Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2023/ДШМ/989

 

 

 

 

        

 

        2023           10            11                                      2023/ДШМ/989

 

 

Б.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Алтай,

хохирогч З.Ж-, түүний өмгөөлөгч Т.Баярдалай,

шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/423 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Д-д холбогдох эрүүгийн 2310006390520 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.Д-

 

Шүүгдэгч Б.Д- нь 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” ХХК-ийн автомашин нэвтрэх хэсгийн хаалганы орчим иргэн З.Ж-тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг үүрч шидэн газарт унагахдаа эрүүл мэндэд нь зүүн дунд чөмгөний их эргүүлэг дайрсан зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Д-ын  үйлдлийг  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А овогт Б-ын Д-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Д-аас 4.187.605 /дөрвөн сая нэг зуун наян долоон мянга зургаан зуун тав/ төгрөгийг гаргуулан хохирогч З.Ж-эд олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаа боловч тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Д-аас 4.187.605 төгрөгийг гаргуулан хохирогч З.Ж-эд олгосугай. ...гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь хохирогч З.Ж-ийн "Номин Юнион” ХЗХ-оос 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр автомашин худалдах, худалдан авах зээлийн гэрээгээр авсан 20.400.000 төгрөгийн зээлийн эргэн төлөлт 4.200.000 төгрөгийг З.Амаржаргалаас зээлсэн үйл явдлыг 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр болсон гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар гэж хор уршигт тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэсэн хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэсэн хууль ёсны зарчим алдагдсан гэж үзэхээр байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар анхан шатны шийтгэх тогтоолын зарим хэсэг болох 5 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч З.Ж- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би тухайн зээлийг 2022 оны 1 дүгээр сард 3 жилийн хугацаатайгаар авсан байсан боловч гэмт хэргийн улмаас хохирч зээлээ төлж чадахгүй нөхцөл  байдалд орж хүнээс зээлж төлсөн. ...” гэв.

 

Хохирогч З.Ж-ийн өмгөөлөгч Т.Баярдалай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Учир нь гэмт хэрэг үйлдсэн этгээд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хариуцах үүрэгтэй. Шүүгдэгч нь 2023 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр З.Ж-тэй үл ялих шалтгааны улмаас маргалдаж түүнийг хөлдүү газарт шидэж гэмтээсний улмаас тулгуур эрхтэн гэмтэж хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан. Тухайн цаг хугацаанд яаралтай хагалгаанд орж 3 сарын хугацаанд хэвтрийн байдалд байсан. Энэ цаг хугацаанд бусдын асрамжийг авч байсан бөгөөд өөрөө ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг гарахаас өмнө зээлээ нэг ч өдөр, хоног алдалгүй төлөөд явж байсан. Хэдийгээр миний үйлчлүүлэгч нь одоо эдгэрсэн мэт харагдаж байгаа боловч бүрэн эдгэрээгүй, хугарсан ясыг нь хадаж, холбож тогтоосон. Энэ гэмт хэргийн улмаас ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдалд орж бусдаас зээл авч хадгаламж зээлийн хоршооноос авсан зээлийнхээ эргэн төлөлтийг хугацаанд нь төлж барагдуулсан тул уг хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж үзэх үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор С.Алтай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж маш тодорхой зааж өгсөн. Хэдийгээр хохирогч Б.Д- нь тухайн зээлийг гэмт хэрэг гарахаас өмнө авсан байсан боловч хэрэг гарахаас өмнө зээлээ цаг хугацаанд нь хугацаа алдалгүй төлөөд явж байсан. Гэвч гэмт хэргийн улмаас зээлээ өөрөө төлөх боломжгүй болсон нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг мөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Б.Д-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Б.Д-  2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*****” ХХК-ийн автомашин нэвтрэх хэсгийн хаалганы орчим иргэн З.Ж-тэй хаалга хаагаад машинаа тавьсан гэх таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг үүрч шидэн газарт унагахдаа эрүүл мэндэд нь зүүн дунд чөмгөний их эргүүлэг дайрсан зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч З.Ж-ийн “...миний араас ирээд заамдаж аваад ална даа гэж хэлээд намайг үүрээд шидсэн. Би газарт унах үед зүүн талын хөл мэдээгүй болоод босож чадахгүй болсон. Тэгтэл намайг заамдаж чирээд чамайг би хашаандаа оруулж байгаад ална гэж хэлээд нуруу руу хоёр удаа өшиглөсөн. Энэ үед манаач ах ирээд тухайн залууг болиулсан. ...” /хх-10,12, 14,16/,

