2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 192/шш2025/01011

 

 

 

 

 

 

 

 

     2025            02            05                                          192/ШШ2025/01011

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, 1 дүгээр гудамж 11 тоотод оршин суух ******* овогт Баасандоржийн******* /РД:УХ89112439/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо,,**************, Г82/1 тоотод оршин байрлах “Өрнөх*******”******* /РД:6292607/-нд холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх, урамшуулал 131,952,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Оюундарь

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Байгалмаа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Батбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Б.Мөнхтулга нь хариуцагч Өрнөх*******”*******-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх, урамшуулал 131,952,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.Мөнхтулга нь уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй. 2020 оны 10 сараас “Өрнөх Транс”*******-нд ерөнхий инженерээр ажилд орж, "‘Эрдэнэс таван толгойн Баруун цанхийн хөрс хуулалтын ажлын туслан гүйцэтгэгчийн төсөл”-г хариуцан 2 жил 9 сар ажилласан. Тус компанид би дээрх төслийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллах, компани надад байр өгөх, сар бүр 3.500.000 төгрөгийн цалинг гарт өгөхөөр тохиролцон ажиллаж эхэлсэн. Энэхүү тохиролцоог баталгаажуулж бичгээр гэрээ байгуулаагүй. Мөн ажлын байрны тодорхойлолт, болон ажлын байрны тушаалтай танилцуулаагүй. Тухайн үед “гэрээгээ бичгээр байгуулъя" гэхэд удирдлагын зүгээс '‘ажлаа л сайн хий...бусад асуудал болно, удахгүй гэрээ хийнэ" ...гэсэн тул ажилдаа анхаарлаа хандуулсан. Ингээд хөдөлмөрийн гэрээ, ажилд авсан тушаал, ажлын байрны тодорхойлолт, дотоод журам гэх мэт баримттай танилцуулж гарын үсэг зуруулах ёстой ч нэг ч баримтыг танилцуулж, гарын үсэг зуруулаагүй.

Ажиллаж байх хугацаанд ээлжийн амралтаа биеэр эдэлж байгаагүй, цаг наргүй ажиллаж байсан. Ажил олгогч зарим сард ажилтнуудын цалин хөлсийг дутуу олгох асуудлууд гаргаж байсан тул тухай бүр холбогдох хүмүүст хандахад цалин бодох аргачлалаа удахгүй өөрчилж зөрүү цалингийн асуудлыг шийдвэрлэнэ гэсэн тул хүлээсэн байдалтай байсан. Ингээд удалгүй компанид ажиллаж байх хугацаанд компаниас амласны дагуу байр өгсөн тул цалин хөлс бусад асуудлыг түр орхисон. Гэтэл 2023 оны 8 сараас “ногоон автобусны хэрэг” нийтэд мэдэгдэж. компанийн удирдлага шалгагдах асуудал яригдаж эхэлсний дараа компанийн удирдлагаар захирлын хамаатан садны хүмүүс ирсэн. Тэд намайг тойрохоо зураад амар гэсэн ба компаниас өгсөн байрыг буцаан авч, дараа нь намайг хууль бусаар ажлаас халсанд маш их гомдолтой байна. 2023 оны 9 сард намайг ажлаас холдуулсан ч амралтын мөнгө, цалин хөлс өгөхгүй байж байгаад дараа нь ажлаас халж байгаа тухай хэлсэн боловч албан ёсны ямар ч тушаал шийдвэр танилцуулахгүй байсан гул би удаа дараа нэхэж 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаалын хуулбар хувийг гардан авсан. Тус тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг үндэслэн "компанийн үйл ажиллагаа зогссон тул 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсугай” гэжээ. Миний бие тушаалыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

- Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж. ажлын байрны тодорхойлолттой танилцуулаагүй.

- Ажлаас чөлөөлөх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 “аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”-д заасан үндэслэлийн аль нь бүрдсэн болох талаар огт тусгаагүй байна.

- Компанийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т улсын бүртгэлээс хассанаар компанийн татан буугдсанд тооцно гэж заасан байна. Гэвч тушаал гарсан үед “Өрнөх*******”******* татан буугдаагүй, ажлын байр хасагдаж орон тоо цөөрсөн нөхцөл байдал үүсээгүй,

- Ажлаас чөлөөлөх тушаал нь “Өрнөх*******”*******-ийн захирлын тушаал гэсэн боловч ерөнхий менежерэгийн гарын үсэгтэй. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 болон 83.3-т компанийн өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх захирал удирдан зохион байгуулна гэж заасан гул тус тушаалыг компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд гаргаагүй,

- Хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд тухайн үед тушаалыг надад танилцуулаагүй бөгөөд 7 сарын дараа буюу 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тушаалын хуулбарыг өгсөн тул “Өрнөх*******”******* нь ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй “Өрнөх*******”*******-ийн тушаал гэх боловч “Эрдэм*******”*******-ийн хуулбар үнэн тамгатай зэргээр хэлбэр болон агуулгын хувьд хууль бус тушаалаар намайг ажлаас халсан гэж үзэж байна.

Хоёр. Хан-Уул дүүргийн 24-р хороо Богд вилла хотхон 1202-р байр, 1 -р орц 4 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны үнэ 131,952,000 төгрөг гаргуулах тухай.

Ажил олгогч тус ажлыг надад санал болгохдоо сар бүрийн цалин дээр нэмж байр өгөхөөр амласан учраас л би энэ ажилд орсон. Анх би Эрдэнэс таван толгойн Зүүн цанхийн уурхайн үндсэн олборлогч*******-нд сарын 5 цалин хөлстэй цалинтай, ахлах мастерын ажил хийдэг байсан бөгөөд уурхай төсөл хэрэгжүүлэхэд туршлагатай, уурхайн орчин нөхцөлийг сайн мэддэг бусад компани, туслан гүйцэтгэгч нараа мэддэг, харилцаа сайтай гэдгийг мэддэг байсан тул намайг ажилд авсан.

Миний хувьд уурхайн өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулж, хөдөө хот, ковидын хөл хорионы үед ч ажлаа тасралтгүй явуулж, цаг наргүй хичээн ажилласан. Ажлын үр дүнд манай төсөл ашигтай ажиллаж эхэлсэн ба нийтийн тээврийн салбарт ажилладаг нэг компанийн улирлын орлогыг нэг сард олж байсан. Энэхүү ажлын үр дүнд компаниас намайг урамшуулж 2021 оны 3 сард надад гүйцэтгэх захирлууд хэлэлцэж Хан-Уул дүүргийн 24-р хороо Богд вилла хотхон 1202-р байр, 1-р орц 4 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг өгсөн. Ингээд би гэр бүлийн хамт шинэ байрандаа нүүж орсон. Энэ байрандаа 2 жил 6 сар амьдарсан. Байранд анх ороход ажил олгогчоос тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гармагц 2023 оны 8 сард миний нэр дээр шилжүүлнэ гэж байсан. Тэр ч байтугай ...ажилдаа л анхаар удахгүй байрыг чинь томруулна... гэдэг байсан. Намайг анх ажилд авахдаа компанийн удирдлагын ажлын үр дүнд компаниас намайг үнэлж, өгсөн байр юм. Гэтэл 2023 оны 9 сард*********************-тай ямар хамааралтай нь мэдэгдэхгүй, бүх ажилд оролцдог хүний нөөцийн мэргэжилтэн Я.Тунгалаг гэгч эмэгтэй “Б.Мөнхтулгаа чи байр хүлээлгэж өгөөрэй, чи түрээсээр байж байсан байна, тэрийг чинь зураг хөргийг авч хүлээж авна” гэсэн, яагаад ингэж байгааг асуухад чамайг ажлаас халж байгаа болохоор байраа хүлээж авна гэсэн. Иймд Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх, урамшуулал 131,952,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь уул уурхайн олборлолт, тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2020 онд “Моннис” компанитай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулан “Эрдэнэс тавантолгой” нүүрсний уурхайн Баруун цанхийн хэсэгт хөрс хуулалтын ажил хийж эхлэх үед мэргэжлийн маркшейдар инженер хэрэгтэй болоод 2020 оны 10 сараас Б.Мөнхтулгыг Ерөнхий инженерээр авч ажиллуулсан нь үнэн. Түүнийг манайд ажиллах хугацаанд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу зохих цалин хөлс, нэмэгдлийг тогтмол олгож байсан. Хангалттай цалин, урамшуулал өгдөг байсан. Гэвч “Моннис” компани хийлгэсэн ажлын хөлсөө төлөхгүй их хэмжээний өр авлага хуримтлагдсанаас 2021 оны 11 сараас үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүйд болсон. Ингээд уурхайд ажиллаж байсан тоног төхөөрөмжүүд сул зогсож их хэмжээний алдагдал хүлээснээс гадна, удаан зогссоноос зарим эд ангиуд эвдрэх, мөн тэдгээрийг хадгалах, хамгаалах ажилд их хэмжээний үргүй зардал чирэгдэл гарсан тул техник хэрэгслүүдээ ашиггүй үнээр хямд зарж борлуулахад хүрсэн.

