Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 110/ШШ2025/0006

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: О.Х,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн анхдугаар хуралдааныг даргалагч Х.Б,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.С,

            Гуравдагч этгээд: Б.Х нарын хоорондын   сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгохтой холбоотой  маргааныг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Х, түүний  өмгөөлөгч А.Серикжан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, гуравдагч этгээд Б.Х, түүний өмгөөлөгч Х.Бакен , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

            1. Нэхэмжлэгч О.Х нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн анхдугаар хуралдааныг даргалагч Х.Бд холбогдуулан, “Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны “Сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаартай тогтоолд гарын үсэг зурж, баталгаажуулахыг анхдугаар хуралдааныг даргалагч Х.Бд даалгах, Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой, дугааргүй, Х.Бий гарын үсэг зурсан “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгосон  саналын хуудсыг хүчингүйд тооцож,саналын хуудсыг зөвтгөн, дахин санал хураалт явуулах тухай ,”Тооллогын комисс байгуулах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Б.Хажмуратыг сонгох тухай” тогтоолуудыг  тус тус хүчингүй болгох”-оор маргаж байна.

            Нэхэмжлэгч  анх “Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны “Сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаартай тогтоолд гарын үсэг зурж, баталгаажуулахыг анхдугаар хуралдааныг даргалагч Х.Бд даалгах” шаардлагатай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Монгол Ардын намаас сонгогдсон 14 төлөөлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хуралдуулсан гэх Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан хууль бус болохыг тогтоолгох, мөн  Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой, дугааргүй, Х.Бий гарын үсэг зурсан “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгосон  саналын хуудсыг хүчингүйд тооцож,саналын хуудсыг зөвтгөн, дахин санал хураалт явуулах тухай ,”Тооллогын комисс байгуулах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Б.Х сонгох тухай” тогтоолуудыг  тус тус хүчингүй болгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

            Харин шүүх хуралдаанд “Монгол Ардын намаас сонгогдсон 14 төлөөлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хуралдуулсан гэх Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан хууль бус болохыг тогтоолгох” нь нэхэмжлэлийн шаардлага биш гэж тодруулсан болно.

                  2. Бугат  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11  дүгээр  сарын 01-ний өдрийн хуралдааны сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар О.Хыг сонгох тухай 02 дугаартай  тогтоолд  анхдугаар хуралдааныг даргалагч Х.Б гарын үсэг зурахаас татгалзсан байх ба улмаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох  санал хураалтын  саналын хуудсыг хүчингүйд тооцож,саналын хуудсыг зөвтгөн, дахин санал хураалт явуулах тухай, тооллогын комисс байгуулах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай, сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Б.Х сонгох тухай тогтоолуудыг гаргаж, хуралдаан даргалагч Х.Б гарын үсэг зурсан байна.  

                  3. Бугат сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар О.Хыг сонгосон 2024 оны 11  дүгээр  сарын 01-ний өдрийн 02 дугаартай тогтоолд  хуралдааныг даргалагч Х.Б гарын үсэг зурж, баталгаажуулахаас татгалзсан  нь  хууль  болон  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчээс маргаж, тус шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргажээ. 

 4. Нэхэмжлэгч О.Х нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн хүсэлт , шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“2024 оны сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр ялалт байгуулж сонгогдсон иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргыг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх болон бусад асуудлыг хэлэлцэх анхдугаар хуралдаан 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11:20 цагт Бугат сумын иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын танхимд эхэлсэн.

Анхдугаар хуралдаанд нийт 21 төлөөлөгч бүрэн оролцсон тул  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хуулийн 46 дугаар зүйлийн 46.7-д зааснаар анхдугаар хуралдаан хүчинтэйд тооцогдсон. Мөн хуулийн  46.5-д “...Анхдугаар хуралдааныг хуралдаанд хүрэлцэн ирсэн насаар хамгийн ахмад төлөөлөгч даргална” гэж заасны дагуу хамгийн ахмад төлөөлөгч Х.Б даргалж явуулсан. 

21 төлөөлөгчөөс хуралдааны дэгийг батлах эсэхийг асуухад, анхдугаар  хуралдааныг сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргын саналын дагуу дотоод журмаар явуулъя, дараагийн хуралдаанаас эхлэн хуралдааны дэг болон Зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталъя гэсэн чиглэлийн дагуу 21 төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дотоод журмыг батлаад, хэлэлцэх асуудлын  төлөвлөгөөг баталсан. Үүний дараа 21 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрсөн тухай тогтоолыг уншиж танилцуулж, 100 хувийн саналаар батлаад, бүрэн эрхийг хэрэгжүүлсэн.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  53 дугаар зүйлийн 53.2-т “Тухайн Хурлын төлөөлөгч Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлэх эрхтэй” гэж заасны дагуу Монгол Ардын намаас  Б.Х, Ардчилсан намаас  О.Х миний бие  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэрээ дэвшүүлсэн. Нэр дэвшүүлэх явцад санал хураалтын комиссыг байгуулсан,  комиссыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Х.Ж, Хурлын ажлын албаны мэргэжилтэн А.Г, мөн хоёр намаас нэг, нэг төлөөлөл ажиллагчаар суухаар тохиролцож,  Монгол Ардын намаас  төлөөлөгч Б.Нуржан, Ардчилсан намаас  Б.Серикжан нар байлцсан. Комисс  саналын хуудсыг бэлтгэж, санал хураалт эхэлсэн. Саналыг нууцаар гаргасан. Саналыг нууцаар гаргах явцад  М.Есей гэдэг төлөөлөгч орж ирээд, “Хамит гэдэг нэр дэвшигчийн овгийн эхэнд “Х” үсэг орсон байна” гэж хэлээд энэ талаар асуусан байна. Үүнийг хурлын тэмдэглэлд  тусгасан байх. Тухайн үед ажлын хэсэгт ажиглагчаар сууж байсан Б.Н, Б.С нар “нэгэнт санал хураалт эхэлсэн учраас үргэлжлүүлье” гэсэн байна.  Тэгээд санал хураалтын ажиллагааг үргэлжлүүлээд, санал хураалт дууссаны дараа 21 төлөөлөгчийг танхимд оруулж ирээд, саналын хуудасны дүнг танилцуулсан.

Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох сонгуульд 21 төлөөлөгч оролцож, 10  төлөөлөгч Монгол Ардын намаас нэр дэвшсэн Б.Х дэмжсэн, 11  төлөөлөгч Ардчилсан намаас нэр дэвшсэн О.Х намайг дэмжсэн ба 52 хувийн саналаар О.Х би сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад сонгосон. Тухайн санал хураалтын дүнгээр миний бие Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсон гэж бодсон. Үүний дараа хуралдаан даргалагчаар тогтоолд гарын үсэг зуруулах гэхээр Монгол Ардын намын зарим төлөөлөгчид хуралдааныг орхин явсан, ямар нэгэн завсарлага аваагүй. Мөн үлдсэн зарим төлөөлөгчдийг чирээд хүчээр гаргасан.

Өөрөөр хэлбэл,  Монгол Улсын засаг захирга, нутаг дэвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д ”Хурлын даргыг сонгох асуудлаар нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Хурлын даргаар сонгогдсон тооцно” гэж зааснаар миний бие Хурлын даргаар сонгогдсон боловч хуралдаан даргалагч, ахмад төлөөлөгч Х.Б нь хууль зөрчиж уг тогтоолд гарын үсэг зурахаас татгалзаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тодорхой төлөөлөгчдийн хамт хуралдааныг орхин гарч,  мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.8-д заасан “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч хуралдаанд оролцохгүй байх, түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж зөрчиж, сумын ард иргэдийн төлөөлөл болох эрхэм зорилгоосоо ухарч, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчиж байна.