 

гэрч Ц.Э-ийн “...би “Эрдэнэс” ХХК-д харуул хамгаалалтын ажил хийдэг. ...12 цагийн үед “*****” ХХК-ийн захирал байгууллагын гадна машинтай ирсэн байхаар нь машин орох зориулалт бүхий хаалга онгойлгоход захирлын машины ард нэг машин ирчихсэн, сигналдахад захирал залуу цонхоороо ар талын машины жолоочид хандаж чи яагаад байгаа юм гэхэд арын машинд сууж байсан залуу цонхоороо “Энэ чинь миний газар” гэж хэлээд машинуудаасаа буугаад хэрүүл, маргаан хийгээд барьцалдаж авсан. Заамдаад хэрүүл маргаан хийж байгаад арын машины жолооч газарт унаад машины цаагуур орчихоор нь машин тойроод очиход арын машины жолооч залуу газарт унасан, захирал залуу дээр нь гарсан байдалтай яг цохих гэж байхад нь би болиулсан. ...газарт унасан байсан залуу надад “Миний хөл хугарсан бололтой” гэхээр нь өргөж машинд нь аваачаад машин дотроос утсыг нь авч өгчихөөд харуулын байр луугаа орсон. ...” /хх 40-41/,

 

гэрч З.А-ын “...намайг очиход миний ах хөдөлж чадахгүй цасан дээр сууж байсан. Юу болсон талаар асуухад Харриер загварын тээврийн хэрэгсэлтэй, үл таних залуу хашаа таглаад зогсоод байхаар нь сигналдсан чинь бууж ирээд цонх тогшоод буулгаж ирээд хавсраад унагачихсан гэж  ярьж байсан. ...Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “Хөлийн мэс засал”-н тасагт 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 26-ны өдрийг хүртэл эмчлүүлсэн. ...” /хх 37-38/,

шинжээч эмч Б.Баяртогтохын “...уг гэмтэл зүгээр зогсож байгаа болон явганаас газарт унах үед үүсэх боломжгүй ба хөлийг мушгиж унагах, түлхүүлж унах зэрэг гадны хүчний нөлөөллөөс унах үед үүсэх боломжтой гэмтэл. ...” /хх 67/ гэсэн мэдүүлгүүд,

 

 “...З.Ж-ийн биед хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3655 дугаартай дүгнэлт /хх 48-50/, 1143 дугаар өвчний түүх /хх 51-60/, гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа /хх 6/, З.Ж-ийн бичгээр гаргасан өргөдөл /хх 7/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.Д- ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Б.Д-ын хохирогч З.Ж-ийг үүрч шидэн газарт унагахдаа зүүн дунд чөмгөний их эргүүлэг дайрсан зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, тухайн зүйлд зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутгах дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн “...Б.Д-аас хохирогчийн бусдаас зээлсэн 4.187.605 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэг, хохирогч шаардах эрхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан бөгөөд хохирогч З.Ж- нь 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тулгуур эрхтнээ гэмтээснээс хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдаж /хх154/, 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд хэвтэрт байсан ба тэрээр 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Номин Юнион” ХЗХ-ноос авсан зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүрч З.Амаржаргалаас буцаан төлөх нөхцөлтэйгөөр 4.200.000 төгрөгийг зээлж /хх 142/, 2023 оны 02 дугаар сарын 15-наас 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл зээл, зээлийн хүүг төлсөн болох нь /хх138/ тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүгдэгчээс 4.187.605 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/423 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.АЛДАР

 

            ШҮҮГЧ                                                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН