Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 226/МА2021/00002   

 

 

 

 

2021 оны 01 сарын 06 өдөр          Дугаар 226/МА2021/00002                            Хэрлэн сум

 

Ц-ын хүсэлттэй

иргэний хэргийн талаар

 

226/2021/00002/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Уугантуяа,

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 820 дугаар шийдвэртэй Ц-ын хүсэлттэй “Садан төрлийн холбоо тогтоолгох” тухай иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуягийн давж заалдах гомдлоор 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Хүсэлт гаргагч Ц- шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1935 оны 7 дугаар сарын 01-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат Б-н Х /Х/, Д-н Ц- нарын 5 дахь хүүхэд нь болж төрсөн. Намайг төрсний дараа Д-н Ц-, Ц-ийн С нарт өргүүлсэн. Миний төрсөн эцэг Б-н Хг /Х/ 1938 онд буюу намайг 3 настай байхад улс төрийн хилс хэрэгт баривчлан Онцгой бүрэн эрх комиссын 1938  оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 16 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн. Тус хэргийг Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 169 дугаартай магадлалаар цагаатгасан. Миний аав Б-нХ /Х/ нь ээж Д-н Ц-тэй ханилаад том хүү Д-г өргөж авсан. Эгч Л-г 1925, Р-г 1928, ах Б-г 1934 онуудад төрүүлсэн. Аав ээж маань эгч Р-г ээжийн эгч Л-т өргүүлсэн. Ах Б нь 10 настай байхдаа зуурдаар нас барсан. Эгч Л, Р нар нь саяхан нас барсан. Иймд Ц-ийн Ц- намайг Б-н Хгийн /Х/ төрсөн охин буюу садан төрлийн холбоотой болохыг тогтоож өгнө үү гэжээ.

            Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Ц-ийн Ц- нь Б-н Х /Х/, Д-н Ц- нарын төрсөн хүүхэд юм. Ц- нь дээрээ 2 эгч, 2 ахтай байсан. Ц-ыг багад нь Д-н Ц-, Ц-ийн С нарт өргүүлсэн. Төрсөн эцэг Х /Х/ нь 1938 онд буюу Ц-ыг 3 настай байхад нь баривчлагдаж хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн. Тус хэргийг Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 169 дугаартай магадлалаар цагаатгасан. Х /Х/ нь Ц-тэй ханилахдаа том хүү Б-н Д гэсэн өргөмөл хүүтэй байсан бөгөөд Л нь 1925, Р нь 1928, Б нь 1934, Ц- нь 1935 онд төрсөн. Аав ээж нь эгч Р-г нь ээжийнх нь эгч Л-т өргүүлсэн. Ах Б нь 10 настай байхдаа зуурдаар нас барсан. Иймд Ц-ийн Ц- нь Б-н Хгийн /Х/ төрсөн охин буюу түүнтэй садан төрлийн холбоотой болохыг тогтоож өгнө үү гэжээ.

            Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон гэрч нарын мэдүүлгээр хүсэлт гаргагч Ц- нь хэлмэгдэгч Х гийн /Х/ төрсөн охин мөн болох нь тогтоогдож байх тул садан төрлийн холбоог тогтоосон шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Ц-ын садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тус тус заан шийдвэрлэжээ.

            Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хүсэлт бидний хүсэлтээр гэрч Ц-ийн С, Б-н Ү, Д-н Д, Б-н Г, Б-н Х нарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасны дагуу гэрчээр асуусан атлаа тэдгээрийн мэдүүлгүүдийг болон хэрэгт эд мөрийн баримтаар өгч судлуулсан Ө-н Д зохиогчтой “Буриадууд Онон, Гурван харуул нутгийн тэмдэглэл” номын 1 дүгээр хуудасны 19-25 дугаар мөр, 7 дугаар хуудасны 4-8 дугаар мөр, 25 дугаар хуудасны 9-15 дугаар мөр, 26 дугаар хуудасны 25 дугаар мөр 30 дугаар хуудасны 33-34 дугаар мөр, 34 дүгээр хуудасны 19-24 дүгээр мөр, 38-39 дүгээр хуудсанд бичигдсэн бичвэрүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй, гэрчүүдийн мэдүүлгүүдийг Үндэсний төв архив болон Улсын бүртгэлийн газраас авсан лавлагаатай харьцуулан дүн шинжилгээ хийж дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Хэнтий аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2000 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 96 тоот шийдвэр, 2000 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 171 тоот шийдвэр нь тухайн үед Б-н Хгийн /Х/ нөхөн олговрыг Л-д олгосон шийдвэр бөгөөд Лувсанцэрэн нь өөрийн ээж дээр ганцаараа өссөн талаараа хэлсэн, түүнээс айлд өргүүлсэн Р, Ц- нарын талаар асууж тодруулаагүй, энэ талаар хэлээгүй нь Ц-ыг түүний аав Б-н Х /Х/, ээж Дагвын Ц- нараас төрж Д-н Ц-т өргүүлсэн үйл явцыг үгүйсгэхгүй. Иймд Ц-ийн Ц-ыг Б-н Хтай /Х/ садан төрлийн холбоотой төрсөн охин нь мөн болохыг тогтоох боломжтой гэж үзэж байна гэжээ.         