            Үүнээс гадна анхдугаар хуралдаан даргалагч, ахмад төлөөлөгч Х.Бий намайг Бугат сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргаар сонгосон 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаартай хуралдааны тогтоолд санаатайгаар гарын үсэг зурахаас татгалзсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “...Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоол тухайн хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна” гэснийг зөрчиж, миний Хурлын даргын хувьд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад хийж, хуулиар олгогдсон эрхийг маань ноцтой зөрчиж байна.

Монгол Ардын намаас  сонгогдсон төлөөлөгч нар намайг Хурлын даргаар сонгогдсон асуудалд бухимдаж хуралдааныг орхиж гараад, дараа нь хууль бусаар, өөрсдөө дур мэдэн,  Хурлын ажлын албанд мэдэгдэлгүй, тэдний оролцоогүй хуралдаан зохион байгуулж, Хурлын албан бланкыг хуурамчаар үйлдсэн байна. Анхдугаар хуралдаан хууль ёсоор хийгдсэн байхад Монгол Ардын намын төлөөлөгчид Б.Х заавал дарга болгох гэж илт хууль бусаар зохион байгуулсан хуралдааныг шүүхийн шийдвэрээр хууль  бус болохыг тогтоолгох, мөн ямар ч үндэслэлгүйгээр хууль зөрчиж гаргасан Х.Бий тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаартай хуралдааны тогтоолд гарын үсэг зурж, баталгаажуулахыг анхдугаар хуралдааныг даргалагч Х.Бд даалгах, мөн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаан даргалагч Х.Бий “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгосон саналын хуудсыг хүчингүйд тооцож, саналын хуудсыг зөвтгөн,дахин санал хураалт явуулах тухай”, “Тооллогын комисс байгуулах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Б.Х сонгох тухай” гэсэн дугааргүй 3 тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв.  

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  А.Серикжан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нийт 21 төлөөлөгч Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон, тэдгээрийн бүрэн эрхийг  2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор баталгаажуулсан.  Тухайн 21 төлөөлөгчдийн дотор  О.Х нэртэй хүн ганцхан хүн байдаг.  Х эцгийн нэр нь О.

Нэхэмжлэлийн үндэслэл, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар, анхдугаар хуралдааны тэмдэглэл, гэрч Х.Ж, А.Г нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг  харьцуулахад дараах зүйл илэрхий тодорхой байна. Үүнд, тухайн өдрийн хуралдаанаас Ардчилсан намын бүлгээс О.Хын, Монгол Ардын намын бүлгээс Б.Х нэрийг дэвшүүлсэн.  Эдгээр нэр дэвшигчид өөрсдийнхөө танилцуулгыг хийсэн. Эднээс өөр нэр дэвшсэн хүн байхгүй. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар нууцаар санал хураалт явагдсан.  Нууц санал хураалтын дүнгээр О.Х  11 санал, Б.Х 10 санал авсан гэдгийг хэргийн оролцогч нарын аль, аль  нь зөвшөөрөөд хариу тайлбар гаргасан. 

Саналын хуудас дах тэмдэглэгээний зураасны хэлбэр нь зууван биш, дөрвөлжин хэлбэртэй зурагдсан, нэг үсэг нь алдаатай бичигдсэн  гэдэг маргаан байна. Санал өгөх, санал бөглөх зааварчилгаа, ямар тохиолдолд саналын хуудас хүчингүй болох талаар  ажлын хэсгээс танилцуулга өгсөн. Үүнд, Х.Ж нь “санал өгөхдөө саналын хуудсыг дугуйлах байдлаар санал өгнө, нэг л хүний төлөө санал өгнө, өөр байдлаар илүү нэмэлт тэмдэглэгээ хийсэн  тохиолдол хүчингүй болно” гэдгийг маш сайн тайлбарлаж хэлсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа хэргийн оролцогч нараас асуухад “бид нар зууван хэлбэрээр дугуйлахыг хэлээд байгаа,  үүнээс өөр байдлаар тэмдэглэгээ хийсэн тохиолдолд хүчингүй болно гэдгийг ойлгосон” гэж хэлээд байна.  Нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөхгүйгээр, хоёр нэр дэвшигчийг нэгэн зэрэг дугуйлах, эсхүл нэрийг нь дугуйлах юм уу, эсхүл өөр байдлаар тэмдэг, тэмдэглэгээ хийсэн тохиолдолд саналын хуудас хүчингүй болно  гэдэг нь тогтсон ойлголт байгаа. Энэ тохиолдолд 21 саналын хуудаснаас үзэхэд нэр дэвшигчдийн өмнөх тоог дугуйлсан нөхцөл байдал харагдаж байна, дугуйлснаас өөр тэмдэг, тэмдэглэгээ харагдаагүй.  Иймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна.

Анхдугаар чуулганы тэмдэглэлээс харахад, зарим төлөөлөгч нар санал хураалтын дүнг танилцуулсны дараа “бид нар О.Хыг батлахгүй, Монгол Ардын намын төлөөлөгчийн тоо илүү байгаа учраас тогтоолыг батлахгүй нь ойлгомжтой,  дахин санал хураалт явуулна” гэж саналын хуудсанд байгаа ялимгүй дөрвөлжин зураасыг далимдуулж дахин санал хураалт явуулна гэсэн. Тухайн хуралдаанд оролцож байгаа төлөөлөгчид эсэргүүцэхэд Монгол Ардын намаас сонгогдсон төлөөлөгчдийн зарим нь үндэслэлгүйгээр хуралдааныг орхин явсан, 5 гишүүн нь үлдсэн байсан, удахгүй гаднаас нөгөө хүмүүс орж ирээд, үлдсэн 5 хүнийг хүчээр чирээд гаргаад явсан нөхцөл байдал харагдаж байна. Ингэхдээ ямар нэгэн завсарлага аваагүй. Тэгээд нэлээн хугацааны дараа буцаад орж ирээд, өмнө нь явуулсан санал хураалтыг хүчингүй болгоод, дахин санал хураалт явуулна гэдгийг хэлсэн. Үндэслэлийг асуухад “саналын хуудсанд дугуйлсан байдал дээр алдаа байгаа,  нэг үсэг алдаатай” гэдгээр далимдуулсан. Тухайн үед Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч нар эсэргүүцэл үзүүлээд,  улмаар гараад явсан. Ардчилсан намын зүгээс анхдугаар чуулган  хаагдаагүй, одоо хүртэл нээлттэй хэвээрээ гэж үзэж байна.

Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т “Хурлын даргыг сонгох асуудлаар нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно” гэж заасан. Тус санал хураалтын явцад  олонхын санал авсан О.Х гэдэг нэг л хүн байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд шинжлүүлсэн нотлох баримтын хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаартай О.Хыг  Хурлын даргаар сонгосон тогтоол хүчинтэй байна. Тус тогтоолыг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр байхгүй. Гэхдээ уг тогтоол албажаагүй, Х.Б гэдэг хүн гарын үсэг зураагүй боловч тэмдэглэлтэй харьцуулж үзэхэд албан ёсны тогтоол мөн гэж үзэж байна. 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 17:00 цагаас хойш хуралдаан үргэлжлүүлсэн бол эхлээд тус тогтоолыг хүчингүй болгоод, дараагийн ажиллагаанууд хийгдээд явах ёстой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй учраас ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

            5.Хариуцагч Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн анхдугаар хуралдааныг даргалагч Х. Б хариу тайлбар, нэмэлт тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цагаас хуралдах тухай товыг сумын Хурлын ажлын алба, сумын Сонгуулийн хорооноос сонсмогц хуралдаанд очсон. Анхдугаар хуралдаанд  Монгол Ардын нам ба  Ардчилсан намын төлөөлөл 21 төлөөлөгч байсан ба хуульд зааснаар Х.Б би хамгийн ахмад настай төлөөлөгч тул анхдугаар хуралдааныг удирдан явуулсан. Төлөөлөгч Х.Б би анхдугаар хуралдааныг нээж, хэлэлцэх асуудлыг төлөөлөгчдөд танилцуулан, улмаар анхдугаар хуралдааны дотоод журмын төсөл, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоолын төслийг тус тус батлуулсан.

Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд Хурлын даргад сумын  Монгол Ардын намын бүлгээс төлөөлөгч Б.Х, Ардчилсан намын бүлгээс төлөөлөгч О.Хын нэрийг дэвшүүлсэн. Хурлын даргыг сонгох санал хураалт явуулахаас өмнө ажлын хэсэг “саналын хуудасны өмнөх тоог дугуйлна, үүнээс өөр байдлаар тэмдэг, тэмдэглэгээ хийх юм бол уг саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэж нийт төлөөлөгчид хоорондоо тохиролцсон юм. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох санал хураах ажиллагааг зохион байгуулж, дүнг гаргах тооллогын комисс байгуулан нууцаар санал хураалт явуулахад Б.Х 10 төлөөлөгчийн, О.Х 11 төлөөлөгчийн саналыг авсан.

Ингээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгосон тогтоолын төслийг батлуулахаар санал хураах үед сумын  Монгол Ардын намын бүлгээс завсарлага авахыг хүссэн учраас хуралдаан даргалагчийн хувьд завсарлага өгсөн ба анхдугаар хуралдаан түр завсарласан.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18 цагийн орчимд дахин үргэлжилсэн. Хуралдааны үргэлжлэл эхэлмэгц Бугат сумын  Монгол Ардын намын нэр бүхий төлөөлөгчид  анхдугаар хуралдааныг даргалагч Х.Б надад хаягласан дараах утгатай хүсэлтийг гардуулсан.

Уг хүсэлтэд “2024 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 12 цагаас хуралдсан Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн. Гэтэл Хурлын даргыг сонгох саналын хуудсанд Ардчилсан намаас нэр дэвшсэн Х овгийг Х гэж буруу бичигджээ. Х гэдэг нэр нь одоогийн Хурлын дарга А эцгийн нэр юм. Бодит байдалд Х овог нь О юм. Ер нь Хурлын даргыг сонгох хариуцлагатай ажил буюу саналын хуудсанд хүний овог, нэрийг зөв бичих ёстой. Мөн саналын хуудсанд зарим төлөөлөгчдийн хийсэн тэмдэглэгээ эргэлзээтэй байна. Иймд Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгосон санал хураалтын ажиллагааг хүчингүйд тооцож, саналын хуудсанд Ардчилсан намаас нэр дэвшигч Х овгийг зөвөөр бичиж дахин санал хураалт явуулж  өгөхийг хүсье” гэж бичигдсэн байлаа.

Хуралдаан даргалагч Х.Б би уг нэр бүхий 11 төлөөлөгчийн хүсэлтийг нийт төлөөлөгчдөд танилцуулан уг хүсэлтийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад нийт төлөөлөгчдийн 12 нь дэмжиж, 9 төлөөлөгч дэмжээгүй санал өгсөн. Энэ үед сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ш.Д 30 минутын завсарлага хүссэн. Х.Б би хуралдаан даргалагчийн хувьд Ардчилсан намын бүлэгт 30 минутын завсарлага өгсөн боловч 30 минутын хугацаанд орж ирээгүй. 

Ингээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчид анхдугаар хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учраас  “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгосон саналын хуудсуудыг хүчингүйд тооцож, саналын хуудсыг зөвтгөн, дахин санал хураалт явуулах тухай” тогтоолын төслийг танхимд сууж байсан төлөөлүүлэгчдээр хэлэлцүүлэн хуралдаанд оролцсон 12 төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталсан. Үүний дараа анхдугаар хуралдааны эхэнд байгуулсан тооллогын комиссын зарим гишүүд хуралдааныг орхин гарсан тул “Тооллогын комисс байгуулах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай“ тогтоолоор санал хураалтыг зохион байгуулах тооллогын комиссын даргаар төлөөлөгч Х.Е, гишүүдэд төлөөлөгч Б.Н, Б.Ж нарыг батлах тухай тогтоолын төслийг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталсан.

Үүний дараа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшигчид Б.Х, О.Х нарыг  Хурлын даргаар сонгох саналын хуудсыг шинээр зөвтгөн хэвлэж, Хурлын даргыг сонгох санал хураалтыг нууцаар явуулсан. Уг санал хураалтад нийт төлөөлөгчдийн 14 нь оролцож,  Б.Х төлөө  14 төлөөлөгч санал өгсөн ба харин О.Хын төлөө санал өгсөн төлөөлөгч байгаагүй.

Ингээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Б.Х сонгох тухай тогтоолын төслийг анхдугаар хуралдаанд оролцсон 14 төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталсан. Төлөөлөгч  Б.Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгосон тогтоолд тамга даруулъя гэхэд үргэлжилсэн хурлын эхэнд Ардчилсан намын төлөөлөгчид завсарлага авах үед сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Х.Ж нь тэднийг дагаад танхимаас гараад явсан байсан. Тэгээд Х.Б миний бие утсаар Х.Жтэй ярьж, Хурлын даргыг сонгосон тогтоолд тамга дарж өгөхийг хүссэн боловч тэрээр тамга дарахгүй гэж хариу өгсөн. Түүнчлэн Х.Ж нь тогтоолуудад дугаар өгөхөөс татгалзсан болно. Өөрөөр хэлбэл X. Жумагүл нь хуралдаан даргалагч миний гарын үсэг зурж баталгаажуулсан тогтоолд болон бусад тогтоолуудад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамгыг дарж өгөхөөс татгалзсан.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Б.Х сонгогдсон тул Х.Б миний анхдугаар хуралдааныг удирдах эрх, үүрэг дуусгавар болсон.  Дараа нь сумын Хурлын даргаар сонгогдсон Б.Х нь сумын Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцүүлэхээр санал гаргасан.
Энэ үед сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  дахь Монгол Ардын намын бүлгээс уг хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цаг хүртэл хойшлуулж өгөх тухай хүсэлт гаргасныг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар хүлээж авсан.Гэвч одоо хүртэл Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан үргэлжлэн хуралдаагүй байна. Ер нь иргэдийн өөртөө удирдах ёсны байгууллага болох Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ямар ч асуудлыг олонхын саналаар хэлэлцэн шийдвэрлэх бүрэн эрхтэй байдаг юм.

Иймд нэхэмжлэгч О. Х тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье”гэв.

