| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/04610/И |
| Дугаар | 192/ШШ2025/00518 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/00518
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, тоот хаягт оршин суух Г овогт С Ц /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, тоотод оршин суух З овогт Т Ц /РД: /,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, тоотод оршин суух А овогт Ө А /РД: / нарт холбогдох,
65,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Т.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагч Ө.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч Т.Ц, Ө.А нарт холбогдуулан 65,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 “Миний хүү Б.Днь 2023 оны 07 дугаар сард зуурдаар нас барсан. Миний хүү амьд ахуйдаа хувиараа бизнес эрхэлж байсны дотор гадаадаас автомашин оруулж ирж худалдан борлуулахдаа Аыг хөлслөн ажиллуулдаг байснаас гадна мөн бусдад хүүтэй мөнгө зээлдүүлдэг байсан. Хүү маань надтай ажил төрөл, амьдрал ахуйн бүхий л асуудлаа ярьж, ирээдүйд хийх ажлынхаа талаар зөвлөлддөг байсан. Хүү маань амьд ахуйдаа Ө.А болон Т.Ц нар нь 70,000,000 төгрөг өгөх ёстой гэж надад хэлж байсан бөгөөд оршуулгын үеэр Ө.Аоос “Чи Дд 70 сая төгрөг өгөх ёстой юм байна лээ” гэж хэлэхэд Ө.А урдаас “Та яаж мэдсэн юм бэ? Хэн тэгж байна?” гэсэн. Тэгэхээр нь “Дөөс сонссон юм” гэж хариулахад “Тиймээ, байгаа байгаа 70,000,000 төгрөг өгнө” гэж хариулсан. Энэ тухайд ажил явдлын үеэр хажууд байсан хүмүүс гэрчилнэ. Би хүүгээ жам ёсоороо нас барсан гэж үзэхгүй байгаа буюу бусдын гарт амь насаа алдсан гэж үзэж байгаа болно. Энэ талаар ч мөрдөн байцаах албанаас эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа билээ. Миний зүгээс хүүгийн минь гар утсанд хадгалагдаж буй бусадтай харьцсан зурвасуудыг алдахгүйн тулд хүүгийнхээ гар утсанд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд үүний дагуу Мөрдөн байцаах албаны мөрдөгч утсанд үзлэг хийж, хүүгийн минь Т.Цгаас өрөө нэхэж, хоорондоо харилцсан мессежнүүдийг бэхжүүлж авсан. Т.Цгаас 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Мөнгө хэд хэдэн сарынхыг өгөөгүй хүмүүсийг нь явуулаач /зээлсэн мөнгөө буцааж өгөөгүй хүмүүсийн үлдэгдэл тооцоог/ ” гэх зурвас ирсэн байх бөгөөд хүү маань Т.Ц луу 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 18:19 минутад тооцоо явуулсан байна. Мөн, хүү маань Т.Ц луу 2022 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр 18:34 минутад “Хүний мөнгө идсэн, сүүлдээ койн авчихсан юм шиг аягүй дарамттай болж байна биш ээ. Чи өөрөө надад би өөрөө 100 хувь хариуцна гэж хэлсэн байх аа... 100 хувь хариуцна гэсэн бол хэлсэндээ байна шүү” гэж зурвас бичжээ. Дээрх зурвасуудаас үзэхэд 65,000,000 төгрөгийн авлагатай болох нь нотлогдож байх тул миний бие хариуцагч нараас 65,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа болно /миний хүү надад хүүг нь оролцуулан 70 сая гэж хэлсэн гэж ойлгож байна/. Би 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өв хүлээн авах тухай хүсэлтийг Нийслэлийн тойргийн нотариатч Б.Бд хандан гаргасан бөгөөд Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-т “Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана”, 531.2-т “Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно” гэж тус тус заасан. Хүү маань 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр нас барсан тул үүнээс хойш нэг жилийн дараа буюу 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр надад өвлөх эрхийн гэрчилгээ олгох юм. Өвлөх эрхийн гэрчилгээгээ иргэний хэрэг үүссэний дараа нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх болно. Хариуцагч нар нь миний хүү Дд өр төлбөртэй байсныг би мэдсэн гэдэг нь илэрсэн тул хуулийн хариуцлагаас мултрахын тулд өөрт буй эд хөрөнгүүдээ бусдад шилжүүлэх, худалдан борлуулах, цаашлаад хил даван оргон зайлах эрсдэлтэй гэж нэхэмжлэгч миний бие үзэж байгаа болно. Иймд, нэхэмжлэгч миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж, иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нараас 65,000,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
1.2 Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Үүнд: “...2025.01.13-ны өдөр Хаан банкнаас ирүүлсэн нотлох баримтаар хариуцагч Т.Цгаас талийгаач Б.Дий дансанд 3,100,000 төгрөгийг шилжүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлага болох 65,000,000 төгрөгөөс хасч хариуцагч Ө.Цгаас 62,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан багасгаж байна. Мөн анх нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Т.Ц нь Ө.Аын эхнэр учраас хамтад нь хариуцагчаар татан оролцуулсан. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Ө.А нь хэрэгт хамааралгүй байх тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.” гэжээ.
