Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/949

 

                2023            9             26                                      2023/ДШМ/949

Д.М, Б.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

яллагдагч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/1179 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч Д.М гаргасан давж заалдах гомдлоор Д.М, Б.Г нарт холбогдох 1811003290103 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Д.М, 0000 оны 0 дүгээр сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “****************” харуул хамгаалалтын албаны дарга ажилтай, ам бүл 0, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Тахилт 0-00 тоотод оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Сургалтын задгай 00-0 тоотод түр оршин суух, /РД:**00000000/;

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 427 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 459 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 382 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 11 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 413 дугаар шүүгчийн захирамжаар түүнд оногдуулсан ялаас үлдсэн 10 сар 7 хоногийн хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон;

2. Б.Г, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хилчний 00-00 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, /РД:**0000000/;

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 398 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар 1 жилийн хугацаатай засарч хүмүүжүүлэхийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 375 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар ялаар, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт эдлэх ялыг 3 жил 6 сараар тогтоосон,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 459 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 17 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;

1. Яллагдагч Д.М, Б.Г нар бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан- Овоо 6-7 тоот хашаанд байх хохирогч Т.А өвлийн сууцанд үйл ажиллагаа явуулах “Цагаан Дэглий” дэлгүүрт нэвтрэн орж, эмэгтэй хүний үнэгэн шуба 1 ширхэг, арьсан цүнх 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, камерын хард 1 ширхэг, малгай ороолт 1 ширхэг, 0.5, 0.75, 1 литрийн савлагаатай 16 нэр төрлийн архи 33 шил, 14 нэр төрлийн 352 хайрцаг тамхи, DELL брэндийн Pentium-4 маркийн компьютерын процессор 1 ширхэг, 50 метрийн урттай цахилгаан утас, гитар зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5.510.100 төгрөгийн хохирол,

2. Д.М ганцаараа 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А-83 тоотод оршин суух иргэн Ж.Бгийн хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох өвлийн байшингийн цонхны төмөр хаалтыг нь татаж мурийлган хууль бусаар нэвтэрч, 32 инчийн TCL брэндийн LCD зурагт 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, бэлэн 20.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 447.000 төгрөгийн хохирол, хохирогч О.Тгийн эзэмшлийн ухаалаг бугуйн цагийг авч 39.000 төгрөгийн хохирол,

3. 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 71-02 тоотод байх иргэн С.Дгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн цоожийг нь эвдэн нэвтэрч, мөнгөн аяга нийт 9 ширхэг, никон 56 маркийн зургийн аппарат 1 ширхэг, хөөрөг 2 ширхэг, үсчний хэрэгсэл, эмэгтэй хүний цүнх 2 ширхэг, эрэгтэй дээл 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4.040.000 төгрөгийн хохирол,

4. 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 2 дугаар гудамжны 197 тоотод оршин суух иргэн Б.Ды хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч LG “пласма” загварын 43 инчийн зурагт, сваровский шигтгээтэй ээмэг зүүлтийн хослол, приүс 20 маркийн автомашины түлхүүр, чигчий хурууны монетан бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 485.800 төгрөгийн хохирол,

мөн тус тоотод оршин суух Б.Мын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бэлэн 300.000 төгрөг, хаан, хатан сүйхтэй хуримын монетон бөгж 2 ширхэг, сваровский шигтгээтэй ээмэг, зүүлтний хослол 3 ширхэг, үнэт эдлэлийн хайрцаг, малгайтай спорт цамц зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.015.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.М үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, Б.Г үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...яллагдагч Д.М болон Б.Г нарын үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байх бөгөөд анх 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А-83 тоотод оршин суух иргэн Ж.Бгийн хүн байнга амьдрах зориулалтай орон байр болон өвлийн байшингийн цонхоор төмөр хаалтыг нь татаж мурийлган хууль бусаар нэвтэрч 32 инчийн ТСL брэндийн LCD зурагт 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, бэлэн 20.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 447.000 төгрөгийн хохирол, хохирогч О.Тгийн эзэмшлийн ухаалаг бугуйн цагийг хулгайлан авч 39.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 1811003290103 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.