6.Гуравдагч этгээд Б.Хажмурат шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Анхдугаар хуралдаан 11 цаг 10 минутаас сонгогдсон хүмүүсийн 100 хувийн ирцтэй эхэлсэн. Эхлээд хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, хуралдааныг удирдах дарааллуудыг уншиж танилцуулсан. Төлөөлөгч Х.Өн “эхлээд дэгээ баталж байж, хуралдааныг эхлэх” санал гаргахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Х.Ж “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын  “энэ удаагийн хуралдааныг дотоод журмын дагуу явуулаад дараагийн хуралдаанаар дэг, зөвлөлийн бүрэлдэхүүн, хороод, түүний ажиллах журмуудыг батална” гэсэн саналын дагуу энэ удаагийн хуралдаанд дэг батлах асуудлыг оруулаагүй” талаар танилцуулсан.

Сумын сонгуулийн хорооны даргын тайланг сонсох асуудлыг, дараа нь шинээр сонгогдсон 21 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүний дараа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Хурлын даргад Монгол Ардын намын бүлгийн дарга Б.Н нь Б.Х миний нэрийг, Ардчилсан намын бүлгийн дарга Ш.Д  нь О.Хын нэрийг тус тус дэвшүүлсэн. Өөр хүн нэр дэвшээгүй тул бид хоёр өөр өөрсдийгөө танилцуулсан. Төлөөлөгчдөөс бид нараас асуулт асуух төлөөлөгч гараагүй.

Үүний дараа нууцаар санал хураалт явуулахаар шийдвэрлэж, нууцаар санал хураалт явуулах ажиллагааны ажлын хэсгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  ажлын албаны дарга, мэргэжилтэн хоёр зохион байгуулж, хоёр намын нэг нэг төлөөлөгч ажиглагчаар суухаар тохиролцож, Монгол Ардын намаас Б.Н, Ардчилсан намаас Б.С нар ажиглагчаар суухаар болсон. Үүний дараа төлөөлөгч нарыг нэг нэгээр оруулж, санал хураалтыг явуулсан.Саналын хуудсанд Ардчилсан намаас нэр дэвшигч О.Хын овог болох “Оринхан” гэдэг үгийг “Хорынхан” гэж буруу бичсэн байсан ба санал хураалтын явцад төлөөлөгч М.Е ажлын хэсэгт энэ талаар анхааруулж хэлсэн боловч ажлын хэсэг “санал хураалт дундаа орсон гэж үргэлжлүүлэн явуулахаар шийдвэрлэсэн” гэсэн.

Тэгээд санал хураалтын дүнг танилцуулахад О.Х 11 хүний, би 10 хүний санал авсан байсан. Мөн хоёр саналын хуудсанд дугуй /зууван/ хэлбэрээр тэмдэглэх ёстой байсан боловч өөр байдлаар тэмдэглэсэн байсан. Анх санал хураалт явуулахаас өмнө Х.Ж “нэр дэвшигчдийн нэрийн өмнөх тоог зууван хэлбэртэй дугуйлна, ямар нэгэн илүү тэмдэглэгээ хийсэн бол саналын хуудас хүчингүй болно” гэж анхааруулж байсан боловч өөр байдлаар тэмдэглэгээ хийсэн хоёр хуудсыг хүчинтэйд тооцсон нь, мөн О.Хын овгийг  буруу бичсэн нь маргаан дагуулсан. Тэгээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  даргыг сонгосон тогтоолын төслийг танилцуулж санал хураах болоход Монгол Ардын намын бүлэг завсарлага авахыг хүсэж, хуралдаан даргалагч Х.Б хуралдаан даргалагчийн хувьд завсарлага өгсөн.

Бид бүлгээрээ завсарлага аваад хоорондоо ярилцаж, хуралдаан даргалагчид Ардчилсан намаас нэр дэвшигч Х овгийг Х гэж буруу бичсэн, мөн саналын хуудсанд зарим төлөөлөгчдийн хийсэн тэмдэглэгээ эргэлзээтэй учир өмнө явагдсан санал хураалтын дүнг хүчингүйд тооцож, саналын хуудсанд Ардчилсан намаас нэр дэвшигч Х овгийг зөвөөр бичиж дахин санал хураалт явуулж өгөхийг хүсэж, бичгээр хүсэлт гаргахаар болсон. Үүний дагуу манай бүлэг хуралдаанд орж ирж, бичгээр гаргасан хүсэлтээ хуралдаан даргалагч Х.Бд гардуулж өгсөн. 

Х.Б бидний хүсэлтийг төлөөлөгч нарт танилцуулж, уг хүсэлтийг дэмжиж  эсэх талаар санал хураалт явуулахад нийт төлөөлөгчдийн 12 нь дэмжиж, 9 нь татгалзсанаар өмнөх санал хураалт хүчингүй болсон.  Энэ үед Ардчилсан намын бүлгийн дарга Ш.Д 30 минутын завсарлага хүссэний дагуу хуралдаан даргалагч завсарлага өгсөн.Хурлын ажиллагаанд оролцож байсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга Х.Ж мөн энэ үеэр гараад явсан ба эргэж ирж ирээгүй. Гэтэл Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид 30  минутын хугацаа өнгөрсний дараа хуралдаанд орж ирээгүй. Тэд хүндэтгэн үзэх шалтгаангүй хуралдаанд орж ирээгүй учир хуралдааныг үргэлжлүүлж 12 төлөөлөгчийн 100 хувийн саналаар өмнөх санал хураалтын дүнг хүчингүй болгосон тогтоолыг баталж, дахин санал хураалт явуулахаар болсон.Энэ үед манай бүлгийн төлөөлөгчид болох Х.А, У.Аманкелди нар хуралдаанд орж ирж,төлөөлөгчийн тоо 14  болсон.

Санал хураалтыг зохион байгуулах комиссын даргаар төлөөлөгч Х.Ерлан, гишүүдэд төлөөлөгч Б.Н, Б.Ж нарыг сонгож, саналын хуудсыг дахин хэвлэж, нууцаар санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон 14 төлөөлөгч 100 хувь миний төлөө санал өгсөн. Үүний дараа намайг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгох тухай тогтоолын төслийг танилцуулж, 14 төлөөлөгчийн 100 хувийн саналаар баталсан.Намайг сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргаар сонгох асуудал төлөөлөгчдийн  олонхын  саналаар шийдэгдсэн тул О.Хын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Маргааны зүйл хоёр асуудал дээр байна. Эхний асуудал саналын хуудастай холбоотой, хоёр дахь нь төлөөлөгч О.Хын овог, нэр нь буруу бичигдсэнтэй холбоотой. Санал хураалтын дүнгээр О.Х 11 хүний саналыг авсан, Б.Х 10 хүний саналыг авсан үйл баримт болсон. Гэхдээ сая судлуулсан саналын хуудсанд өөр хэлбэрээр тэмдэглэсэн, эргэлзээ байна.  Өнөөдрийн шүүх хуралдаанд хэргийн оролцогч нар өөр, өөр байдлаар тайлбарлаж байна. Гэхдээ хуралдааны эхэнд Хурлын ажлын албанаас “зууван хэлбэрээр тэмдэглэнэ, үүнээс өөр хэлбэр, дүрсээр тэмдэглэхгүй, мөн өөр илүү, дутуу тэмдэглэгээ хийсэн тохиолдолд хүчингүй болгох тухай” асуудлыг маш сайн тайлбарлаж өгсөн. Эхэнд төлөөлөгч нар бүгдээрээ зууван хэлбэрээр тэмдэглэе гэж тохиролцсон, үүнийг хуралдааны тэмдэглэлд тусгасан.  Мөн Х.Ж, А.Г нарын гэрчээр өгсөн мэдүүлэгт тодорхой байна. Тэгэхээр хоёр саналын хуудаст өөр байдлаар тэмдэглэсэн нь саналын хуудсыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна. 