2. Хариуцагч Ө.А, Т.Ц нар хариу тайлбартаа: “Талийгаач Б.Д бидний хооронд харилцаж өнгөрсөн фэйсбүүк мессенжер баримтыг үндэслэн нэхэмжлэл гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Талийгаач Б.Днь миний дарга байсан бөгөөд Дзахирлын жолоочоор албан ёсоор миний бие 2009 оны 9 сараас 2011 оны 12 дугаар сар хүртэл ажилласан байдаг. Энэ хооронд бид дотно танилцаж хэдий насны зөрүүтэй ч гэсэн хүний хувьд гэмгүй сайн найзууд болж бие биедээ итгэдэг болцгоосон. Үүнээс хойш ажлаасаа гараад бид хааяа л бие биетэйгээ утсаар холбогдож мэнд устай явдаг болсон. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын орчим талийгаач надад хамт бизнес хийх санал тавьсан бөгөөд тэр нь гаалиар орж ирсэн шинэ тээврийн хэрэгслийг зардаг болсон.
Ингэж явахдаа талийгаач надад “...Би хүнд мөнгө зээлдүүлдэг ажил хиймээр байна. Танай эхнэр чинь эдийн засагч мэргэжилтэй, санхүүгийн хүн болохоор түүний дансаар оруулж гаргаад тодорхой хувийг танай эхнэрт өгөөд тооцоогоо бариулаад явмаар байна. Чи дамжуулж өгөөч гэсэн бас нэг санал тавьсан...” Үүний дараахан би эхнэртээ хэлж холбож өгсний дагуу эхнэр Ц зөвшөөрч талийгаач нь 2017 оны 5 сарын орчмоос эхлэн түүний данс руу шилжүүлэг хийдэг харин Ц орж ирсэн үндсэн мөнгө болон хүүг буцаагаад талийгаач руу шилжүүлдэг болсон.
Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөн байцаах газраас дуудаж Ө.А миний биеийг хэрэгт холбогдуулан шалгасан. 2018 оноос хойш Б.Дтэй ямарч машин тэрэгний бизнес наймаа эрхлээгүй хамтарч ажиллаагүй болно. Иймд Ө.А миний биеийг мөрдөн байцаах газраас явуулсан шалгалтын явцад хэрэгт холбогдолгүй гэж үзсэн. Үүний дараа миний эхнэр болох Т.Цг дуудаж мөн 70,000,000 төгрөгийн хэрэгт холбогдуулан дуудаж шалгалтын явцад бүх баримтуудыг гаргаж өгч хэд хэдэн удаагийн шалгалтаар мөн хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож 2024 оны 06 сарын 15-ны өдөр дуудаж хэрэгт холбогдолгүй учраас бичиг баримтад дээр гарын үсэг зуруулж дууссан.
Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа дансны хуулга болон мессежний он цаг хугацааг сайн харьцуулж үзэлгүй гаргасан байна. Талийгаач нь бусдад мөнгө төгрөг зээлдүүлдэг байсан ба түүний тооцоог Т.Ц миний дансаар дамжуулан авдаг байснаас биш бид өөрсдөө мөнгө төгрөг зээлдэж авсан зүйл байхгүй. Гар утсанд үлдсэн мессеж бол 2021 оны 12 сарын 31-ны өмнөх харилцсан мессеж бөгөөд, бидний тооцоо хамгийн сүүлд 2022 оны 01 сарын 31-ний 1,000,000 төгрөг шилжүүлснээр бидний тооцоо дууссан дахиж ямар нэг мөнгө төгрөгтэй холбоотой харилцсан зүйл бидэнд байхгүй. Бидний хоорондын тооцоо хийдэг байсан дансны хуулгаар 2017 оны 01 сарын 01-нээс 2022 оны 01 сарын 31-ний хооронд хийсэн орлого 67,370,000 төгрөгийг Цгийн дансанд шилжүүлж, Цгаас зарлагын гүйлгээгээр 2017 оны 01 сараас 2022 оны 01 сарын 31-ний өдрийг хүртэл 114,303,800 төгрөгийг Б.Дий Хаан банк *тоот дансанд шилжүүлсэн. Үүнээс Цд 2017 оны 05 сарын 17-ний өдрөөс 2019 оны 12 сарын 12-ний өдөр хүртэл цалин гэж нийт 6,574,800 төгрөгийг Дөөс шилжүүлсэн байдаг. Цгаас Дий дансанд үлдэгдэл болох цэвэр дүн болох 107,729,000 төгрөгийг Дий дансанд шилжүүлж тооцоо дууссан байдаг. Цгийн дансанд шилжүүлдэг байсан шалтгаан нь зөвхөн тооцоо хийлгэдэг байсан гэдгийг тодруулан хэлэх нь зүйтэй болов уу.
Талийгаачийн ажил явдал дээр талийгаачийн ээж нь ажлын хамт олны нүд чихэн дээр намайг ширээний ард суугаад хоол цай идээд дуусаад гарах гэж байтал гарч ирээд нэг хэлэх юм байна. Аоо чи манай хүүд мөнгө өгөх ёстой юм байна лээ... гэж хэлсэн. Тэгээд би аан за гэж хэлээд толгой дохисон. Толгой дохисон учир нь дээр дурдсан 5 сая төгрөгөөс хэдхэн төргөг үлдсэн гэж бодоод тайлбарлах гэж мөн ажлын хамт олноос жаахан холдуулах санаатайгаар ширээнээс арай холдож түүнийг үүдний өрөөр рүү дагуулаад очтол “... Аоо чи манай хүүд 7 сая биш 70 сая төгрөгийн өглөгтэй юм байна лээ ш дээ гэхэд...” Би юун 70 сая вэ? Надад тийм өр байхгүй ш дээ гэж хэлэхэд тэрээр “за яах вэ энэ ажил явдлын дараа уулзъя гэж хэлсэн.” Тэгээд би тэр айлаас гарсан түүнээс хойш бид уулзалдаагүй болно. Гэтэл нэхэмжлэлд дурдсанаар миний эхнэр бид хоёрыг зөвхөн талийгаачийн утасны мессежинд үндэслэн 70 сая төгрөгийн өглөгтэй гэж шүүхээр нэхэмжилж байгааг миний бие гүтгэлэг гэж ойлгож байна. Түүнчлэн ажлын хамт олны нүдэн дээр миний ажил хэргийн нэр хүндийг гутаасан үйлдэл хийж байгаад бас гомдолтой байна. Иймд нэхэмжлэгч С.Цгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5/, Итгэмжлэл /хх-6/, Өв хүлээн авах хүсэлт /хх-7-9/, Б.Дий төрсний гэрчилгээний хуулбар /хх-8, 10/, Гар утасны мессеж зурвас /хх-15-24/, Итгэмжлэл /хх-185/, Тооцооны хүснэгт /2хх-61/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч нараас Хариу тайлбар /хх-37-38/, Тооцооны хүснэгт /хх40-42/, Т.Цгийн 5059067846 тоот дансны хуулга /хх43-111/, 2018-2022 оны тооцооны хүснэгт /хх-112-115/, Т.