| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/01998/И |
| Дугаар | 192/ШШ2025/00574 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2025/00574
| 2025 01 23 | 192/ШШ2025/00574 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.У
Хариуцагч: Ж.Ц холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 46,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б, хариуцагч Ж.Ц, Б.У, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Миний бие 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б.У-ийн хүсэлтээр 3,000,000 төгрөгийг ямар ч барьцаагүй 20 хоногт 20 хувь буюу 600,000 төгрөгийг хүүд авахаар тохиролцсон. Үүнээс эхний 2 удаагийн хүүд буюу 40 хоногт 1,200,000 төгрөг авсан ба энэ хугацаанд Б.У нь дахин 22,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаанд 26,400,000 төгрөг болгож өгье гээд санал тавихад нь зөвшөөрч тохиролцоод Хаан банкны ... тоот Ц дансанд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн ба тохиролцсоны дагуу хугацаандаа мөнгөө авсан билээ. Үүний дараа 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 22,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 26-ны өдөр 13,000,000 төгрөг гээд нийт 35,000,000 төгрөгийг мөн л 7 хоногийн хугацаанд хүүтэй нь төлөхөөр тохиролцсон ба хугацаандаа буюу 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Т.Б миний Хаан банкны данс руу шилжүүлж өгсөн. Харин 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөг, 12 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг, 12 дугаар сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөг нийт 35,000,000 төгрөгийг хүүтэй нь буюу 42,000,000 төгрөг болгож, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өгнө гэж тохиролцсон боловч 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг өгчихөөд одоог хүртэл элдэв шалтгаан хэлсээр үлдэгдэл мөнгөө өгөхгүй байна. Иймд анх зээлдүүлсэн 3,000,000 төгрөг, хүү болох 3,000,000 төгрөг болон сүүлд зээлдүүлсэн 35,000,000 төгрөг хүү 5,000,000 төгрөг нийт 46,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч нар хариу тайлбартаа: “Миний хүү Ж.Ц-г хариуцагч мэтээр бичсэн байна. Т.Б нь миний хүүг огт танихгүй. Харин Б.У-тэй иргэд хоорондын тохиролцоогоор мөнгө өгч авсан. Б.У миний бие хүү Ж.Ц-ны дансыг хуулийн дагуу нотариатаар баталгаажуулж хэрэглэж байгааг баримтаар хавсаргав. Т.Б-ын эхнэр Баянзүрх дүүргийн цагдаад танилтай гэж Б.У намайг сүрдүүлсэн. Мөн Т.Б найз нь гэж үл таних залуугаар яриулж дарамталсан. Б.У би энэ их дарамтнаас болж ахмад настай хүний зүрхны пүльс унаж, даралт ихсэж, биеийн байдал дордож, сэтгэл санааны гутралд орж, эмнэлгээр явж байгаа мөн гараа хугалж, одоо эмчилгээ хийлгэж байгаа. Хариуцагч миний бие нэхэмжлэгч Т.Б-г шүүхийн эвлэрүүлэн зуучлагч шүүхээр шийднэ гэж тохиролцвол өглөг авлагын талаар тохиролцох боломжтой. Хэрвээ үгүй гэвэл миний бие өмгөөлөгч авч, цааш хэлэлцэх болно. Т.Б-н Хаан банкны данс руу 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 600,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 6,400,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 600,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, ” 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 6,400,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 5,600,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 450,000 төгрөг тус тус шилжүүлсэн.” гэжээ.