Мөн О.Хын овог, нэр нь буруу бичигдсэн гэдэг асуудал дээр маргаан үүссэн. Нэгэнт ажлын алба саналын хуудсыг хэвлэж байгаа бол хүний овог, нэрийг бичиг баримтад бичигдсэн хэлбэрээр тусгах ёстой байсан. Харин төлөөлөгч О.Хын овгийг өөр байдлаар оруулаад, түүнээс болж төлөөлөгч нарын хооронд маргаан үүссэн. Санал хураалтын явцад 10 гаруй төлөөлөгч санал өгсний дараа М.Е гэдэг төлөөлөгч орж ирээд, О.Хын эцгийн нэр нь буруу болсон гэдгийг ажлын албанд хэлсэн.  Монгол Ардын намын  бүлгээс ажлын албаны гишүүнээр сууж байсан Б.Н  “дараа нь маргаан болно, таслан зогсоогоод, дараа нь дахин санал хураалт явуулъя” гэдгийг мэдэгдсэн. Гэхдээ  бусад 3 хүн нь шийдээд, санал хураалтыг үргэлжлүүлэн явуулсан. Хэрвээ тухайн үед асуудлыг зогсоогоод, саналын хуудсыг зөвтгөж, дахин явуулсан бол  өнөөдөр маргаан гарахгүй байсан. 

Тухайн үед Монгол Ардын намын бүлгээс завсарлага авсан.  Маргаантай зүйл үүссэн тохиолдолд намын бүлэг  ярилцаад, тэр асуудалтай холбоотой санал нийлж, нэгтгэх зэрэг асуудлаар завсарлага авах эрх нь нээлттэй байна. Тухайн үед  Монгол Ардын намын бүлгийн зүгээс завсарлага авсныг хуралдаан даргалагч Х.Б хүлээн зөвшөөрч байна.  Дараа нь төлөөлөгч нар завсарлагаас орж ирээд, хүсэлтээ гаргасан, хуралдаан даргалагч нь тухайн хүсэлтийг танилцуулаад, хүлээж авах эсэх дээр санал хураахад, 12 төлөөлөгч дэмжсэн. Иймд 21 төлөөлөгчөөс  12 төлөөлөгч нь дэмжсэн учраас өмнөх санал хураалтын дүн хүчингүй болж байна. 

Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална” гэж заасан. Харин О.Х гэдэг хүний сонгосонд тооцох тухай ямар нэгэн тогтоол гаргаж, баталгаажуулаагүй. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон гэрч нарын мэдүүлэг, хуралдааны тэмдэглэлээс үзэхээр асуудлыг дотоод журмаар шийдвэрлээд явсан гэж тайлбарлаад байна. Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон журам дээр хурлыг дотоод журмаар зохицуулах тухай зохицуулалт байхгүй. Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.9-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална” гэж заасан. Нэгэнт дэгийг батлаагүй тул өмнөх дэг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй. Тооллогын комисстой холбоотой асуудал байна. Төлөөлөгч нарыг санал хураалтын ажиллагаанд ажиглагчаар оруулсан.  Төлөөлөгч нар ажлын комисст ороод, дүгнэлт гаргах эрх хэмжээтэй хүмүүс биш. Ажлын алба нь хуралдааны өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй. Иймд хуралдааны үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаагүй нөхцөл байдал харагдаж байна.

30 минутын завсарлага аваад, Ардчилсан намын бүлгийн хүмүүс орж ирээгүй, тэр үед 12 төлөөлөгч дээр нэмээд 2 төлөөлөгч орж ирээд, нийтдээ 14 төлөөлөгч хуралдааныг үргэлжлүүлээд, саналын хуудсыг дахин хэвлэсэн. Хурлын ажлын албаны ажилтан А.Г саналын хуудсыг хэвлэж өгсөн гэдгийг гэрчийн мэдүүлэгтээ тодорхой хэлсэн. Тэгээд санал хураалт явуулаад, 14 төлөөлөгч 100 хувийн саналаар Б.Х Хурлын даргаар сонгосон шийдвэр нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.Эдгээр үндэслэлүүдээр  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой, дугааргүй, Х.Бий гарын үсэг зурсан ”Тооллогын комисс байгуулах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоол нь захиргааны акт биш  байна.

Учир нь, тооллогын комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тогтоол нь захиргааны актын шинжийг агуулахгүй бөгөөд энэ нь  зөвхөн “шийдвэр гаргах ажиллагааны процесс” нь юм, тодруулбал, тооллогын комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах нь дангаараа нэхэмжлэгчийн хувьд үр дагавар үүсгэхгүй, гадагшаа чиглээгүй  байх тул уг тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т зааснаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгчийн “Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны 02 дугаартай “Сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” тогтоолд гарын үсэг зурж, баталгаажуулахыг анхдугаар хуралдааныг даргалагч Х.Бд даалгах, Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой, дугааргүй, Х.Бий гарын үсэг зурсан “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгосон  саналын хуудсуудыг хүчингүйд тооцож,саналын хуудсыг зөвтгөн, дахин санал хураалт явуулах тухай”, “Сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Б.Хажмуратыг сонгох тухай” тогтоолуудыг  тус тус хүчингүй болгох”  нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. 

3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46  дугаар зүйлийн  46.5-д “Ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн хороо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулна. Анхдугаар хуралдааныг хуралдаанд хүрэлцэн ирсэн насаар хамгийн ахмад төлөөлөгч даргална”, 46.7-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно” гэж тус тус заажээ.

Баян-Өлгий аймгийн Бугат сумын  сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар тогтоолоор  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цагт  хуралдуулахаар товлон зарласан.

Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11:10 цагт сумын Засаг даргын Тамгын газрын  хурлын зааланд нийт 21 төлөөлөгчийн буюу 100 хувийн ирцтэйгээр  эхэлж, хуралдааныг насаар хамгийн ахмад төлөөлөгч болох Х.Б даргалж, хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журмыг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар  тус тус баталсан.

Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу эхлээд  сумын  сонгуулийн хорооны тайланг сонсож,  дараа  нь  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлэлцэж,  21 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоолыг олонхын саналаар баталсан байна. 

Улмаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн байх ба Монгол Ардын намын бүлгийн дарга бөгөөд төлөөлөгч Б.Н  төлөөлөгч Б.Х, Ардчилсан намын  бүлгийн  дарга бөгөөд төлөөлөгч Ш.Д  төлөөлөгч О.Х нэрийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад  тус тус дэвшүүлж, нууц санал хураалт  явуулснаар нэр дэвшигч О. Х 11 төлөөлөгчийн, Б. Х 10 төлөөлөгчийн санал  авсан,  хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 52 хувийн санал авсан О.Хыг  Хурлын даргаар  сонгох тухай тогтоолын төслийг хуралдаан даргалагчаас  уншиж танилцуулсан  болох нь  тус тус  хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 47-54,55,56-61,94-117 дах тал/ тогтоогдож байгаа ба хэргийн оролцогчид эдгээр үйл баримтын талаар маргаагүй болно.

4. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг мөрдөхийн зэрэгцээ доор дурдсан зарчмыг баримтална:12.1.8.асуудлыг шийдвэрлэхдээ хамтын зарчмыг баримтлах”, 39 дүгээр зүйлийн  39.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч дараах эрх, үүрэгтэй байна: 39.1.1.асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох; 39.1.3.хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт асууж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал  хураалгах; 39.1.4.Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах”, 46 дугаар зүйлийн  46.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч хуралдаанд оролцохгүй байх, түүнийг орхиж гарахыг хориглоно”, 53 дугаар  зүйлийн 53.3-т “Хурлын даргыг сонгох асуудлаар нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно”, 53.5-д “Хурлын төлөөлөгчид санал хураалтад оролцохдоо зөвхөн нэг хүний төлөө санал өгөх бөгөөд нэр дэвшигч өөрөө санал хураалтад оролцох эрхтэй” гэж  тус тус заажээ.

5. Дээрх байдлаар Хурлын даргыг сонгох нууц санал хураалт  явагдаж, санал хураалтын дүнгээр олонхын санал авсан О.Хыг  Хурлын даргаар  сонгох тухай тогтоолын төслийг хуралдаан даргалагчаас  уншиж танилцуулсан  буюу 13 цаг өнгөрч байх үед  Монгол Ардын намын бүлгийн Б.Н нарын 9 төлөөлөгч хуралдааны танхимаас  гарч явсан, улмаар  уг төлөөлөгчдийн зарим нь хуралдааны танхимд буцаж ороод хуралдаан даргалагч Х.Б болон төлөөлөгч З.Х, Х.Е нарыг авч гарсан, өөрөөр хэлбэл, Монгол Ардын намаас нэр дэвшиж  сонгогдсон  14  төлөөлөгчийн 12 нь  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдааныг орхин гарсан, мөн  завсарлага аваагүй  болох нь  гэрч нарын мэдүүлэг, хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн  56-61,67-70,123-125 дах тал/ тогтоогдож байна.

Монгол Ардын намын бүлгийн 12 төлөөлөгч хуралдааныг орхин гарсны дараа Ардчилсан намын бүлгийн 7 төлөөлөгч,  Монгол Ардын намын бүлгийн  2 төлөөлөгч, мөн Хурлын ажлын албаны дарга, мэргэжилтэн нар хуралдааны танхимд үлдэж, тухайн төлөөлөгчдийг  хүлээсэн байх ба  хуралдаан даргалагч  Х.Бий хамт 11 төлөөлөгч   19:20 цагийн үед  хуралдааны танхимд орж ирээд “санал хураалтыг  хүчингүйд тооцож,  саналын хуудсыг зөвтгөн, дахин санал хураалт явуулах тухай”   хүсэлт бичгээр гаргасан. 

Уг хүсэлтийг хэлэлцэх эсэх талаар  төлөөлөгчид маргалдаж, Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгчид “тухайн саналыг хэлэлцэх ёсгүй” гэсэн санал гаргаж, “завсарлага авах” тухай  хүсэлтээ илэрхийлж байх үед хуралдаан даргалагч бус этгээд болох төлөөлөгч Б.Нуржан, Х.Өмиржан нараас  “санал хураалт явуулъя, гараа өргөөрэй” гэх зэргээр  хуралдааныг удирдаж,   өмнөх санал хураалтыг  хүчингүй болгох, дахин санал хураалт явуулах  тухай  санал хураалт явуулсан, энэ үед  Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон 7 төлөөлөгч  завсарлага авч, хуралдааны танхимаас гарсны дараа төлөөлөгч Б.Нуржанаас  “...хаалгаа түгжээд ав, ... гаднаас хүн оруулахгүй, нөгөө цаасаа хэвлэж гаргаж өг, …бичлэгээ хийгээрэй, протокол хөтлөөрэй” гэх зэргээр хуралдааныг удирдсан, улмаар  Хурлын даргыг  сонгох саналыг хуудсыг дахин хэвлэж, Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчдийн оролцоогүйгээр ,зөвхөн Монгол Ардын намаас нэр дэвшиж  сонгогдсон  14 төлөөлөгчийг оролцуулан санал хураалт явуулсан  нь тус тус  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 19-21, 22,29-46,56-61,67-70,123-125,128-130 дах тал,  CD дэх дуу -дүрсний бичлэг/ тогтоогдсон болно.

Хуралдааны энэ хэсгийн талаар  анхдугаар хуралдааны тэмдэглэлийг хөтөлсөн гэрч А.Г ”... Энэ үед Ардчилсан намын төлөөлөгчид байсан ба  тухайн үйл явдлыг эсэргүүцсэн зүйл хэлсэн. Нэгэнт санал хураалт явагдсан, шийдвэр гарсан учраас дахин хүчээр ийм зүйл явуулах ёсгүй гэсэн боловч төлөөлөгч Б.Нуржан, Х.Ө нараас  хурлыг  бараг өөрсдөө  удирдаад, хүчээр санал хураалт явуулсан юм. Миний бие энэхүү хэсгийн процессыг хурлын тэмдэглэлд тусгаагүй байна. Учир нь тухайн үед бөөн маргаан болж байсан тул би тэмдэглэгээ хийгээгүй байна. Тодруулбал, хүчээр санал хураалт явуулаад, хуралдаан даргалагчаас бусад төлөөлөгч даргалаад байгаа учраас бичих ёсгүй гэж ойлгоод тухайн хэсгийг бичээгүй байна. Энэ үед  Ардчилсан намын төлөөлөгчид маргалдаж, хууль бус хуралдаанд оролцохгүй гэж 19:40 үед гараад явсан бөгөөд маргааны дундуур  төлөөлөгч М.Е “завсарлага авъя” гэсэн зүйл хэлж байсан” гэж мэдүүлсэн.

Мөн хариуцагч болон гуравдагч этгээдээс Ардчилсан намын бүлгийн  төлөөлөгчид “30 минутын завсарлага авах” хүсэлт гаргаснаар хуралдаан даргалагчаас “30 минутын завсарлага өгсөн” гэсэн тайлбар гаргасан бөгөөд хэрэг авагдсан нотлох баримтуудаар  завсарлагыг  30 минутын  хугацаатай  авсан  нь тогтоогдохгүй байгаа, өөрөөр хэлбэл Ардчилсан намын бүлгийн  төлөөлөгчдийн хүсэлтээр хуралдаан даргалагчаас  “завсарлага  өгсөн”  нь тогтоогдож байна гэж үзлээ.

Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд, Монгол Ардын намын бүлгийн  төлөөлөгчид анхдугаар хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхин гарсан мөртлөө 6 цагийн дараа буцаж ирээд  “санал хураалтыг  хүчингүйд тооцож,  дахин санал хураалт явуулах тухай”  санал гаргасан, улмаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй тухайн асуудлыг  хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байх  буюу  хэлэлцэх эсэхийг шийдвэрлээгүй  байх үед Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчдөөс “завсарлага авах” хүсэлт гаргаснаар  хуралдаан  даргалагчаас “завсарлага өгсөн” байхад  хуралдаан даргалагч бус өөр этгээдээс  хуралдааныг удирдаж “санал хураалтыг хүчингүйд тооцох, дахин санал хураалт явуулах” асуудлаар санал  хураалт явуулсан, улмаар  завсарлага авсан  төлөөлөгчдийг оролцуулахгүйгээр Хурлын даргыг сонгох  санал хураалтыг дахин явуулсан үйл баримт тогтоогдож байна.

Иймээс санал хураалтыг хүчингүйд тооцож, дахин санал хураалт явуулах,  дахин санал хураалтын дүнг үндэслэн Хурлын даргаар Б.Х сонгох тухай  шийдвэрүүд нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1,39 дүгээр зүйлийн 39.1.1,39.1.3,46 дугаар зүйлийн 46.5,46.8-д тус тус заасан  Хурлын төлөөлөгчийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох, хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт асууж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах зэрэг хуульд заасан бүрэн эрхийг зөрчсөн, мөн хуралдаан даргалагчаас хуралдааныг удирдах, төлөөлөгчийн хуралдаанд оролцох талаарх хуулийн зохицуулалтууд,   төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох ардчилсан ёс, шударга ёс, хууль дээдлэх болон асуудлыг хамтын зарчмыг баримтлан шийдвэрлэх зарчмуудтай тус  тус нийцээгүй байна гэж дүгнэлээ.

6.Хариуцагч талаас  маргаан бүхий тогтоолуудыг гаргах болсон үндэслэлээ “Хурлын даргыг сонгох  саналын хуудсанд нэр дэвшигч Х эцгийн нэрийг Х гэж буруу бичсэн,  мөн зарим саналын хуудас дах тэмдэглэгээ  эргэлзээтэй  байсан тул  өмнөх санал хураалтыг  хүчингүйд тооцох, саналын хуудсыг зөвтгөн, дахин санал хураалт явуулах тухай төлөөлөгчдийн гаргасан хүсэлтийг хэлэлцээд 12 төлөөлөгч дэмжсэн,  асуудлыг төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэрлэсэн”  гэж  тайлбарлан маргасан.

7. Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн анхдугаар хуралдааны эхэнд  “хуралдааны дэг” батлах талаар  төлөөлөгчдөөс санал гаргасан боловч  дотоод журмын дагуу тухайн хуралдааныг явуулж, дараагийн хуралдаанаар  “хуралдааны  дэг”-ийг батлахаар, мөн Хурлын даргыг сонгох санал хураалтын ажиллагааг  зохион байгуулах ажлын хэсэг /тооллогын комисс/-ийг Хурлын ажлын албаны дарга, мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, Монгол Ардын нам болон Ардчилсан намын бүлгээс тус бүр 1 төлөөлөгчийг ажиглагчаар оролцуулахаар  тус тус тохиролцож, төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчдын тайлбар, хуралдааны тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 56-61,67-70,123-125 дах тал/ нотлогдож байна . 

Мөн  саналын хуудаст саналаа хэрхэн  тэмдэглэх талаар “нэр дэвшигчийн нэрийн өмнөх тоог зууван хэлбэртэй дугуйлна, ямар нэгэн илүү тэмдэглэгээ хийсэн бол  саналын хуудас хүчингүй болно” гэж Хурлын даргыг сонгох санал хураалт эхлэхээс өмнө төлөөлөгчид тохиролцож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 56-61,67-70,123-125 дах тал/ тогтоогдсон, өөрөөр хэлбэл,  хуралдааны тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгээс үзэхэд  саналын хуудаст  байгаа нэр дэвшигчийн нэрийн өмнөх тоог зууван хэлбэртэй дугуйлах тэмдэглэгээ хийнэ, тоог дугуйлахаас өөр тэмдэглээ хийсэн, ямар  нэгэн илүү /нэмэлт/  тэмдэглэгээ хийсэн тохиолдолд саналын хуудсыг  хүчингүйд тооцохоор шийдвэрлэжээ. 

Дээр дурдсанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад  Б.Х, О.Хын нэрийг тус тус  дэвшүүлж, нууц санал хураалт  явуулснаар нэр дэвшигч О.Х 11 төлөөлөгч, Б. Хажмурат 10 төлөөлөгчийн санал  авсан дүн гарсан ба шүүхээс уг саналын хуудаст хийсэн үзлэгээр  тооллогын комиссын   2 хүн  гарын  үсэг зурж, сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамга дарсан нийт 21 саналын хуудас байгаагаас  11 нь нэр дэвшигч Х нэрийн өмнөх 2 гэсэн тоог  дугуйлсан,  10 нь нэр дэвшигч Х нэрийн өмнөх 1 гэсэн тоог дугуйлсан тэмдэглэгээтэй,  мөн  уг 21 саналын хуудаст  нэр дэвшигч Х эцгийн нэрийг Х гэж    бичсэн болох нь  тус тус тогтоогдсон.

Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс “Хурлын даргад нэр дэвшигч О.Хад санал өгснөөр тооцсон саналын хуудаснуудын 2 ширхэг саналын хуудаст нэр  дэвшигчийн нэрийн өмнөх тоог дугуйлсан тэмдэглэгээний хэлбэр нь зууван биш тул хүчингүй саналын хуудаст тооцно” гэж маргасан боловч дээрх үйл баримтуудаас  дүгнэхэд Хурлын даргыг сонгох саналын хуудаст нэр дэвшигчийн нэрийн өмнөх тоог дугуйлсан тэмдэглэгээний хэлбэрээс  /зууван биш  өөр хэлбэртэй болсон,  зууван  хэлбэрийн дүрс дотор зураастай байна гэх мэт/ шалтгаалан уг саналын хуудаснуудыг хүчингүйд тооцох үндэслэлгүй юм.

Тодруулбал,  тухайн саналын хуудаснуудыг  үзэхэд  нэр  дэвшигчийн нэрийн өмнөх тоог дугуйлсан тэмдэглэгээтэй буюу 2 нэр дэвшигчийн хэнд  нь санал өгсөн нь тодорхой байгаа, харин  нэр  дэвшигчийн нэрийн өмнөх тоог дугуйлахаас өөр тэмдэглээ хийсэн, ямар  нэгэн нэмэлт  тэмдэглэгээтэй  буюу хэнд санал өгсөн нь ойлгомжгүй, тодорхой бус гэж үзэхээр саналын хуудас байхгүй байна .

8.  Мөн Хурлын даргад нэр дэвшигч О.Хн эцгийн нэрийг 21 саналын  хуудаст  Х гэж бичсэн нь  саналын хуудсыг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй гэж үзлээ.

Учир нь анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг сонгох асуудлыг хэлэлцэх үед Монгол Ардын намын бүлгээс Б.Х,  Ардчилсан намын бүлгээс О.Х нэрийг  тус тус дэвшүүлсэн, нэр дэвшигчид өөрсдийнхөө талаар танилцуулга хийсэн.

Хурлын даргыг сонгох санал хураалтын явцад төлөөлөгч М.Е саналын хуудаст нэр дэвшигч Х эцгийн нэрийг “Х” үсэг оруулж, Х гэж бичсэнийг хэлсэн байх  ба  ажлын хэсгээс гаргасан  “саналын хуудаст нэр дэвшигчдийн өөрсдийнх нь нэр нь  зөв бичигдсэн, овгийн нэг үсэг гайгүй байх, мөн төлөөлөгчдийн олонх нь саналаа өгчихсөн, дахиж хэвлэж, шинээр эхлэхээр бол цаг хугацаа авч, төлөөлөгчдийн дургүйцлийг хүргэнэ, тиймээс  санал хураалтыг үргэлжлүүлье” гэсэн саналыг ажлын хэсгийн үйл ажиллагаанд хяналт тавихаар  намын бүлгүүдээс  ажиглагчаар оролцуулсан төлөөлөгч Б.Н, Б.С нар   дэмжсэнээр санал хураалтыг үргэлжлүүлэн явуулсан.

