2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2025/00992

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, тоот хаягт оршин суух “Н а ф” ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг    тоотод оршин суух Т овогт Ц Э /РД: /-т холбогдох,

 

29,436,371.6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж, хариуцагч Ц.Э /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч “Н а ф” ХЗХ нь хариуцагч Ц.Эт холбогдуулан 29,436,371.6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 “Тус хоршоо нь гишүүн Ц.Эын гаргасан өргөдлийг үндэслэн 2019 оны 09 сарын 18-ны өдөр Зээлийн болон барьцааны гэрээг 12 сарын хугацаатай сарын 2,5 хувийн хүүтэй 15,000,000 төгрөгийг * улсын дугаартай * арлын дугаартай суудлын автомашин TOYOTA Prado, эмийн сангийн бараа бүтээгдэхүүний үлдэгдэл барьцаалбар болгон зээлдүүлсэн болно. Зээлдэгч Ц.Эын зээл авснаас хойш үндсэн зээлээс 3,840,269.98 төгрөг, үндсэн хүүнд 1,707,173.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 359,978.37 төгрөг, нийт 4,907,421.54 төгрөгийн төлсөн. Харин 2020 оны 1 сараас эхлэн хүү, үндсэн зээлээ графикийн дагуу төлөөгүйгээс гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож 359,978.37 төгрөг төлүүлсэн юм. Одоо буюу 2024 оны 09 сарын 08-ны өдрөөр Ц.Эын үндсэн зээлийн 10,659,730.02 төгрөг, хүүнд 14,290,576.71 төгрөг нэмэгдүүлсэн хүүд 2,209,764.87 төгрөг бүгд 27,160,071.60 төгрөг төлөхгүй байгууллагад хохирол учруулж байна. Мөн гэрээний 2.4 заасныг үндэслэн нотариатын зардал 109,500 төгрөг, өмгөөлөгчийн зардал 2,166,800 төгрөг гарсан болно.

Иймд Ц.Эаас зээлийн гэрээний үүргээс үүсэн хохирол 27,160,071.60 төгрөг дээр нэмэгдэл зардал болох 2,276,300 төгрөгийн хамт нийт 29,436,371.6 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг, Ковидын үеийн хугацааны нэмэгдүүлсэн хүүнээс 1,000,000 төгрөг нийт 3,000,000 төгрөгийг хасч 26,436,371 төгрөгийг хариуцагчаас гаргуулж хууль зүйн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

2. Хариуцагч Ц.Э хариу тайлбартаа: “Миний бие ББСБ-аас 15,000,000 төгрөгийн зээл авч төлөлт удааширч тасалдуулж эдгээр хүмүүст тодорхой чирэгдэл учруулсан болно. Надад эсэргүүцэх шалтгаан байхгүй. Авсан зээл хүүг тохиролцож төлөх бодол үүрэгтэйг ойлгож байна. Иймд би өмнө нь удаа дараа бичгээр, амаар батлах тайлбар гаргаж өгч байсан. Уг нь нэхэмжлэгч талтай ярилцаад 20,000,000 төгрөг болгоно гэж байсан боловч зөвшөөрөөгүй юм байна. Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин төлөлтийг сар бүр 1,000,000 төгрөгөөр төлөөд дуусгах хүсэлтэй байна.” гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Итгэмжлэл,  “Н а ф” ХЗХ-ны дүрэм, Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын тогтоол, Гишүүний анкет, Зээл хүсэх өргөдлийн маягт, Зээлийн гэрээ, Барьцаа батлан даалтын гэрээ, Зээл эргэн төлөлтийн хуваарь, Шилжүүлгийн мэдээллийн баримт, Зээлийн дансны хуулга, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн албан тоот, Баянгол дүүргийн дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн албан тоот, шилжүүлгийн мэдээлэл баримт, Нотариатын хөлс төлсөн баримт, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Зээл төлөлтийн дансны хуулга тооцоолол зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас Хариу тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 2. Нэхэмжлэгч “Н а ф” ХЗХ дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Хариуцагч зээлийг хүлээн авч ашигласан бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2024 оны 09 сарын 08-ны өдрөөр үндсэн зээлийн 10,659,730.02 төгрөг, хүүнд 14,290,576.71 төгрөг нэмэгдүүлсэн хүүд 2,209,764.87 төгрөг бүгд 27,160,071.60 төгрөг төлөхгүй байгууллагад хохирол учруулж байна. Мөн гэрээний 2.4 заасныг үндэслэн нотариатын зардал 109,500 төгрөг, өмгөөлөгчийн зардал 2,166,800 төгрөг гарсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3,000,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж нийт 26,436,371 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хариуцагчаас сар бүр 1,000,000 төгрөг төлж гэрээний үүргийг биелүүлэх тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

