймд гомдол гаргагчийн шүүхэд гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага

 

ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасныг баримтлан гомдол гаргагчийн шүүхэд гаргасан  Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн  газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0039550 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” тухай  гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                     

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.РИЗА