Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/41

 

 

2023 оны 09 сарын 12-ны өдөр                Дугаар 2023/ДШМ/41                                 Өвөрхангай аймаг

 

Б.С-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

Прокурор Т.Батсүх /цахимаар/

Нарийн бичгийн дарга Х.Билгүүн нарыг оролцуулан         

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/217 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.С-т холбогдох эрүүгийн  2327000080082 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Өвөрхангай аймгийн ... суманд төрсөн, ... настай, ..., дээд боловсролтой, ..... мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн ... сумын .... санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан одоо .... нягтлан бодогчоор ажилдаг, ам бүл ...., .... хамт Өвөрхангай аймгийн ... сумын ... дугаар баг ... тоотод оршин суух хаягтай, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Г овгийн Б.С /РД:...../

Б.С нь Өвөрхангай аймгийн ... сумын ... санхүүгийн албаны даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6, 7.1.7-д заасныг зөрчиж албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж ... сумын сум хөгжүүлэх сангаас 5 000 000 төгрөгийн зээл авсан Н.Э-ын Хаан банкны .... дугаарын дансанд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр сум хөгжүүлэх сангийн данснаас 5 000 000 төгрөгийг давхардуулан данс андуурсан гүйлгээг залруулав гэсэн утгаар, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1 176 887 төгрөгийг данс андуурсан гүйлгээг залруулав гэсэн утгаар, мөн сумын сум хөгжүүлэх сангаас 3 000 000 төгрөгийн зээл авсан Э.С-гийн Хаан банкны ... тоот дансанд 3 000 000 төгрөгийг сум хөгжүүлэх сангийн данснаас давхардуулан 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр буцсан гүйлгээ залруулав гэсэн утгаар шилжүүлж өөрийн Хаан банкны ... тоот дансаар болон бэлнээр гаргуулан авч өөрт хууль бус эдийн засгийн давуу байдал бий болгон Хархорин сумын сум хөгжүүлэх санд нийт 9 176 887 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий прокуророос шүүгдэгч Б.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогтой Б.С-т холбогдох эрүүгийн 2327000080082 дугаартай хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газарт буцаан, хэргийг прокурорт очтол Б.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Прокурор Т.Батсүх давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүх би 2327000080082 дугаартай Б.С-т холбогдох эрүүгийн хэрэгт 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 75 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд 2023/ШЗ/217 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 1, 2 дах хэсэгт заасныг зөрчиж гомдолд дурдагдсан зарим иргэн болох Т.Б, Б.М нарт холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлээгүй буюу хууль ноцтой зөрчсөн ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэжээ. Шүүгчийн захирамжийг 2023 оны 07 сарын 18-ны өдрийн 15 цаг 50 минутад хүлээн авч танилцаж хянаад шүүхийн энэхүү шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Н-гаас гаргасан тус Тамгын газрын ажилтнууд болох Т.Б, Б.С, Б.М нарт холбогдуулан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй 1 гомдолд 232700008 дугаартай 1 хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхдээ гомдолд дурдагдсан ажилтан Т.Б, Б.С, Б.М нарын нэр дээр хэрэг нээгээгүй, авлига албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйл баримтад хэрэг нээсэн байдаг. Энэхүү үйл баримтыг шалгах явцад Т.Б, Б.М нарын үйлдэлд Эрүүгийн хуульд заасан ямар нэгэн гэмт хэргийн шинж тогтоогдоогүй ба харин Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Б.С-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдсон тул хэрэг бүртгэлтийн 232700008 дугаартай хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд 2327000080082 дугаар авагдаж хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Харин Т.Б, Б.М нарын үйлдэлд гэмт хэргийн шинж тогтоогдоогүй учир тэднийг яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгээгүй учраас хэрэг бүртгэлтийн хэргийг тусгаарлах зохицуулалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй. Иргэн Т.Б, Б.М нарын үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тохиолдолд хэргийг тусгаарлах, эсхүл гэмт хэргийн шинжгүй бол тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3, 32.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан байна. Хэрэг бүртгэлтийн 232700008 дугаартай хэрэгт Б.С-гийг яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын хэргийн дугаар авч 2327000080082 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлд зааснаар уг хэргийг хаах тухай прокурорын тогтоол үйлдэх хууль зүйн үндэслэл байхгүй. Харин шаардлагатай бол дээрх хоёр иргэний үйлдэлд гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдсон талаар сумын Засаг даргын Тамгын газарт прокурорын албан бичиг хүргүүлж болох боловч энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар тогтоосон дэг журам болон шүүгдэгч Б.С-т эрүүгийн хариуцлага оногдуулахад хамааралгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. С-гийн хувьд түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах байтал түүний үйлдэлд хамааралгүй, гэмт хэрэг үйлдээгүй Т.Б, Б.М нарын үйлдэл холбогдлын талаар шүүх дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь хууль бус байна.

