| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2018/0021/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/24 |
| Огноо | 2018-03-19 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2018/ШЦТ/24
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,
улсын яллагч Э.Нямбилэгт,
шүүгдэгч Х.Т, Б.Н, тэдний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Т, Б.Н нарт холбогдох эрүүгийн 1717000700006 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 08-нд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Сансарын .............тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд
Дундговь аймгийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор /1986 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 160 дугаартай шүүгчийн захирамжаар 4 сар 13 хоногийн хорих ялыг тэнсэн сулласан,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан гэх Х.Т /РД:............../
Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 15-нд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Сансарын ...............тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Б.Н /РД:............./
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Х.Т нь эхнэр Б.Н бүлэглэж 2017 оны 11 дүгээр сарын 04-ний орой 17 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг “Мөгийн ар” гэх газраас иргэн Т.Б-ын 20 тооны бог малыг хулгайлж 560.000 төгрөгний хохирол учруулсан,
Яллагдагч Б.Н нь нөхөр Х.Т бүлэглэж 2017 оны 11 дүгээр сарын 04-ний орой 17 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг “Мөгийн ар” гэх газраас иргэн Т.Б-ын 20 тооны бог малыг хулгайлж 560.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Х.Т нь Б.Н бүлэглэж 2017 оны 11 дүгээр сарын 04-ний орой 17 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг “Мөгийн ар” гэх газраас хохирогч Т.Б-ын 20 тооны бог малыг хулгайлж 560 000 /таван зуун жаран мянга/ төгрөгний хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Н нь Х.Т-тай бүлэглэж 2017 оны 11 дүгээр сарын 04-ний орой 17 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг “Мөгийн ар” гэх газраас хохирогч Т.Б-ын 20 тооны бог малыг хулгайлж 560 000 /таван зуун жаран мянга/ төгрөгний хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.1. Шүүгдэгч Х.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Мэдүүлэг өгөхгүй гэв.
1.2. Шүүгдэгч Х.Т мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
Манай эхнэр Н бид хоёр ажил, төрөл хийдэггүй. Мөнгө олдохгүй, хоол ундгүйболохоор нь мал хулгайлъя гэж бодоод 2017 оны 11 дүгээр сарын 04-ний орой манай эхнэр Н бид хоёр Баянтал сумаас баруун тийш мотоцикльтойгоо явсан. Тэгсэн Төмөр замын баруун талд 20 тооны ямаа тусдаа байхаар нь тэд нарыг Төмөр замын нүхэн гүүрээр туугаад зүүн тал руу буюу Баянтал сум байгаа хэсэгт нь гаргасан. Төмөр замын баруун талд бусад хонь нь гэрийнхээ ойрхон байсан. Бид 2 тусдаа бэлчиж байсан ямааг авсан. Тэгээд эхнэр Н уг 20 тооны ямааг туугаад Баянтал сум орсон. Би мотоцикльтойгоо түрүүлж яваад Батбаяр ахтай уулзаад хашаанд чинь хэдэн ямаа хашчихая гэж хэлсэн. Тэгсэн юун ямаа юм бэ гэхээр нь маргааш хийх юм байгаа юмаа гэж хэлсэн. Тэгээд Н-ийн тууж ирсэн 20 тооны ямааг Б ахын хашаанд хашиж орхиод Н бид хоёр гэр лүүгээ явсан. Тэгэхэд Н-ийн төрсөн дүү О Чойроос Баянтал суманд ирчихсэн байсан. Тэгээд Н О-ээс ямаа авах уу гэсэн чинь О авъя гэсэн. Тэгээд Н бид хоёр мотоцикльтой Б ахын хашаа руу яваад бор шаргал зүсмийн хязаалан ямаа дүүрч ирээд Одсүрэнд бэлэн 40000 төгрөгөөр өгсөн. Тэгээд маргааш нь 2017 оны 11 сарын 05-ны өдөр Н бид хоёрыг Б ахын хашаан дээр байхад хэсгийн төлөөлөгч ирээд Н бид хоёрыг мал хулгайлсан байна гэж хэлсэн. Хэсгийн төлөөлөгч хэнээс мэдсэн талаар мэдэхгүй байна. Тэгээд 20 ямаанаас 19 ямааг хэсгийн төлөөлөгч хурааж аваад хохирогч Б-д хүлээлгэн өгсөн. Хохирогч Баижаргал 1 ямаагаа 45000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд 45000 төгрөгийг Н бид хоёр бэлнээр Б-д өгсөн. Одоо ямар нэгэн төлбөрийн тооцоо байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/
1.3. Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Мэдүүлэг өгөхгүй гэв.