Цгийн 5753800913 тоот дансны хуулга /хх116-1167/, Тооцооны хүснэгт /хх-168/, Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-186/, Итгэмжлэл /хх-193/, Хариу тайлбар /хх-194-195/, Ө.Аын * тоот дансны хуулга /хх229-230/, Итгэмжлэл /хх-201/, Т.Цгийн Голомт банкны дансны хуулга /хх202-208, 231-233/, Фейсбүүкийн харилцсан зурвас /хх235-245/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу гэрч Д.Эн мэдүүлэг /хх214-219/, гэрч С.Сн мэдүүлэг /хх220-223/, зохигчоос гаргасан хүсэлтийн дагуу Т.Цгийн дансны хуулга /2хх-4/, Б.Дий дансны хуулга /2хх-11-23/, Т.Цгийн дансны хуулга /2хх-24-59/ Үзлэгийн баримт /1хх235-245, 2хх-62-65/ зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч С.Ц дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Миний хүү Б.Днь 2023 оны 07 дугаар сард зуурдаар нас барсан. Хүүгийн минь Т.Цгаас өрөө нэхэж, хоорондоо харилцсан мессежнүүд байгаа. Хүү маань амьд ахуйдаа Ө.А болон Т.Ц нар нь 70,000,000 төгрөг өгөх ёстой гэж надад хэлж байсан бөгөөд оршуулгын үеэр Ө.Аоос “Чи Дд 70 сая төгрөг өгөх ёстой юм байна лээ” гэж хэлэхэд Ө.А урдаас “Тиймээ, байгаа байгаа 70,000,000 төгрөг өгнө” гэж хариулсан. Дээрх зурвасуудаас үзэхэд 65,000,000 төгрөгийн авлагатай болох нь нотлогдож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч Т.Цгаас 62,000,000 төгрөг гаргуулах, мөн хариуцагч Ө.Аод холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.” гэжээ.
3. Хариуцагч Т.Ц, Ө.А нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “Талийгаач Б.Дбидний хооронд харилцаж өнгөрсөн фэйсбүүк мессенжер баримтыг үндэслэн нэхэмжлэл гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Т.Цгаас Б.Дий дансанд үлдэгдэл болох цэвэр дүн болох 107,729,000 төгрөгийг Дий дансанд шилжүүлж тооцоо дууссан байдаг. Зээлдэгч нар Т.Цгийн дансанд мөнгө шилжүүлдэг байсан шалтгаан нь зөвхөн тооцоо хийлгэдэг байсан. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Ц овогт Б Днь 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр нас барсан нь нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. /хх-9 ар тал/
4.2 Нэхэмжлэгч С.Ц нь талийгаач Б.Дий төрсөн эх болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-8/
4.3 Нэхэмжлэгч С.Ц Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дах хэсэгт “...өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан, эрхлэн удирдсан эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.” гэж зааснаар 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатчид өв хүлээн авах хүсэлт гаргажээ. /хх-9/
5. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх нь хууль ёсны өвлөгч бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж заасны дагуу талийгаач нь Д.С, Д.С зэрэг хүүхэдтэй /хх-9/, нас барагчийн хүүхэд, түүний эх С.Ц нар хууль ёсны өвлөгч байна. Энэ талаар талууд маргаагүй, харин хариуцагч Т.Ц нь талийгаач Б.Дд 62,000,000 төгрөгийг төлөх эсэх нь талуудын маргааны зүйл байна.
