Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 110/ШШ2025/0005

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: М.Х ,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн  Өлгий сумын Засаг дарга ,

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.З нарын хоорондын газрын  маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Алсу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

            1. Нэхэмжлэгч М.Х нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг  даргад холбогдуулан, “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн  нутаг дэвсгэрт байршилтай 62540 м.кв газрыг М.Х эзэмшүүлэх  захирамж гаргах,  газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг  тус тус Өлгий сумын Засаг даргад даалгах”-аар маргаж байна.

            Нэхэмжлэгч М.Х нь  тус шүүхэд  “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай 62400 м.кв газрыг М.Х эзэмшүүлэх  захирамж гаргах,  газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг  тус тус Өлгий сумын Засаг даргад даалгах” шаардлагатай  нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд газрын хэмжээг 62540 м.кв гэж тодруулсан болно.

2. Нэхэмжлэгчийн  Бугат сумын Засаг даргын 2008 оны 68 дугаар захирамжаар тус сумын нутаг дэвсгэрээс эзэмшиж байсан 20 га газрын 6,254 га газар нь  Монгол Улсын Их Хурлын 2020 оны 22 дугаар тогтоолоор  Өлгий сумын нутаг дэвсгэрт хамаарсан байх ба уг 6,254 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах талаар Өлгий сумын Засаг даргад гаргасан хүсэлтэд  2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2/365 дугаар  албан бичгээр татгалзсан хариу өгсөн байна.

3. Нэхэмжлэгчээс Өлгий сумын Засаг даргын газар эзэмшүүлэхээс татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч аймгийн Засаг даргад  гаргасан гомдлыг 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн албан бичгүүдээр  Өлгий, Бугат сумын Засаг дарга нарт шилжүүлсэн байх ба Бугат сумын Засаг даргаас 2024 оны 9 дүгээр  сарын 16-ны өдрийн 138 дугаар албан бичгээр  “Бугат сумын Засаг даргын эрх хэмжээний асуудал биш” гэсэн хариу өгснөөр  нэхэмжлэгч М.Х нь шүүхэд 2024 оны  9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэмэлт тайлбар,шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол Улсын иргэн М.Х надад Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 68 дугаар захирамжаар тус сумын 3 дугаар багт, хуучин өөрийн өвөлжиж байсан “Мешелийн буйр” хэмээх 20 га газрыг олон наст  ургамал тариалахаар, 60 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай шийдвэр гарсан юм.

Ингээд Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлаас уг газарт 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр № дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших гэрчилгээ олгосон юм. Иргэн М.Хуаныш би уг газрыг 2008 оны 9 дүгээр сараас эхлэн одоо хүртэл 16 дахь жилдээ ашиглаж байна. Тухайн газарт зохих хэмжээний үл хөдлөх хөрөнгө бариад,  эзэмшил хэрэгцээнд хэрэглэн явж байна.

Гэтэл Монгол Улсын Их Хурлын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулсан байна. Уг өөрчлөлтөөр хуучин Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг дэвсгэр байсан “Мешелийн буйр” хэмээх 62400 м.кв газрыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт нэмж оруулсан байна.

Ингээд уг газрыг би Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2008 оны 68 дугаартай захирамжаар хууль ёсоор эзэмшин, одоог хүртэл ашиглаж байгаа, одоо уг газар нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэр болсон учраас уг газарт шинээр эзэмших эрхийн акт гаргуулах, газар эзэмших гэрчилгээ авах зорилгоор Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад 2024 оны 7 дугаар сарын эхээр хүсэлт гаргасан. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2/365 тоотоор “Таны хүсэлтийг хангах боломжгүй шүүхэд хандаарай” гэсэн хариу өгсөн.

Ингээд иргэн М.Х би Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын уг шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргад албан ёсоор гомдол гаргасан юм. Баян-Өлгий аймгийн Засаг даргаас иргэн М.Х миний гомдлыг Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргад шилжүүлсэн байна. Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн  138 дугаартай албан бичгээр уг маргааныг шийдвэрлэхээс татгалзсан хариу өгсөн юм. Иймээс уг маргааныг талаарх урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн учраас захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Өлгий сумын Засаг дарга Х.Б нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэгт “голын эргээс  50 метр буюу онцгой хамгаалалтын бүсээс газар олгохыг хориглоно” гэсэн заалтыг үндэслэсэн байна. Уг хуулийн заалт нь 2019 оны 5 дугаар сард батлагдсан байна. Миний эзэмшлийн газрын эрхийн акт нь Бугат сумын  Засаг даргаас 2008 онд гарсан юм.  Иймд миний эзэмшиж байгаа газар нь шинээр олгох газар биш учраас Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 болон 33.6 дахь заалтууд нь татгалзах үндэслэл болохгүй юм.

