2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/01366

 

 

 

 

 

 

 

 

     2025            02             17                                             192/ШШ2025/01366                        

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,    

 

Нэхэмжлэгч: Ф.К ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ХА.ХХХК /РД:*******/-д холбогдох,

 

36,250,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Х*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Нэхэмжлэгч Ф.К ХХК нь 36,250,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Х ХХК холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.     

 

Үүнд: Нэхэмжлэгч Ф.К ХХК нь А.Х ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр №24-11 тоот “Эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр А.Хг ХХК нь манай компанийн өмчлөлийн, өмнө нь ашиглаж байсан доголдолгүй эд хөрөнгө буюу оффисын тавилга, хэрэгслийг 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, төлбөрийг 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй байсан хэдий ч элдэв шалтгаан тоочиж, өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Манай компани нь 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн гүйцэтгэх захирал Д.М******* утсаар удаа дараа холбогдох гэсэн боловч утсаа аваагүй, маргааш нь утсаа аваад нягтлан бодогчийнхоо /*******/ дугаарыг өгсөн. Нягтлан бодогчтой нь утсаар холбоо барихад манай компани санхүүгийн боломжгүй байгаа тул хугацаа сунгах хүсэлтээ илэрхийлж, 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 24/01 дугаартай албан тоотыг ирүүлсэн. Гэвч хүсэлтэд заасан хугацаандаа ч гэрээнд заасан төлбөрөө төлөхгүй, төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж албан тоот хүргүүлж, нягтлан бодогчтой нь холбогдож ярихад хуулийн хэлтэс рүүгээ шилжүүлсэн, хуульч Н.Б******* гэх хүний холбоо барих дугаарыг өгсөн боловч өнөөдрийг хүртэл холбогдож чадаагүй байна. Иймд А.Х ХХК-аас гэрээний 3.1-т заасан 25,000,000 төгрөг, гэрээний 6.1.5, 6.2.2 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд үнийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги 11,250,000 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 1,250,000 төгрөг  нийт 37,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Х ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Ф.К ХХК нь манай А.Х ХХК-д холбогдуулан 36,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч Ф.К ХХК-тай манай компани “Эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан нь үнэн. Манай компани Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Их хуралдай оффис, 701 тоотод манай компани 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр тус эд хөрөнгө болон оффисоо А.К ХХК-д үлдээгээд явсан. Түүнчлэн А.К ХХК тухайн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд тухайн шүүх хуралд А.К ХХК-ийг татан оролцуулж шийдвэрлүүлэх нь зүйтэй болно. Иймд тус хэрэгт А.К ХХК-ийг хариуцагчаар татан оролцуулна уу...гэжээ.

 

А.К ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Нэхэмжлэгч Ф******* к******* ХХК нь А х ХХК-д холбогдуулан 36,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. “Эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г А х ХХК байгуулсан хэдий ч эд хөрөнгийг манай компани хүлээж авсан. Манай компани нэхэмжлэлийн үндсэн төлбөр болох 25,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулах болно. Алданги болох 11,250,000 төгрөгийг төлөх боломжгүй. Шаардлагатай гэвэл тухайн эд хөрөнгийг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №24-11 дугаартай Эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Хариуцагчаас хариу тайлбар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Ф******* к******* ХХК нь гэрээний үүрэгт 37,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А х ХХК-д холбогдуулан гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шүүх хангаж шийдвэрлэв.  

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Ф******* к******* ХХК нь А х ХХК-тай 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 24-11 дугаартай Эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч Ф******* к******* ХХК нь өөрийн өмчлөлийн, ашиглаж байсан доголдолгүй эд хөрөнгө болох оффисын тавилга, хэрэгслийг худалдан авагч А х ХХК-д худалдахаар, худалдан авагч нь тухайн эд хөрөнгийг хүлээн авч гэрээнд заасны дагуу төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан нь хэрэгт авагдсан байна. /х.х 5-8 тал/ 

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Нэхэмжлэгч Ф******* к******* ХХК нь хариуцагч А х ХХК-д  оффисын тавилга, хэрэгслийг худалдахаар хариуцагчийн өмчлөлд эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн, хариуцагч А х ХХК нь эд хөрөнгө буюу оффисын тавилга, хэрэгслийг хүлээн авсан талаар маргаагүй, энэ талаар хариу тайлбартаа шүүхэд ирүүлсэн байх ба талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан, хүчин төгөлдөр гэрээ байна. /х.х-ийн 85 тал/

 

 Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж, гэрээний 6.2.2-т “...тогтоосон хугацаанд үнийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй байна.

 

 Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, түүнчлэн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус зааснаар хариуцагч нь гэрээний 3.2-т зааснаар гэрээний төлбөрийг 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах үүрэгтэй байна.

 

Иймд худалдах-худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 25,000,000 төгрөг, алданги 12,500,000 төгрөг, нийт 37,500,000 төгрөгийг хариуцагч А х ХХК-аас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.”, 100.4.-т “Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.”, 100.5.-т “Зохигч талын аль аль нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бол шүүх энэ хуулийн 100.4-т заасны дагуу шийдвэрлэж болно” гэж заасан.

 

Хариуцагч нь шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирдэггүй, шүүх хурлын өдрийг андуурсан гэж  шүүх хуралдааны нарийн бичгийн даргад тайлбарласан байна. Хариуцагч нь шүүх хуралдааны товыг шүүхээс тодруулах асуух үүрэгтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удаа дараа саад учруулж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо үүргээ биелүүлэхгүй, шүүхийн үйл ажиллагаанд илтэд үл хүндэтгэлтэй хандаж, шүүн таслах ажиллагаанд саад учруулж байх тул хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэх нь зүйтэй гэж шүүх үзэж, хариуцагчийн эзгүйд маргааныг шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангасан тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 373,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс төлсөн хураамжийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч А х ХХК-аас 37,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ф******* к******* ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 373,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 373,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

 

 

 

 

          ШҮҮГЧ                                 Ц.ОЮУНБИЛЭГ