Хөрс хуулалтын ажлыг хариуцаж байсан Ерөнхий инженер Б.Мөнхтулга нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, компанийн удирдлагаас хүлээлгэсэн итгэл найдварыг хөсөрдүүлэн өөр захиалагчийг олж гэрээ байгуулах, банкны өндөр хүүтэй зээлээр худалдан авсан, бүтээмж ихтэй техник хэрэгслүүдийг сул зогсоохгүй үр ашигтай ашиглах, компанийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах чиглэлээр идэвхи санаачилга гаргахгүй байсаар ажилчдынхаа цалин хөлсийг тавьж чадахгүй, банкны өр ширэнд баригдан компанийг дампуурах байдалд оруулсан. Мөн ажиллах хугацаандаа “Компанийн ашиг орлого, ажлын бүтээмж нэмэгдэнэ” гэж шахсаар байгаад өндөр үнэтэй, хэрэгцээ шаардлага багатай, ашиггүй шахуу зарим техник, тоног төхөөрөмж авахуулан алдагдалд оруулсан, хохироосон зүйлүүд ч бий. Мөн ажилдчын тоог нэмэгдүүлнэ, техник нэмнэ гэж хэлээд 10 монгол гэр авахуулж гэрийн буурь цутгуулан төмөр хашаа бариулж, ямар ч шаардлагагүй ажилд 100 гаруй сая төгрөгийн үргүй зардал гаргуулж байсан. Тэр байтугай ажлын гүйцэтгэл хэмждэг маркшейдэрийн багаж авах гэсэн чинь 20 гаруй мянган долларын өндөр үнэтэй байна, түрээсийн багаж авч ашиглая гэж худал хэлээд өөрийнхөө таньдаг хүний багажийг түрээслүүлсэн. Гэтэл дараа нь нөгөө хүнтэйгээ муудалцсанаас Б.Мөнхтулга тэр хүнтэй хамтарч 7,5 сая төгрөгөөр багаж худалдаж аваад тэрийгээ компанид сарын 3,5 саяар түрээслэн ашиг олж байсан нь баригдаж, бидний итгэлийг алдсан шударга бус зүйл хийж байсан хүн юм. Бас нүүрс ачих зориулалттай том оврын Ковш /лойдер/ бараг тэрбум шахуу өртгөөр авахуулж, огт ашиглаагүй шахуу байсаар хямд үнээр зарахад хүрч байсан. Уурхайн ажил зогссон боловч Б.Мөнхтулгыг манай хамаарал бүхий “Өрнөх констракшн” компаниас цалинжуулан нийгмийн даатгалыг төлж явсан боловч ажилдаа ирэхгүй, хааяа ганц нэг үзэгдэж байгаад 2023 оны 7 сараас бүр мөсөн хаяж явсан. Тэр үеэс өөр компанид ажилласан нь нийгмийн даатгалаар нь харагдах байх.

Иймээс ажил олгогч хөдөлмөрийн хууль тогтоомжид заасан журмын дагуу 2023 оны 08 сарын 24 өдөр тушаал гарган хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Тухайн үед компанийн захирал эзгүй байсан тул ерөнхий менежер тушаал гаргасан байдаг. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй байна.

Мөн Хан-уул дүүргийн 24 дүгээр хороо Богд Вилла хотхоны 1202 дугаар байрны 1-р орц 4 тоот хаягт орших 2 өрөө орон сууцны байрны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь тухайн орон сууц нь манай компанийн өмч биш байсан бөгөөд Б.Мөнхтулгыг манайд ажиллах хугацаанд түр амьдруулж байсан. Гэтэл уг орон сууцыг өөрт нь компанаас олгосон, авах ёстой байсан байр, ажилд авахдаа орон сууц амлаж өөрийг нь бараг гуйж ажилд авсан мэтээр худал ташаа гүтгэж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь огт үндэслэлгүй юм. Манайд ажилд орохдоо өөрөө хүсэл зоригоо илэрхийлээд хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн, амьдрах байр сууцгүй хэцүү байна гэхээр нь ар гэртээ санаа зовохгүй, сэтгэл зүрх, ур чадвараа дайчлан үр бүтээлтэй сайн ажиллах байх гэж найдан орон сууцаар түр хангасан болохоос ямар ч амжилт, үр дүн гаргаагүй, дөнгөж ажилд орж байгаа шинэ ажилтанд орон сууц бэлэглэх тодорхой шалтгаан байхгүй, түүнд орон сууц бэлэглэхээр тохиролцсон, гэрээ хэлцэл байгуулсан явдал огт байхгүй, хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг ч үгүй юм. Б.Мөнхтулгын түр амьдарч байсан байрны хууль ёсны өмчлөгч “Өрнөх констракшн”******* уг орон сууцаа худалдан борлуулсан. Иймээс иргэн Б.Мөнхтулгыг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ажлаас чөлөөлсөн тушаал хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, итгэмжлэл, Хаан банк депозит дансны хуулга, Хариуцагч*********************-аас Б.Мөнхтулгын 2022-2023 оны цалингийн тооцоолол, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, итгэмжлэл, Моннис майнинг*******-ийн 2021 оны 01 дүгээр сарын 21/121 тоот албан бичиг, цалингийн тооцоолол, Шүүхийн журмаар*********************-ийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт хуулбар, Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Богд вилла хотхон 1202 дугаар байрны 1 дүгээр орц 4 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэрэг,*********************-аас тус компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, цалин хөлс бодож олгох журам, Б.Мөнхтулгын цалингийн дэлгэрэнгүй хуулга 2020 оны 10 дугаар сараас 2024 оны 08 дугаар сар хүртэлх,*********************-ийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1/22 тоот тодорхойлолт,*********************-ийн 2020 оны жилийн санхүүгийн тайлан,*********************-ийн 2021 оны жилийн санхүүгийн тайлан,*********************-ийн 2022 оны жилийн санхүүгийн тайлан, гэрч,  нарын мэдүүлэг, “Өрнөх*******”*******-ийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/2 дугаар Б.Мөнхтулгыг ажлаас чөлөөлөх тухай тушаал зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Б.Мөнхтулгын нэхэмжлэлээс ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг хангаж, урамшуулал орон сууцны үнэ 131,952,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч “Өрнөх*******”*******-ийн ерөнхий инженерийн ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэл байхгүй, уг шийдвэрийг эрх бүхий этгээд гаргаагүй. Мөн ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас ажилтны цалин хөлс, урамшуулал авах эрх зөрчигдсөн.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Б.Мөнхтулга нь үр дүнгүй ажилласан тул түүнийг ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч Б.Мөнхтулгад орон сууцны урамшуулал олгох үндэслэл байхгүй, түүнийг хариуцагч “Өрнөх*******”*******-нд ажиллаж байсан түр хугацаанд орон сууцаар хангасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч Б.Мөнхтулга нь хариуцагч “Өрнөх*******”*******-тай 2020 оны 10 дугаар сараас тус компанид ерөнхий инженерийн ажил хийж гүйцэтгэхээр, хариуцагч ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай эд зүйлээр хангаж, цалин хөлсөд 3,500,000 төгрөгийг тооцон олгохоор тус тус амаар тохиролцжээ. Хариуцагч энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

4.2. Хариуцагч “Өрнөх*******”*******-ийн захирлын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/1 дугаартай тушаалаар тус компанийн ерөнхий инженер Баасандоржийн Мөнхтулгыг компанийн үйл ажиллагаа зогссон үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 80.1.1-д заасныг баримтлан үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

 

5. Талуудын тайлбараар нэхэмжлэгч Б.Мөнхтулга, хариуцагч “Өрнөх*******”*******-ийн хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн талаар амаар харилцан тохиролцсон, тэдгээрийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүргийг хүлээх ба ажил олгогч “Өрнөх*******”******* ажилтан Б.Мөнхтулгатай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй явдалд нэхэмжлэгч Б.Мөнхтулгыг буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Өрнөх*******”******* хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй нэхэмжлэгчээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн байна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн бол ажилтныг хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтны нэгэн адил үзнэ.

 

8. Нэхэмжлэгч Б.Мөнхтулга хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан /хэргийн 7 тал/ байх ба ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гарган шийдвэрлүүлж, 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.8-д заасан хугацааны дотор байна.

 

9. Хариуцагч “Өрнөх*******”******* нь нэхэмжлэгч Б.Мөнхтулгыг ажлаас халсан тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 80.1.1-д заасныг үндэслэсэн гэжээ.