Хар Нуур-Ховд голын сав газрын захиргаа болон Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас гаргасан тайлбарт 6,254 га газрын 2,420 га нь усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс  болох 50 метрт хамаарч байгаа гэж тайлбар болон схем зураг гаргаж өгсөн нь Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т “Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эс үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтооно” гэж заасны дагуу аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хүрээнд эрх зүйн акт гараагүй байна. Иймд Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалт хэрэгжих боломжгүй гэж үзэж байна.

2008 онд хуулийн дагуу тус газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлэх  тухай шийдвэр гарсан тул одоо Өлгий, Бугат сумдын Засаг дарга нар өөрсдийн сумдад харьяалагдаж байгаа хэсгүүдэд дахин эзэмшүүлэх гэрчилгээ гаргаж өгөх шаардлагатай байна. Миний олон жилийн хүч, хөдөлмөрөөр бий болгосон Ү- дугаартай агуулах, 2 өрөө өвлийн сууц, 2 ширхэг амбаар,худаг зэрэг үл хөдлөх хөрөнгүүд маань Өлгий сумын газар нутагт хамаарч байгаа тул өмнөх захирамжийн хэмжээнд шийдвэрлэж өгөхийг Өлгий сумын Засаг даргад  даалгаж өгөхийг хүсье.

Иймд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт  байршилтай 62540 м.кв  газрыг Монгол Улсын иргэн  М.Х эзэмшүүлэх захирамж гаргах, газар эзэмших гэрчилгээ олгохыг тус тус Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  Засаг даргад даалгах тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэв.

5. Хариуцагч Өлгий сумын Засаг дарга хариу тайлбар, нэмэлт тайлбартаа:

“Иргэн М.Х Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн  68 тоот захирамжаар тус сумын 3 дугаар багаас олон наст ургамал тариалах зорилгоор  20 га газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулахдаа М.Х 20 га газрын 6,2 га газар нь Өлгий сумын хилийн цэсэд орсон байна.

Уг Өлгий сумын хилийн цэсэд байгаа, хуучин эзэмшиж байсан 6,2 га газрыг эзэмшүүлэхэд  Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-т заасны дагуу усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын  бүсэд хамаарагдаж байгаа тул газар эзэмшүүлэх шийдвэр гаргах боломжгүй байна.

Ховд голын эргээс 50 метрийн хамгаалалтын бүсээс бусад газар нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дах хэсэгт зааснаар давуу байдлаар олгох боломжгүй бөгөөд зөвхөн дуудлага худалдаагаар эзэмшүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Нэхэмжлэгч М.Х нь Бугат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс 20 га газрыг 2008 онд авсан. Бид тухайн шийдвэрт маргаагүй. Харин Өлгий сумын нутаг дэвсгэрт орсон 6.2 га гаруй газар нь  манайхаас шийдвэр гаргахад шинээр олгох газар болж байна. Шинэ газар дээр шинэ захирамж гаргах гэхээр хэд хэдэн хуулийн заалтыг зөрчиж байна. Нэг нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэгт “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасан. М.Х маргаж байгаа 6,2 га гаруй газрын ихээхэн газар нь тус бүсэд хамаарч байна. Үлдсэн газрын хувьд  Газрын тухай хуульд зааснаар эзэмшүүлэхийн тулд  төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдаагаар оруулах гэсэн хоёр заалттай байдаг.  Төсөл сонгон шалгаруулалтын сүүлд журам нь өөрчлөөд олон улсын гэрээний үндсэн дээр төсөл сонгон шалгаруулалт явуулахаар болсон. Нэхэмжлэгчийн  газрыг дуудлага худалдаанд оруулбал өөрөө шууд авах боломжгүй учраас бид уг газар дээр шинээр захирамж гаргах ямар ч боломжгүй гэсэн хариу өгсөн” гэв.

    ҮНДЭСЛЭХ нь.

1. Нэхэмжлэгчийн “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай 62540 м.кв газрыг М.Х эзэмшүүлэх захирамж гаргах,  газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг  тус тус Өлгий сумын Засаг даргад даалгах шаардлагатай нэхэмжлэлийн зарим хэсэг  үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч М.Х Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 68 дугаар захирамжаар “Мешелийн буйр” гэх газраас олон наст ургамал тариалах  зориулалтаар 20 га газрыг 60 жилийн хугацаагаар эзэмшүүлж,2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тариалан эрхлэх зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хилийн цэсийг 3 дугаар хавсралт, мөн аймгийн Бугат сумын хилийн цэсийг 4 дүгээр хавсралтад заасан тус тусын хилийн цэсийн солбицлын дагуу өөрчлөн баталж, уг тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна.

Уг тогтоолоор Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсийг өөрчлөн баталснаар нэхэмжлэгч М.Х  Бугат сумын Засаг даргын 2008 оны 68 дугаар захирамжаар эзэмшиж байсан  тус сумын нутаг дэвсгэрт байршилтай 20 га буюу 200000 м.кв газрын 62540 м.кв газар нь  Өлгий сумын хилийн цэсэд /4 дүгээр багийн нутаг дэвсгэр/   хамаарах болсон нь  тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 4,5,6,8,35,36,75 дах тал/ тогтоогдож байна.

3. Газрын тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.4-т “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.4.2.аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх; 21.4.3.энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг  шийдвэрлэж, зохион байгуулах” гэж  тус тус зааснаар Өлгий сумын нутаг дэвсгэрээс  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад  газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх нь  Өлгий сумын Засаг даргын бүрэн эрхэд хамаарч байна.

4. Эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх газрын хэмжээ, байршил, газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журмын  талаар Газрын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн  29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна”, 29.2-т “Энэ хуулийн 29.1-д зааснаас гадна гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0,1 га-гаас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно”, 29.3-т “Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна”,  31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”,  33 дугаар зүйлийн 33.1.2-т “Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэж тус тус зохицуулжээ.

Мөн Газрын тухай хуулийн  15 дугаар зүйлийн 15.1-д “Усны сан бүхий газарт нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газар хамаарна”, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:11.1.4.Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох”, 22 дугаар зүйлийн  22.1-т “Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно”, 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” гэж, Байгаль орчин,ногоон хөгжил,аялал жуулчлалын  сайд, Барилга, хот  байгуулалтын сайдын  2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2.3-т “Онцгой хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно:2.3.2 гол мөрөн, горхи, булаг шандын эргээс 50 метрээс доошгүй зайд буюу  түүнээс өргөн намаг бүхий татамтай тохиолдолд  нийт татмын хэмжээгээр өргөсгөж”  гэж тус тус заажээ.

5. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 81-93,94-95,138 дах тал/ нэхэмжлэгчид Бугат сумын Засаг даргын 2008 оны шийдвэрээр  эзэмшүүлсэн 20 га газраас Өлгий сумын  нутаг дэвсгэрт хамаарах болсон 6,254 га  газрын 2,8 га  /Ховд голын нийт татмын хэмжээгээр тооцоход/ талбайтай хэсэг нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн  22.2, Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 2.3.2-т тус тус  зааснаар Ховд голын усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд  хамаарч байгаа нь тогтоогдсон.

 Нэхэмжлэгчээс уг Өлгий сумын нутаг дэвсгэрт хамаарч буй  6,254 га  газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах тухай хүсэлтийг 2024 оны 7 дугаар сард гаргасан байх ба Газрын тухай хуульд усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглосон  тул онцгой хамгаалалтын бүсэд хамаарч буй 2,8 га газрыг эзэмшүүлэхээс татгалзсан  хариуцагч Өлгий сумын Засаг даргын татгалзал нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.6-д заасантай тус тус нийцсэн байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.Х “Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн  11.1.4-т зааснаар аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас усны сан бүхий газрын  онцгой хамгаалалтын бүс тогтоосон  эрх зүйн акт гараагүй тул Газрын тухай  хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дах заалтаар газар эзэмшүүлэхээс татгалзсан нь үндэслэлгүй” гэж маргасан.