Шүүх Б.С-т холбогдох хэргийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1-4.6-т заасан заалтын дагуу нөхцөл байдал нэг бүрийг нягтлан хянаж, шүүгдэгчээс лавлан тодруулж дуусаад прокуророос шүүгдэгчтэй тохирсон ялын саналын дагуу нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,  5,400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, түүнийг 3-н жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх талаар прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн эцсийн үгийг сонсож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зөвлөлдөх тасалгаанд орсон. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орсон. Гэтэл шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх бус харин прокурорт хэргийг буцаах шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж шүүхэд үүрэг болгосон заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл дээрх 17.4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.3, 4.5, 4.6-д заасан нөхцөл байдал хангагдаж байвал хэргийг шийдвэрлэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана гэж шүүхэд үүрэг болгосон заалттай байна. Энд хэргийг прокурорт буцаана гэсэн диспозит байхгүй.

Шүүх нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, эсхүл мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байвал шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах ёстой. /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд зааснаар урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хэргийг прокурорт буцаах зохицуулалттай/. Гэтэл шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй, шүүгдэгч хүсэлтээсээ татгалзаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх нөхцөл байдал байхгүй байхад хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь заалтыг зөрчиж байна. Шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3-т заасан заалтыг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал, шүүгдэгч Б.С хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээсээ татгалзаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх нөхцөл байдал байхгүй, мөн хуулийн 33.3 дугаар зүйлд зааснаар урьдчилсан хэлэлцүүлэг явагдаагүй байхад уг зүйл, заалтыг үндэслэсэн байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд гаргасан 2023/ШЗ/217 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эрх бүхий албан тушаалтнаас авлига, албан тушаалын эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж магадгүй гэсэн гомдол, мэдээллийг хүлээж аваад шалгахад 3-н хүний нэр холбогдсон. Үүнийг шалгахад 23270008 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. Үүнд нэр холбогдсон 3-н этгээдээс зөвхөн Б.С нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Иймд түүнд холбогдох эрүүгийн 82 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээж яллагдагчаар татаж шалгасан. Ингэж шалгасны үндсэн дээр яллагдагч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурортой ял тохиролцож хэрэг шүүх рүү шилжсэн. Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн хэргийг шүүх хүлээн авч урьдчилсан хэлэлцүүлэг зарлахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг товлож, тус шүүх хуралдаанаар хэргийг буцаасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нөгөө хоёр этгээдэд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, тусад нь шалгаагүй учраас тухайн хоёр хүний үйлдэлд холбогдуулж хэрэг бүртгэлийн хэрэг нээх зохицуулалт одоогоор байхгүй. Гэхдээ тухайн хоёр этгээдийн үйлдэл холбогдлыг шалгаж үзэхэд ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл, холбогдол тогтоогдоогүй. Мөн энэ талаар шүүгдэгч Б.С нь надтай ямар нэгэн холбоо байхгүй, хамтарсан зүйл байхгүй гэдгээ мэдүүлсэн. Нөгөө хоёр этгээдэд холбогдох хэргийг хаагаагүй гэсэн үндэслэлээр Б.С-т холбогдох хэргийг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаар буцааж шийдвэрлэсэн нь шүүх илтэд хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийн аль нэгийг зөрчсөн, эсхүл прокурортой тохиролцсон ялаасаа татгалзсан тохиолдолд хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх ёстой байсан ч эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанаар Б.С нь прокурортой тохиролцсон ялын саналыг хүлээн зөвшөөрсөн хэвээр байхад огт өөр үйлдэл холбогдолд холбогдуулж дүгнэлт гаргаж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана гэж заасан. Хэрэв урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулаагүй ч шүүгдэгч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзсан байвал, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэг нь хангагдаагүй байвал хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргах ёстой байсан.

Гэтэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг захирамжийнхаа үндэслэлд оруулсан. Энэ заалт нь өөрөө шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй байх юм бол үүнийг баримтлах ёстой. Энэ нөхцөл байдал байхгүй байхад хамаарахгүй зүйл заалт баримталж шийдвэрлэсэн. Дээрх үндэслэлүүдийн аль нэг нь байвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хэргийг прокурорт буцаах байтал ийм нөхцөл байдал тогтоогдоогүй учир хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд эсэргүүцлээ дэмжиж байгаа учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянаж үзлээ.

Анхан шатны шүүхээс гомдол гаргагч Д.Б нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн .... сумын .... газрын хүнс хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Т.Б, санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Б.С, архив бичиг хэргийн эрхлэгч Б.М нарт холбогдуулан гомдол гаргаж, Өвөрхангай аймгийн ... сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын тамгын газрын хүнс хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Т.Б, санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Б.С нартай холбоотой зөрчил илэрсэн, архив бичиг хэргийн эрхлэгч Б.М нь Хоршоог хөгжүүлэх сангийн барьцааг чөлөөлөх албаны бичгийг үйлдэж, Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Б.Б-ийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэх гэмт хэрэг үйлдэгдэн гарсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэн 232700008 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.

Тус 232700008 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт шилжүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар нь дээрх нэр бүхий 3 иргэнд холбогдуулан мөрдөн байцаалтыг ажиллагаа явуулж, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай санал, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2327000080082 дугаартай тогтоолоор иргэн Б.С-т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Ингэхдээ гомдол дурдагдсан зарим иргэн болох Т.Б, Б.М нарт холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг шалгаж ажиллагааг хийсэн атлаа тухайн иргэдэд холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 1-т “...хэрэг бүртгэлтийн явцад гэмт хэрэг үйлдээгүй, эсхүл тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдвол мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналаа прокурорт хүргүүлнэ...” гэж, мөн хуулийн 30.14 дүгээр зүйлийн 2-т“...Прокурор мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл хэрэг бүртгэлийн хэргийг хаахаар...” тус тус хуульчилсныг зөрчсөн дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокуророос ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах байтал түүний үйлдэлд хамааралгүй, гэмт хэрэг үйлдээгүй Т.Б, Б.М нарын үйлдэл холбогдлын талаар шүүх дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь хууль бус байна. ...мөн анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй, шүүгдэгч хүсэлтээсээ татгалзаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь заалтыг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү... гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг шалган тодруулсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийн нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэх боломжтой.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь хэргийг шийдвэрлэхэд буюу шүүхээс цагаатгах болон шийтгэх тогтоолыг гаргахад нөлөөлж болохуйц биш байна.

Прокурорын Т.Б, Б.М нарын үйлдэлд гэмт хэргийн шинж тогтоогдоогүй учир тэднийг яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгээгүй учраас хэрэг бүртгэлтийн хэргийг тусгаарлах зохицуулалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй. Иргэн Т.Б, Б.М нарын үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тохиолдолд хэргийг тусгаарлах, эсхүл гэмт хэргийн шинжгүй бол тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3, 32.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан байна гэх эсэргүүцэл, тайлбар  үндэслэлтэй.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах ба шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шийдвэрлэх боломж бий учир прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/217 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.С-турьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1-3 заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/217 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.