Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/978

 

 

 

 

 

 

   2023           10             10                                        2023/ДШМ/978

 

Д.Тд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

   Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Алдар, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

  прокурор Б.Энхбаяр,

  нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Булгантамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/734 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Энхбаярын бичсэн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 39 дүгээр эсэргүүцлээр Д.Тд холбогдох 2208020831288 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Баян овгийн Д.Т, 1988 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Жин тээг” ХХК-ийн Хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын инженер ажилтай, ам бүл 5, энхэр хүүхдүүдийн хамт .......................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ....................... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:...................../;

Шүүгдэгч Т нь 2022 оны 6 дугаар сарын 25-ны шөнийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Ерөнхий боловсролын 42 дугаар сургуулийн ард талд хамтран амьдарч байсан хохирогч Л.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун сарвууны ар гадаргуу, баруун хөхөнд цус хуралт, эрүүний баруун булан хэсгээр зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2022 оны 6 дугаар сарын 25-ны шөнийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Ерөнхий боловсролын 42 дугаар сургуулийн ард талд хамтран амьдарч байсан хохирогч Л.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний унаж явсан 55-47 УБЯ улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд хаалгыг өшиглөж, зүүн толийг нь хугалж, 440.000 төгрөгийн буюу “бага” хэмжээнээс дээш хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Д.Түйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч                   Д.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Тд оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялын хэмжээг 2.000.000 төгрөгөөр тогтоож, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Д.Тд сануулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Б.Энхбаяр эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг Улсын Дээд шүүхээс доорх байдлаар тайлбарлан хэрэг, маргааныг шийдвэрлэсэн байхад Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. "...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” тухай ойлголтын объектив талын шинж нь нэг удаагийн болон байнгын шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлийн аль алинаар илэрч болох бөгөөд нэг удаагийн хүчирхийллийн үйлдлийг тохиолдлын шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлээс ялган зүйлчлэх шаардлагатай. Хүндрүүлэх шинжид тооцогдох “гэр бүлийн хүчирхийллийн” нэг удаагийн үйлдлээр тодорхойлоход гэмт хэргийн субьектив талын шинж буюу уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн байдлыг нарийвчлан тогтоож, дүгнэлт хийх шаардлагатай бөгөөд нэг удаагийн үйлдэл нь ямар нэгэн тодорхой учир шалтгаангүй, хохирогчийг тохуурхан даажигнах, нэр төр алдар хүндийг нь гутаах, доромжлон, эрхшээл дарамтдаа оруулах зэрэг санаа зорилгоор сэтгэл санааны дарамт учруулах шинжээр илэрч болно.

            Хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх" замаар үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэхэд дээрх нөхцөл байдлуудыг тогтоох шаардлагатай бөгөөд зөвхөн “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай"-тай хүнд хүч хэрэглэсэн шинж дангаараа энэхүү хүндрүүлэх шинжийг шууд тодорхойлохгүй болохыг анхаарах нь зүйтэй. /УДШ-ийн 2019.01.16-ны №27 тогтоол/

            Хэргийн тухайд шүүгдэгч Д.Т нь хохирогч Л.Отэй 2008-2019 онд хамтран амьдарч байсан, дундаасаа нэг хүүхэдтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хэдий боловч 2019 оноос хойш тус амьдарч байгаа, 2020 оноос хойш өөр хүнтэй гэрлэлтээ батлуулж, гэр бүл зохисон бөгөөд энэ хугацаанд хохирогч Л.Отэй хувийн таарамжгүй харилцаатай байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Гэмт хэрэг гарсан цаг хугацаанд хохирогч Л.О нь шүүгдэгчийн амьдарч байгаа гэрийн гадаа ирж хэл амаар доромжлох, амгалан тайван байдал алдагдуулах зэрэг үйлдэл гаргасны улмаас шүүгдэгч нь түүнтэй уулзахаар гарч, улмаар гараараа цохих, машиныг нь эвдэх зэрэг хүч хэрэглэсэн үйлдэл гаргасан бөгөөд энэ хүч хэрэглэсэн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн үйлдэх замаар уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх дээрх субьектив талын шинжүүд тогтоогдоогүй байхад шүүх зөвхөн шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэх үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг шүүх хийсэн байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлын талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс хэргийн зүйлчлэл болон хохирогчийн биед халдаж зодсон, эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн үйлдэлдээ гэм буруугийн талаар маргаагүй байхад шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хэлбэрийн төдий хүлээн зөвшөөрсөн гэсэн үндэслэлээр улсын яллагчийн гаргасан саналаас дээгүүр ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй, “дүгнэлт нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн”, “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” шийдвэр гаргасан гэж дүгнэж байна.