Усны тухай  хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дах заалтаар усны сан бүхий газрын  онцгой хамгаалалтын бүсийн  доод хэмжээг тогтоож өгсөн бөгөөд аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн  Хурал нь  хуулийн уг заалтыг баримтлан холбогдох байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн  хэмжээг тодорхойлон тогтоох бүрэн эрхтэй байхаар зохицуулжээ.

Иймд нэхэмжлэгчийн эзэмшихээр хүсэлт гаргасан 6,254 га  газрын  2,8 га газар нь Ховд голын  усны сан бүхий газрын хуулиар тогтоосон  онцгой хамгаалалтын бүсэд хамаарч байгаа нь нотлогдсон ба тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас   хуульд  заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж Ховд голын онцгой хамгаалалтын бүсийн хэмжээг тогтоосон шийдвэр гаргаагүй нь  иргэн, хуулийн этгээд, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг нарийвчлан зохицуулсан Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасан газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглосон  заалтыг зөрчиж газар олгох үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.

6. Дээрх байдлаар маргаан бүхий 6,254 га  газрын 2,8 га талбайтай хэсэг нь  усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд  хамаарч байгаа  бөгөөд үлдсэн  3,454 га газрыг эзэмшүүлэхээс татгалзсан хариуцагчийн   шийдвэр нь  мөн  үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь нэхэмжлэгчийн хувьд 6,254 га газрыг өмнөх зориулалтаар нь, үнэ төлбөргүй эзэмших ёстой гэж маргаж байгаа ба Газрын тухай хуульд  таримал ургамал тарих зориулалтаар  0,1 га-гаас  илүү  газар эзэмшүүлэх тохиолдолд дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэхээр зохицуулсан, өөрөөр хэлбэл үнэ төлбөргүйгээр, шууд эзэмшүүлэх үндэслэлгүй.

Мөн үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл газрыг давуу эрхээр эзэмшүүлэхээр хуульд заасан боловч  энэ нь Засгийн газраас тогтоосон журмын дагуу  багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд олгогдох зохицуулалттай, өөрөөр хэлбэл хуульд заасан урьдчилсан нөхцөл хангагдсан байх учиртай.

Нэхэмжлэгчийн тайлбар болон  хэрэгт авагдсан   бусад нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 54-70,103-104,123-124 дэх тал/ нэхэмжлэгч нь тухайн 20 га газраас гадна Бугат сумын нутаг дэвсгэрээс хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар болон жимсний мод тарих зориулалтаар  тус тус газар эзэмшдэг болох нь тогтоогдсон.

Хуулийн эдгээр зохицуулалтуудыг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтуудтай холбож үзэхэд нэхэмжлэгчид  уг 3,454 га газрыг   өмнөх зориулалтаар буюу олон наст ургамал тариалах, тариалан  эрхлэх зориулалтаар,  үнэ төлбөргүйгээр,  шууд эзэмшүүлэх шийдвэр гаргах  хууль зүйн үндэслэлгүй тул  хариуцагчийн татгалзал нь Газрын  тухай хуулийн 29 дүгээр зүйл, 33 дугаар зүйлийн 33.1.2-д  заасантай тус тус нийцсэн,  үндэслэл бүхий байна.

7. Мөн газар эзэмшүүлэхэд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар “хүсэлт гаргасан газрын байршил нь сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байх” гэсэн үндсэн  шаардлага тавигддаг бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшихээр хүсэлт гаргасан  Өлгий сумын нутаг дэвсгэрт хамаарах  6,254 га газар нь Өлгий сумын 2024, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор тусгагдаагүй /Хавтаст хэргийн 141 дэх тал/ байх тул тухайн газрыг эзэмшүүлэхийг даалгах  хууль зүйн үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.     