Дээрх үйлдлүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх бөгөөд анх эрүүгийн хэрэг үүссэн 18110032900103 дугаартай хэрэгт прокурорын тогтоолоор тухайн хэргүүдээ нэгтгэсэн байх боловч прокурорын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаартай тогтоолоор яллагдагч Д.М холбогдох 1811012170107 дугаартай хэргийг 18110032900103 дугаартай хэрэгт нэгтгэжээ. /2хх 195-196/ Ингэхдээ тухайн нэгтгэсэн тогтоол нь тамга тэмдэггүй, мөн яллагдагч Б.Г 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тухай шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй, мөн шүүх хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зураагүй, тамга тэмдэггүй /4хх 222-223/ зэргийг хэрэгт хавсаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “...Прокурор энэ зүйлд заасны дагуу эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана.” гэж, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зурах боломжгүй бол энэ тухай шүүхийн захиргааны ажилтан тайлбар бичиж тэмдэглэлд хавсаргана...” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл хөтлөхөд энэ зүйл нэгэн адил хамаарна...” гэж тус тус заажээ.

Иймд яллагдагч Д.М холбогдсон гэмт хэргийг нэгтгэсэн прокурорын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаартай тогтоол нь хууль ёсны, үндэслэл бүхий байх, мөн яллагдагч Б.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тухай шүүхийн хэлэлцүүлгийн тэмдэглэлд нарийн бичгийн дарга болон шүүгч гарын үсэг зураагүй хэрэгт хавсаргаж ирүүлсэн нь дээрх хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн байх тул дээрх ажиллагааг хийлгэхээр яллагдагч Д.М, Б.Г нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811003290103 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт буцааж, яллагдагч Д.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч Б.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж” шийдвэрлэжээ.

Яллагдагч Д.М давж заалдах гомдолдоо: “...хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан шүүгчийн 1179 дугаартай захирамжийг хүчингүй болгож, тухайн хэргийн дутуу хийгдсэн гэх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгүүлэх боломжоор хангаж өгнө үү.

Мөн тухайн гэмт хэргийн улмаас нийт хохирогчдод учруулсан хохирлын хэмжээг буруу гаргасан гэж үзэж байгаа тул дахин хохирлын үнэлгээг гаргуулах хүсэлтэй, тус хэрэгт хяналт тавьж байгаа хяналтын прокурор Содбаяр нь шударга ёсыг умартан яллах талыг хэт баримтлан шүүн таслах ажиллагаанд үнэнчээр оролцохгүй байгаа тул улсын яллагчийг солиулах хүсэлтэй байна.” гэжээ.

Яллагдагч Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд хэргээ анхан шатны шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлгээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэв.

Яллагдагч Б.Г өмгөөлөгч Б.Батсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.М гомдлыг дэмжиж, гэм буруугийн хуралдааныг зарлуулах байр суурьтай байна. Учир нь, миний үйлчлүүлэгч 17 жилийн хорих ялтай бөгөөд энэ хэргээс болж жил дараалан хоёр удаа дуудлагаар ирсэн. Энэ хэргийг мөрдөн байцаалтын шатанд нээхэд Б.Г нь 2018 оны 10 дугаар сарын шүүх хуралдаанд өөр үйлдэлтэй бөгөөд хамт шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаагаа илэрхийлэхэд түүнийг нь хэрэгсэхгүйгээр 17 жилийн хорих ял шийтгэсэн. Улмаар энэ хэрэгт 2022 онд дуудагдаж ирэхэд Д.М алга болсноор хэргийг нь түдгэлзүүлж, миний үйлчлүүлэгчийг хорих анги руу нь буцааж явуулсан. Гэтэл 2023 оны 6 дугаар сард дахин дуудаж, энэ хэрэгтээ хорьсон. Хоёр удаа дуудагдсанаас болж хорих ангидаа ажил хийж, ажлын хоног авах боломжгүй болж, эрх зүйн байдал нь удаа дараа дордож байна. Шүүгчийн захирамжид дурдсан нэгтгэсэн тогтоол нь тамга тэмдэггүй, мөн яллагдагч Б.Г 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тухай шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй, мөн шүүх хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зураагүй, тамга тэмдэггүй зэргийг шүүхийн шатанд хийх боломжтой гэж үзэж байна. Тухайн үед шүүгч нь амралтаа авсан гээд Б.Г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй байсан. Түүнээс биш хурал нь болж, захирамж гарсан. Мөн Д.М хэргүүдийг нэгтгэсэн тогтоол тамга тэмдэггүй байгаа нь улсын яллагчийн буруутай үйлдэл. Түүний ажилдаа хайхрамжгүй хандсан үйлдлээс болж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордож, хохирч байна. Энэ хэрэг прокурорын шатанд буцаж, Д.М дахин алга болбол Б.Г цагдан хоригдсоор байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх, хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх” зэрэг шийдвэрийн аль нэгийг гаргахаар заажээ.