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд  өгсөн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

            Ц- нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Б-н Хгийн /Х/ төрсөн охин буюу садан төрлийн холбоотой болохоо тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

            Хүсэлт гаргагч Ц-ын төрсөн эх Д.Ц-ийг “М” гэж дууддаг, хэлмэгдэгч Б.Хтай /Х/ гэрлэж охин Ц-ыг төрүүлж, айлд өргүүлсэн болохыг нотлуулахаар “Буриадууд Онон, Гурван харуул нутгийн тэмдэглэл”  номыг нотлох баримтаар шүүхэд ирүүлснийг анхан шатны шүүх “М” гэж хэн болох, хэн гэдэг охиноо айлд үрчлүүлсэн, ”Ц-ийн Ц-” нь “М-н Ц-” мөн болох нь тодорхойгүй гэж дүгнэн Ц-ын “Садан төрлийн холбоо тогтоолгох” тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан  “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэнтэй нийцэхгүй байна.

            Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2020 оны 4 дүгээр сарын 15-н өдрийн 08/1886 дугаартай лавлагаанд “Б-нХ  /Х/ нь ...1938 онд улс төрийн хэрэгт баривчлан хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж, Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 169 дугаартай магадлалаар цагаатгагдсан” гэж /хх-н 10х/, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 03-5/1729 дугаартай лавлагаанд “Хэнтий аймгийн Биндэръяа сумын 5 дугаар багийн 1944 оны хүн амын тооллогоор: өрхийн тэргүүн Д-н Ц- 45 настай эрэгтэй, Ц-ийн С 30 настай эмэгтэй, ...охин Ц- 9 настай эмэгтэй...” гэж бүртгэгдсэн /хх-н 14х/, зохиогч Ө-н Д-Д-н “Буриадууд Онон, Гурван харуул нутгийн тэмдэглэл” номонд “...М авгай ...залуудаа Хэрлэнд нүүж ирээд байсан Б-н Х-тай гэрлээд байтал, нөхөр нь 1938 онд эсэргүүд баригдаад хэлмэгдсэн учир охидоо айлд үрчлүүлсэн байна. ...М авгайн том охин  Л авгай юм. ...Л авгайн Ү одоо хотод амьдарч байна. ...М-н Ц- 1935 онд төрсөн хорь Хальбин, Эгийн Сэгээд төрөөд, Д Ц-ийнд өргүүлсэн...” талаар дурдагдсан /хх-н 7, 25х/, гэрч Г /хх-н 26-27х/, Ү /хх-н 38-39х/, С /хх-н 40-41х/, Д /хх-н 47-48х/, Х /хх-н 81-82х/, Г /хх-н 83-84х/ нар “...Д-н Ц-ийг хүмүүс М гэж дууддаг байсан. ...Ц- нь Хтай /Х/ ханилж Л, Р, Ц-, Б нарыг төрүүлсэн. ...Р нь Ц, Л нарын гэр бүлд, Ц- нь Ц-, С нарын гэр бүлд өргүүлсэн. Эрэгтэй дүү Б нь багадаа нас барсан. ...Ц- нь Х-гийн /Х/ төгсөн охин юм...” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд хүсэлт гаргагч Ц-ийн Ц- нь хэлмэгдэгч Б-нХ /Х/-гийн төрсөн охин буюу садан төрлийн холбоотой болох нь тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуягийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-д заасныг удирдлага болгох нь ТОГТООХ нь:

            1.  Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 156/ШШ2020/00820 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Ц-ийн Ц-ыг хэлмэгдэгч Б-нХ /Х/-тай садан төрлийн холбоотой болохыг тогтоосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуягийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ДЭНСМАА

                                     ШҮҮГЧИД                                           О.БААТАРСҮХ                                

                                                                                                    Я.АЛТАННАВЧ

 

 

.