1.4. Шүүгдэгч Б.Н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
2017 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр манай нөхөр Х.Т ибд хоёр мотоцикльтойгоо Төмөр замын баруун тал руу гарсан. Тэгээд сүрэг хонь, ямаа байсан бөгөөд наана нь тасарчихсан байсан 20 ямааг Т бид хоёр мотоцикльтойгоо туугаад Баянтал сум руу явсан. Тэгээд Т түрүүлээд Б ахтай уулзаад ямаануудаа хашаанд нь түр оруулъя гэж ярьсан. Би араас нь 20 ямаагаа туугаад очсон. Тэгээд Б-ын хашаанд хийгээд нэг бор зүсмийн ямааг Т бид хоёр мотоцикль дээрээ дүүрээд гэртээ аваачаад Чойроос ирсэн байсан манай төрсөн дүү О-д бэлэн 40000 төгрөгөөр зарсан. Тэр мөнгөөрөө хоол хүнс аваад дууссан. Тэгээд үлдсэн ямаануудаа Б ахын хашаанд хонуулсан. Маргааш нь 2017 оны 11 сарын 05-ны өдөр хэсгийн төлөөлөгч ирээд үлдэгдэл 19 ямааг эзэнд нь хүлээлгэн өгсөн. Тэр ямаанууд Батжаргал гэх хүний мал байсан юм билээ. Ба гэх хүн бид нарын авч зарсан ямааг 45000 төгрөгөөр үнэлсэн. Т бид хоёр 45000 төгрөгийг бэлнээр Бгэж хүнд өгсөн. Одоо нэхэмжлэх хохирол байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/
1.5. Хохирогч Т.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манайх бог малаа гэрийнхээ ойролцоо малладаг бөгөөд ер нь бол байнгын харж байдаг юм. Тухайн 2017 оны 11 дүгээр сарын 04-ний үдээс хойш малаа хааяа харахад байж л байсан юм. Алдагдсан 20 тооны ямаа малаасаа тасраад Төмөр зам тал руугаа явчихсан байсан байхаа. Миний бодлоор манайх 20 тооны ямаагаа 2017 оны 11 дүгээр сарын 04-ний орой 17-18 цагийн үед л алдсан байх. Тэр үед бог мал дээрээ биечлэн очиж шалгаагүй юм. Би тэр өдрөө мал алдсан тухайгаа мэдээгүй. Маргааш нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр цагдаагаас хүн ярихад малынхаа имийг хэлээд малаа бүртгэж байж мэдсэн. Надад учирсан хохирлыг Х.Т төлж барагдуулсан. Надад 45000 төгрөг бэлнээр өгсөн. Би цагдаагаас 19 ямаагаа хүлээн авсан. Тэгэхээр одоо хохирол байхгүй. Миний хувьд Х.Т болон түүний эхнэр Б.Н нарт гомдол санал байхгүй. Мөнгө төгрөг нэхэмжлэхгүй ээ. Хуулийн дагуу арга хэмжээгээ авна биз... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/
1.6. Гэрч Ц.Б мөрдөн байцаалтан шатанд мэдүүлэхдээ:
Би 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 18 цаг 10 минутын үед ноосны үйлдвэрийн урд талд явж байтал манай суманд амьдардаг Ж / гэх залуу эхнэртэйгээ цуг над руу ирж уулзсан. Ахаа танай хашаанд хэдэн мал хашчихья маргааш хийх гэж байгаа юмаа гэж хэлэхээр нь би тэг тэг гэсэн. Тэгээд би дэлгүүр орчихоод буцаад гэртээ ирэхэд Ж мотоцикльтой түрүүлээд, эхнэр Н нь баруун урд зүгээс мал туугаад ирж байсан. Тэгээд манай хашаа руу тууж оруулж байх үед нь би харахад хар зүсмийн ишиг харагдахаар нь хүн ишигтэй ямаа хийнэ гэж байхгүйдээ хулгайн мал тууж байж магадгүй гэж бодсон. Тэгээд ямаануудыг хашчихаад духандаа цагаантай улаан ямааг Т мотоциклон дээрээ ачаад аваад явсан ба манай хашаанд 19 тооны ямаа хашаатай үлдсэн. Тэгээд би ээж Долгор луу яриад манай хашаанд Ж 20-оод тооны ямаа авчраад хашчихлаа энэ хулгайн мал байж магадгүй юм шиг байна та цагдаад хэлээд өгөөч ээ гэж хэлсэн. Тэгээд удалгүй хэсгийн төлөөлөгч ирээд манай хашаанд хашаатай байсан малнуудыг ирж үзээд явсан. 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө 09 цаг өнгөрч байхад Т Н 2 манай гэрт ирээд бид 2 хөдөө явлаа, ээжийнд очиж хөрзөн гишгэллээ гэж хэлэхээр нь малаа яах гэж байгаа юм бэ гэж асуухад орой ирж байгаад хийе гэж хэлсэн. Нямсүрэн надад хандаж бид 2 танд нэг ямааг нь өгч байгаа юм шүү гэж хэлэхээр нь та 2-г ирэхээр чинь больё гэж хэлсэн. Тэгээд тэр 2 явцгаасан. Орой 18 цагийн үед Т, Н нар урд зүгээс аргал хөрзөн мотоциклон дээрээ ачсан байдалтай манайд ирээд энэ гялгар уутыг цааш нь хийчихээрэй, дээр нь мах дэлгэх юм шүү гэж хэлээд явцгаасан. Тэгээд нээх удалгүй гэртээ ороод хог шүүрдээд байж байтал Т, Н 2 гэрт орж ирсэн. Тэгээд Т ах 2-уулаа гялалзуулах уу гэхээр нь чи хийж бай, би хүүхдээ усанд оруулаадхая гэж хэлсэн. Тэгтэл Т ахыг хүүхдээ усанд оруулсных нь дараа больё гэж хэлэхээр нь би болоогүй ээ, та нар өөрсдөө хийж бай гэж хэлсэн. Тэгээд Т махаа хаана дэлгэх үү гэхээр нь би амбаараа онгойлгоод гэрлийг нь асааж өгөхөд Т эхнэртэйгээ цуг доторхыг нь зайчилсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд хэргийн газрын үзлэг хийж зураг авцгаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/
1.7. Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Т, Н нар нь ээжийн гэрээс айлд мал хийж өгнө гээд явсан. Бид нар тусдаа байдаг хүмүүс байгаа юм. Тэгээд Т Н нар нь орой 18 цагийн үед мотоцикльтой дундаа нэг ямаа дүүрээд манай гэрт авчирсан. Амьд ямаа авчирч өгөхөөр нь би аавыгаа гуйгаад ямаагаа хийлгэсэн. Т хийж өгч чадахгүй юм чинь 40000 төгрөгөөр ав гэсэн бөгөөд би бэлэнээр 40000 төгрөгийг Н эгчид өгсөн. Бор шаргал өнгийн хязаалан ямаа байсан. Бие нь жижигхэн байсан. Би Т Н нарыг малгүй гэдгийг нь мэднэ. Өвөл идэшний үеээр хөдөө айлууд эгч Н, хүргэн ах Т нараар мал хийлгээд хөлсөнд нь мал өгөөд байдаг болохоор би тэр 2-г айлд мал хийж өгөөд хөлсөнд нь авсан гэж ойлгосон. Өөрсдөө ч тэгэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/
1.8. Гэрч Т.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2017 оны 11 дүгээр сарын 04-ний орой 18-19 цагийн хооронд гэж санаж байна. Би Баянтал суманд Бн гэрт байхад Т, Н нар ямаанууд тууж ирсэн. Т намайг хашилцаад өгөөч гэхээр нь хашилцаж өгсөн. Тухайн үед хэдэн тооны ямаа байсан талаар би тоолоогүй болохоор мэдэхгүй байна. Тэгээд би юун ямаа вэ гэж асуусан чинь Н болохоор чимээгүй бай олсон юмаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үедээ чимээгүй байсан. Дараа нь би Ба-т энэ хулгайн мал юм шиг байна ш дээ, хэрэгт орж магадгүй гэж хэлсэн чинь Б ээждээ хэлээд, ээж нь сумын төлөөлөгчид хэлсэн байхаа. Тэр орой нь сумын хэсгийн төлөөлөгч ирээд ямааг үзэж хараад тоолж бүртгээд явсан. Тоолоход нь би Б-ын гэрт байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/
1.9. Гэрч Х.Пүрэвжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Намайг Говьсүмбэр аймгийн Баянтал суманд үүрэг гүйцэтгэж байхад манай сумын Долгор гэх иргэн 2017 оны 11 дүгээр сарын 04-ний орой надтай уулзаад манай хүү Батбаярын малын хашаанд Т, Н нар нь 20 тооны ямаа авчирч хашсан байна. Энэ нь хулгайн мал байж магадгүй гэсэн мэдээлэл өгсөн. Уг мэдээллийн дагуу би Б-д очиход малын хашаанд нь 19 тооны ямаа байсан бөгөөд бүгд буруу чих нь хулгар, зөв чих нь урдаасаа ганзага имтэй байсан. Х.Т, Б.Н нар өөрийн гэсэн малгүй, тус сумын нэн ядуу айл учраас мал хулгайлсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Тэгээд би Б-тай уулзаад Т, Н нар эргэж ирвэл надад мэдэгдэх талаар хэлж үлдээсэн. Тэгээд би уг 19 тооны ямааны эзэн буюу хохирогч нь тодорхойгүй байсан тул Баянтал сумын ойр хавийн айлуудаас бага малын имийг асууж явсан. Тэгсэн Сүмбэр сумын 4-р багийн нутаг дэвсгэр Мөгийн ар гэх газар нутаглах Т.Б-ын бага малын имтэй тохирсон. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 11 дүгээрс арын 05-ны өдөр мал хариуцсан төлөөлөгч а/д Э.Түмэнбаярт энэ талаар мэдэгдээд Т.Б-ын ямаа юм шиг байна гэсэн чинь Э.Түмэнбаяр нь Т.Б-ын гар утсыг олж холбогдоод малын имийг нь асуусан чинь таарч байхаар нь Баянтал суман дээр ирж уулзах талаар хэлсэн. Тэгээд Т.Б 2017 оны 11 дүгээр сарын 05-ны орой Баянтал суман дээр ирж Б-ын малын хашаанд байх 19 тооны ямааг үзэн зүс болон имээр нь таниж өөрийнхөө мал мөн байна гэсэн. Тэгээд би тэр даруйд нь хэргийн газрын үзлэг хийж 19 тооны ямааг хураан авч хохирогч Т.Б-д тэмдэглэлээр хүлээлгэн өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/
1.10. Гэрч О.Нмөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2017 оны намар хэдэн сард гэдгийг нь сайн санахгүй байна. Т- шапол модоор граш бариулаад мөнгө муутай байсан болохоор оронд мотоцикль өгье гэж тохирсон. Тэгээд граш барьж өгсний хөлсөнд ПЛАНЕТА-5 маркийн мотоциклио Т- өгсөн юм. 14-50 ГОБ улсын дугаарыг Т мотоциклондоо зүүе гэж гуйхаар нь би өгсөн юм. Уг улсын дугаар нь миний Т- өгсөн мотоциклийн өөрийнх нь дугаар биш уг мотоцикль улсын дугааргүй. Манай сумын Халтар гэдэг хөгшин мотоциклио төмөрт өгөхөөр нь 14-50 ГОБ улсын дугаарыг нь би өөрт нь хэлээд авч байсан юм. Уг улсын дугаарыг Халтар гуай тээврийн хэрэгслийн бүртгэлээс хасалт хийлгэсэн гэж надад хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/
1.11. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7 дугаар хуудас/
1.12. Мал амьтан хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/
1.13. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын үнэлгээний комиссын дүгнэлт /хх-ийн 31-32, 66 дугаар хуудас/
1.14. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 55-57 дугаар хуудас/
1.15. Эд мөрийн баримтаар хураан авах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 59-63 дугаар хуудас
Иймд шүүгдэгч Х.Т-ыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч Б.Н-г бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Х.Т, Б.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
...Б.Н, Х.Т нар нь 2 охины хамт амьдардаг. Тогтсон орлого байхгүй. Ядруухан амьдардаг. Энд тэнд айлын гарын үзүүрт зарагдаж явдаг. Урд өмнө нь хэрэгт холбогдож байсан талаар би мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/
2.2. Гэрч Б.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Х.Т, Б.Н нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, түр зууртаа Чойрт ирчихээд жонш савлаад байгаа. Энэ хоёр 6-12 насны 2 охинтой бөгөөд том охин нь сургуульд сурдаг. Бага охин нь сургуульд ороогүй байгаа. Зан байдлын хувьд Х.Т, Б.Н нар нь үг дуу цөөнтэй, ажил олдвол хар бор ажилд сайн. Ганц гэм нь золигийн хэрэгт холбогдоод байх юм. Би хохирол нь гээд 45000 төгрөгийг энэ хоёрт өгсөн. Бодвол хохирогчдоо өгсөн байлгүй. Би улаан өнгийн мотоциклийг мэднэ. Т өөрийнх нь мотоцикль байгаа юм. Бичиг баримт гэж байхгүй. Хуучин төмрийн хогоор босгож унасан байх. Т, Н нарын хоёр хүүхдийг надаас өөр харж хандах хүн байхгүй. Би өөрөө Өмнөговь аймгийн таван толгойд ажилдаг охиныхоо 4 настай хүүхдийг хардаг. Би тэтгэвэрт орж чадаагүйн улмаас халамжаас өгдөг 140000 төгрөг авдаг. Энэ мөнгө нь ганц надад бол хангалттай болдог бөгөөд эргэн тойрон ажлын байргүй олон хүүхдүүд байдаг болохоор хүрэлцээ муу гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-23 дугаар хуудас/
2.3. Ял шийтгэсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81-82, 85 дугаар хуудас/
2.4. Дорноговь аймгийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 85-90, 93-94 дүгээр хуудас/
Иймд шүүгдэгч Х.Т, Б.Н нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т тус тус зааснаар шүүгдэгч Х.Т, Б.Н нарт оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зөв гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т, Б.Н нарт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Түмэнжаргал, Б.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Х.Т, Б.Нн нарын өмгөөлөгч Б.Батчимэг нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгох зохицуулалт байхгүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан. Гэтэл шүүгдэгч Х.Т, Б.Н нар нь хохирол болох 45000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлсөн тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийг улсын орлого болгохгүй шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан боловч шүүхээс хүлээн авах боломжгүй байна.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ““Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” заасан. Мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Т, Б.Н нар нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн хэдий ч эд мөрийн баримтаар хураагдсан “Иж Планета 5” маркын *60002557* арлын дугаартай мотоцикль нь хохиролоос илүү гарсан хөрөнгө юм.
Иймд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн түр саатуулах хашаанд хадгалагдаж байгаа шүүгдэгч Х.Т-ын эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 14-50 ГОБ улсын дугаартай “Иж Планета 5” маркын *60002557* арлын дугаартай тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хураан авч улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Т, Б.Н нарыг хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар - 425 дугаар нээлттэй хорих ангид даалгах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Т-г бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б.Н-г бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т, Б.Н нарыг хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т тус тус зааснаар шүүгдэгч Х.Т, Б.Н нарт оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т, Б.Н нарт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Х.Т, Б.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн түр саатуулах хашаанд хадгалагдаж байгаа шүүгдэгч Х.Т-ын эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 14-50 ГОБ улсын дугаартай “Иж Планета 5” маркын *60002557* арлын дугаартай тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хураан авч улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч Х.Т, Б.Н нарыг хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар - 425 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Т, Б.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.