| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00029/И |
| Дугаар | 150/ШШ2025/00060 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 150/ШШ2025/00060
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ...... хот, ......... дүүрэг, ........ дүгээр хороо, Батлан хамгаалах яамны .......... дугаар байр ........ тоотод оршин суух ......... овогт ............. (РД:..............) төрсөн дүү .......... нас барсанд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гэрч ............. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие ........... нь эцэг эхээс дөрвүүлээ төрсөн ба эмэгтэй дүү ......... 1981 онд төрж 1982 нас барсан, эрэгтэй дүү ............1983 онд төрж 1984 онд нас барсан. Одоо миний бага дүү байгаа бөгөөд сэтгэцийн өвчтэй учраас шүүхийн шийдвэрээр миний асрамжид байна. Миний ээж ......... 2006.10.11-нд, аав ........... 2023.04.04-нд тус тус нас барсан.
Аавыг нас барсаны дараа өв нээлгэх хүсэлтээ нотариатад өгсөн ба эхээс төрсөн хүүхдүүдийн байдлыг тодорхойлох шаардлагатай болсон. Гэтэл аав, ээж, эмэгтэй дүү ........... дүүгийн минь нас барсаны бүртгэл улсын бүртгэлд байгаа боловч дүү ............. уг бүртгэлд байхгүй байна.
Тэрээр .......... аймгийн нэгдсэн эмнэлэгт нас барсан боловч эмнэлгийн архиваас түүнтэй холбоотой баримт байхгүй байна гэсэн хариу өгсөн. Мөн ......... аймгийн болон ......... хотын улсын бүртгэлээс хайлгахад нас барсан баримт гарахгүй байна. Түүнийг нас барсныг тодорхойлж хүргэн ах ..........., аавын төрсөн дүү .......... нар тодорхойлолт гаргаж өгсөн. Миний бие .......... сумын оршуулгын газар очиж дүүгийнхээ шарилын зургийг авсан. Өмнө өгсөн нэхэмжлэлийг хүчингүй болгосон шүүгчийн захирамжийн дагуу ......... аймгийн улсын бүртгэлийн хяналтын байцаагчид хүсэлт гарган дүгнэлт гаргуулсан. Өв нээлгэхэд нас барсан шийдвэр хэрэгтэй байгаа тул миний дүү ........... тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн баримт, Нийслэлийн тойргийн нотариатч ......... гарын үсэг гэрчилсэн үйлдэл, ........ хөдөөлүүлсэн газрын фото зураг, ...........аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1/253 тоот тодорхойлолт, ......... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 26/676 тоот тодорхойлолт, ......... төрсний бүртгэлийн лавлагаа, .......... нас барсны бүртгэлийн лавлагаа, ........... нас барсны бүртгэлийн лавлагаа, .......... нас барсны гэрчилгээний хуулбар, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн 148/ШШ2024/00435 тоот шийдвэр, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн 101/ШЗ2024/27706 тоот “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн 150/ШЗ2024/00925 тоот “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний 26/31 тоот “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” албан бичиг, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн №236 тоот шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
........ нь өв нээлгэх хүсэлт шийдвэрлүүлэх зорилгоор төрсөн дүү .......... нас барсанд тооцуулах тухай хүсэлт шүүхэд гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдоо Үүнд:
Иргэн ......... эцэг ......... овогт ......... 2023 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр, эх ............. 2006 оны 10 дугаар сарын 11-ны өдөр тус тус нас барсан. Эхээс дөрвүүлээ төрсөн бөгөөд эмэгтэй дүү ......... 1981 онд төрж 1982 нас барсан, бага дүү .......... сэтгэцийн өвчтэй учраас шүүхийн шийдвэрээр ......... асрамжид байдаг нь 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээлэлийн нэгдсэн сангийн ......... төрсний бүртгэлийн лавлагаа, 2024 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн ........... нас барсны бүртгэлийн лавлагаа, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн эх ............ нас барсны бүртгэлийн лавлагаа, .......... нас барсны гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. (х.х-ийн 4, 14-16, 18-рт)
Иргэн ......... төрсөн дүү ........... 1983 онд төрж 1984 онд нас барсан гэх боловч Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдээгүй байна.