6. Талийгаач Б.Д, хариуцагч Т.Ц нар харилцан тохиролцсоны үндсэн дээр, Б.Дий өгсөн заавар, чиглэлийн дагуу хариуцагч Т.Ц нь бусадтай зээлийн гэрээний харилцаанд орж, зээлдэгч нараас зээлийн төлбөр болон хүүг хариуцагч Т.Ц дансаар авч талийгаач Б.Дд дамжуулан шилжүүлдэг, үүнээсээ тодорхой хэмжээний хөлс авдаг байсан нь хэрэгт авагдсан дансны хуулга, мессеж зурвас, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Тодруулбал талийгаач Б.Днь бусдад хүүтэй мөнгө зээлдүүлэх зорилгоор хариуцагч Ө.Аоор дамжуулан Б.Цтай холбогдож, хариуцагч Б.Ц нь зээлдэгч нараас зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр хүүг хүлээн авч талийгаачийн мөнгийг буцаан шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон байх ба ийнхүү талийгаач Б.Дөөс өгсөн заавар, чиглэлийн дагуу хариуцагч Б.Ц нь түүний нэрийн өмнөөс тодорхой үйлдэл хийхээр харилцан тохиролцсон, тодорхой хэмжээний хөлс авч байсан зэрэг байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлд заасан даалгаврын гэрээний харилцаа үүсчээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дах хэсэгт “Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна.” гэж зохицуулсан.
7. Нэхэмжлэгч С.Ц нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүү Б.Дболон Т.Ц нарын харилцсан зурваст тооцооны баримтад авагдсан ба уг баримтаар хүү Б.Днь хариуцагч Т.Цгаас 65,000,000 төгрөгийн авлагатай байх тул шүүхэд хандсан гэж тайлбарласан.
8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд талийгаач С.Д, хариуцагч Т.Ц нарын хооронд фейсбүүкээр харилцсан зурваст шүүх үзлэг хийж нотлох баримтаар бэхжүүлсэн.
Улмаар хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд “…хариуцагч Т.Цд Tsegii Tsegii гэх фейсбүүк хаяг байхгүй...” гэж тайлбар гарган мэтгэлцсэн боловч 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Т.Цгаас “Хай хүмүүстэй холбогдож чадаагүй ээ. Хэд хоног бие өвдөөд ковид авсан байна...” гээд мөн өдрийн Ковид 19 шинжилгээний хариуг илгээсэн байх ба уг баримтад овог/нэр Т Ц РД: гэсэн байх тул дээрх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үгүйсгэгдэж байна. /1хх-242-243/
9. Дээрх үзлэгийн баримтаар 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч Т.Цгаас “…зээл авсан хүмүүстэйгээ холбогдож байгаа. Зарим нэг хүмүүс ер нь 3 хувийн зээл хөөцөлдөж байгаа юм байна. 20 сая бас хөөцөлдөж байгаа, 10 сая бас бүтвэл хаана, бүтэхгүй бол хүүнүүдээ 1, 2 сараар нь өгөөд болж өгвөл гүйцээнэ гэсэн…”, 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Б.Дөөс “…Нөгөө 7.6, 10, 20 сая авсан хүмүүс сураггүй юу? Хадгаламжийн хугацаа дуусах гээд байна. 20 сая бүр даварч байна, хүү ч төлөхгүй зээлээ ч өгөхгүй жил болчлоо” гэх, мөн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Б.Дөөс “Тооцоо явуулсан” гээд зээлийн тооцоог хүснэгтээр гаргажээ. /хх-238/
Энэхүү зээлийн тооцооноос үзэхэд зээл нийт 65,100,000 төгрөг, 2020, 2021 оны зээлийн тооцооллыг гаргасан байх ба 20 сая 3 сараас хойш өгөөгүй 14,400,000 төгрөг, 10 сая 7 сараас хойш өгөөгүй гээд 4,800,000 төгрөг нийт 19,200,000 төгрөг гэж тодорхойлсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж зааснаар нотлох баримтаар үнэлэх учиртай. /хх-235-245/
Хариуцагч Т.Цгийн Голомт банкны * тоот дансанд талийгаач Б.Дөөс 2019.07.09-ний өдөр 20,000,000 төгрөгийг DULGUUN-S TZ гэсэн гүйлгээний утгаар, мөн 2019.4.23-ны өдөр 9,400,000 төгрөгийг D-S TZ, Д-С TS-D гэх гүйлгээний утгаар тус тус шилжүүлсэн болох нь хариуцагчийн дансны хуулгаар тогтоогдсон /хх-205,232/ бөгөөд бусад зээлийг хариуцагчаар дамжуулан бусдад хэзээ зээлүүлсэн, тэдгээрийн хооронд бичгээр гэрээ байгуулагдсан эсэх, зээлдэгч нараас зээлийн үндсэн төлбөр, хүүнд нийт хэдэн төгрөг төлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зохицуулжээ.