            Учир нь шүүхийн шийдвэрт шүүгдэгч Д.Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэргийг үйлдсэн”, 1.2-т заасан “учирсан хохирлын нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдсан атлаа шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “... гэхдээ би тэр хүнийг хойноос нь дагаж очоод ийм байдалд оруулаагүй, өөрөө хүрч ирээд үг хэлээр доромжлоод байсан. Цагдаад дуудах ямар нэгэн сөхөө надад байгаагүй. Сигналаа дараад, орилоод хаалгаа түгжсэн байсан. Тэгэхээр нь би хаалга, толийг нь өшиглөсөн...” гэх мэдүүлгээр түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь шударга ёсны зарчимд нийцээгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан: "дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 1.4 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал", мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан: “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлтэй байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/734 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т нь 2022 оны 6 дугаар сарын 25-ны шөнийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Ерөнхий боловсролын 42 дугаар сургуулийн ард талд хамтран амьдарч байсан хохирогч Л.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун сарвууны ар гадаргуу, баруун хөхөнд цус хуралт, эрүүний баруун булан хэсгээр зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

            мөн 2022 оны 6 дугаар сарын 25-ны шөнийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Ерөнхий боловсролын 42 дугаар сургуулийн ард талд хамтран амьдарч байсан хохирогч Л.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний унаж явсан 55-47 УБЯ улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд хаалгыг өшиглөж, зүүн толийг нь хугалж, 440.000 төгрөгийн буюу “бага” хэмжээнээс дээш хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            хохирогч Л.Оийн “...Би 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нөхөртэйгөө “уулзъя” гэж утсаар залгахад нөхөр Д.Т согтуу утсаар хэрүүл хийгээд байхаар нь уулзахаар очиход согтуу, уулздаг хүүхэнтэйгээ бололтой нэг эмэгтэйтэй хамт архи уусан байсан. Би “чи яагаад утсаа унтраагаад алга болчихвоо, би муу ч гэсэн хүүхдийн чинь ээж, хань ижил чинь биз дээ” гэхэд “чамд ямар хамаатай юм бэ” гээд элдвээр доромжлоод миний баруун, зүүн хацар луу цохиод, намайг дахиад цохих гэхээр нь би шууд зугтаагаад өөрийнхөө машин дотор ороход Д.Т миний машины жолооч талын толийг хуга өшиглөсөн. Баруун урд талын хаалгыг гадна талаас нь өшиглөж хонхойлгон эвдсэн. Машин дотор орж ирж хажууд сууж байгаад миний эрүүний баруун тал руу нэг удаа, баруун гар бугалга хэсэгт 4-5 удаа, баруун гараа зангидаж байгаад цохиод миний үснээс зулгаагаад байхаар нь би өөрийгөө хамгаалаад зодолдсон. Д.Т машинаас буулгахгүй машинаа хөдөлгөж байгаад цагдаа дээр ирсэн. ...Бид 2 албан ёсны гэр бүл биш. Хамран амьдрагч. Хамт амьдраад 14 жил болж байгаа, дундаасаа 1 хүүхэдтэй. ...” /хх 16/,

            гэрч Б.Ж“...2022 оны 06 дугаар сарын 25-ны орой би гэрийнхэнтэйгээ байх үед Л.О машинтайгаа ирж зогсоод, зогсоо зайгүй сигналдаад “Ж чи гичий, пизда, янхан” гээд хараагаад, орилоод тэр орчмоор эвгүй байдалд оруулаад байхаар нь би Д.Тд “Л.О ирсэн юм биш үү” гэхэд Д.Т “тийм байна” гээд уулзахаар яваад 2 цаг орчим болохоор нь би утсаар нь холбогдоход “би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар байна” гэхээр нь юу болсон талаар асуухад “би уурлаад Оийн машины толь, хаалга руу нь өшиглөсөн чинь  гомдол гаргаад цагдаа дээр ирчихсэн байна гэж ярьсан. ...” /хх 31-32/,

            гэрч Л.Отгонжаргалын “...Д.Т хуучин эхнэр Л.О гэдэг хүнтэй машины хажууд муудалцаад чангаар хэрэлдэж байснаа үргэлжлүүлээд манай ажил руу орж ирээд муудалцаад байсан. Миний бодлоор Д.Т хардаад эсвэл буцаад нийлэх гээд байгаа бололтой над руу хүртэл байнга мессеж бичээд залгаад Д.Т олоод өг, утсаар яриулаад өг гээд шалгаад байдаг  байсан. ...” /хх 34/,

            Д.Т яллагдагчаар өгсөн “...Б.Жтай 2020 оноос хойш хамт амьдарч байна. Намайг тусдаа амьдралтай болсныг Л.О мэднэ. Л.О өдөржин залгаж байснаа орой 23 цагийн орчимд манай хадамын хашааны гадаа машинтайгаа ирээд харанхуй шөнө зогсоо зайгүй машиныхаа сигналыг дарж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулаад, эхнэр Б.Жыг элдэв үгээр хараагаад байхаар нь би уурандаа болиоч гэж хэлэхэд сонсохгүй сигналдаад байхаар нь машиных нь баруун урд талын хаалгыг гаднаас нь нэг удаа өшиглөөд мөн баруун талын толийг нь өшиглөөд хугалсан юм.  Тэгсэн чинь Л.О орилоод машинаасаа бууж ирээд гараа сарвалзуулаад маажих гээд дайраад байхаар би өөрөөсөөр холдуулах гээд баруун гараараа түлхэх үед санаандгүй Л.Оийн зүүн шанаан тус газар цохих шиг болсон юм. ...Л.О машиндаа суугаад элдвээр хараагаад байхаар нь би хажууд нь орж суугаад ярилцах гэсэн чинь урдаас орилоод дайраад байхаар нь тэсэлгүй уурандаа 3-4 удаа Л.Оийн баруун тал руу цохиод, дандаа ийм байдлаар хардаж байх юм, энэ асуудлаа одоо цагдаа дээр очоод шийдье гээд машинаасаа буулгүйгээр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн гадаа ирсэн. ...” /хх 82/ гэсэн мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 9142 дугаар “...Л.От баруун сарвуун гар гадаргуу, баруун бугалга, баруун хөхөнд цус хуралт. эруүний баруун булан хэсгээр зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...”/хх 18-19/ гэсэн дүгнэлт,