Энэ талаар Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2025 оны 01-р сарын 14-ны өдрийн 26/31 тоот албан бичигтээ “............. нас барсныг иргэний улсын бүртгэлд бүртгүүлэх талаар бүртгүүлэх үүрэг бүхий этгээдээс улсын бүртгэлийн байгууллагад урд өмнө хандаж байгаагүй, нас барсан тухай улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдоогүй бөгөөд тухайн иргэний нас барсан үйл явцыг бүртгэлийн байгууллага тогтоох эрхгүй. Иймд улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасан хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргах боломжгүй тул мөн хуулийн 21.4-т зааснаар эрхзүйн ач холбогдол бүхий үйл явцыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлнэ үү” гэжээ. (х.х-ийн 24-рт)
Үүнээс үзхэд Иргэний бүртгэлийн байгууллага хуулийн холбогдох заалтыг үндэслэн нас барсныг бүртгэх боломжгүй байдал тогтоогдсон байна гэж дүгнэв.
Шүүх хуралдаанд гэрч ........... өгсөн: “Би их сургуульд сурч байсан. Тэгээд зуны амралтаараа ирээд байж байтал энэ ......... ээж нь эмнэлэгт хэвтэх гээд аймгийн төв явсан байсан. Ээж нь эмч хүн байсан юм. Энэ хүний аав нь ........., эмээ нь .......... гэдэг хүн байсан. Бид 3 тэр хүүхдийг асраад лагерьт байж байсан. Тархины даралттай жаахан бие муутай хүүхэд байсан. Хүүхэд гэнэт өвдөөд маргааш орой нь нас барчихсан юм. Би яг өөрөө хажууд нь байсан” гэсэн мэдүүлэг, гэрч .......... өгсөн: “...Би 1983 онд тэр үеийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийг төгссөн. Тэгээд хөгшинтэйгөө танилцсан. 1983 оны өвөл эднийд ........ суманд ирсэн. Тэр үед .......... жаахан хүүхэд байсан. Тэгэхэд нэг өлгийтэй хүүхэд байсан. Шинэ хүнтэй болсон гэж байсан. Би 1984 оны зун цэргийн хээрийн сургуульд явсан байсан. Би хүүхдийн нас барсан оршуулгад ирж чадаагүй. Хүүхэд бараг ой хүрээгүй байсан. Манай хөгшин эмнэлэгт харж байсан, ажил явдалд нь оролцож байсан...” гэсэн мэдүүлэг, ....... оршуулсан гэх газрын хөшөөний зурагт авагдсан “........ 1983-1984 гэсэн бичиглэл”, .............. аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 2/763 тоот албан бичигт ........... нас баралтын түүхийг шүүн үзэхэд олдоогүй гэсэн албан бичиг, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11-р сарын 08-ны өдрийн 26/676 тоот ”Тус аймгийн ........ сумын 1982-1988 оны нас барсны бүртгэлийн дэвтэрт .............овогтой......... нас барсны бүртгэл тэмдэглэгдээгүй тул лавлагаа олгох боломжгүй” гэсэн албан бичиг зэргийг үндэслэн .........нас барсныг шүүх тогтоож шийдвэрлэлээ. (х.х-ийн 11,12, 13-рт)
Хүүхэд төрсөн байдлыг Улсын бүртгэлийн байгууллага бүртгэсэн байх бөгөөд хүүхэд нас барсныг бүртгүүлээгүй байна.
Шүүхийн шийдвэрт заасан ........... нас барсныг тогтоосон он сар өдрийг тухайн иргэний нас барсан он сар өдөр гэж үзэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар .......... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч тал өөрийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцоогүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар 1983 оны 08 дугаар сарын 12-ний өдөр .......... аймгийн ........ сумын “...........” гэх газарт төрсөн .......... овогт ............ 1984 оны 07 дугаар сард ......... аймгийн нэгдсэн эмнэлэгт нас барсныг тогтоосугай.
2.Шүүхийн шийдвэрт заасан нас барсныг тогтоосон он сар өдрийг ............ нас барсан он сар өдөр гэж үзсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар .............. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.САРАНТУЯА