Тухайн санал хураалтын явцад төлөөлөгчдөөс  саналын хуудаст нэр дэвшигч Х эцгийн нэр нь буруу бичигдсэний улмаас андуурч, эсхүл буруу тэмдэглэгээ хийсэн гэж  дахин санал  өгөх талаар   санал, хүсэлт гаргаагүй болох нь тус тус тогтоогдсон /Хавтаст хэргийн 56-61, 67-70, 94-117 ,123-125 дах тал/ болно.

Мөн Монгол Ардын намын бүлгийн 11 төлөөлөгчөөс гаргасан “санал хураалтыг  хүчингүйд тооцож,  саналын хуудсыг зөвтгөн, дахин санал хураалт явуулах тухай”  хүсэлтэд саналын хуудаст  нэр дэвшигч Х эцгийн нэр буруу бичигдсэнээс болж  ямар сөрөг үр дагавар үүссэн, санал өгөхөд хэрхэн нөлөөлсөн  талаар огт тусгаагүй, өөрөөр хэлбэл, төлөөлөгчдөөс гаргасан тухайн хүсэлт, хуралдааны  үргэлжлэл гэх тэмдэглэл,  маргаан бүхий тогтоолууд, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар  зэргээс үзэхэд саналын хуудаст нэр дэвшигч Х эцгийн  нэрийн 2 үсэг  буруу бичигдсэний улмаас  андуурч, буруу санал өгсөн гэсэн  гомдол, хүсэлт төлөөлөгчид гаргаагүй байна.

Харин  ч  Хурлын даргад  О.Х, Б.Х нарын нэрийг дэвшүүлж, 21 төлөөлөгчийг оролцуулан явуулсан санал хураалт нь “төлөөлөгчөөс асуудал хэлэлцэхэд таслах эрхтэй оролцох, Хурлын даргыг сонгох асуудлаар нууц санал хураалт явуулах, Хурлын төлөөлөгчид санал хураалтад оролцохдоо зөвхөн нэг хүний төлөө санал өгөх” гэсэн хуулийн заалтуудтай  нийцсэн байна. 

Эдгээр үйл баримтуудаас үзэхэд Хурлын даргыг сонгох саналын хуудаст нэр дэвшигч Х эцгийн нэрийг буруу бичсэн нь төлөөлөгчдөөс саналаа өгөхөд  нөлөөлсөн, улмаар санал хураалтын үр дүнд нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул  тухайн санал хураалтыг  хүчингүйд тооцож,  дахин санал хураалт явуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн  4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:4.2.1.хуульд үндэслэх;4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж  заасантай нийцээгүй, үндэслэл бүхий  биш байна гэж дүгнэлээ

9. Дээрх байдлаар  Бугат сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн  ирцийн хувьд хуульд заасан шаарлагыг хангасан, насаар хамгийн ахмад төлөөлөгч даргалсан анхдугаар хуралдаанаар  Хурлын даргад  нэр дэвшиж, нууц санал хураалтын дүнгээр хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан нэхэмжлэгч О.Хыг “Хурлын даргаар сонгох тухай” 02 дугаартай тогтоол  нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46  дугаар зүйлийн 46.5,46.7,53 дугаар зүйлийн 53.3-д заасантай тус тус нийцсэн байна гэж үзлээ.

10 .  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн  35.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 35.1.2.Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах”,  48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална”,48.2-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд Хурлын дарга, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын тогтоолд Хуралдааны дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн Хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна” гэж зааснаар хуралдаан даргалагч нь  Хурлаас бүрэн эрхэд хамаарах асуудлаа хэлэлцэж, олонхийн саналаар гаргасан шийдвэрийг  ёсчлон баталгаажуулах   бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр  хуульчилжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс  “Хурлын даргаар О.Хыг сонгох тухай” тогтоолыг төслийг уншиж танилцуулаагүй, тогтоолын төслийг батлах эсэх дээр санал хураалт явагдаагүй тул хуралдаан даргалагч баталгаажуулах үндэслэлгүй” гэсэн тайлбар гаргасан. 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т “Хурлын даргыг сонгох асуудлаар нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно” гэж  зохицуулсан  тул нууц санал хураалтын дүнгээр Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн  анхдугаар хуралдаанд оролцсон 21 төлөөлөгчийн олонхын санал авсан О.Хыг  Хурлын даргаар сонгогдсонд тооцох буюу сонгох тухай тогтоолыг  баталсанд тооцох үндэслэлтэй байна. 

Өөрөөр хэлбэл,  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт нь  Хурал хэлэлцсэн  аливаа асуудлыг олонхын саналаар шийдвэрлэх  тухай  зохицуулалт бөгөөд Хурлын даргыг сонгох  нууц  саналын хураалтын дүнгээр   хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авснаар Хурлын даргыг сонгох тухай асуудал нь олонхын саналаар шийдвэрлэгдсэн гэж үзэх үндэслэлтэй, мөн олонхын санал авсан нэр дэвшигчийг Хурлын даргаар сонгох тухай тогтоолын талаар   хуралдаанд оролцсон  төлөөлөгчдөөс  дахин санал хураах нь “Хурлын даргыг нууц санал хураалт явуулж сонгох”  үндсэн зохицуулалттай нийцэхгүй юм.

11. Бугат сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн анхдугаар хуралдаанаар  Хурлын даргад  нэр дэвшиж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан нэхэмжлэгч О.Хыг “Хурлын даргаар сонгох тухай” тогтоол  нь хуульд нийцсэн бөгөөд  хуулийн дагуу явуулсан Хурлын даргыг сонгох уг санал хураалтыг хүчингүй болгосон  нь  үндэслэл бүхий биш, мөн  санал хураалтыг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулсан процесс нь  хуульд  нийцээгүйгээс гадна нэхэмжлэгч О.Хын  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн   байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. 

Иймд Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны “Сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаартай тогтоолд гарын үсэг зурж, баталгаажуулахыг анхдугаар хуралдааныг даргалагч Х.Бд даалгаж, Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой, дугааргүй, Х.Бий гарын үсэг зурсан “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгосон  саналын хуудсыг хүчингүйд тооцож,саналын хуудсыг зөвтгөн, дахин санал хураалт явуулах тухай”, “Сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Б.Х сонгох тухай” тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.4,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5,109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Хын  “Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой, дугааргүй, Х.Бий гарын үсэг зурсан ”Тооллогын комисс байгуулах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн  шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1,12.1.8, 39 дүгээр зүйлийн 39.1.1,39.1.3,46 дугаар зүйлийн 46.5,48 дугаар зүйлийн 48.2, 53 дугаар зүйлийн 53.3-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч О.Хын  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны “Сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаартай тогтоолд гарын үсэг зурж, баталгаажуулахыг анхдугаар хуралдааныг даргалагч Х.Бд даалгаж, Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой, дугааргүй, Х.Бий гарын үсэг зурсан “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгосон  саналын хуудсыг хүчингүйд тооцож,саналын хуудсыг зөвтгөн, дахин санал хураалт явуулах тухай”, “Сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Б.Х сонгох тухай” тогтоолуудыг  тус тус хүчингүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                                    ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                   С.ЕРКЕШ