20,000,000 төгрөг, 10,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг тусад нь 19,200,000 төгрөг гэж гаргасан байх бөгөөд зээлдэгч нар 10,000,000 төгрөг, 20,000,000 төгрөгийн зээлийн хүүг төлж байсан ба харин үндсэн төлбөрөөс төлөөгүй болох нь талийгаач Б.Д, хариуцагч Т.Ц нарын харилцсан зурвасаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.3 “Даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн шаардлагаар гүйцэтгэж байгаа ажлын явцын талаар мэдээлэх, даалгавар гүйцэтгэхтэй холбогдуулан хүлээж авсан бүх зүйлийг даалгавар өгөгчид нэн даруй шилжүүлэх үүрэгтэй” гэж зааснаар даалгаврын гэрээний дагуу талийгаач Б.Дий тооцоогоор тооцон гаргасан 19,200,000 төгрөгийн хэмжээнд үүрэг гүйцэтгэгдээгүй гэж үзэх тул хариуцагч Т.Ц нь нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй байна.
10. Мөн гэрч Д.Эн “...Тухайн үед миний санаж байгаагаар Ө.Аоо чи хүүхдийг нь бодоод авсан мөнгөө өгөөч 70,000,000 төгрөг гэхэд Ө.А үгүйсгэсэн зүйл хэлээгүй, ойлгож байна гэсэн утгатай зүйл хэлсэн...” гэх, гэрч С.Сн“...Ажил явдал дээр С.Ц эгч Ө.А руу хандаад чи Б.Дөөс мөнгө авсан юм байна, тэрийг нь өгөөч ээ үлдэж байгаа хүүхдүүдэд нь хэрэгтэй байна гэж хэлсэн. Ө.А тиймээ, өгнө гэж хэлсэн.” гэх мэдүүлгээр дээрх мөнгөн хөрөнгийг хариуцагч нар талийгаач Б.Дд өгөх үүрэгтэй болох нь давхар тогтоогдсон. /1хх216-223/
11. Түүнчлэн, хэргийн 2 дугаар хавтасны 11-59 дүгээр талд авагдсан талийгаач Б.Дий *тоот, хариуцагч Т.Цгийн *, * тоот Хаан банкны дансны хуулгаар 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч Т.Цгаас 3,100,000 төгрөгийг талийгаач Б.Дд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Т.Цгаас “…2017 оны 01 сараас 2022 оны 01 сарын 31-ний өдрийг хүртэл 114,303,800 төгрөгийг Б.Дий Хаан банк *тоот дансанд шилжүүлсэн. Цэвэр дүн болох 107,729,000 төгрөгийг Б.Дий дансанд шилжүүлж тооцоо дууссан.” гэж тайлбарлан тооцооллыг гаргаж өгсөн боловч дээр дурдсан хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр няцаагдаж байх тул хариуцагчаас 16,100,000 төгрөг /19,200,000-3,100,000=16,100,000/-ийг талийгаачийн хууль ёсны төлөөлөгч буюу нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзлээ.
12. Ийнхүү хариуцагч нар “Талийгаач Б.Дбидний хооронд харилцаж өнгөрсөн фейсбүүк мессенжер баримтыг үндэслэн нэхэмжлэл гаргасныг үндэслэлгүй” гэх тухайн тайлбар, татгалзлаа баримтаар үгүйсгээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Ө.Аод холбогдуулан 65,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч С.Ц татгалзсаныг баталж, холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
14. Иймд хариуцагч Т.Цгаас 16,100,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45,900,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 482,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 238,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Цгаас 16,100,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45,900,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Ө.Аод холбогдуулан 65,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч С.Ц татгалзсаныг баталж, холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 482,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 238,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