Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 318/ШШ2025/00093

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Л аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,                 дүүрэг, 3 дугаар хороо, Ажилчдын гудамж, Д сангийн байр,              регистрийн дугаартай, М ТӨХХК-ийн,

 Хариуцагч: Л аймгийн Н сумын 3 дугаар багт байрлах, Л аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 205,000,000 төгрөг, алданги 102,500,000 төгрөг, нийт 307,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. Монгол орны нутаг дэвсгэрт өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан гарсан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/101 дугаартай гамшгийн эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай тушаалыг үндэслэн М ТӨХХК-д нөөцөлсөн 390 тн тэжээлийн буудайг нэгж үнэ нь 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр тооцож нийт 273,000,000 /хоёр зуун далан гурван сая/ төгрөгийн зээлийг Л аймгийн Засаг даргын Тамгын газар нь гэрээ байгуулан авсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй. 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн тооцооны үлдэгдпээр хугацаа хэтэрсэн өр 205,000,000 төгрөг байна. Үүнд: 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ТБ-А/2024-09 дугаартай Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр 238,000,000 /хоёр зуун гучин найман сая/ төгрөгийг хүүгүй, 2024 оны 03 дугаар сарын 31-нд /гэрээний 3.1/ төлж барагдуулах гэрээ байгуулсан. 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 205,000,000 /хоёр зуун таван сая/ төгрөг байна. Гэрээний 5.2-т зааснаар нэг хоногийн 0,5 хувиар алданги тооцохоор тохирсон өнөөдрийн байдлаар 167 хоног хугацаа хэтэрсэн алданги 171,175,000 /нэг зуун далан нэгэн сая нэг зуун далан таван мянга/ болж байгаа ба Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт зааснаар 50%-аар тооцоход 102,500,000 /нэг зуун хоёр сая таван зуун мянга/ төгрөг болж байгаа ба ТБ-А/2024-09 тоот гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 205,000,000 /хоёр зуун таван сая/ төгрөг, анз 102,500,000 /нэг зуун хоёр сая таван зуун мянга/ төгрөг, нийт 307,500,000 /гурван зуун долоон сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах. Иймд Л аймгийн Засаг даргын Тамгын газраас үндсэн төлбөр 205,000,000 /хоёр зуун таван сая/ төгрөг, анз 102,500,000 /нэг зуун хоёр сая таван зуун мянга/ төгрөг, нийт 307,500,000 /гурван зуун долоон сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж манай байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Удвал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж яамны харьяа М ТӨХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Монгол орны нийт нутаг давсгэрт өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан гамшгийн эрсдлийг бууруулах зорилгоор Тэжээлийн буудайн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Л аймгийн Засаг дарга болон тус аймгийн ЗДТГ-ын санхүү төрийн сангийн хэлтсийн дарга, Л аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нар хамтран буудай зээлээр авах хүсэлтэй байсан 4 сумын өмнөөс гэрээ хийсэн. Л аймгийн нийт 10 сумаас 4 сум буюу Ховд сум 50 тн, Цагаанхайрхан сум 40 тн, О сум 200 тн, Өндөрхангай сум 100 тн, нийт 390 тн буудайн захиалга авч гэрээ байгуулсан байна. Гэрээний дагуу тухайн сумууд өөрийн хөлсөлсөн машинаа явуулж падаанаар буудайгаа авсан байна. Гэтэл Ховд сум 50 тн буудайг авах боломжгүй болсон тул уг 50 тн буудайг авахгүй гэсэн албан тоотыг М ТӨХХК руу явуулсан байна. Буудай худалдан авсан сумдаас асууж тодруулахад Цагаанхайрхан сум 40 тн буудайг авсан боловч М ТӨХХК-аас ирсэн нэхэмжлэлийн дагуу 28,000,000 төгрөгийг шилжүүлж өрийг барагдуулсан байна. О сум 200 тн буудайг аваад тухайн үедээ 33,300,000 төгрөгийг М ТӨХХК-ийн данс руу шилжүүлсэн. Уг буудайг иргэдэд тарааж өгөөд иргэдээс төлбөрийг цуглуулж байгаа тул одоогоор цугларсан байгаа 4,000,000 төгрөгийг шилжүүлэх гэхэд ийм бага мөнгөөр гүйлгээ битгий хийгээрэй, 10 сая төгрөгөөс дээш гүйлгээ хийнэ үү гэсэн тул шилжүүлээгүй байгаа юм байна. О сумын иргэдээс одоо үлдэгдэл 102,700,000 төгрөг цуглуулж өгөхөөр ажиллаж байна. Өндөрхангай сум 100 тн буудай авсан ба нийт авсан буудайг 2000 шуудай болгоод тухайн сумын хоёр багийн иргэдэд тарааж өгсөн. Малчдад хүлээлгэн өгсөн бүртгэл байгаа бөгөөд иргэд эргэн төлөлт хийж төлбөр өгөхгүй байгаагийн улмаас эргэн төлөпт хийгээгүй байгаа. Одоогийн байдлаар 35,000,000 төгрөгийг шилжүүлэхээр төвлөрүүлээд байна. Л аймгийн онцгой комиссоос 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар тогтоолоор сумдын өвөлжилт, хаваржилтын зуданд зориулж аймгийн төсвөөс нийт 795,700,000 төгрөг төсөвлөн нийт сумдад хавсралтад заасны дагуу тараасан байна. Энэ мөнгөөр ихэнх сумдууд Оросын холбооны улсаас тэжээл импортлон авсан ба дээрх 3 сум М ТӨХХК-аас буудай авсан төлбөрөө төлөх ёстой байсан. Гэтэл эдгээр сумаас төлбөрөө хугацаанд нь төлөөгүй байна. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1 дэх хэсэгт заасанчлан аймгийн Засаг дарга итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж тамга, тэмдэг дарсан байх гэсэн шаардлагын дагуу гэрээнд гарын үсэг зурсан байна. Уг гэрээ нь зээлээр худалдах, худалдан авах гэрээ учир Иргэний хуулийн 262, 263 дахь заалтыг барих байтал, Иргэний хуулийн 243-461 дэх заалтыг барьж гэрээ хийсэн нь үндэслэлгүй байна. Цагаанхайрхан, О, Өндөрхангай сумдын Засаг даргын тамгын газраас өөрийн биеэр очиж буудайг баримт үйлдэж авч байгаа үйлдэл нь Иргэний хуулийн 243.1, 248 2-т заасанчлан М ТӨХХК нь дээрх сумуудтай гэрээ хийсэнд тооцогдож байна. Дээрх үйл баримтаас үзэхэд энэ хэрэгт Л аймгийн Засаг даргын тамгын газрыг хариуцагчаар татах нь үндэслэлгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, Л нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэлийн шаардлагад заасан 102,500,000 /нэг зуун хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн алдангаас нэхэмжлэгч татгалзаж, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөгдсөн үндсэн шаардлагаас 86,692,500 /наян зургаан сая зургаан зуун ерэн хоёр мянга таван зуу/ төгрөгөөс татгалзаж, өнөөдрийн байдлаар үлдэгдэл 118,307,500 /нэг зуун арван найман сая гурван зуун долоон мянга таван зуу/ байгаагаас 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг төлөх, үлдэх төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч М ТӨХХК нь хариуцагч Л аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 205,000,000 төгрөг, алданги 102,500,000 төгрөг, нийт 307,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, Л нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, харин зохигчдын хооронд байгуулсан эвлэрийн гэрээг ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, Л нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 205,000,000 төгрөг, алданги 102,500,000 төгрөг, нийт 307,500,000 төгрөгөөс алданги, 102,500,000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөгдсөн төлбөр 86,692,500 төгрөгөөс тус тус татгалзаж, үлдэгдэл 118,307,500 төгрөгөөс 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор 40,000,000 төгрөг, үлдэх 78,307,500 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь тэдний хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Шүүх шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрхийнхээ дагуу зохигчид шүүх хуралдаан дээр эвлэрсэн байх ба дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч М ТӨХХК нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, шүүх хуралдаан дээр зохигчид эвлэрсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагч нарт хувааж хариуцуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасан тул зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 118,307,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 749,487 төгрөгийн тал хувь 374,743.5 төгрөгийг хариуцагч Л аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, Л нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 205,000,000 төгрөг, алданги 102,500,000 төгрөг, нийт 307,500,000 төгрөгөөс алданги, 102,500,000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөгдсөн төлбөр 86,692,500 төгрөгөөс тус тус татгалзаж, үлдэгдэл 118,307,500 төгрөгөөс 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор 40,000,000 төгрөг, үлдэх 78,307,500 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч М ТӨХХК нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Л аймгийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжийн 374,743.5 төгрөг гаргуулын Л аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