Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/1014

 

 

 

 

 2023            10             19                                          2023/ДШМ/1014

 

Б.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

шүүгдэгч Б.Б,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/1115 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2308 01663 1115 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Боржигон овогт Б.Б, 1982 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 5-56 тоотод оршин суух хаягтай, /РД: ЖЯ82111079/,

Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 6 сар баривчлах ялаар тогтоож, уг ялыг биечлэн эдэлсэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 405 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 6 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 1145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жил хорих ялаар шийтгүүлж,

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 173 дугаартай шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 1145 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 4 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, уг ялыг биечлэн эдэлсэн,

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, “Хишиг” супермаркетын орчим Д.Хэнмэдэхтэй хамт явж байхдаа халааснаас нь “Айфон-7” загварын гар утас болон Хаан банкны картыг хулгайлан авч, түүний Хаан банкны 5057489511 тоот данс дахь мөнгө, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 10.140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Быг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Баас 5.140.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Хэнмэдэхэд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийн архивт хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Бын давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие анхан шатны шүүхээс 6 сарын хорих ялаар шийтгэгдсэнийг хорихоос өөр төрлийн ялаар солиулахыг хүсэж анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж хохирогчийн хохирлыг барагдуулсан эхнэр болох хүн маань 3 сартай жирэмсэн /2 ихэр/, хохирлын үлдэгдлийг богино хугацаанд нөхөн төлөх боломжтой бөгөөд хүнсний болон нарийн ногоо тариалж, худалдан ар гэрээ тэжээдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзнэ үү. Ээж ходоодны хорт хавдартай, саяхан эмнэлгээс гарсан. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй, хорихоос өөр төрлийн ялыг биелүүлэхээс зайлсхийхгүй цаг тухайд нь биелүүлж, хохирлын үлдэгдлийг хурдан биелүүлж, барагдуулж гэм хорыг арилгахаа баталж байна. Иймд надад оноосон хорих ялыг хорихоос өөр ялаар сольж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан бүхий л боломж нөхцөлөөр хангаж 6 сарын хугацаагаар хорих ял буюу тухайн зүйл, хэсэгт оногдуулахаар заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр оногдуулсан. Мөн шүүгдэгч Б.Б нь анхан шатны шүүх хуралдаанаас хохирол төлөхөөр завсарлага авсан боловч хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, “Хишиг” супермаркетын орчим Д.Хэнмэдэхтэй хамт явж байхдаа халааснаас нь “Айфоне-7” загварын гар утас болон Хаан банкны картыг хулгайлан авч, түүний Хаан банкны 5057489511 тоот данс дахь мөнгө, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 10.140.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Хэнмэдэхийн “...Би пабаас гараад замын хойд талаар зүүн зүгт алхаад Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олон буудал”-д өрөө аваад хоносон. Маргааш өглөө нь буюу 2023 оны 5 дугаар сарын 02-ны өглөө 09 цагийн үед сэрээд утсаа цэнэглэх гэсэн боловч тог тасарчихсан байсан ба нэг мэдэхэд хажуугийн өрөөний үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүн өрөөнд орж ирээд “архины мөнгөгүй байна, ганц юм аваад өгчих” гээд байсан. Тухайн хоёр хүнтэй хамт гараад хажуугийн “Хишиг” нэртэй дэлгүүр ороод архи авсан ба Хаан банкны виза картнаас 20.000 төгрөг уншуулсан. ... Маргааш өглөө нь буюу 5 дугаар сарын 03-нд ... Хаан банкинд очоод дансаа шалгуулахад 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 12 цаг 22 минутаас 12 цаг 51 минутын хооронд 3 удаагийн давтамжаар карт уншуулаад нийт 10.000.000 төгрөгийн зарлага гарсан байсан. ...” /хх 18, 19/,

гэрч Г.Цэнгэлжаргалын “... Бэлэн мөнгө барьсан хүн орж ирээд шилэн лангуунд байсан 13 про макс загварын гар утсыг заагаад “энэ утсыг авна” гээд карт зуруулж 3.100.000 төгрөг уншуулсан. ...” /хх 25/,

гэрч М.Мөнхзулын “... Батбаатар над руу үл таних хүний дугаараас яриад “чамд “Айфоне 13 про макс” загварын гар утас авчихлаа” гэсэн. Хэсэг хугацааны дараа жижиг улаан ууттай, “Айфоне 13 про макс” загварын гар утас хийчихсэн бариад ирсэн. Тухайн үед би “энэ гар утсыг хаанаас авсан юм” гэхэд “хорооллоос авсан” гээд байсан. ...” /хх 29/ гэсэн мэдүүлгүүд,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “... Үзлэгээр ...энгэр хэсэгтээ цагаан бичиглэлтэй, цэнхэр өнгийн цамц өмссөн, хар өнгийн нүдний шил, цагаан өнгийн маск зүүсэн 40 гаран насны үл таних эрэгтэй хүн хохирогч Д.Хэнмэдэхийн Хаан банкны виза картыг 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 12 цаг 32 минутад Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэди-2 төвийн 2-44 тоот лангууны /759425/ дугаартай пос машинд уншуулж гар утас худалдан авч байгаа талаар,

мөн өдрийн 12 цаг 51 минутад Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Түмэн плаза барааны дэлгүүрийн 1 давхарын 851 дугаартай АТМ-д хохирогч Д.Хэнмэдэхийн Хаан банкны виза картыг уншуулан бэлэн мөнгө гарган авч байгаа нь бичигдсэн байв. ...” гэснээр болон уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-9/,

гэрэл зургийн аргаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 10-14/,

хохирогч Д.Хэнмэдэхийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх 60/, 

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хохирогчийн гар утас болон Хаан банкны виза картыг үнэлсэн үнэлгээний тайлан /хх 31-32/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.

Хэдийгээр, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоос тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан боловч түүний гэмт үйлдэл, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргээс үзэхэд түүнд анхан шатны шүүх тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрлүүдээс хорих ялыг сонгож хэрэглэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Бын “... хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/1115 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн  үнэлгээгээр хохирогчийн гар утсыг 140.000 төгрөгөөр, Хаан банкны виза картыг 15.000 төгрөгөөр тус тус үнэлсэн /хх 31-32/ атлаа нийлбэрийг 290.000 төгрөг гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх хүртэл хугацаанд цагдан хоригдсон 29 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/1115 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд 29 /хорин ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ

           

ШҮҮГЧ                                                              М.АЛДАР