Сүлд үнэлгээ” автомашин техникийн үнэлгээний 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 542 дугаар “...үнэлгээгээр 55-47 УБЯ улсын дугаартай “Toyota prius” 20 маркийн автомашины техникийн эвдрэл хохирлыг 440.000 төгрөгөөр үнэлэв. .../хх 23/ гэсэн тайлан, аюулын эрсдэлийн зэрэг хийсэн тэмдэглэл /хх 12/ зэрэг цуглуулж, бэхжүүлж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж үзэхэд Д.Т нь хамтран амьдарч байсан Л.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тодорхойлсон байх боловч тухайн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хэмээн хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй болжээ.

            Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.Оийн “...Д.Т сүүлд уулздаг болсон Б.Ж гэдэг эмэгтэйг өмөөрч миний баруун бугалга, цээжинд 4-5 удаа цохиж зодсон. ...бид хоёр албан ёсны гэр бүл биш, хамтран амьдрагч. ...” /хх 16/,

            гэрч Б.Ж“...Д.Т бид хоёр 2020 оны 3 дугаар сард танилцаад хамт амьдарч байгаад 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Тухайн өдөр Л.О өөрийн машинтайгаа ирж зогсоод, зогсоо зайгүй сигналдаад “Ж чи гичий, пизда, янхан” гээд хараагаад, орилоод тэр орчмоор эвгүй байдалд оруулаад байсан. ...” /хх 32/

            гэрч Л.Отгонжаргалын “...Д.Т хуучин эхнэр Л.О гэдэг хүнтэй машины хажууд муудалцаад, чангаар хэрэлдэж байсан, Миний бодлоор Д.Т хардаад эсвэл буцаад нийлэх гээд байгаа бололтой байсан. ...” /хх 34/,

            шүүгдэгч Д.Т яллагдагчаар өгсөн “...Б.Жтай 2020 оноос хойш хамт амьдарч байна. Намайг тусдаа амьдралтай болсныг Л.О мэднэ.                        ...эхнэр Б.Жыг элдэв үгээр хараагаад байхаар нь би уурандаа болиоч гэж хэлэхэд сонсохгүй сигналдаад байхаар нь машиных нь баруун урд талын хаалгыг гаднаас нь нэг удаа өшиглөөд мөн баруун талын толийг нь өшиглөөд хугалсан юм.  Л.О орилоод машинаасаа бууж ирээд гараа сарвалзуулаад маажих гээд дайраад байхаар би өөрөөсөөр холдуулах гээд түлхэх үед санаандгүй Л.Оийн зүүн шанааны тус газар цохих шиг болсон юм. ...ярилцах гэсэн чинь урдаас орилоод дайраад байхаар нь тэсэлгүй уурандаа 3-4 удаа Л.Оийн биеийнх нь баруун тал руу цохисон. ...” /хх 82/ гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд Д.Т, Л.О нар нь тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн Д.Т нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэсэн Арван нэгдүгээр бүлэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч Д.Т хохирогч Л.Оийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж байхгүй, хувийн таарамжгүй харилцаанаас үүдсэн маргаанаас болж үйлдсэн гэмт хэрэг тул прокуророос шүүгдэгч Д.Т үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, зүйлчлэл хөнгөрүүлэн өөрчилсөнтэй холбогдуулан Д.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1000 000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500 000  төгрөгөөр торгох ял болгон өөрчилж, прокурор Б.Энхбаярын  шийтгэх тогтоолыг хүчингүй болгох талаар бичсэн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 39 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/734 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Тд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...шүүгдэгч Д.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд. ...” гэснийг “...шүүгдэгч Д.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд. ...” гэж,

2 дахь заалтын “...шүүгдэгч Д.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял. ...” гэснийг “...шүүгдэгч Д.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял. ...” гэж, 

3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх торгох ялын хэмжээг 2.000.000 төгрөгөөр тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх торгох ялын хэмжээг 1.500.000 төгрөгөөр тогтоосугай. ...” гэж,

4 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тд оногдуулсан 2.000.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тд оногдуулсан 1.500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор Б.Энхбаярын 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 39 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                                ШҮҮГЧ                                           Л.ДАРЬСҮРЭН

  

                                ШҮҮГЧ                                           М.АЛДАР

 

                                ШҮҮГЧ                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