 

10. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 81 дүгээр зүйлийн 81.1.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар нэгж татан буугдсаныг ойлгох бөгөөд орон тоо хасагдах нь тухай байгууллагын бүтцээс бөөнөөр эсхүл тодорхой ажил албан тушаалын байр байхгүй болохыг ойлгоно.

 

11. Хариуцагч “Өрнөх*******”******* нь аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан буюу тухай байгууллагын бүтцээс бөөнөөр эсхүл тодорхой ажил албан тушаалын байр байхгүй болсон эсэх талаар баримтаар нотлоогүй. Хариуцагч тал хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гарсан талаар маргаагүй.

 

12. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-д заасны дагуу ажил олгогч “Өрнөх*******”******* нь ажилтанд 30 хоногийн өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдэл өгөх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

13. Иймээс хариуцагч “Өрнөх*******”*******-ийн ерөнхий менежерийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/2 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 81 дүгээр зүйлийн 81.1.1-д нийцээгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мөнхтулгыг урьд эрхэлж байсан ерөнхий инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

14. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтанд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан тул хариуцагчаас ажилтанд 36 сарын хугацаанд олгосон 87,898,880 төгрөгийн цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт 36 сарын тоонд хувааж сарын дундаж цалин хөлсийг 2,441,636 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэгчийн тодорхойлсон 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 16 сар 5 хоногийн хугацаанд 39,019,214 төгрөгийн олговорыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар уг мөнгөн дүнгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч “Өрнөх*******”*******-нд даалгах нь зүйтэй.

 

15. Нэхэмжлэгч Б.Мөнхтулгын урамшуулал орон сууцны үнэ 131,952,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн хувьд, нэхэмжлэгч Б.Мөнхтулга нь 2021 оны 03 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сар хүртэл хариуцагч*********************-тай байгуулсан хэлцлийн үндсэн дээр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Богд вилла хотхон 1202 байрны 4 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж байсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

16. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэгч Б.Мөнхтулгын ажлын үр дүнд “Өрнөх*******”******* нь ашигтай ажилласан тул ажил олгогч урамшуулж дээрх үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг нэхэмжлэгчид шилжүүлсэн бөгөөд 2023 оны 8 дугаар сард үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б.Мөнхтулгад шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэж,

хариуцагч талаас “Өрнөх*******”******* нь 5 жилийн хугацаанд ашигтай ажилласан тохиолдолд байраар хангах тохиролцоотой байсан. Компани хангалттай ажиллаж чадаагүй, үйл ажиллагаа бүрэн зогссон тул орон сууцыг өгөхгүй гэсэн агуулгатай тайлбарыг хариуцагчийн төлөөлөгч Я.Оюун гаргасан байна. /хэргийн 11 тал/

 

17. Хөдөлмөрийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д ажилтны ур чадварын, ажилласан жилийн, мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны болон бусад нэмэгдлийг хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтооно гэж заасан.

 

18. Нэхэмжлэгч Б.Мөнхтулга нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг түүнийг ажлын үр дүнг урамшуулж шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэж, хариуцагч тал 5 жилийн хугацаанд компани ашигтай ажилласан нөхцөлд олгохоор тохиролцсон гэж харилцан адилгүй тайлбар гаргаж байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талууд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, хэрэгт авагдсан хариуцагч “Өрнөх*******”*******-ийн хөдөлмөрийн дотоод журамд талуудын маргааны зүйл болох урамшуулалтай холбоотой тодорхой зохицуулалт байхгүй байна. 

 

19. Иймд нэхэмжлэгч Б.Мөнхтулга нь хариуцагч “Өрнөх*******”*******-аас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн урамшуулал шаардах эрхтэй болохоо баримтаар нотлоогүй тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 131,952,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

20. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөлд хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, нэхэмжлэлээс үлдэх 131,952,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 817,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 40,440 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгоно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мөнхтулгыг “Өрнөх*******”*******-ийн ерөнхий инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “Өрнөх*******”*******-аас 39,019,214 /гучин есөн сая арван есөн мянга хоёр зуун арван дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Мөнхтулгад олгож, мөн хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Өрнөх*******”*******-нд даалгаж, нэхэмжлэлээс үлдэх хариуцагч “Өрнөх*******”*******-аас 131.952.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 817,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 40,440 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Мөнхтулгад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ч.БАТЧИМЭГ