Хариуцагч Ж.Ц хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч гэж байгаа нь ор үндэсгүй зүйл болно. Яагаад гэвэл Б-ыг миний бие огт таниж мэдэхгүй тул дараах шаардлага хүргүүлж байна. Нэхэмжлэгч Т.Б нь миний зөвшөөрөлгүй дансыг минь ашигласан байна. Б.У, Б нар мөнгө авч өгөлцөхдөө дансыг ашигласан байна. Хариуцагч Б.У миний ээж тул хүү Ж.Ц-ы дансыг зөвшөөрөлтэй итгэмжлэхдээ хуулийн дагуу эзэмшдэг бүртгэлтэй дансны утас Хаан банкинд хариуцагч Б-гийн ....утсанд бүх мэдээлэл нь ирдэг болно. Нэхмжлэгч Б нь Ц-с зөвшөөрөл авалгүй хууль бусаар данс ашигласан учир хуулийн дагуу арга хэмжээ авч хариуцагч биш хохирогч болохыг анхаарч үзнэ үү. Хариуцагч Б.У-ийн утас руу нэхэмжлэгч Б нь найз залуу гэсэн хүнийг яриулж дарамталж, мессеж бичиж, “Гөлөгтэй чинь хамт ална" гэж амь насанд заналхийлсэн тул сэтгэл санааны гүн гутралд оруулсан болно. Хариуцагч Б.У нь нотлох баримт өгөх болно. Нэхэмжлэгч Бэхнэрийн хамт миний хувийн мэдээллийг хууль бусаар олж утас руу залгасан ба хариуцагч Б.У-гт БЗД-ийн цагдаад танилтай гэж сүрдүүлж арын хаалгаар хүний хувийн мэдээллийг хууль бусаар задруулан авсан байдаг. Энэ мэт огт танихгүй хүнийг хариуцагч гэж гүтгэж, амь насанд заналхийлж хувийн мэдээллийг хууль бусаар авч миний дансыг зөвшөөрөлгүй хууль бусаар ашиглаж байгааг шүүх үнэн зөв тогтоож өгнө үү.” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс хаан банкны ...дансны хуулга /хх 4-11/, хариуцагчаас хаан банкны ... дансны хуулга /хх 23-30, 93-95/, итгэмжлэл /хх 31/ шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хариуцагчийн хүсэлтээр Хаан банкнаас Ж.Ц-ы дансны мэдээллийг /хх 81/ гаргуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 46,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Т.Б болон хариуцагч Б.У нар мөнгөн хөрөнгө зээлэхээр харилцан тохиролцсон бөгөөд ингэхдээ мөнгөө Ж.Ц-ы дансаар дамжуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Зохигчид энэ талаар маргаагүй.
Нэхэмжлэгч Т.Б нь Б.У-т 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 17,000,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 13,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 58,000,000 төгрөг шилжүүлсэн бол хариуцагч Б.У буцаан 61,250,000 төгрөг шилжүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч хүүг бичгээр тохирсон болохоо, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөг шилжүүлсэн болохоо баримтаар нотлоогүй байна.
7. Т.Б болон Б.У нар зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар маргаагүй боловч нэхэмжлэгч 46,000,000 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, өөрийн тооцоололтой тулгахгүй бол зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 17,000,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 13,000,000, 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 58,000,000 төгрөгийг хариуцагчид дансаар шилжүүлж, хариуцагч Б.У буцаан 61,250,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтаас үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардахын тулд хариуцагч гэрээний үүргийг зөрчсөн буюу зохих ёсоор гүйцэтгээгүй байх ёстой.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх тул нэхэмжлэгчээс шилжүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн 3,000,000 төгрөгийн хүү, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн 17,000,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлсэн 13,000,000 төгрөгийг хариуцагч 61,250,000 төгрөгөөр төлжээ.
Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан бөгөөд энэхүү зохицуулалт нь гагцхүү зээлдүүлэгчид хамааралтай учир хариуцагчийн хүү болон үндсэн төлбөрт зөвшөөрч төлсөн 61,250,000 төгрөгийг дараагийн зээлээс хасах үндэслэлгүй байна.
Харин нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөгийн зээлдээ хүү авах эрхгүй бол хариуцагч энэхүү төлбөрийг төлсөн баримт тогтоогдсонгүй. Мөн хариуцагч Б.У-н зээлийн төлөлт болон тайлбараас үзэхэд 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3,000,000 төгрөгийн үндсэн зээлийг төлөөгүй байна.
Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 28,000,000 төгрөгийг хариуцагч Б.У-с гаргуулахаар шаардах эрхтэй үлджээ.
8. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт “нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ” зааснаар гаргасан саналыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” зааснаар хүлээн авснаар талуудын хооронд эрх, үүрэг үүсдэг тул нэхэмжлэгч Т.Б болон хариуцагч Ж.Цнарын хооронд гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй, дансаа ашиглуулсан үйлдлийг гэрээний байгуулсан гэж үзэхгүй.
Иймд Ж.Ц-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгож, хариуцагчаас 297,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.У-с 28,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Б-д олгож, үлдэх 18,000,000 төгрөгийн шаардлага болон Ж.Ц-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 387,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У-с 297,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