 

3. Хариуцагч Ц.Э нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр тайлбарласан.  Үүнд: “...Миний бие ББСБ-аас 15,000,000 төгрөгийн зээл авч төлөлт удааширч тасалдуулж эдгээр хүмүүст чирэгдэл учруулсан болно. Надад эсэргүүцэх шалтгаан байхгүй. Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин төлөлтийг сар бүр 1,000,000 төгрөгөөр төлөөд дуусгах хүсэлтэй байна.” гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Зохигчид 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Н а ф” ХЗХ нь 15,000,000 төгрөгийг, сарын 2,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч Ц.Э нь заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх17-18/

 

5. Талуудын хэн аль нь дээрх зээлийн гэрээний дагуу 15,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч “Н а ф” ХЗХ нь хариуцагч Ц.Эт хүлээлгэн өгсөн үйл баримтад маргаагүй. Энэ нь хэрэгт авагдсан Хаан банкны шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна. /хх20-22/

 

6. Зээлдүүлэгч “Н а ф” ХЗХ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх бөгөөд Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Хадгаламж, зээлийн үйл ажиллагааг Хорооноос олгосон тусгай зөвшөөрөл, хуульд нийцүүлэн баталсан дүрэм, журам, нөхцөл шаардлагын үндсэн дээр эрхэлнэ” гэж заасантай нийцжээ. /хх3-4/

 

7. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно” гэж заасан. Зээлдэгч Ц.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Н а ф” ХЗХ-ны гишүүнээр элсэх хүсэлт гаргасныг хүлээн авч, тус хоршооны гишүүнээр бүртгүүлсэн болох нь гишүүний анкет, өргөдөл зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /хх-14/

 

8. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дах хэсэг, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт тус тус зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

 

Дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

9. Нэхэмжлэгч “Н а ф” ХЗХ нь зээлийн гэрээнд заасны дагуу 15,000,000 төгрөгийг шилжүүлж, үүргээ зохих ёсоор, шударгаар бүрэн биелүүлсэн байх бөгөөд хариуцагч Ц.Э нь зээлийг ашиглаж эхэлснээр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар, гэрээний хугацаанд үндсэн зээл, хүүгийн хамт төлөх үүрэгтэй байна.

 

Дээрх үүргээс хариуцагч үндсэн зээлээс 5,340,269 төгрөг, үндсэн хүүнээс 1,707,173 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,562,839 төгрөгийг төлсөн байх боловч 2020 оны 02 дугаар сараас үндсэн зээл, хүүг төлөөгүй, зээлийн гэрээний 3.1, 4.2.1,  Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж чадаагүй, зээлийн график зөрчигджээ.

 

10. Түүнчлэн, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4.2.3-т “Зээлдэгчийн гэрийн хаяганд гарсан өөрчлөлтийн талаар ХЗХоршоонд ажлын 14 хоногт багтаан мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд хариуцагч энэхүү гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах боломжгүй нөхцөл байдал үүсч түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргасан болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.17-ны өдрийн 181/ШШ2021/02567 дугаар шийдвэр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.09-ний өдрийн 102/ШЗ2022/08401 дүгээр шүүгчийн захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.30-ны өдрийн 101/ШШ2023/02744 дүгээр шийдвэр, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн албан бичиг, Баянгол дүүргийн дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн албан бичгээр тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах буюу 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн гэрээний дагуу үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах гэж үзнэ. /хх26-36/

 

11. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 

 

 Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8 дах хэсэгт “Хадгаламж, зээлийн хоршоо нь зээлийн гэрээг Иргэний хуульд заасны дагуу байгуулах ба уг зээлийн гэрээнд Иргэний хуулийн 452.2-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцохоор зааж болно. Хоршооноос олгох зээлд анзыг хэрэглэхгүй” гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, зээлдэгч нь зээлдүүлэгчийн шаардсан зээлийн гэрээний үндсэн зээл 9,659,730 төгрөг, үндсэн хүү 14,290,576 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,209,764 төгрөгийг төлөх үүрэгтэй. Мөн нэхэмжлэгч талын шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын зардалд зарцуулсан 109,000 төгрөг нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан гэрээнээс учирсан хохирол гэж үзэх тул уг шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Энд, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 29,436,371 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

12. Иймд хариуцагч Ц.Эаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, нотариатын зардалд нийт 26,436,371 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н а ф” ХЗХ-нд олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 305,132 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 290,131 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Эаас 26,436,371 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н а ф” ХЗХ-нд олгосугай.  

  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 305,132 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 290,131 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