8. Түүнчлэн нэхэмжлэгч М.Х “2008 онд Бугат сумын Засаг даргын шийдвэрээр хуулийн дагуу  20 га газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, зохих хэмжээний үл хөдлөх хөрөнгө бариад,  эзэмшиж, ашиглаж  байгаа тул уг  20 га газрын одоо Өлгий сумын нутаг дэвсгэрт хамаарах болсон  6,254 га газрыг  Өлгий сумын Засаг дарга эзэмшүүлэх ёстой” гэж тайлбар гаргасан.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална: 4.1.2.газар төрийн хяналт, хамгаалалтад байх; 4.1.3.газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах; 4.1.4.газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх; 4.1.7.газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчид Бугат сумын Засаг даргын шийдвэрээр тус сумын нутаг дэвсгэрээс 20 га газрыг олон наст ургамал тариалах, тариалан  эрхлэх зориулалтаар 2008 онд эзэмшүүлсэн байх боловч  өнөөдрийг хүртэлх 16 жил гаруй хугацаанд тухайн зориулалтын дагуу  газрыг ашиглаагүй нь  нэхэмжлэгчийн тайлбар, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэрэг  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 81-93,115 дах тал/ тогтоогдсон, мөн анх уг  20 га газрыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу буюу  Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан журмаар эзэмшүүлсэн  гэж үзэх үндэслэл  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.

Энэхүү нөхцөл байдлаас үзэхэд  нэхэмжлэгчид 20 га газрыг олон наст ургамал тариалах, тариалан  эрхлэх зориулалтаар 2008 онд эзэмшүүлсэн байх боловч  өнөөдрийг хүртэлх хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй, мөн анх хуульд заасан журмын дагуу эзэмшсэн гэж үзэхээргүй байх тул хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхдээ “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг баримтлаагүйг буруутгах боломжгүй.

Иймд дээр дурдсанаар Өлгий сумын нутаг дэвсгэрээс  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад  газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх нь  Өлгий сумын Засаг даргын бүрэн эрхэд хамаарч байгаа,  мөн  Газрын тухай хуульд  төрөөс “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”,”газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх” зарчмуудыг баримтлахаар  заасан тул тухайн 6,254 га газрыг эзэмшүүлэхээс  татгалзсан хариуцагчийн шийдвэр нь  хуульд нийцсэн,  үндэслэл бүхий байна гэж дүгнэлээ.

9. Харин Өлгий сумын нутаг дэвсгэрт хамаарах  болсон 6,254 га /62540 м.кв/ газрын 612,6 м.кв талбай бүхий хэсэгт нэхэмжлэгч  үл хөдлөх эд хөрөнгө барьсан, уг үл хөдлөх эд хөрөнгө барьсан 612,6 м.кв талбайтай газар  нь нэхэмжлэгчид анх эзэмшүүлсэн 20 га газраас Бугат сумын нутаг дэвсгэрт хамаарч  үлдсэн 13,746 га газартай хил залгаа байрладаг болох нь  тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  /Хавтаст хэргийн 7,34-36, 81-93,94-95 дах тал/ тогтоогдсон.

Дээрх байдлаар   Өлгий сумын нутаг дэвсгэрт хамаарах  6,254 га   газрыг бүхэлд нь эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагч Өлгий сумын Засаг даргад  даалгах  хууль зүйн үндэслэлгүй  байх боловч нэхэмжлэгч нь Өлгий, Бугат сумдын хилийн цэсийг өөрчлөн баталсан шийдвэр гарахаас өмнө  эзэмшлийн газартаа үл хөдлөх эд хөрөнгө барьсан ба   төрөөс газрын  талаар дээр дурдсан зарчмуудаас гадна “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх” гэсэн зарчмыг баримтлахаар хуульчилсан  байх тул  Өлгий сумын нутаг дэвсгэрт хамаарах 6,254 га газрын үл хөдлөх эд хөрөнгө барьсан 612,6 м.кв талбай бүхий  хэсгийг нэхэмжлэгч М.Х эзэмшүүлэхийг даалгах нь Газрын  тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасантай нийцнэ гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.1.7, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 29 дүгээр зүйл, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн  33.1.2, 33.6-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч    М.Х нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай 62540 м.кв газрын үл хөдлөх эд хөрөнгө байрлах 612,6 м.кв талбайтай хэсгийг  М.Х эзэмшүүлэх  захирамж гаргаж,  газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Өлгий сумын Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдсэн хэсэг болох “62540 м.кв газрын үлдсэн 61927,4 м.кв талбайтай хэсгийг М.Х эзэмшүүлэх  захирамж гаргаж,  газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг  Өлгий сумын Засаг даргад даалгах”  шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЕРКЕШ