Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/984

 

 

 

 

        

     2023           10            10                                      2023/ДШМ/984

 

 

О.Г, Б.Д  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оргилболд,

нарийн бичгийн дарга Б.Тунгалаг нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/821 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Д-, О.Г- нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн тэдгээрт холбогдох эрүүгийн 2009026560079 дугаар хэргийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1-

 

2-

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр 318 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн,

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр 318 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шийдвэрийг хүчингүй болгож, 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 720 цагийн хугацаагаар тогтоосон,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2023/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 318 дугаартай шийтгэх тогтоолоор ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосон,

 

Шүүгдэгч О.Г, Б.Д  нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ***-** тоотод иргэн Д.П-гийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу “Кen” загварын гагнуурын аппарат, тасдагч, цохилттой дрилл, энгийн дрилл, жижиг дрилл, машин буддаг буу зэрэг эд зүйлийг завшин, бусдад зарж 880.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Г, Б.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж овогт О-ийн Г, Б овогт Б-ийн Д нарыг бүлэглэн, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г, Б.Д нарт тус бүр 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2023/111ЦТ/103 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 18 хоногийн хорих ял, мөн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №11 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцон 90 хоногийг тус тус нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 01 /нэг/ жил 04 /дөрөв/ сар 18 /арван найм/ хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.Д-ийн цагдан хоригдсон 73 хоног, шүүгдэгч О.Г-ийн цагдан хоригдсон 108 хоногийг тус тус ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-оос 440.000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг, Б.Д-оос 440.000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Д.П-д олгож, шүүгдэгч О.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шүүгдэгч Б.Д-ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Д- давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сар 18 хоногийн хорих ял оноосон. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үнэн сэтгэлээсээ гэмшиж, уучлалт гуйсан. Давж заалдах шатны шүүх хурлын өмнө анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэн хохирогч Д.П-д шүүхийн тогтоолоор оногдуулсан 440.000 төгрөгийг төлж барагдуулсан. Эхнэр болон 2-6 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг. Иймд миний дээрх байдлуудыг харгалзан үзэж, залуу гэр бүлд ганц удаа боломж олгож хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч О.Г- давж заалдах гомдолдоо: “...миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар нээлттэй хорих ангид 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Үүнээс 4 сар 20 хоногийг биеэр эдэлсэн. Би эхнэр, хоёр хүүхдийн хамт түрээсийн байранд амьдардаг. Эхнэр нялх биетэй, хөдөлмөр эрхлэх боломжгүй. Банк бусын зээлүүд нэхэмжлэгдэн ирж байгаа тул үлдсэн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор Б.Оргилболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...миний бие томилолтоор оролцож байгаа бөгөөд хэргийн материалтай танилцахад хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэрэгт ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч Б.Д-, О.Г- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг зөрчил тогтоогдоогүй. Шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдолтой холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл байхгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгч нар нь давж заалдах гомдолдоо хохирол, төлбөр төлсөн талаар дурдсан байгаа боловч хэргийн материалтай танилцахад хохирол, төлбөр төлсөн гэх баримт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Б.Д-, О.Г- нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Б.Д-, О.Г- нар нь бүлэглэн, 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ***-** тоотод иргэн Д.П-гийн байшингийн гадна замаск хийлгэхэд ашиглуулах зорилгоор хүлээлгэн өгч хариуцуулсан 880.000 төгрөгийн үнэ бүхий “Кen” загварын гагнуурын аппарат, тасдагч, цохилттой дрилл, энгийн дрилл, жижиг дрилл машин буддаг буу зэргийг бусдад худалдан борлуулж завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Д.П-гийн " ... Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо **-*** тоот манай байшингийн гадна замаск хийж байсан хоёр залуу надад ахаа замаск дуусчихлаа та 100 айл руу яваад гялс аваад ир гэсэн. Намайг замасканд яваад буцаад гэртээ ирэхэд нөгөө хоёр залуу байхгүй, манай байшин дотроос бүх цахилгаан багажийг маань аваад явсан байсан. ...” /1хх 21,40/,

 

гэрч Х.Э-ны “...Би 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 15 цагийн үед Тоосгоны эцэс дээр найзтайгаа юм яриад зогсож байтал нэг залуу ирээд “таксинд явах уу” гэхээр нь би “хаашаа явах юм” гэхэд “гурвалжингийн гүүр” орно гэсэн. Нөгөө залуу миний машинд суугаад “ахаа найзыгаа авна, ажлаа дуусгаад явж байна” гээд бид хоёр Ногоон төгөл цэцэрлэгийн хажуу гудамж руу ортол найз нь гэх залуу алхаад явж байсан. Найз нь нэг аппарат, нэг цүнх үүрсэн, нэг шуудайтай зүйл барьсан миний машинд суугаад явсан. Уг хоёр залуу бид нар хөдөөнийх багажаа зараад буцаад хөдөө явна гэж ярьж байсан. Тэгээд шууд 100 айл дээр ирээд 2-3 дэлгүүр ороод явсан, хүмүүс ирээд багажийг нь муулаад байсан. “Жоби” төвийн урдаас хүмүүс дагуулж ирээд 200.000 төгрөгт зарах шиг болсон...” /1хх 22/,

 

О.Г-ийн яллагдагчаар өгсөн: “...Сүхбаатар дүүргийн ** хороо **-*** тоотод байрлах П гэх айлын байшингийн гадна пасадыг Б.Д-ийн хамт 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хийж байсан. 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дийн найзаас нь бид хоёр 100.000 төгрөг маргааш өгье гэж хэлээд зээлсэн байсан учраас гадна талын пасад хийж байсан айлын багажнуудыг заръя гэж Д санал гаргасан. ...П ахыг замаск дуусчихсан гээд 100 айл руу явуулах хооронд Д бид хоёр гагнуурын аппарат, цохилттой дрилл, цахилгаанд залгадаг дрилл, тасдагч зэрэг эд зүйлийг аваад такси барин 100 айлын хажууд байрлах Жобигийн тэнд Д багажнуудыг зарсан. Би таксин дотроо хүлээж байсан. Багажнуудыг 200.000 төгрөгөөр зараад хувааж авцгаасан. ...” /1хх 6-7/,

 

Б.Д-ийн яллагдагчаар өгсөн “...Пгийн байшинд засвар хийж байгаад хамт ажиллаж байсан Ганзоригтой ярилцаж байгаад 1 ширхэг цохилттой дрилл, 1 жижиг дрилл, жижиг тасдагч 1 ширхэг, гагнуурын аппарат зэрэг багажнуудыг аваад 100 айл дээр зүс таних хүнд 200.000 төгрөгөөр зарсан..." /1хх 14/ гэсэн мэдүүлгүүд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх 240-241/, хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн эд зүйл үнэлсэн үнэлгээний тайлан /1хх 244-245/, шүүгдэгч нарыг эрэн сурвалжлах тухай шүүгчийн захирамж /1хх 199-200/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.Д-, О.Г- нар ямар гэм буруутай, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг.

Эдгээрээс завших гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг ашиглах, шамшигдуулах санаа бий болж хэрэгждэг онцлогтой. 

Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдэгт аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд, зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээх зэргийг хамааруулан ойлгоно. 

Шүүгдэгч Б.Д-, О.Г- нарын хохирогч Д.П-гийн байшингийн гадна замаск хийлгэхэд ашиглуулах зорилгоор хүлээлгэн өгч хариуцуулсан 880.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг бусдад худалдан борлуулж завшсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хөрөнгийн үнэлгээний байгууллагын үнэлсэн үнэлгээгээр тогтоон, шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулгад нийцсэн байна.

 

Шүүгдэгч Б.Д-, О.Г- нар нь “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Д-, О.Г- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдгээрийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан дөрвөн төрлийн ялаас хорих ялыг сонгож, тухайн зүйл заалтад зааснаар хамгийн доод хэмжээгээр буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Харин шүүгдэгч Б.Д-ийн тухайд, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр 11 дүгээр шийтгэх тогтоолоор Б.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр 318 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шийдвэрийг хүчингүй болгож, 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 720 цагийн хугацаагаар тогтоосон байна.

 

Гэтэл Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2023/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосон байхад /420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг/ өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг бүхэлд нь нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Б.Д-ид оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын гүйцэтгэх хуудас бичигдээгүй талаар Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 260 дугаар албан бичиг хэрэгт авагджээ. /2хх 56/

Иймд Б.Д-ид Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 821 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2023/111ЦТ/103 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 18 хоногийн хорих ял, мөн Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцон 38 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 01 жил 03  сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарын “...ял хөнгөрүүлэх...” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нөгөөтэйгүүр, шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарч байгаа хэдий ч тухайн зохицуулалт нь гагцхүү “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял шийтгүүлэн ялаа эдэлж буй ялтан”-ы хувьд тухайн ялыг Коронавируст /КОВИД-19/ халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихыг илэрхийлсэн. Гэвч шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөөгүйгээс гадна Коронавируст /КОВИД-19/ халдвар цар тахлын нөхцөл байдал арилсан тул 2021 оны Өршөөлд үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.Д-, О.Г- нарт шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 54 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/821 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...шүүгдэгч Б.Д-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 18 хоногийн хорих ял, мөн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцон, 90 хоногийг тус тус нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Д-ийн биечлэн эдлэх хорих ялыг 01 /нэг/ жил 04 /дөрөв/ сар 18 /арван найм/ хоногийн хугацаагаар тогтоосугай. ...” гэснийг  “...шүүгдэгч Б.Д-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 18 хоногийн хорих ял, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцон, 38 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Д-ийн биечлэн эдлэх хорих ялыг 01 /нэг/ жил 03 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоосугай. ...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д-, О.Г- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-, О.Г- нарын 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 54 /тавин дөрөв/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.АЛДАР

 

 

                                    ШҮҮГЧ                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

                                    ШҮҮГЧ                                              Л.ДАРЬСҮРЭН