Анхан шатны шүүхийн шүүгч хэргийг хүлээн авч, өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаартай тогтоолоор яллагдагч Д.Мд холбогдох 1811012170107 дугаартай хэргийг 18110032900103 дугаартай хэрэгт нэгтгэсэн тогтоол нь тамга тэмдэггүй, мөн яллагдагч Б.Г 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тухай шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй, мөн шүүх хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зураагүй, тамга тэмдэггүй хэрэгт хавсаргасан нь хуулийн шаардлага хангахгүй байна” гээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн үндэслэл бүхий болжээ.

Учир нь, эрүүгийн 1811012170107 дугаартай хэргийг эрүүгийн 1811003290103 дугаартай хэрэгт нэгтгэсэн прокурорын 2022 оны 02 дугаар сарын сарын 25-ны өдрийн “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай” тогтоолд тэмдэг дарагдаагүй байна. /2хх 196/

Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 122-т дугаар “Цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж хавтаст хэрэгт авагдсан /4хх 76-78/ байх бөгөөд тус шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын гарын үсэг зурагдаж тамга, тэмдгээр баталгаажаагүй /4хх 222-223/, тус захирамжид шүүх хуралдааны нарийн бичгийн дарга “Ч.Алтнай” гэж тэмдэглэсэн атлаа шүүх хуралдааны тэмдэглэлийн гарын үсэг зурж, баталгаажуулах хэсэгт “Ч.Алтай” гэж бичих зэргээр алдаа зөрчил гаргажээ.

Анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх явцад шүүгч өөрийн санаачлагаар нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол-ын асуудлыг хэлэлцээд прокурорын эрүүгийн хэрэг нэгтгэсэн тогтоол, шүүхийн хэлэлцүүлгийн тэмдэглэлд нарийн бичгийн дарга болон шүүгч гарын үсэг зураагүй хэрэгт хавсаргасан зөрчлийг арилгах, эсхүл эдгээр асуудлуудын учир шалтгааныг мөрдөгч, прокуророос тэмдэглэл, тайлбараар тодорхой болгох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн агуулгад нийцэх бөгөөд ингэснээр мөн хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлүүдэд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох зарчим хангагдах учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана.” гэж заасан.

Мөрдөн шалгах ажиллагааны үед прокурорын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 71 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоол /4хх 45-48/-ийг яллагдагч Д.Мд танилцуулж гарын үсэг зуруулаагүй байна.

Мөн яллах дүгнэлтэд “... мөн тус тоотод оршин суух Б.Мын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бэлэн 300.000 төгрөг, хаан, хатан сүйхтэй хуримын монетон бөгж 2 ширхэг, сваровский шигтгээтэй ээмэг, зүүлтний хослол 3 ширхэг, үнэт эдлэлийн хайрцаг, малгайтай спорт цамц зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.015.000 төгрөгийн хохирол учруулж бусдад нийт 1.986.800 төгрөгийн хохирол тус тус учруулж бусдад нийт 11.536.900 төгрөгийн хохирол учруулсан ...” гэж гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг өөр өөр зааснаас үзэхэд хохирлын тооцоог нарийвчлан хийж дүгнээгүй гэж үзнэ.

Хулгайлах гэмт хэргийн буюу үйлдэл бүрийн хохирлын хэмжээг эд зүйл, түүний үнэлгээтэй тулган нарийвчлан гаргаж, улмаар нийт хохирол, төлөгдсөн хохирлын талаар яллах дүгнэлтэд тодорхой заавал зохино.

Иймд яллагдагч Д.М “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/1179 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч Д.М гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                           Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР